Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2026/00133

 

“БХ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2026/00034 дүгээр магадлалтай,

 

“БХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“У” ХХК, Ч.Б нарт холбогдох,

 

“Хаягт байрлах барилгын зоорийн давхар, 1, 2, 3 дугаар давхраас оногдох хэсэгт 227,532,000 төгрөг гаргуулах,

Хаягт байрлах орон сууцны барилгыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Б.Г, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Т.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б, Ж.Л нарын өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “БХ” ХХК нь хариуцагч “У” ХХК, Ч.Б нарт холбогдуулан “Хаягт байрлах барилгын зоорийн давхар, 1, 2, 3 дугаар давхараас оногдох хэсэгт 227,532,000 төгрөг гаргуулах, Хаягт байрлах орон сууцны барилгыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-аас 220,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БХ” ХХК-д олгож, хариуцагч “У” ХХК болон Ч.Б нарт холбогдуулан гаргасан Хаягт баригдсан ГГ хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 7,532,000 төгрөгийг гаргуулах тухай, Хаягт баригдаж буй ГГ хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БХ” ХХК-аас 232,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.Гт, 60,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.Бд, 65,000,000 төгрөг гаргуулж Ж.Лд олгож, хариуцагч “У” ХХК-аас 20,352,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.Эт олгож, “У” ХХК болон “БХ” ХХК-д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд М.Гийн ГГ хотхоны 6-р блокийн 2-р орцны 7 давхарт байрлах 706 тоот 53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, гуравдагч этгээд Ж.Лын орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах, Б.О, “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023.08.17-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,390,300 төгрөг, гуравдагч этгээд С.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,459,550 төгрөг, С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,500 төгрөг, Ж.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөг, С.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БХ” ХХК-д, 259,710 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.Эт тус тус олгож, нэхэмжлэгч “БХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,317,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.Гт, 457,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С.Бд, 482,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Ж.Лд тус тус олгож шийдвэрлэсэн.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.12-ны өдрийн 207/МА2026/00034 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Л, түүний өмгөөлөгч Х.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,523,612 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Л, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,750 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Э давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,317,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах тухай гомдлын үндэслэл:

Анхан болон давж заалдах шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчид мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т заасан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдалд шууд хамаарч байна. Тодруулбал, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний харилцаа үүссэн тохиолдолд талуудын оруулсан хөрөнгийн хувь хэмжээнээс хамаарч хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болсон байхад үүнийг дүгнэхгүйгээр гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн үлдсэн хөрөнгө оруулалтыг оруулаагүй болсон мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй бөгөөд гэрээний үүргийг хариуцагч тогтмол зөрчиж ирсэн. Энэ тохиолдолд гэрээг цуцлах санал гаргаж байгаа тал адилхан үүргийн зөрчил үүсгэсэн зохицуулалтыг хэрэглэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль хэрэглээний зөрүүтэй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах зохицуулалт үйлчлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй мэтээр ойлгож, энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч гэрээнд заасан эхний хөрөнгө оруулалтыг хийснээр гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн 25 хувийг өмчлөх эрх үүссэн байхад энэ талаарх шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. 

Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны явцад бий болсон дундын хөрөнгөөс үр шим болгож бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох М.Г, Ж.Л, С.Б нарын орон сууц болон төлсөн мөнгөн хөрөнгийг хасаж, нэхэмжлэгчид олгогдох 227,532,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчиж, улмаар хамтран ажиллах гэрээний хураамжийг буцаан нэхсэн мэтээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд илт алдаатай болсон.

Шүүхийн шийдвэр, магадлалд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зориг, талуудын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон эд хөрөнгийн дундын өмчлөлийн үр ашгийг Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3, 479.4, 479.5, 479.6 дахь хэсэгт зааснаар дүгнэх учиртай байтал  энэ талаарх дүгнэлтийг хийхгүй орхигдуулснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд

Нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах эрхийг шүүхээс хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хамтран ажиллах гэрээний хураамжид тооцоогүй болно. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т заасан “У” ХХК-ийн төлөх төлбөрийг нэхэмжлэгч “БХ” ХХК төлсөн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хэргийн оролцож буй “ПЦ” ХХК-д төлсөн талаарх нотлох баримтыг өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс 2025.12.12-ны өдрийн шүүх хуралдаанд хүлээж аваагүй.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчсөн гэх үүргийн зөрчил нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл болох үүргийн зөрчил мөн эсэх талаарх талуудын мэтгэлцээнд дурьдсан үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлтийг 2 шатны шүүхээс хийгээгүй нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөлсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь өөрт оногдох орон сууцыг борлуулсан тухайгаа хэн алиндаа мэдэгдэж байгаагүй байтал зөвхөн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж 2 шатны дүгнэсэн нь уг шийдвэр, магадлал алдаатай буюу буруу гарсныг баталж байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Хаягт байрлах барилгын зоорийн давхар, 1, 2, 3 дугаар давхарт өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгөөс гаргуулах гэж өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч уг зоорийн болон 1, 2, 3 дугаар давхрын угсралтын ажлын одоогийн зах зээлийн үнэлгээг 2,642,450,566 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээ “БХ” ХХК болон “У" ХХК нарын хамтын ажиллагааны үр дүнд 2,642,450,566 төгрөгийн үнэ цэнтэй хөрөнгийг хамтран бий болсон нь нотлогддог. Гэтэл 2 шатны шүүх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг үгүйсгэж хөрөнгө бий болоогүй мэт дүгнэж нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг л гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “... Барилгын ажлын зөвшөөрлийн 2023.08.08-ны өдрийн гэрчилгээнд тухайн барилгын ажлын гүйцэтгэгч нь “У” ХХК байх бөгөөд гуравдагч этгээдүүд гэрээ байгуулах эрхгүй буюу барилгын ажлын гүйцэтгэгч биш этгээдтэй гэрээ байгуулсан байна...” гэж дүгнэсэн байна. Гэтэл барилгын ажлын зөвшөөрөл нь барилгыг зарж борлуулахтай хамааралгүй тус тусдаа ойлголт юм. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө зарж борлуулахад барилгын ажлын зөвшөөрөлтэй байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Өмчлөгч өөрийн эд хөрөнгөө зарж борлуулахад хэн нэгнээс зөвшөөрөл авах талаар хуулиар тогтоогоогүй юм. “БХ” ХХК болон “У” ХХК нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнд талууд хэн нэгнээсээ зөвшөөрөл авч байж байраа зарж борлуулах талаар ямар ч зүйл, заалт байхгүй юм. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай тогтоолоор “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон ямар шаардлага зөрчигдсөн талаар дүгнэлт хийх ёстой байсан атал энэ талаар ямар ч тайлбар, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчээс гуравдагч этгээдүүдэд мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх бөгөөд гуравдагч этгээдүүдээс авсан мөнгөө нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгөд оруулсан талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй орхигдуулж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалд тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026.05.01-ний өдрийн 001/ШХТ2026/00567 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч “БХ” ХХК нь хариуцагч “У” ХХК, Ч.Б нарт холбогдуулан “Хаягт байрлах барилгын зоорийн давхар, 1, 2, 3 дугаар давхраас оногдох хэсэг 227,532,000 төгрөг гаргуулах, уг 6 дугаар блок 10 давхар 70 айлын орон сууцны барилгыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ““БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.10.01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ээр 10 давхар 64 айлын орон сууцны барилгыг барьж, гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг эзэмших буюу ашиг олох зорилготой байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээ хэрэгжиж талууд барилгын зоорийн давхраас 3 давхрыг дуусталх барилга угсралтын ажлыг хийсэн. Барилгын 3 давхрын угсралтын ажил дууссанаас хойш хариуцагч “У” ХХК-ийн захирал Т.У манай компанийг хамтын үйл ажиллагаанд оролцуулахгүй буюу гэрээг цуцалсан талаар мэдэгдэл өгөх болсон. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ бүрэн хэрэгжиж 10 давхар 70 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж чадаагүй боловч зоорийн давхрыг оруулан нийт 4 давхар барилгын угсралтын ажил хийгдсэн.

Иймд шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нийт 2,642,450,566 төгрөгөөс хамтын үйл ажиллагаанд оруулсан миний хувь, борлуулалтын орлогоос оруулсан хувь, Т.Уын оруулсан хувь зэргийг хасч тооцвол гэрээнд заасан надад оногдох 50 хувь нь 584,053,252 төгрөг болж байна. Үүнээс М.Гийн төлсөн 212,000,000 төгрөг, С.Бгийн 60,000,000 төгрөг, Ж.Лын 65,000,000 төгрөг, нийт 337,000,000 төгрөгийг хасч одоо 227,532,000 төгрөгийг “У” ХХК-аас гаргуулна.

Хамтран ажиллах гэрээний дагуу тус барилгад 263,666,414 төгрөгөөр мөнгөн хөрөнгө, үйл ажиллагаагаараа тус барилгыг сууринаас нь эхлээд 3 давхрын барилга угсралтын ажлыг дуустал ажилласны үр дүнд уг барилга нь баригдаад 10 давхар 70 айлын орон сууцны барилга болж ашиглалтанд орсон. “БХ” ХХК-д гэрээний дагуу оногдох хэсгээсээ захиалагч М.Г, Ж.Л, С.Б нартай гэрээ байгуулж тэдний мөнгөн хөрөнгө ч уг барилгад орсноос уг барилгын ажлын гүйцэтгэл явагдаж дууссаны үр дүнд ашиглалтанд бүрэн орсон байна. Иймд уг 10 давхар 70 айлын орон сууцны барилгыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгоно.” гэж тодорхойлсон.

 

8. Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2022.10.01-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, болзол биелэгдээгүй. Мөн гэрээний хугацаанд буюу 2022.10.01-ний өдрөөс 2023.03.15-ны өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний тал болох “БХ” ХХК нь “У” ХХК-д мэдэгдэлгүй гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан нь гэрээний ноцтой зөрчил юм. Гуравдагч этгээдүүдэд орон сууц борлуулсны орлогоо барилга угсралтын ажилд зарцуулагдсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй. 2022.10.01-ний өдрөөс хойш барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах, гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг өгсөн. Хүчин төгөлдөр бус, цуцлагдсан гэрээний үүргийг шаардах эрхгүй. ... “БХ” ХХК, түүний захирал Ж.Ц нь уг барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй юм. Түүний оруулсан гэх 208,500,000 төгрөг нь Б.Ш, П.Б гэх иргэдийн мөнгөн хөрөнгө. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээний төлбөрийг тэрээр төлөөгүй, нотлох баримтгүй. М.Г, Ж.Л, С.Б нараас 2022.11.04-ний өдрөөс 2023.01.14-ний өдрийн хүртэл нийт 458,200,000 төгрөг авсан байх бөгөөд уг мөнгөнөөс “У” ХХК-д болон барилгад нэг ч төгрөг зарцуулаагүй. Гэрээний үүргийн зөрчил гаргасан гэрээний тал хамтын ажиллагааны үр шим шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн төлсөн 208,500,000 төгрөгийн хураамжаар нэрлэн заагаад байгаа хөрөнгө бий болоогүй, нэгэнт хөрөнгө бий болоогүй тул ашиг хуваарилах боломжгүй” гэжээ.

 

9. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “Нэхэмжлэгч “БХ” ХХК болон хариуцагч Ч.Б нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Миний бие нэхэмжлэлд дурдсан байршилд орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшдэг. Уг газар дээр нэг блок орон сууцны барилга барихаар 2021.10.15-ны өдөр “У” ХХК-тай “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний талууд болох “У” ХХК болон Ч.Б нар нь гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр гэрээний 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр хөрөнгө оруулсан, гэрээ зорилгодоо хүрсэн даруй миний бие уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ашиг хүртэх эрхтэй бөгөөд харин уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй. “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус зааснаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, ашиглалтад оруулах бүхий л үйл ажиллагааны удирдлагыг “У” ХХК бие даан хэрэгжүүлэх, барилгыг 2024.03.31-ний өдрийн дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр үүрэг хүлээсэн. Хариуцагч “У” ХХК нь дээрх гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр аливаа байдлаар хөрөнгө оруулалт босгох эрхийг гэрээгээр хязгаарлаагүй тул “У” ХХК бусадтай хамтран ажиллах эрх нь нээлттэй бөгөөд бусадтай хамтарсан байдал нь иргэн Ч.Бт хамааралгүй юм.” гэжээ.

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г шаардлагын үндэслэлээ “2022.11.03-ны өдрийн зарын дагуу уулзаж, “БХ” ХХК-ийн захирал Ж.Цтэй харилцан тохиролцож 2022.11.08-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулж, төгрөгийн дансанд 64,900,000 төгрөг, валютын дансанд 49,500 ам.доллар тус тус шилжүүлэн, 2 орон сууцны нийт үнэ 232,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Хаягт байрлах ГГ хотхоны 6 дугаар блокийн 2 дугаар орц 7 давхарт байрлах /704 тоот байсан/ 706 тоот 53 м.кв талбайтай орон сууц, мөн орцны 9 давхар 901 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүсч баталгаажсан. Тухайн барилгыг барьж буй хоёр компани хоорондоо маргалдаж, миний хоёр орон сууцны захиалан хөрөнгө оруулсан орон сууцыг өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцнуудыг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан. Гэтэл “У” ХХК-ийн захирал уг захирамжийг зөрчиж, Д.Цтэй 2024.07.16-ны өдөр 901 тоот орон сууц, С.Этэй 2024.05.18-ны өдөр 7 давхарын орон сууцыг тус тус гэрээ байгуулж захиран зарцуулсан. 2022.11.08-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул М.Гийг “БХ” ХХК , “У" ХХК-уудын барьсан Хаягт байрлах ГГ хотхоны 6 дугаар блокийн 2 дугаар орц 7 давхарт байрлах /704 тоот байсан/ 706 тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус барилгын 6 дугаар блокийн 2 дугаар орц 9 давхарын 901 тоот 53 м.кв орон сууцны үнэд төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг “БХ” ХХК болон “У” ХХК-д тус тус даалгаж, “У” ХХК-ийн С.Этэй 2024.05.18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б шаардлагын үндэслэлээ “БХ” ХХК-тай 2022.11.07-ны өдөр орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Хаягт байрлах ГГ орон сууцны хотхон 6 дугаар блок 2 дугаар орц 7 давхар 706 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар, эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10 сард ашиглалтад орохын өмнө өгөхөөр тус тус тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл “У” ХХК нь тус орон сууцны талбайн хэмжээг 137 м.кв болгон томсгож бусдад худалдсан нь М.Жадамба болон “У” ХХК нарын хооронд байгуулсан 2024.06.24-ний өдрийн 2406/24 тоот гэрээ хэрэгт авагдсантай танилцаж мэдээд “БХ” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байна. Иймд гэрээний дагуу төлсөн 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “БХ” ХХК болон хариуцагч “У” ХХК-аас буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна.” гэж тайлбарлажээ.

 

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Л шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... “БХ” ХХК-тай 2023.01.14-ний өдөр Орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж Хаягт байрлах ГГ орон сууцны хотхон 6 дугаар блок 2 дугаар орц 4 давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв талбайтай орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авахаар, эхний төлөлт болох 65,000,000 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр тус тус тохиролцсон. Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг “БХ” ХХК болон “У” ХХК-д даалгаж өгнө үү. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн орон сууцыг хариуцагч тал мэдсээр байж иргэн Б.О гэх хүнтэй 2023.08.17-ны өдөр гэрээ байгуулж, худалдсан байна. Хууль зөрчиж хийсэн хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул Б.О болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан 2023.08.17-ны өдрийн Хаягт байрлах ГГ орон сууцны хотхон 6 дугаар блок 2 дугаар орц 4 давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна.” гэжээ.

 

13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Э шаардлагаа тайлбарлахдаа “... Хаягт байрлах ГГ хотхоны 6 дугаар блок 2 дугаар орц 7 давхар 704 тоот 53 м.кв орон сууцанд 2024.05.18-ны өдөр орон сууц захиалгын гэрээг “У” ХХК-тай хийж 20,352,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг шүүгчийн захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжилсэн байхад надтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулна.” гэжээ.

 

14. Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “У” ХХК-тай 2024.07.16-ны өдөр захиалгын гэрээ хийж Хаягт байрлах ГГ хотхоны 6 дугаар блок 1 дүгээр орц 9 давхарт 901 тоот 2 өрөө 53 м.кв талбайтай орон сууцыг 180,200,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн. Тус байранд 2024 оны 12 сард орсон, одоо амьдарч байна. Гэр бүлийн хүн маань байнгын асаргаанд байдаг, гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай болсон, мөнгөний хэрэг гараад банкинд барьцаанд тавих хэрэгтэй болсон” гэжээ. 

 

15. Нэхэмжлэгч “БХ” ХХК гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа “БХ” ХХК, “У” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Хаягт байрлах ГГ хотхоны 6 дугаар блок 2 дугаар орц 7 давхар 704 тоот 53 м.кв талбайтай орон сууц, мөн орцны 9 давхар 901 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг М.Г, уг 6 дугаар блок 2 дугаар орц 7 давхар 706 тоот 75 м.кв талбайтай орон сууцыг С.Б, уг  6 дугаар блок 2 дугаар орц 4 давхарт 406 тоот 75 м.кв талбайтай 3 орон сууцыг Ж.Лтай тус тус тохиролцож гэрээ байгуулсан. “У” ХХК нь гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж, бие даасан шаардлагуудыг “У” ХХК хариуцна” гэжээ.

 

16. Хариуцагч “У” ХХК-аас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа “БХ” ХХК-аас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөрөөс нэг ч төгрөгийг барилга угсралтын ажилд зарцуулаагүй. “БХ” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээн”-ний 3.1.2-т заасан “БХ” ХХК-ийн хөрөнгө оруулалт болох 208,500,000 төгрөгийг иргэн П.Б, Б.Ш нараас төлсөн байдаг. Мөн гэрээ байгуулснаар хойш хөрөнгө оруулалтаа нөхөж хийгээгүй, орон сууцны борлуулалтын орлогыг барилга угсралтын ажилд зарцуулаагүй. Гуравдагч этгээдэд орон сууц борлуулах талаар мэдэгдээгүй. “БХ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй” гэжээ.

 

17. Анхан шатны шүүх гуравдагч этгээд С.Б, С.Э нарын шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээд М.Г, Ж.Л нарын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ:

 

17.1.“БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2022.10.01-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. 

 

17.2. “У” ХХК нь 2023.05.08-ны өдөр “БХ” ХХК-д уг гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн, нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан. 

 

17.3 Гэрээ цуцлагдах үед орон сууцны барилга 3 давхар хүртлээ баригдсан, 4-10 давхар хүртэл “У” ХХК барьж барилгыг дуусгасан, энэ хугацаанд барилгын зураг төсөлд өөрчлөлт орж давхрын орон сууцнуудын талбайн хэмжээнд өөрчлөлт орсон.

 

17.4. Нэхэмжлэгч “БХ” ХХК хамтран ажиллах гэрээний дагуу 208,500,000 төгрөгийг төлсөн, барилгын гадна хашааг бариулахад 11,500,000 төгрөгийн зардал гаргаснаар нийт 220,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. “ПЦ” ХХК-д төлбөр төлөөгүй,  гуравдагч этгээд болох М.Г, Ж.Л, С.Б нараас гэрээний үнэд авсан мөнгөн хөрөнгийг барилгын ажил зарцуулаагүй. 

 

17.5. Барилга баригдаж буй газрын эзэмшигч нь Ч.Б байх бөгөөд нэхэмжлэгч “БХ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй байна.

 

17.6. “БХ” ХХК нь гуравдагч этгээд М.Г, С.Б, Ж.Л нартай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнүүд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул гуравдагч этгээдүүдээс орон сууцны үнэд авсан мөнгөн хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Дээрх хэлцлүүд хүчин төгөлдөр бус үндэслэлээр “У” ХХК болон “БХ” ХХК-д холбогдуулан гаргасан гуравдагч этгээдүүдийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгоно.

 

17.7. Гуравдагч этгээд С.Э болон “У” ХХК-ийн хооронд 2024.05.18-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул “У” ХХК-д төлсөн 20,352,000 төгрөгийг буцаан гаргуулна.” гэжээ.

 

18. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын зөрүү 225,303,000 төгрөгийг төлөөгүй, байрны борлуулалт хийхдээ хариуцагчид мэдэгдээгүй үүргийн зөрчил гаргасан, хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзахад хариуцагч тал буруугүй, хамтран ажиллах гэрээний хураамжийг буцаасан нь зөв, хариуцагч Ч.Б нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн” гэжээ.

 

19. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2- т заасан үндэслэлээр хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

  

20. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.”, 480 дугаар зүйлийн 480.2-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно:”, 480.2.1-д “гэрээг цуцалсан;” гэж тус тус заажээ.

 

20.1. “БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2022.10.01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан, 10 давхар 70 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг эзэмших буюу ашиг олох талаар тохиролцсон, “БХ” ХХК гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй, “У” ХХК-д мэдэгдэж тохиролцолгүйгээр гуравдагч этгээд М.Гт 2 орон сууц, С.Бд 1 орон сууц, Ж.Лд 1 орон сууц тус тус худалдсан, уг үүргийн зөрчилтэй холбоотойгоор хариуцагч “У” ХХК нь гэрээ цуцлах эрхтэй гэж хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

 

20.2. “БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу хөрөнгө оруулсан хураамжийн хэмжээг гэрээ байгуулагдах үед “У” ХХК 455,108,000 төгрөг, “БХ” ХХК 208,500,000 төгрөг гэж тооцсон, “БХ” ХХК нь “У” ХХК болон “ПЦ” ХХК-ийн хоорондын тооцоо болох 21,305,000 төгрөгийг “ПЦ” ХХК-д төлөх, хөрөнгө оруулалтын зөрүү төлбөр болох 225,303,000 төгрөг, нийт 246,608,000 төгрөгийг 2023.03.15-ны өдөр “У” ХХК-ийн дансанд оруулахаар тохиролцсон, уг үүргээ “БХ” ХХК биелүүлээгүй байна.

 

Гэрээний 5.3-т “талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “БХ” ХХК нь гуравдагч этгээд М.Г, С.Б, Ж.Л нарт орон сууцыг худалдахдаа гэрээний нөгөө тал болох хариуцагч “У” ХХК-д мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

Улмаар “У” ХХК нь гэрээний нөгөө тал болох “БХ” ХХК-ийн дээр дурдсан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т нийцжээ.

 

20.3. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдаагүй байхад хоёр шатны шүүх гэрээ цуцлагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх нэхэмжлэгч талын гаргасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

21. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.”, 480.4-т “Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ”, 477 дугаар зүйлийн 477.3.-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.”  гэж тус тус заажээ.

 

21.1. Хэрэгт цугларсан баримтаар талууд хөрөнгийн жагсаалт үйлдээгүй. Гэрээнд зааснаар “У” ХХК 455,108,000 төгрөг, “БХ” ХХК 208,500,000 төгрөгийг тус тус хураамж болгон оруулсан. Ийнхүү “БХ” ХХК 208,500,000 төгрөгийн хураамжийг оруулахдаа “У” ХХК-д өмнө нь иргэн Б.Ш болон П.Баас хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 208,500,000 төгрөгийг Хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн төлөх ёстой хураамжид тооцуулсан байна. Түүнчлэн баримтаар тогтоогдсон барилгын гадна баригдсан хашааны үнэ 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн хөрөнгө оруулалтад тооцсон нь зөв болжээ. Нэхэмжлэгч өөрөөр мөнгөн хөрөнгө болон үйл ажиллагаагаараа хөрөнгө оруулалт хийсэн баримтгүй, энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

21.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах үед тухайн орон сууц 3 давхар хүртлээ баригдсан, уг барилга зоорийн давхар, 1-3 дугаар давхар хүртэлх барилга угсралтын ажлын зах зээлийн үнэлгээг шинжээч 2,642,450,566 төгрөгөөр үнэлжээ. Шинжээч барилгын уг хэсгийн үнэлгээг 2024.12.25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр тогтоосон. Гэрээ цуцлагдах үед маргаан бүхийн зоорийн давхар, 1-3 дугаар давхар хүртэл баригдсан барилгын ажлын хэмжээ тодорхой бус байгаагаас гадна шинжээчийн дүгнэлтэд заасан бусад зардлыг тооцолгүйгээр зөвхөн материалын зардлыг 1,453,904,719 төгрөг гэж тооцсоныг нэхэмжлэгчийн оруулсан гэх 220,000,000 /208,500,000+11,500,000/ төгрөгийн хөрөнгө оруулалттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл 220,000,000 төгрөгийн хөрөнгөөр 2,642,450,566 төгрөгийн хөрөнгө бий болсон гэдгийг нотлох баримт биш гэж дүгнэнэ. 

 

21.3 Дээрх үндэслэлээр хариуцагч тал гэрээг цуцалж дуусгавар болсонтой холбоотойгоор хуульд зааснаар жагсаалт үйлдэж, хөрөнгийн хэмжээг тодорхойлуулж, оруулсан хураамжийн хэмжээнд ногдох хэсгээр дундын хөрөнгөөс өөрт ногдох хувь хэмжээг тодорхойлоогүй учраас шүүх гагцхүү оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

22. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж заажээ.

22.1. Маргаан бүхий орон сууцны барилгыг хариуцагч Ч.Бын эзэмшлийн Хаягт байрлах нэгж талбарын ххххххххх дугаар бүхий 7,194 м.кв талбай бүхий газар дээр барьсан байх ба нэхэмжлэгч “БХ” ХХК болон хариуцагч Ч.Б нарын хооронд уг газар болон газар дээр баригдсан орон сууцны барилгатай холбоотой аливаа нэгэн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй байна.

 

22.2. Хамтран ажиллах гэрээ дээр дурдсан үндэслэлээр цуцлагдаж, нэхэмжлэгчид хамтын үйл ажиллагаанд оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн тул маргаан бүхий орон сууцны барилгад дундын өмчийн харилцаа үүсээгүй. Иймд хариуцагч “У” ХХК болон хариуцагч Ч.Б нарт холбогдох Хаягт байрлах орон сууцны барилгыг Ч.Б болон “БХ” ХХК, “У” ХХК-ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “БХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Ийнхүү нэхэмжлэлийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасныг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна.  

 

23. “БХ” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.10.01-ний өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 5.3-т заасныг зөрчиж нэхэмжлэгч “БХ” ХХК нь гэрээний нөгөө тал болох “У” ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээд нарт орон сууц худалдаж үнийг авсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гуравдагч этгээдүүдтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар “У” ХХК мөн гэрээний заалтыг зөрчиж 2023.05.10-ны өдөр орон сууцыг бусдад худалдах гэрээ байгуулсан боловч уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал гэрээг цуцлах үндэслэл болгоогүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг гаргуулж гуравдагч этгээд тус бүрт олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

23.1. Гуравдагч этгээд М.Г, Ж.Л нарын бие даасан шаардлагаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах, Б.О болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

24. Харин гуравдагч этгээд С.Э нь “У” ХХК-д холбогдуулах Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, төлсөн төлбөрийг буцаан шаардсан бие даасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн.

24.1. Гуравдагч этгээдүүд болон хариуцагч “У” ХХК нь магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

 

25. Дээр дурдсан үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2026/00034 дүгээр магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2026/00034 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 12-ны өдрийн 312/ШШ2025/02617 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “477 дугаар зүйлийн 477.1, 480 дугаар зүйлийн 480.3” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.06-ны өдөр 1,523,622 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Н.БАЯРМАА

              ШҮҮГЧИД                                                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                               Д.ЦОЛМОН