Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02006

 

 

 

 

 

 

          2020          06               19

  102/ШШ2020/02006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Аризона төв 11 тоот “Т” ХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20-43 тоот хаягт оршин суух Д овогт Б

Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20-43 тоот хаягт оршин суух Э овогт Ж Б

 

38,572,127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Х

                              нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М ББСБ” ХХК нь Ш.Б., Ж.Б нарын хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр №20180041 тоот зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй жилийн 30 хувь, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж барьцааны гэрээг Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Зээлдэгчдийн хүсэлтээр зээлийн гэрээ дууссанаас хойш 2 удаа зээлийн гэрээг сунгасан бөгөөд сунгалтын хугацаа 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба зээлээ хааж дуусалгүй өдий хүрсэн байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Ш.Б, Ж.Б нар нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй өдий хүрч хохироож байна. Иймд үндсэн зээл 35,400,833 төгрөг, хүү 2,356,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,472 төгрөг нийт 38,572,127 төгрөг нэхэмжилж байна. Жич: М ББСБ ХХК-ийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын № 11 тоот тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн № 374 тоот тогтоолыг тус тус үндэслэн М ББСБ ХХК нь Б ХК-д нэгдэж 1 компанийн эрх, үүрэг Б ББСБ” ХК-д шнлжсэн болно. Мөн Б ББСБ ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот тогтоолоор компанийн оноосон нэрийг Т ХК болгон өөрчилсөн болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК нь Ш.Б, Ж.Б нарын хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр №0 тоот зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй жилийн 30 хувь, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж барьцааны гэрээг Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нарын хүсэлтээр 46,000,000 төгрөгийг нэмж зээлсэн, тухайн үед зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 14,000,000 төгрөг байсан. Ингээд нийт 60,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусахаар тохирч нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгчдийн хүсэлтээр үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 удаа зээлийн гэрээг сунгасан бөгөөд сунгалтын хугацаа 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба зээлээ хааж дуусалгүй өдий хүрсэн байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Ш.Б, Ж.Бнар нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй өдий хүрч хохироож байна. 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,833 төгрөг үлдсэн байсан. Энэ зээлээ төлөх боломжгүй болсон гэдгээ хариуцагч нар мэдэгдсэн. Иймд үндсэн зээл 35,400,833 төгрөг, хүү 2,356,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,472 төгрөг нийт 38,572,127 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Ш.Б, Ж.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал би доорх  үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч Ш.Б, Ж.Б нар нь хамтран “М” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 0 дугаартай зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоос шалтгаалан хуваариас төлж байсан бөгөөд үндсэн зээл 31,000,000, хүү 2,660,425, нэмэгдүүлсэн хүү 997 төгрөг төлсний дараа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 46,000,000 төгрөг нэмж зээлсэн. Зээлдүүлэгчид үндсэн зээлд 42,031,189, хүүнд 14,596,156, нэмэгдүүлсэн хүүнд 177,371 төгрөг төлсний дараа 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 26 хүртэл сунгасан. 2020 оны 01 дүгээр сард Ковид 19 цар  тахал дэгдсэний улмаас хөл хорио тогтоох, дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар  зогсоох, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, манай харилцагчдын эдийн засгийн чадавхи муудсаны улмаас орлого эрс буурч, зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу  төлж чадахгүйд хүрсэн. Бид улс орон даяар учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зээлдүүлэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт уян хатан нөхцөл оруулахыг хүссэн боловч зээлдүүлэгч нь бидний энэ саналыг хүлээн аваагүй. Зээлийн гэрээний 3.2.1-д “зээлийн гэрээний нийт төлбөрийг эргүүлэн төлөхдөө нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу төлнө”, 3.2.8-д” ямар ч нөхцөл байдалд /байгалийн гамшиг, гэнэтийн осол аваар, хорио цээрийн дэглэм г.м/ зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргүүлэн төлөх гэж заасан нь зээлдэгчид хэт хохиролтой гэрээ болжээ. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлж ирсэн боловч дэлхий дахинд гарсан цар тахал өвчний улмаас буюу биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэхүү давагдашгүй хүчин зүйл учирсан цаг үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээ, төлөлтөд уян  хатан хандах хүсэлтийг минь хүлээн аваагүй, гэрээнд өмнө дурдсан хэт нэг талд ашигтай заалт оруулсан зэрэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн  193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ш.Б, Ж.Б нарт холбогдуулан 38,572,127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Ш.Б, Ж.Б нар нь “М” ХХК-тай “зээлийн гэрээ” байгуулсан байх ба тус компанийг “Б ХХК-д нэгтгэснийг улсын бүртгэлд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн, “Б” ХХК нь оноосон нэрээ “Т” ХХК гэж өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Иймд “Т” ХХК нь хариуцагч нараас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний үүргийг шаардах эрх бүхий этгээд байна.  

 

Дээрх “зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч “Т” ХХК нь зээлдэгч Ш.Б, Ж.Бд нарт 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, уг мөнгийг зээлдэгч нар сарын 2.9 хувийн хүүтэй хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ш.Б өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20 дугаар байр 43 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ. Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.   

 

Тухайн гэрээнүүдийг байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь “ковид-19 цар тахалын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хүлээж аваагүй, биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, гэрээний 3.2.1, 3.2.8-д зээлдүүлэгчид хэт ашигтай заалт орсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Т” ХХК нь зээлдэгч нарын өмчлөлд 45,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба эхний сард зээлийг ашигласан хоногоор зөвхөн хүү төлөх, 2 дахь сараас зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү гэрээний дагуу зээлдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 31,000,000 төгрөг, хүүд 2,847,117 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 997 төгрөг төлсөн байх бөгөөд энэ өдөр 46,000,000 төгрөгийн зээл нэмж авч, зээлийн хүүг 2.5 хувь, зээлийн гэрээний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар тохирчээ. Уг гэрээгээр зээлдэгч нар эхний сар зөвхөн хүү, 2 дахь сараас 6 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,000,000 төгрөг болон зээл ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн гэрээний хугацааны эцэст зээлийн төлбөрт үлдсэн 48,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Энэхүү үүргээс хариуцагч эхний сарын хүү төлөх үүргээ биелүүлж, түүнээс хойш үүргийг тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 8,972,770.21 төгрөг төлсөн болох нь зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдов. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заажээ. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хариуцагч талын хүсэлтээр 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан гэж байгаа боловч гэрээний хугацааг сунгах хүсэлтийг зээлдэгч Ш.Б 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх ба уг хүсэлтийн дагуу талууд гэрээний хугацааг хэзээнээс хэзээ хүртэл сунгасан талаар ямар нэг баримтгүй байх тул гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүйг дурдав.  

 

Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн одоог хүртэл тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 5 сарын өмнө талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд зээлийн гэрээний хугацааг сунгаагүйд, зээл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүйд, гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж чадаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.       

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан ба үүнийг талуудын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан өдрөөс дахин хугацаа сунгахаар талуудыг тохиролцсоныг ойлгоно. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба уг өдрөөс хугацааг сунгаагүй тохиолдолд хугацаа сунгасан гэж үзэхгүй. Иймд ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан гэрээний хугацааг 2020 оны 1 дүгээр сард сунгах эсэх асуудлыг тохиролцох хууль зүйн боломжгүй гэж ойлгоно.

 

Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй.

 

Талууд зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байх ба энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд үүрэг гүйцэтгэх дараалал нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн гэрээний 3.2.8-д ямар ч нөхцөлд /байгалийн гамшиг, гэнэтийн осол, хорио цээрийн дэглэм/ зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж тохирсон нь гэрээний хугацаанд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран үүргээ биелүүлэх тохиролцоо байна. Энэхүү зохицуулалт нь маргааны зүйлд хамаарахгүй байх тул тухайн тохиролцоо нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй.

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тооцох нь хуульд нийцнэ. Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн боловч 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд бодогдсон хүүг төлсөн байх ба 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүүд 6,460,283.01 төгрөг төлөхөөс 5,866,828.76 төгрөг төлсөн байна. Иймд төлөөгүй хүүгийн зөрүү 593,454.25 /6,460,283.01-5,866,828.76/ төгрөг дээр 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүүд 1,833,084.24 төгрөгийг нэмж үүнээс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 2,356,822 төгрөгийг хасаж хүүд 69,716.49 төгрөг төлөхөөр байна. Харин нэмэгдүүлсэн хүүд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 556,812.99 төгрөг бодогдож байх ба үүнээс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 153,178 төгрөгийг хасаж 403,634.99 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үүрэгт 35,400,833 төгрөг, хүүд 69,716.49, нэмэгдүүлсэн хүүд 403,634.99 төгрөг нийт 35,874,184.48 төгрөг гаргуулахаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 300,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 800,000 төгрөгийг хасаж 34,574,184.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар Ш.Б өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх нь зохигчийн байгуулсан зээлийн гэрээнээс салгаж үл болох эрх юм. Иймд Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20 дугаар байр 43 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д овогт Ш. Б, Э овогт Ж Б нараас 34,574,184.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,997,942.52 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б, Ж.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20 дугаар байр 43 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,011 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Б, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА