Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/01154

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/01154

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Залуучуудын өргөн чөлөө-21 байрлах ЭХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 71а байр 65 тоотод оршин суух Б овогт У Д

Хариуцагч:  Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 71а байр 65 тоотод оршин суух Х овогт Б Э

9,344,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э

                                        нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

                                            хариуцагч У.Д, Б.Э

                                        хариуцагч нарын өмгөөлөгч А.Н

                                        нарийн бичгийн дарга Ц.Ж нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У.Д, Б.Э нар нь өрхийн хэрэглээ болон бизнесдээ зориулан 3500000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, "Э " ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр ЗГ-0 тоот зээлийн гэрээг байгуулсан юм. Уг зээлийн гэрээгээр 3500000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн, сарын 4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлийг У.Д, Б.Э нарт олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр тодорхой хэмжээгээр зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд 2016 оны 06-р сарын 08-ныг хүртэл зээл, зээлийн хүүгээ төлж байсан боловч үүнээс хойш огт төлөлт хийхгүй явсаар 2017 оны 12 сарын 27-нд зээлийн хүү 395043 төгрөг төлсөн байна. 2016 оны 06-р сарын 08-наас хойш үндсэн зээл, 2017 оны 12 сарын 27-наас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдрийг хүрч, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үндсэн зээлийн хугацаа нь 2017.08.24-ны өдөр дууссан. Иймд зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018.12.31-ний өдрийн хүртэлх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч У.Д, Б.Энараас ЗГ-00 тоот зээлийн гэрээний дагуу дор дурдсан төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 2381634 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2604024 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 440094 төгрөг, талуудын хооронд байгуулсан ЗГ-00 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5425752 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Б.Э, У.Днар нь өрхийн хэрэглээндээ зориулан 2000000 /Хоёр сая/ төгрөгийн цалингийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, "Э ББСБ-тай 2016 оны 1-р сарын 4-ний өдөр ЗГ-00 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулсан юм. Уг зээлийн гэрээгээр 2 000 000 /Хоёр сая/ төгрөгийн, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлийг Б.Э, У.Днарт олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр тодорхой хэмжээгээр зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд 2016 оны 06-р сарын 08-ныг хүртэл зээл, зээлийн хүүгээ төлж байсан боловч үүнээс хойш огт төлөлт хийхгүй явсаар 2017 оны 12 сарын 27-нд зээлийн хүү 493 70, нэмэгдүүлсэн хүү 6 299 төгрөг төлсөн байна. 2016 оны 06-р сарын 08-наас хойш үндсэн зээл, 2017 оны 12 сарын 27-наас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдрийг хүрч, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үндсэн зээлийн хугацаа нь 2017.01,04-ний өдөр дууссан. Иймд зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018.12.31-ний өдрийн хүртэлх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч У.Д, Б.Энараас ЗГ-0 тоот зээлийн гэрээний дагуу дор дурдсан төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 1 549 965 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1214553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293 730 төгрөг, талуудын хооронд байгуулсан ЗГ-00 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3058248 төгрөгийг нэхэмжилж байна. Дээр дурьдсан ЗГ-00, ЗГ-00 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлүүлэхээр манай ББСБ-ын зээлдэгчид хугацааг олгож албан бичиг өгөх, уулзаж ярилцах зэргээр арга хэмжээ авсан ч зээлийн гэрээний үүргээс зайлсхийж, төлөхгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 8484000 төгрөг, нотариатын зардалд 60000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800000 төгрөг нийт 9344000 төгрөгийг хариуцагч У.Д, Б.Э нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх зээлийг олгох болсон шалтгаан нь У.Дтай С.О гэж таньдаг эгчээрээ дамжуулан танилцаж байсан. С.О эгч манай нэг найз байгаа түүнд ажил байвал мэдэж байгаарай гэж захиж байсан. Манай хүргэн ах болох Ч.Т нь “Т” ХХК-ийг байгуулж ломбард ажиллуулдаг бөгөөд ажилтан авах гэсэн юм найдвартай ажиллах хүн байна уу гэж надаас асуухад би У.Дг санал болгож, У.Д “Т” ХХК-ийн ломбарданд ажилд орохоор болсон. У.Днь “Т” ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2015 оны 8 дугаар сард байгууллагынхаа кассын орлогоос 3,3 гаруй сая төгрөг дутаасан байсан. Би У.Дг ажилд оруулж өгснөөрөө энэ асуудлаар дуудагдсан. Тухайн үед У.Днадад ярихдаа найз нөхөд, ах дүү нартаа барьцаагүй зээл олгож авч чадахгүй байгаа болохоор асуудал үүссэн, цаашид алдаа гаргахгүй, би ажилгүй болчихвол амьдрал маань хэцүү байна гэдэг нөхцөл байдлаа хэлсэн. Энэ үед би нөхөр Б.Э нь болсон асуудлыг мэдэгдэж байсан. Надаас туслаач гэж гуйсан мөн тухайн үед С.О эгч У.Д  бол хэцүү нөхцөл байдалтай болно зээл өгөөч гэж гуйсан. Б.Энь “Дэвжих ирээдүй” сургалтын төв ажиллуулдаг учир улсаас санхүүжилт нь орж ирдэг, орлоготой чи материалуудыг нь бүрдүүлж зээл олгооч гэж С.Отгонбаяр эгч гуйсан. Мөн У.Д надад туслаач зээл олоод өгөөч гэж надаас гуйсан. Ингээд надад зээлийн материалуудаа авчирч өгсний дагуу би захиралдаа танилцуулж, өөрсдийнх нь хүсэлтийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээл олгосон. Зээлийн эргэн төлөлтийн графикийг хариуцагч нартай ярилцаж, тохиролцож байгуулсан байгаа.  Би орой нь У.Д гийн ажил дээр очиход зээлээр авсан мөнгөө ломбардныхаа кассандаа хийсэн байсан. Ингээд ломбардыг хохиролгүй болгосон гээд цаашид У.Д ажиллахаар болсон байсан. Үүнээс хойш дахин 2015 оны 11 дүгээр сард “Т” ХХК-ийн захирал Ч.Т нь ломбардандаа тооллого хийхэд бүр ноцтой асуудал үүссэн байсан гэсэн. Энэ асуудлаар би мөн дуудагдаж очсон. Тухайн үед Ч.Т хөлөө гэмтээгээд таягтай явж байсан учраас энэ асуудлыг намайг шийдвэрлэж өг гээд надад итгэмжлэл өгч, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл бичиж өгөөд намайг төлөөлж яв гэсэн. Цагдаагийн байгууллагад шалгуулахад У.Днь хүмүүсийн ломбарданд тавьсан эд зүйлүүдийг цааш нь өөр ломбарданд тавьсан байсан. Энэ асуудлаар У.Д бид хоёр байнга хамт явж, У.Д хүмүүсийн эд зүйлийг хаана, хаана тавьснаа зааж өгч, эд зүйлүүдийг нь буцааж авчирч ломбарданд нь тушааж өгч байсан. Өргөдлийн дагуу У.Дбид хоёр байнга цагдаагийн хэлтэс дээр хамт очдог байсан. У.Д гийн ах нь надаас уучлалт хүртэл гуйж байсан. Ингээд У.Дд хугацаа өгч, тогтоосон хугацааны дотор “Т” ХХК-ийн ломбардыг хохиролгүй болгохгүй бол ял онооно гэсэн байсан. Хугацаа нь дөхсөн байсан учир У.Днадаас уйлаад надад туслаач би жаахан хүүхэдтэй, миний хүүхэд бие муутай хүнд өвчтэй би ял авмааргүй байна туслаач гэж гуйсан. Тэгээд надаас тусламж гуйсан болохоор би дахин туслаж зээл олж өгсөн. У.Д, Б.Энар нь дахин зээл хүссэн өргөдлөө бичиж, гарын үсгээ зурж, дахин 2000000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлийн мөнгөө авч, цагдаагийн байгууллага дээр очиж “Т” ХХК-ийг хохиролгүй болгож хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Ингээд “Т” ХХК нь цаашид У.Дг ажиллуулж чадахгүй гэсэн. Иймд зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 8484000 төгрөг, нотариатын зардалд 60000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800000 төгрөг нийт 9344000 төгрөгийг хариуцагч У.Д, Б.Энараас гаргуулж өгнө үү. 2016 оны 6 дугаар сарын 08-наас хойш огт төлөлт хийхгүй байхаар нь шүүхэд хандана гэхээр жаахан байж байгаач улсаас мөнгө орж ирэхээр төлнө гээд шүүхэд нэхэмжлэл гаргуулахыг хойшлуулж байсан. Удахгүй мөнгө орж ирэхээр зээлээ төлнө гээд яваад байсан. Сүүлд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгээ хасч өгөөч үндсэн төлбөр дээрээ хугацаа тохирч эвлэрье гэж санал тавьж байснаа холбоо барихгүй таг алга болсон. Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрүүдийг төлөх талаар хариуцагч нарт албан бичиг хүргүүлж, уулзаж ярилцах зэрэг арга хэмжээ авсан боловч зээл төлөхөөс зайлсхийж, зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.   

Хариуцагч У.Дшүүхэд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Д надад холбогдох 2 удаагийн зээлийн гэрээний төлбөр 9344000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Миний бие өмгөөлөгч авч шүүхэд дэлгэрэнгүй тайлбар, хүсэлтүүдийг гаргах болно.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Д, Б.Э нарт холбогдох 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-0 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2000000 төгрөгийн зээлийн гэрээнд тооцсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бүгд 9344000 төгрөг гаргуулсан тухай хэрэгт Б.Э миний бие дээрх ББСБ-аас огт мөнгө аваагүй. ББСБ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. П овогтой Э нь дээрх мөнгийг авч өөрийнхөө ажиллуулдаг ломбардны төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ББСБ ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3500000 төгрөг анх зээлж авч, өөрийн эзэмшлийн машинаа фидуцийн гэрээ хийж, зээлийн барьцаанд тавьсан. Дараа нь 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн зээлийн гэрээгээр 2000000 төгрөгийн зээл авсан. Анх “Т” ХХК-ийн ломбардны өр төлбөр үүссэн асуудлаас болж зээлийг авсан. Би эхнэрийгээ ломбарданд ажиллаж байгааг мэддэг ч өөр бусад асуудалд оролцдоггүй, нарийн зүйлийг мэдэхгүй. Зээлийн графикийн дагуу зээлээ төлж явж байгаад 2016 оны дундаас ямар ч орлогогүй болсон учир зээлээ төлөх боломжгүй болсон. Зээл төлөх боломжгүй байсан нөхцөл байдлаа хэлж байсан. Зээлийн төлбөрт нийт төлсөн мөнгөний хэмжээнд маргахгүй гэхдээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У.Дгийн данснаас шилжүүлсэн 1 сая төгрөгийг зээлээс хасаж тооцоогүй байна. Нэхэмжлэгч тал зээлийн төлбөр төлөгдөхгүй зогссоноос хойших төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү.

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь 3500000 төгрөгийг өрхийн болон хэрэглээний бизнест зориулж зээлсэн гэж тайлбарладаг. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2000000 төгрөгийг өрхийн хэрэглээнд зориулж цалингийн зээл олгосон гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр Иргэний хуулийн 451 дэх зүйлийг авч хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг хэрэглэхдээ бусад хууль тогтоомж, дүрэм журмын шаардлагыг биелүүлсэн эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Хариуцагч нар зээлийг өрхийн хэрэглээний болон бизнесийн зориулалтаар авсан. Бодит нөхцөл дээрээ “Т” ХХК-ийн ломбарданд У.Дажиллаж байсан. Тухайн ломбарданы санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгөн гүйлгээ хийх, орлого, зарлагын үйл ажиллагаанд П.Э оролцдог байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас ирсэн материалыг үзэхэд П.Э нь “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхойлогдсон. Энэ нь хавтаст хэргийн 79, 80 дугаар талд авагдсан хүсэлтийг П.Э гаргаснаар нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг дээр П.Э хохирогчоор тогтоосон байсан. П.Эрдэнэбулган хохирогчоор тогтоогдож байцаагдаж, байцаалт дээрээ 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би У.Д г ломбарданд ажилд авсан үнэн гэсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд П.Э гаргаж өгсөн тодорхойлолт, 162 дугаар хуудсанд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол авагдсан байгаа. “Т” ХХК-тай П.Э нь хамаарал бүхий хүн. Гэрч Ч.Т П.Э “Т” ХХК-тай хамааралгүй гэж хэлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд П.Эрдэнэбулган нь “Т” ХХК-ийн төлөөлөгч байгаа. Мөн хохирогчоор тогтоогдож, У.Дг “Т” ХХК-д ажилд авч байсан гэж мэдүүлж, “Т” ХХК-ийн өмнөөс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Тэгэхээр П.Э нь “Т” ХХК-тай хамаарал бүхий гэж тогтоогдож байна. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр анх 3500000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээ буюу бизнесийн зорилгоор авсан байгаа. Энэ зээлийг авахад цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэгт У.Д шалгагдаж байсан. 3500000 төгрөгийн зээлийг авч, бүрэн төлж дуусаагүй төлж байхад П.Э шахаж, чи манай ломбардыг хохиролгүй болго гээд 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр У.Дд дахин 2000000 төгрөгийг өрхийн хэрэглээний болон цалингийн зээлийн зорилгоор зээлсэн. Тэгэхээр өмнөх зээлээ төлж дуусаагүй байхад дараагийн зээлийг шахаж өгсөн. П.Э ЭХХК-ийн зээлийн эдийн засагч байгаа. Тэгэхээр зээлийн эдийн засагч хүн банк бус санхүүгийн байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх журмаа зөрчсөн асуудал гарч ирж байгаа. П.Э байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаа явуулах журмын дийлэнх заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Тухайлбал зээлийн үйл ажиллагаа явуулах журмын 3 дугаар зүйлд зээлийн бичиг баримтыг судлан үнэн зөв тооцоо судлагааг зээл хүсэгч болон бусад газраас гаргуулан авч судална гэж байгаа. Уг журмын 11 дэх заалтад зээлдэгч давтан зээл авч байгаа бол хуулийн хугацаандаа зээлээ төлж байгаа эсэхийг судална гэсэн. Журмын 1 дүгээр заалтын 1.4.13 дахь хэсэгт байнгын найдвартай зээлдэгч гэж зах зээлд байр сууриа эзэлсэн банк бус санхүүгийн байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн зээлдэгчийг хэлнэ, 1.4.1 дэх хэсэгт зээлийн эдийн засагч зээл хүсэгчээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн өөрийн мэргэжлийн чадвар, туршлага, дотоод итгэл үнэмшлээр тухайн зээлийн дүн шинжилгээг бие даан хийх эрхтэй, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллах, түүнтэй холбогдох хариуцлагыг бие даан хариуцах зээлийн ажилтныг зээлийн эдийн засагч гэнэ гэж заасан. Энэ журмын 15 дахь хэсэгт зээлийн ажилтны ёс зүй, үндсэн зарчмыг тодорхойлсон байгаа. 15.1 дэх хэсэгт зээлийн ажилтан хууль тогтоомж, санхүүгийн болон дүрэм журмын аргачлалын чанд биелүүлэх, үнэн ч шударгаар ажиллана гэж заасан. 15.1.7 дахь хэсэгт зээлдэгчийн зээл хүссэн бичиг баримтыг ашиглан хуурамч зээл олгохыг хориглоно гэсэн. Мөн журмын 11 дэх хэсэгт зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд авах арга хэмжээг заан зээлийн эдийн засагчийн ажиллах үүрэг чиглэлийг заасан. Тэгэхээр П.Э зээл олгохдоо байгууллагынхаа дотоод дүрэм журмыг зөрчиж, зээл олгосон. Дээрх журмуудыг зөрчсөнөөр Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй байх, ажил үүрэгтээ нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна гэж заасан. Тэгэхээр энэ заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дахь хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ хэлцэл хийсэн бол уг гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулснаараа банк бус санхүүгийн байгууллага өөрсдөө хохирч байгаа. Зээлийн гэрээ байгуулсантай холбоотой эрсдэлээ нэхэмжлэгч тал хүлээх ёстой. Хууль зөрчиж гэрээ хэлцэл хийж бусдыг хохироож болохгүй. Хэн аль нь хуулийн шаардлагыг биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч тал нийтдээ 9344000 төгрөгийн нэхэмжилж байгаа. Хариуцагчийн үндсэн зээл нь 5500000 төгрөг байгаа. Үүнийг төлөхийг зөвшөөрч байгаа, мөн нотариатын зардал болох 60000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Харин өмгөөлөгчийн хөлс 800000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.  

Хариуцагч У.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б.Э, У.Д нараас 9,344,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч У.Д, Б.Э нар нь Э ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 3,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлж, гэрээг бичгээр хийжээ. Дээрх гэрээгээр олгосон зээлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э нь “Т” ХХК-тай хамаарал бүхий этгээд бөгөөд өөрийн ломбардны төлбөрийг төлүүлэх зорилгоор өөрийн ажилладаг банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн авахуулж, тухайн байгууллагынхаа зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагч маргаж, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч “У.Дг найзынхаа гуйлтаар хүргэн ахынхаа “Т” ХХК-ийн ломбарданд ажилд оруулж өгсөн боловч 2015 оны 8 дугаар сард 3,3 сая төгрөгийн дутагдал гаргаад надаас тусламж хүсэхээр нь захиралдаа бичиг баримтыг нь танилцуулаад банк бусаас зээлж авахад нь тусалсан, дараа нь дахин дутагдал гаргаад эрүүгийн хэрэгт шалгуулахаар “Т” ХХК цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байх үед У.Д нь хүүхэд хүнд өвчтэй, ял авмааргүй өр төлбөрийг төлөхөд туслаач гэж гуйсны дагуу банк бусаасаа дахин зээл авахад тусласан” гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт дурдсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Банк бус санхүүгийн байгууллага гэж зээл олгох, гадаад валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх, мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ. Энэхүү үндсэн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч У.Дг бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор зээл авах хүсэл зоригтой байгааг зээлийн эдийн засагч мэдсээр атлаа зээл авах хүсэлтийг хүлээн авсныг, зээлийн эдийн засагч нь байгууллагынхаа зээлийн үйл ажиллагааны журам зөрчсөн байх нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарахгүй. Зээлийн харилцаа нь зээлдүүлэгч, зээлдэгч нар хүсэл зоригоо илэрхийлж үүсдэг болно. Иймд талуудын хооронд үүссэн харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцэж байна. Иймд дээрх зээлийн гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Хариуцагч тал зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөн нийт мөнгөний хэмжээнд маргаагүй бөгөөд харин 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У.Дгийн Хаан банкны данснаас зээлийн төлбөрт шилжүүлсэн 1 сая төгрөгийг зээлээс хасаж тооцоогүй гэжээ. Талууд зээлийн гэрээгээр зээлдэгч нь сар бүрийн хамгийн сүүлийн өдрөөр зээлийн төлбөр, хүүг хуваан төлөхөөр тохиролцсон ба уг хуваарийн дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд огт төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 24, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцож тэнцүү хувааж /500,000 төгрөгөөр/ хассан нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,381,634 төгрөг, хүүд 1,775,851 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 355,170 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд /нэхэмжлэл гаргасан өдөр/ үндсэн зээлийн төлбөр 1,381,634 төгрөг, хүүд 724,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 144,992 төгрөг нийт 4,382,607 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,549,965 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31 /нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг энэ өдөр хүртэл нэхэмжилсэн/-ний өдөр хүртэл хүүд 1,669,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 333,875 төгрөг нийт 3,553,216 төгрөг нийтдээ 7,935,823 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 60,000 төгрөг нэхэмжилснээс нотариатын зардал 60,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг зөвшөөрсөн болно.

Өмгөөлөгчийн хөлс нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор түүний хүсэл зоригийн дагуу гарсан зардал тул уг зардлыг хариуцагч нар төлөх үүрэггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч У.Д, Б.Энараас 7,995,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1,348,177 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 9,344,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 164454 төгрөг төлөхөөс 166454 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 2000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогт У. Д, Хорго овогт Б.Э нараас 7,995,823 /долоон сая есөн зуун ерэн таван мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,348,177 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн  2000 төгрөг, хариуцагч У.Д, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 142883 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА