Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01160

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01160

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Ханбогд хороолол 301 дүгээр байр 31 тоотод оршин суух Э Э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Гранд вилла 104Б байр 71 тоотод оршин суух С Ц

 

3,024,935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, хариуцагч С.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч С.Цд холбогдуулан брэндбүүк хийж гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 3,024,935 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. С.Цтой 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Брэндбүүк хийж гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээний үүргээ хариуцагч нь тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй, нэмэлт хугацаанд ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, үр дүн гарахгүй нь тодорхой болсон, ажлын гүйцэтгэлийг ашиглах боломжгүй болсон гэж үзэн гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөр 2,900,000 төгрөг, хостингийн үйлчилгээний төлбөр 124,935 төгрөг нийт 3,024,935 төгрөг шаарджээ.   

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Гэрээний дагуу тодорхой хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн ба нэхэмжлэгч нь вэбсайт байршуулсан сервэрээ хаасны улмаас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон, энэ хүртэл захиалагчаас засаж сайжруулах зүйл дээр саналыг нь авч вэб сайтын хөгжүүлэлтээ хийж байсан, энэ төсөл нь хууль зүйн талаасаа боломжгүй гэдгийг мэдээд ажлаа зогсоосон гэж үзэж байгаа тул хийсэн ажлын хөлсийг буцаах үндэслэлгүй гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Брэнд бүүк хийж гүйцэтгэх гэрээ”, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хостингийн үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх, зохигчдын фэйсбүүк чатаар харилцсан мессэж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 6-15, 16-20, 53-65 дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Үүнд: Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 79-80 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хугацааг удаа дараа сунгасан боловч ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, үр дүн гарахгүй нь тодорхой болсон, ажлын гүйцэтгэлийг ашиглах боломжгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2,900,000 төгрөг, хохиролд хостингийн үйлчилгээний төлбөрт төлсөн 124,935 төгрөг нийт 3,024,935 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Захиалагчтай байнгын харилцаатай байж хийсэн ажлаа үзүүлээд юу нь болохгүй байна, юуг нь сайжруулах шаардлагатай байна гэдгээ ярилцаад, захиалагч талаас засаж сайжруулах зүйл дээр саналаа хэлээд хөгжүүлэлтээ хостингийн үйлчилгээ хаагдах хүртэл хийгээд явж байсан, иймд тодорхой хэмжээний ажил хийсэн, хийсэн ажлынхаа хөлсийг буцаах үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн энэ төсөл нь хууль зүйн үүднээс боломжгүй гэдгийг мэдээд ажлаа зогсоосон гэж үзэж байна гэжээ.   

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Брэнд бүүк хийж гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар www.romance.mn домайн нэр бүхий ганц бие хүмүүст өөрт нь таалагдах хүмүүсийг тэдний зан ааш, сонирхолд нийцүүлэн санал болгон танилцуулах зорилготой, тодорхой төлбөртэй, www.be2.sg, www.tinder.mn шиг ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, орчин үеийн өнгө үзэмжтэй, www.be2.sg, www.tinder.mn-ын үндсэн үйл ажиллагаанаас гадна онцлог шинж чанарыг багтаасан, Монгол хүний зан төлөвт таалагдсан, хүнийг нь автоматаар санал болгодог, тохирсон өнгө үзэмжтэй, аюулгүй ажиллагаатай, баталгаатай платформын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, цаашдын найдвартай үйл ажиллагааг хангах, нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.  

 

Дээрх гэрээнд заасан ажлыг захиалагчаас урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш 42 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр тохирсон байх ба урьдчилгаа төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Мөн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 400,000 төгрөгийг ажлын хөлсөнд хариуцагч хүлээн авсан байна. Энэ асуудлаар зохигч маргаагүй.

 

Хариуцагчийн хүсэлтээр түүний хийсэн ажлын хэмжээ болон вэб сайтыг ашиглаж байсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтэд “www.be2.sg, www.tinder.mn  энэ хоёр сайт шиг гэж гэрээндээ тусгасан нь тодорхой бус шаардлага байна, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар веб сайтыг 50-60 хувьтай хийгдсэн гэж үзэж байна, тухайн үед вэб нь яг www.romance.mn дээр ажиллаж байсан эсэхийг батлах боломжгүй байгаа юм” гэжээ. Шинжээчийн тогтоосон асуудлаар зохигч маргаагүй, мөн хариуцагч нь гэрээнд заасан ажлыг, гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн хийж гүйцэтгээгүй үйл баримтад маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаанд болон нэмэлт хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ямар нэг үр дүн гарахгүй нь тодорхой болсон, ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс ажлын гүйцэтгэл шаардлагагүй болсон буюу ашиглах боломжгүй гэж үзэн гэрээнээс татгалзаж, ажлын хөлс болон учирсан хохирлоо шаарджээ. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “тодорхой хэмжээний ажил хийсэн, хийсэн ажлынхаа хөлсийг буцаах үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн энэ төсөл нь хууль зүйн үүднээс боломжгүй гэдгийг мэдээд энэ ажлаа зогсоосон гэж үзэж байна” гэж марган, хостингийн үйлчилгээний төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Гэрээний 2.1-т “захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэнээс хойш платформыг 42 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан тул гэрээнд заасан ажлыг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор гүйцэтгэх үүрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тодорхойлжээ. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна. Уг хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар хариуцагч маргаагүй. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгож, гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийн харилцаагаар солигдохыг ойлгоно. Иймд гэрээнээс татгалзах эрх нь гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой буюу хиймэгц биелэгдэх хэлцэлд хамаарахаас гадна гэрээний дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжтой эсэх буюу гэрээг анхны байдалд оруулах боломжтой эсэхээс хамаарна. Энэ талаар буюу гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрхийг ямар тохиолдолд хэрэгжүүлэхийг талууд гэрээгээр тохирох боломжтой /энэ тохиролцоо хуульд нийцсэн байх/, эсвэл хуульд зааснаар хэрэгжүүлнэ. Талууд гэрээнээс татгалзах эрхийг ямар тохиолдолд хэрэгжүүлэх талаар гэрээгээр тохироогүй байна. Иймд талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлнэ. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд үүргийн зөрчил бүр гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах үндэслэл болохгүй зөвхөн ноцтой зөрчил хамаарах болохыг заажээ.

 

Хариуцагчийн хийсэн ажил 50-60 хувийн гүйцэтгэлтэй болохыг шинжээч тогтоосон байх ба мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн /тодорхой хэмжээний үр дүн бий болсон/ болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү бий болсон ажлын гүйцэтгэлийг ашиглах боломжгүй, ашиглах боломжгүй байдал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, уг ажлыг нэмэлт хугацаанд ч хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан хэдий ч гүйцэтгэсэн ажил нэхэмжлэгчид ашиггүй болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзэхгүй. Харин хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, бүрэн хийж гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, тухайн хугацаанд ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, тэдний хоорондоо харилцсан мессэж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.   

 

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэлийг 60 хувиар тооцож, хийгээгүй ажлын хөлс болох 500,000 төгрөг, хостингийн үйлчилгээний төлбөр 124,935 төгрөг нийт 624,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Иймд нэхэмжлэлээс 2,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь хостингийн үйлчилгээний төлбөр /гадаад хэл дээр авагдсан/-ийг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн фэйсбүүк чатаар харилцсан баримтад үзлэг хийгээгүй боловч уг мессэжийг /агуулгыг/ хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С Цгоос 624,935 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э Э д олгож, нэхэмжлэлээс 2,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,349 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 19,398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА