| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0849/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/876 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/876
2024 11 05 2024/ШЦТ/876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч “****”нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “****” холбогдох эрүүгийн 2405023101159 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “***” төрсөн, “**” настай, эрэгтэй, дээд боловсролтой, “****”, “”***” Улаанбаатар салбарын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”, /РД: “***” /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “****”нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дако” худалдааны төвийн урд талын авто зогсоол дээр иргэн “****”“зогсоол хааж хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун зүүн чихний хэсэгт цохиж хоёр чихний хэнгэрэг хальсны цоорол, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “****”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
Хохирогч “****”:
“...Би 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” төвөөс дүүгээ авах зорилготой явж байгаад тус төвийн авто зогсоол руу орох гэтэл зогсоол дүүрсэн гэсэн бичиг байхаар нь би онгойлгохыг нь хүлээгээд байж байхад ар талын авто машинаас сигналдаад байсан. Тэгэхээр нь би “энд машин дүүрэн байна” гэж хэлсэн. Тэгээд би машинаа тавиад машиныхаа хажууд буюу “Дако” төвийн үүдэнд зогсож байтал үл таних эрэгтэй хүн ирээд шууд миний зүүн талын чихний хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний чих дүнгэнээд манарсан байдалтай байж байхад нөгөө хүн дахин миний баруун талын чих рүү нэг удаа цохисон. Тэгээд яваад өгсөн. Би араас нь дагаж ороод “хүн зодчихоод ингээд явчихдаг юм уу” гэж хэлэхэд шатны хажуу талын камергүй хэсэгт зогсчхоод намайг “нааш ир” гээд байсан. Би тэр үед нь тийшээ очоогүй ба надад тэр хүн “цагдаагаа дагуулаад араас ажил руу ороод ирээрэй цагдааг чинь аргалчихна” гэж хэлээд ажил руугаа орсон. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд хоёр чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. Тэрнээс хойш миний толгой эргээд дотор муухайраад чих дүнгэнээд байсан. Би тэр хүнийг одоо харвал танина. Тухайн үед хажууд 3-аас 4 хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,
Гэрч “****”:
“...Намайг Төв аймагт байхад 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр Д.Адьяа залгаад “хүү нэг л сонин байна хоолоо идэхгүй дотор нь муухайраад” гээд босож явахаар гуйваад гээд хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “5 дахь өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүнд зодуулсан цагдаад өгчихсөн байгаа” гэхээр нь “эмчид үзүүлсэн юм уу” гэхэд “Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тархины болон чамархайн томографик хийлгэ” гэсэн гэж хэлсэн. Зүүн чихний хэнгэрэг цоорч дотроо цус хурсан байх магадлалтай, тэнцвэрийн эрхтэн гэмтсэн байж магадгүй тул яаралтай давтан үзүүл гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 тал/,
Гэрч “****”:
“...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” төвийн үүдэнд гарч ирэхэд найз “****”үл таних 25 орчим настай эрэгтэй хүнтэй маргалдаж байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очсон. Харин “****”тэр залуугийн хацар хэсэгт нь алгадсан. Би “****”боль гэж болиулаад машиндаа суугаад явсан. Тэр маргалдаж байсан залуу “****”цохиж зодсон юм харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
“Дако” худалдааны төвийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
“...тэмдэглэлд бичлэгийн 11 секундэд хар өнгийн хувцастай эрэгтэй цагаан өнгийн хувцастай /хохирогч/ дээр очоод толгойн зүүн талын хэсэгт нэг удаа цохиж байгаа нь бичигдсэн, 15 секундэд хар өнгийн хувцастай эрэгтэй, цагаан өнгийн хувцастай /хохирогч/ эрэгтэйн толгойны баруун талын хэсэг рүү нэг удаа цохиж байгаа нь бичигдсэн гэж дурдаж гэрэл зургаар бэхжүүлсэн байв гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:
“...царай болон насны хувьд ойролцоо этгээдүүдийн зургийг А4 хэмжээтэй цаасан дээр 1-с 5 хүртэл дугаарлан таньж олуулав. Хохирогч А.Дашрэнцэн 1 дугаартай зургийг зааж энэ намайг цохисон хүн мөн байна. Бусад 4 хүнийг огт харж байгаагүй юм байна. Би энэ хүнийг царайны дүр төрх, ерөнхий байдлаар нь таньж байна гэж хэлсэн нь “****”зураг байв гэж дурдаж гэрэл зургаар баталгаажуулсан байв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-33 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...”****” биед хоёр чихний хэнгэрэг хальсны цоорол, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хүснэгт /хавтаст хэргийн 34-36 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “****”нь хохирогч “****” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “****”нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “****”холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “****”нь:
2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дако” худалдааны төвийн урд талын авто зогсоол дээр иргэн “****”“зогсоол хааж хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун зүүн чихний хэсэгт цохиж хоёр чихний хэнгэрэг хальсны цоорол, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч А.Дашрэнцэн, гэрч “****”, “***” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дако” худалдааны төвийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “****”“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “***” тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “****”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “****”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч “****”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, “***” торгох ял шийтгэв.
Шүүгдэгч “****”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405023101159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****”800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ