Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01060

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01060

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Соёмбот 1 гудамж 21 тоотод оршин суух Б овогт М.Н

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 7/7 байр 28 тоотод оршин суух Б овогт Х.С

 

7,570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.Н, хариуцагч Х.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Т

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х.Сд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч нь 2016 онд 1,300,000 төгрөг зээлсэн, мөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,700,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс 2 гэрээний дүнгээр 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 

1.2. Гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тул алданги гаргуулна.  

 

1.3. Хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад гарсан зардал гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчээс 2020 оны 2 дугаар сарын 03-ны гэрээгээр зээл аваагүй, тодорхой хэмжээний ажил хийлгээд мөнгөний тооцоотой байсан, энэ тооцоог хийж төлбөрийг бүрэн төлсөн.

 

2.2. 2016 онд 1,300,000 төгрөг зээлж байсан нь үнэн, уг мөнгөн дүн нийлсэн тооцоонд орж төлөгдсөн гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн  184/ШЗ2020/10808 дугаартай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02737 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26и 1-3/3024 дугаар албан бичиг, хийж байсан ажлын төсвийн тооцоо гэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-3-8, 40-44 дүгээр тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-30-34 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийн зээлсэн 1,300,000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 3,700,000 төгрөгийн нийт дүнгээр 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэлгүй амьдарч байсан хаягтаа байхгүй, олдохгүй байсны улмаас эрэн сурвалжлуулж зардал гарсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчээс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр мөнгө зээлж аваагүй, ажлын хөлсний тооцоотой байсан, мөн 2016 онд зээлж авсан мөнгөний тооцоог нийлж, уг тооцооны дагуу төлбөрийг төлж дуусгавар болгосон. 

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр М.Н, Х.С нарын хооронд бичгээр хийгдсэн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлэх, зээлийн төлбөрийг 2 хувааж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болон 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлөх үүргийг хариуцагч хүлээжээ. /ХХ-ийн 3-4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02737 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, тухайн шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хариуцагчийн оршин суугаа газар, хаягийг олж тогтоосон үйл баримт тогтоогдож байна. /ХХ-ийн 7-8 дугаар тал/

 

2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө зээлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний хөлсний үлдэгдэл 3,700,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан, уг 2 гэрээний үүргийг нэгтгэж 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч нь 2016 оны 9 сард 2 гэрээний төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлж, уг төлбөрийг 2016 оны 10 сард дансаар шилжүүлж төлж дууссан, нэхэмжлэгч нь ажил олж өгсөн, уг ажлын гүйцэтгэлээс намайг илүү орлого олсон гэж 5,000,000 төгрөг шаардаж байгаа, ажил гүйцэтгүүлсэн компаниас 1,500,000 төгрөг авч нэхэмжлэгчид өгөх байсан, мөн тооцоо нийлсэн баримт байсан учраас 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа ач холбогдол өгөөгүй гэж хариуцагч тайлбарлав.  

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд дансаар 19,420,000 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Энэ талаар маргаагүй. /ХХ-ийн 30-34 дүгээр тал/

 

Талуудын тайлбар болон тогтоогдсон үйл баримтаас дүгнэвэл тэдний хооронд 2016 онд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Энэхүү гэрээнүүдийн үүргийг 2016 оны 10 дугаар сард гүйцэтгэж дуусгавар болгосон болохоо, мөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг байгуулах болсон үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ нотариатч биелүүлж нэхэмжлэгч, хариуцагч нарт байгуулж буй гэрээний агуулга, эрх зүйн үр дагаврыг нь тайлбарласан байх ба тухайн гэрээг ямар нэг дарамт шахалтгүйгээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр гэрээг байгуулж байгаагаа зохигчид илэрхийлжээ. Нотариатч нь хуулиар заавал нотариатчаар гэрчлүүлэхээс бусад гэрээ, бичиг баримтыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчлэх үйлдэл хийх ба энэ нь тухайн гэрээг үл маргах шинжтэй болгох зорилготой гэрээний талуудын хүсэл зориг байдаг. Иймд зохигчдын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ байгуулах эсэхээ, гэрээгээр үүсэх үүргийн харилцааг бий болгох эсэхээ өөрөө шийдвэрлэж, гэрээний агуулгыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож тодорхойлсон гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгож, өөр үүргийн харилцаагаар буюу зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй байна.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан. Талууд анз буюу алдангийн гэрээг бичгээр хийсэн байх тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцагч тал алданги төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр алдангийн хэмжээг шүүх багасгаж болох тул хариуцагчийн гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал, одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, оршин суугаа газар, хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал болох 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алдангид 1,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс гарсан зардалд 70,200 төгрөг нийт 6,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Х С эс 6,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт М Н д олгож, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,073 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 112, 073 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Т.ГАНДИЙМАА