Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00631

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00631

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “И” ХХК

 

Хариуцагч: Д.Б

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч: Р.А

 

60,622,125.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, Д.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Д.Б, Б.А, Р.А нарт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Д.Б, Б.А, Р.А, Д.Б нар нь “И” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 40,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б, Р.А, Б.А нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Д.Б, Б.И нарын хүсэлтээр зээл авч өгсөн, зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй тэдэнд өгсөн тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батбаярт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын үйлчилгээний баримт, Д.Б, Б.А, Р.А, Д.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шаардах хуудас, зээлийн дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /ХХ-12-20, 32, 50, 62-68 дугаар тал/

 

5. Хариуцагч нараас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Д.Б, Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүлээн авсан тухай баримт /I-XX-44-46 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 49.935.242642 төгрөг, үндсэн үндсэн хүү 10,042,439.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 639,443.46 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг нийт 60,622,125.28 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Д.Б, Б.И нарын хүсэлтээр зээл авч өгсөн, зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй, бүх мөнгийг Д.Батбаярт өгсөн гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №В дугаартай зээлийн гэрээ нэхэмжлэгч “И” ХХК, хариуцагч Д.Б, Б.А, Р.А, Д.Батбаяр нарын хооронд байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нар нь “нүүрс олборлох” зориулалтаар 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.40 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 0.68 хувиар төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Б, Б.А, Р.А нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 37 дугаар байр 108 тоотод байршилтай 76.72м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2020 оны 12 дугаар сарын 21ий өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгөөс зээлийн шимтгэлд 250,000 төгрөг суутгаж, 49,750,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Б Хаан банкны дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг мөнгийг хүлээн авсан асуудлаар зохигч маргаагүй. /ХХ-ийн 45, 50 дугаар тал/

 

Гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг хариуцагч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Б хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан ба уг тайлбартайгаа холбогдуулан Д.Б нь Д.Б 50,000,000 төгрөг зээлсэн агуулга бүхий 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгчээ. /ХХ-ийн 44 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Д.Б, Р.А, Б.А, Д.Батбаяр нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар зээлийн гэрээний үүргийг Д.Б, Р.А, Б.А нараас шаардаж буй нь хуульд нийцнэ. Иймд хариуцагч Д.Б, Р.А, Б.А нар нь зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Д.Б дансанд шилжүүлсэн байна. Зээлийн гэрээний 3.1.7, 3.2-т зээлийн шимтгэлийг зээлийн хэмжээний 0.50 хувиар тооцож, уг шимтгэлийг зээлээс суутгахаар тохирсон байх бөгөөд шимтгэлд 250,000 төгрөгийг зээлээс суутгаж, 49,750,000 төгрөгийг зээлдэгч Д.Б дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь эхний 6 сарын хугацаанд ашигласан хоногоор зөвхөн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 8,333,333.33 төгрөгөөр тэнцүү хуваан хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу зээлдэгч нар төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргийг зөрчсөн гэж үзнэ. Уг зөрчлийг арилгахыг хариуцагч нараас шаардаж байжээ. Иймд зээлдэгч нарыг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй байна.

 

Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нар нь гэрээний 6.2.5-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө”, 3.1.4, 3.6-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.68 хувь буюу үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тохирчээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцнэ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 49,935,242.42 төгрөг, хүүгийн төлбөрт 19,874,095.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 639,443.46 төгрөг төлөх үүрэгтэй байсан байх ба нэхэмжлэгч нь хүүгийн авлагыг 157,343.64 төгрөгөөр илүү тооцоолсон байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 49,935,242.42 төгрөг, зээлийн хүүд төлөх 19,874,095.76 төгрөгөөс төлсөн 9,989,000 төгрөгийг хасаж 9,885,095.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 639,443.46 төгрөг нийт 60,459,781.64 төгрөг гаргуулахаар байна. Нотариатын зардал нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх үүрэгтэй нь холбоотой тул нотариатын үйлчилгээний 5,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлээс 162,343.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.    

 

Зохигчид барьцааны гэрээний 1.2-т барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б холбогдох шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийг зарим хариуцагчид холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Б, Б А, Р А нараас 60,459,781.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 162,343.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д Б холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Б.А, Р.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол /16092/ Дилав хутагт Жамсранжавын гудамж 37 дугаар байрны 108 тоотод байршилтай, 76,72м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,261 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б, Б.А, Р.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 530,449 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА