| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02405/И |
| Дугаар | 102/ШШ2022/03082 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/03082
| 2022 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2022/03082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг өөрийн байр “Г Б ” ХХК /РД:, утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух С овогт М Ш /РД: , утасны дугаар: /
3,863,976.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
Хариуцагч М.Шод шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г Б ” ХХК нь хариуцагч М.Шод холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Ш нь “Г Б ” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөнөөс зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт /I-ХХ-6-10 дугаар тал/
4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 3,484,542.36 төгрөг, үндсэн хүү 363,554.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,871.23 төгрөг нийт 3,863,976.68 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Зохигчийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №2715111981 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 21,60 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцсэн байна.
Иймд гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэв. Уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч М.Шын дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /I-ХХ-ийн 6-10 тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээгээр төлөхөөр гэрээний 2.9-д заасан байх бөгөөд мөн зүйлд зээлдэгч нь зээлийг эргэн төлөх графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байна.
Зээлдэгч нь сар бүр тогтоосон хэмжээгээр зээл, түүний хүүг төлөх үүрэг хүлээсэн ба уг үүргээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш огт биелүүлэлгүй 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусчээ. Энэ үед үндсэн зээлийн төлбөр 3,484,542.36 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх ба хүү, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тооцсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн төлбөрийн үлдэгдлийн талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэв. Иймд нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд хүүгийн төлбөрт 5,101,296.34 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч зээлийг тогтоосон хугацаанд, тогтоосон хэмжээгээр төлөөгүй зөрчил гаргаснаас тухайн хугацаанд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогджээ. Үүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 3,484,542.36 төгрөг, зээлийн хүү 363,554.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,871.23 төгрөг нийт 3,863,976.68 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Шоос 3,863,976.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,773.62 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Шоос улсын тэмдэгтийн хураамжид 76,773.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА