Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/46

 

            Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Х.Мянганбаатар, хохирогч Ж.Цэцэгжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х.Мянганбаатарт холбогдох эрүүгийн  201721000144 дугаартай, 178/2017/0047/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эцэг эх, дүү нарын  хамт Ховд аймгийн Дарви  сумын Дэлгэр  багт оршин суух, ял шийтгэлгүй, ПГ89062139 дугаарын регистртэй Олохун овогт Хуягбаатарын Мянганбаатар.

Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /

Шүүгдэгч Х.Мянганбаатар нь 2017 оны 04 сарын 30-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Цэцэгжаргалтай  маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлтэд  хохирогч Ж.Цэцэгжаргалын өгсөн....Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчим гэртээ унтах санаатай охин С.Энхмаа, хүү Алтангэрэл нарын хамт зурагт үзээд хэвтэж байсан чинь охин С.Энхмаагийн гар утас дуугарч, миний ойлгосноор Энхмаатай утсаар цаанаас нь ярьсан хүн нь “гэрээсээ гараад ир’’ гэж хэлсэн бололтой. С.Энхмаа надад хандан "ээжээ би гэрээс гараад хурдан ороод ирье” гэж хэлэхэд нь би “чи хэнтэй уулзах гэж байгаа юм бэ, орой болчихоод байхад яах гээд гэрээс гарч явах гээд байгаа юм бэ, хурдан орж ирээрэй” гэж хэлсэн чинь “За, ойлголоо ээжээ” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй гараад явсан. Тэр үед нь манай гэрийн гадаа мотоцикльтой хүн ирчихсэн байсан юм байна лээ. Охиныг маань гарсаны дараа мотоциклийн дуу гэрийн гадаа дуугарсан. Охиныг тэр мотоцикльтой хүнтэй явчихлаа гэж би ойлгосон. Би хэвтэж байсан учраас босч ямар хүн гэрийн гадаа мотоцикльтой ирсэнийг хараагүй. Тэгээд С.Энхмааг гэрт орж ирэхийг хүлээгээд байсан чинь  орж ирээгүй. Би С.Энхмаагийн 98334199 дугаарын гар утас руу гэрээс гарснаас нь хойш залгасан боловч миний дуудлагыг огт аваагүй. Ингээд тэр шөнө охин С.Энхмаад санаа зовоод миний нойр ердөө хүрэхгүй байхаар нь үүрээр 04 цаг 30 минутын орчим урьд нь С.Энхмаатай уулзаж учраад яваад байдаг байсан Х.Мянганбаатар гэгч залуутай хамт байж магадгүй гэж бодоод түүний  сумын төвд байдаг байшин руу нь очсон чинь хаалга нь онгорхой байсан. Би байшин руу яваад орсон чинь байшингийн хоймор хэсэгт нь эвдэрсэн ор шиг зүйл дээр манай охин С.Энхмаа, манай нутгийн залуу болох Х.Мянганбаатар, Ганболд нар гурвуулаа зэрэгцээд хувцастайгаа, урагдсан хөнжил шиг зүйл нөмөрчихсөн унтацгааж байсан. Ор шиг зүйлийн хажууд газраар Даваа гэгч манай нутгийн залуу хэвтэж байсан. Намайг байшинд ороход архи их хэмжээгээр үнэртэж байсан ба орны хажууд ундааны хуванцар савыг тайрчихсан дотор нь шингэн зүйл байсан. С.Энхмаа, Х.Мянганбаатар, Ганболд нарын нөмөрчихсөн байсан урагдсан хөнжил шиг зүйлийг нь миний бие татахад орны хажууд байсан хуванцар саванд байсан шингэн зүйл асгарсан бөгөөд тэр асгарсан зүйлээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний  бодлоор тэр зүйлийг архи гэж бодсон. С.Энхмаа. Х.Мянганбаатар, Ганболд, Даваа нар архи уусан гэж би ойлгосон. Тэгээд С.Энхмааг хэвтэж байхаар нь “Чи ямар ичдэггүй юм бэ" гэх мэтээр хэлж уурлан, хараалын үгээр загнасан. С.Энхмааг гараараа цохисон. Тэгээд дугуйнд хий оруулдаг насос байхаар нь С.Энхмаагийн гарын булчин орчимд нь насосоор нэг удаа цохьсон. Х.Мянганбаатарын гарын сарвуу орчимд насосоор хоёр удаа цохитол Х.Мянганбаатар хэвтэж байснаа босож ирээд миний дээлийн энгэрээс заамдаж бариад авсан. Тэр үед Х.Мянганбаатараас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бага зэрэг халамцуу байсан. Ингээд Х.Мянганбаатар бид хойр зууралдаад байшингаас гарсан. Барьцалдаад зууралдаж байх явцад Х.Мянганбаатар миний шүд рүү цохьчих шиг болсон. Яг аль гараараа цохьсоныг би сайн санахгүй байна. Тэр үед миний уур их хүрээд ухаан санаа орж гараад байсан учраас яг юу болсоныг сайн мэдэхгүй байна. Х.Мянганбаатар бид хоёрыг байшингийн гадаа зууралдаж байх явцад хажууд хүн байгаагүй, С.Энхмаа, Ганболд, Даваа нар байшин дотор байсан. Заамдалцаж байх явцад л шүд маань цохигдчих шиг болсон ба буйл орчмоос цус гарч шүд хөдөлсөн. Уруулын дотор хэсэг зүсэгдсэн, түүнчлэн уруулын гадна хэсэг урагдсан байсан. Ерөнхийдөө тухайн үед их зовиурласан. Тэгээд би Х.Мянгабаатартай зууралдаж байгаад салаад гэрлүүгээ харьсан. Гэртээ харьсаны дараа цагдаагийн байгууллагад хандахаар шийдэж сумын хэсгийн төлөөлөгчид хандан "Х.Мянганбаагар гэдэг залуу миний шүд руү гараараа цохьчихлоо” гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Хэсгийн төлөөлөгчтэй уулзаж гомдол мэдээлэл өгөх үед миний уур их хүрч ухаан санаа орж гарсан байсан учраас Х.Мянганбаатарыг намайг гараараа цохьчихлоо гэж бодсоноо хэлсэн. Х.Мянганбаатарын хувьд миний мэдэж байгаагаар миний охин Х.Энхмаатай хэдэн сарын өмнөөс уулзаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл үерхэж байгаа юм шиг байна лээ. Х.Мянганбаатарын аав, нь түүнийг С.Энхмаатай суулгахгүй гэж хэлээд миний охиныг элдвээр хэлж доромжилдог юм. Х.Мянганбаатарын аав, ээжийн  миний охинд  гаргаад байгаа хандлагад нь миний уур хүрч явдаг юмаа. Тэгээд ч би охин С.Энхмаадаа “ Х.Мянганбаатартай битгий уулзаарай" гэж  хэлдэг ба түүнчлэн түүнтэй уулзахыг нь хориглодог юм. Хориглосоор байхад Х.Мянганбаатар, С.Энхмаа нар уулзахаар нь миний уур хүрсэн юм. .. гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 239 дугаартай…  Ж.Цэцэгжаргалын  биед гэмтэл учирсан байна.

Ж.Цэцэгжаргалын  биед доод эхүүний зүүн болон баруун талын нэгдүгээр   шүдний уналт, доод эрүүний унасан шүдний буйл хэсэгт цус хуралт, гэмтлийн гаралтай уналт доод уруулын гадна дунд хэсэгт 1х0,3 см орчим зулгаралт доод уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Ж.Цэцэгжаргалын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Ж.Цэцэгжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой

 Ж.Цэцэгжаргалын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлттийн шатанд Х.Мянганбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2017 оны 04  сарын 29-ний өдөр манай 10 жилийн ангийн хэсэг найзууд уулзаж Дарви сумын төвөөс урагшаа 6 км орчимд орших “Зургаан ширэг” гэдэг нэртэй   гол дээр очиж хорхог хийж идээд 500 граммын шилтэй 2 шил архи хувааж уугаад наргисан. Миний бие бага зэрэг согтсон. Тэгээд 10 жилийн найзуудын хамт ойролцоогоор 21 цагийн үед бүгдээрээ сумын төвд орж найз Баярсайханы гэрт хэсэг хугацаанд бүгдээрээ хөзөр тоглож байгаад тарцгаасан. Тэр үед яг хэдэн цаг болж байсаныг мэдэхгүй байна. Найз Баярсайханыхаас гараад үерхдэг эмэгтэй болох С.Энхмаагийн гэрийн гадаа мотоциклоо жолоодоод очсон. Тэгээд С.Энхмаагийн гар утасруу нь залгаад ойр зуурын эүйл ярьж байгаад “Гэрээсээ гараад ир. хоёулаа сумын төвд байдаг манай байшинд очиж хамт хоноё, би танай гэрийн  гадаа ирчихсэн мотоцикльтойгоо зогсож байна” гэж хэлсэн чинь  зөвшөөрч төд удалгүй гэрээсээ гараад ирсэн. Тэр үед миний бие бага зэрэг согтуу байсан бөгөөд уусан архи гараагүй байсан ба яг эрүүл ухаантай болоогүй байсан. Тэгээд С.Энхмааг аваад сумын төвд байдаг өөрийнхөө байшинд  очсон. Тэр үед цаг  хэд болж байсаныг мэдэхгүй байна. Орой болсон байсан. Ингээд байшинд ирээд С.Энхмаа бид хоёр унтаж амарцгаасан. С.Энхмаа бид хоёрыг унтаж байсан чинь байшинд гаднаас хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чннь манай нутгийн найз болох Ганболд, Даваа нар нилээн согтсон бололтой халамцуу орж ирсэн.  Тэр үед манай найз эмэгтэй С.Энхмаа “03 цаг өнгөрч байна" гэж хэлж байсан. Ганболд, Даваа нар гаднаас орж ирэхдээ 2 литрийн савтай 2 пиво барьчихсан орж ирсэн. Миний бие өмнө нь 10-н жилийн найзуудтайгаа архи уучихсан байсан болохоор Ганболд, Даваа нарын авчирсан пивоноос 3 аяга уугаад буцаад бага зэрэг согтсон. Ганболд, Даваа нарын авчирсан пивийг бид нар хувааж уугаад дуусгасан.  Ганболд, Даваа нар нилээн согтсон, Миний бие болон манай найз эмэгтэй С.Энхмаа бид хоёр бага зэрэг согтсон. Тэгээд бид нар бүгдээрээ манай байшинд амарцгаасан.Тэр үед ”04 цаг 15 минут болж байна” гэж Энхмаа хэлж байсан. Ингээд С.Энхмаа бид хоёр зэрэгцээд орон дээр унтсан. Мөн миний хажуугаар Ганболд хэвтэж унтсан. Даваа орны хажуугаар газарт хэвтээд унтсан. Бид нар  бүгд хувцастайгаа унтацгаасан. Бид нарыг унтаж байсан чинь гэнэт  гаднаас хүн орж ирсэн.Тэр үед би сэрээд хэн орж ирж байгаа юм бол гэж бодоод хаалга орчим руу харахад гадаа гэгээ орчихсон байсан бөгөөд хаалгаар С.Энхмаагийн ээж Ж.Цэцэгжаргал эгч их ууртай хашгираад орж ирсэн.  С.Энхмааг оронд хэвтэж байхад нь дайрч уурлаад хараальн үг хэлж, загнаад улмаар гараараа толгой орчим руу нь цохьсон. Тэгснээ Ж.Цэцэгжаргал эгч байшин дотор орны хажууд байсан дугуй хийлдэг насосьг барьж аваад С.Энхмаагийн  гар орчим руу нь хэдэн удааг нь мэдэхгүй. Цохиод л байсан. Дараа нь Ж.Цэцэгжаргал эгч миний гарлуу барьж байсан насосоороо 3-4 удаа цохьчихоод байшингаас гараад явчихсан. Би Ж.Цэцэгжаргал эгчийн араас нь гараад "Цэцэгжаргал эгчээ та яаж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь “Чи яагаад миний охинтой уулздаг юм бэ” гээд Ж.Цэцэгжаргал эгч бид хоёр маргалдсан ба улмаар миний хацар луу Ж.Цэцэгжаргал эгч гараараа алгадсан. Миний уур хүрч би Ж.Цэцэгжаргал эгчийн өмсөж явсан дээлний энгэрээс нь барьж аваад заамдсан. Ингээд Ж.Цэцэгжаргал эгчийг би заамдаад зууралдаж байх явцад миний бие Ж.Цэцэгжаргал эгчийн шүд орчим руу нь цохьсон. Тэгээд Ж.Цэцэгжаргал эгч бид хоёр салаад Ж.Цэцэгжаргал эгч надад хандан “Сая болсон асуудлын галаар Цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлээд яваад өгсөн. Даваа, Ганболд нар унтаж байсан тул “Цэцэгжаргал эгч бид хоёрыг зууралдаж, маргалдсан асуудлыг огт мэдээгүй. Харин манай найз эмэгтэй С.Энхмаа байшин дотроос харж байсан.  надад хандан "Ээжийг  маань цохиж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэр үед миний уусан архи, пиво гараагүй, бага ээрэг халамцуу байсан болохоор бас дээрээс нь уурандаа Ж.Цэцэгжаргал эгчийг заамдаж аваад барьцалдаж зууралдах явцдаа нүүр орчимд нь  цохьсоноо хүлээн эөвшөөрч байна. Миний бие буруугаа ойлгож байна . гэх мэдүүлэг /хх-ийн 29, 32-33 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мянганбаатарын өгсөн... Миний бие Ж.Цэцэгжаргалын  биед  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Сайн дурын үндсэн дээр бид эвлэрсэн байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийн  дагуу шийдэж өгнө үү? гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух Мандахынхан овогт Жанчивдоржийн Цэцэгжаргалын өгсөн….Хохирол төлбөр, гомдол, санал байхгүй. Сарын дотор мөнгөө өгнө гэж хэлсэн.  Бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Цэцэгжаргал, шүүгдэгч Х.Мянганбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Мянганбаатар нь 2017 оны 04 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Цэцэгжаргалтай  маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Мянганбаатар нь бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.

            Түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.

       Шүүгдэгч Х.Мянганбаатар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 31 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа болно.

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “яллагдагч ,  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсэн  тул зааснаар яллагдагч Х.Мянганбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба хохирогч Ж..Цэцэгжаргал  нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.  

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  байна. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294-299, 418 дугаар зүйлийн 418.5- заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Олохун овогт Хуягбаатарын Мянганбаатарыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Олохун овогт Хуягбаатарын Мянганбаатарт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Олохун овогт Хуягбаатарын Мянганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3.Эрүүгийн 201721000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Олохун овогт Хуягбаатарын Мянганбаатарт өмнө гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёснытөлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА