Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01073

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар  102/ШШ2022/01073

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум  тоотод оршин суух М овогт Д.М

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо  тоотод оршин суух А овогт Т.Г

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Т.Г

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Гад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

1.1. Хариуцагч Т.Г нь 2016 оноос тусдаа амьдарч байгаа тул охин Г.Биндэръяаг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх үүрэгтэй.   

 

1.2. 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 9 сар хүртэл хугацаанд охин Г.Б хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 900,000 төгрөгийг гаргуулна гэжээ.  

 

2. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  

 

2.1. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 900,000 төгрөгийг аваагүй, хүүхдийн дансанд байгаа, тухайн дансны картыг хүүхдэд өөрт нь 2021 оны 11 сард өгсөн, бие муутай, ажил хийх боломжгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, “Мэндцэцэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Г.Б төрсний гэрчилгээ, Төрийн банкны харилцах дансны хуулга, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйн сорил зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд:  “Төрийн банк” ХХК-иас Г.Б хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны хуулга, уг дансны хамтран эзэмшигчийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргасан. Зохигчид тусдаа амьдарч байгаа бөгөөд эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь хүүхдийн мөнгөн тэтгэмж 900,000 төгрөгийг авсан.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн байна. Үүнд: Бие муутай, жилд 2-4 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай учраас ажил хийх боломгүй болсон, мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, картыг нь хүүхэддээ өгсөн гэжээ.   

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

Т.Г, Т.М нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин Г.Б төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон. Энэ асуудлаар талууд маргаагүй.    

 

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хүүхэд эцгийн нэрийг авна” гэж зааснаар охин Г.Б эцгийн нэрийг авсан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Т.Гаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Биндэръяаг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт эцэг, эхийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүлээх үүргийг заажээ. Иймд хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах, тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эхийн анхаарал халамжид байх, эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр саад учруулах, хориглохгүй байхыг зохигчид даалгаж, мөн хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал үүсгэхгүй байх, хэн алинд нь эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.

 

2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 600,000 төгрөг, Монгол Улсын Засгийн Газраас цар тахлын үед иргэн бүрт олгосон 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг Г.Б “Төрийн банк” ХХК дахь дансанд шилжсэн байх ба уг мөнгө нь хариуцагч Т.Гын дансанд шилжсэн үйл баримт тогтоогдов. Хариуцагчийн дансанд дээрх мөнгөнөөс гадна 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 215,000 төгрөгийн орлого орсон байх ба нийт 1,115,000 төгрөгийн орлогоос 414,620 төгрөгийн зарлага гарч, 700,380 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2021 оны 6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийн орлого нь уг дансны хамтран эзэмшигч нэхэмжлэгч Д.Мгийн дансанд шилжсэн байна. Хариуцагч нь түүний дансанд орсон Г.Б мөнгөнөөс аваагүй, картыг хүүхэддээ 2021 оны 11 сард өгсөн гэж тайлбарласан ба 414,620 төгрөгийг Г.Б өгсөн болохоо баримтаар нотлоогүй болно. Үүнээс гадна 414,620 төгрөгийн зарлага нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний хооронд гарсан байх тул уг зардлыг Г.Б гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Гаас 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Б 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Г нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Гаас 900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг зохигчид хориглосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,200 төгрөгөөс 63,180 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 35,020 төгрөг, хариуцагч Т.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 63,180 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА