Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1120

 

 

 

 

 

 

 

      2024          10           10                                          2024/ШЦТ/1120   

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 02330 0670 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*** нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд согтуугаар “Тоёота Румион" маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 681 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Б.*** нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх10/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэврээр /хх24/ тогтоогдсон.

Тэрээр жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд согтуугаар “Тоёота Румион" маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр шалгахад 1.11 хувь гэж шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлсон тэмдэглэл /хх4-5/, тээврийн хэрэгслийг түр саатуулах шийдвэр /хх6/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

            4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол  гэмт хэрэгт тооцохоор заасан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй үедээ замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зөрчлийн давтамж, учруулж болзошгүй хор аюул ихтэй тул нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.***гийн хувьд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч Б.***г бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, түүнд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг Нарантуул зах руу явах боломжтойгоор ял оногдуулж өгнө үү гэжээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.*** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурлын зэрэг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

10. Хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

11. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэн, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зөв гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, үйл ажиллагаа явуулах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул худалдааны төв хооронд тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, үйл ажиллагаа явуулах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул худалдааны төв хооронд тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар дүйцүүлэн солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР