| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1097/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1121 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1121
2024 10 10 2024/ШЦТ/1121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх***,
улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч Н.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 02408 1202 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “***” ХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эмээ, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*** нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон-2 хотхоны зүүн хойд хэсэгт байрлах голын эрэг орчим согтуурсан үедээ Г.***ын нүүр, толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж, цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 929 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.***, хохирогч Г.*** нар нь нэг байгууллагад ажилладаг байх ба 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон-2 хотхоны зүүн хойд хэсэгт байрлах голын эрэг орчим хамтдаа архи ууж улмаар хоорондоо маргалдан шүүгдэгч Н.*** нь хохирогч Г.***ын нүүр, толгойн тус газарт хөлөөрөө өшиглөснөөс түүний эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн доод, дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.***ын “...Би “Түмэн шувуут” ХК-нд борлуулагчийн ажил хийдэг. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн чиглэлдээ борлуулалтын ажлаа хийж дуусаад ажил 23 цагийн үед тарсан. Борлуулалтын машинаа ажлын байран дээрээ үлдээгээд дэлгүүрээс өөрийн жолооч ***ий хамт 0.5 литрийн архи худалдаж аваад СХД-ийн 4 дүгээр хороо, Орчлон-2 хорооллын урд байрлах голын эрэг дээр хувааж уусан. Яг юунаас болж маргаснаа бол санахгүй байна. Бодвол ажлаас болоод маргалдсан байх. Бид 2 ноцолдож байгаад ус руу унасан. Тэгээд хоорондоо ноцолдож байсан ба тэр үед *** миний нүүрний баруун хэсэгт хөлөөрөө өшиглөсөн ба тэгээд би ухаан алдсан. Сэрээд харахад хамт архи уусан *** байгаагүй учраас эхнэр ***ыг дуудсан. Тэгээд эхнэр цагдаа дуудсан байсан. Тухайн үед бид хоёр л байсан. Өөр харсан үзсэн хүн байхгүй, хяналтын камер байгаагүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8/,
Гэрч Ц.***ын “...2024 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед манай нөхөр *** гэртээ ирэхгүй болохоор нь санаа зовоод гэрээсээ гараад орцны үүд хэсэгт харсан. Тэгсэн манай нөхрийн ажлын газрын *** нь дээгүүрээ шалдан нүцгэн, бөөн шавар болсон юм манай орцны гадаа хүрээд ирсэн. Би тэгэхээр нь “яав, чи юу болов” гээд лавлаад асуутал *** “аниа би агааг зодчихлоо” гээд хэлсэн. Тэгсэн нээх удаагүй байхад манай нөхөр араас нь бөөн шавар шавхай болсон, хамраас нь цус гараад нүүр нь бүхэлдээ цус олчихсон хүн айхаар юм болчихсон ирсэн. Тэгээд би нөхрийгөө хараад хэсэг шоконд ороод нөхрийнхөө байр байдлыг ажиглаж зогсож байсан. *** хажууд би агаагаа зодчихлоо та цагдаа дууд, 102 дууд гээд орилоод байхаар нь би гар утсаараа цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх12/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 8685 дугаар дүгнэлт, шүүгдэгч Н.***ий гэм буруугаа хүлээсэн “...голын эрэг дээр *** ахтай хамт архи уусан. Ажлаасаа болоод маргалдсан байх, ахтай ноцолдож байгаад нүүр рүү нь өшиглөсөн байсан. *** ах газарт хэвтэж байсан, ухаантай байх шиг байхаар нь ахаа босоорой явъя гэж дуудсан чинь доошоо хараад эвхрээд хэвтээд байхаар нь эхнэрийг нь дуудах зорилгоор гэр рүү нь явсан, очоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх56/ шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8685 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.***ын биед баруун нүдний ухархайн доод, дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. /хх17-18/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч Г.*** нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 3,222,018.18 төгрөгийн эмчилгээ, эм тарианы зардал гарсныг нэхэмжилсэн. Шүүгдэгчээс дээрх хохирлыг хохирогчид бүрэн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан ба хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ./хх23/,
8. Мөн прокуророос хохирогч Г.*** нь 2024.06.26-ны өдрөөс 2024.07.01-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд 40.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан /хх36/ нь лавлагаагаар тогтоогдож байх ба шүүгдэгчээс уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх дүгнэлт гаргасан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч Н.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх 40.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргасан. Тиймээс Н.***ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч Н.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.
10. Шүүгдэгч Н.*** нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Г.*** нь хамт ажилладаг өөрөөсөө 20 насны дүү 22 настай залуутай хамт архи согтууруулах ундааны зүйл ууснаас болсон, улмаар шүүгдэгчийн хувьд хохирогчийг цохисон талаараа түүний эхнэрт шууд очиж хэлэн, цагдаагийн байгууллага дуудуулсан, гэм буруугаа хүлээж хохирол төлсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гээд мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу ялаас чөлөөлөх, ял хөнгөрүүлэн оногдуулах нь гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн хүнд ял оногдуулах эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмын ойлголтод хамаардаг. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг ялаас хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөхийг шүүх шийдвэрлэхээр заасан.
Тус журамд зааснаар ялаас чөлөөлөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. Энэхүү заалтын агуулга нь согтуурсан, мансуурснаас болж өөрийн үйлдлээ санахгүй байгааг оюун санааны хувьд мэдээгүй, хүсээгүй гэсэн агуулгад хамааруулахгүй буюу гэмт хэргийн субъектив талын шинжийг үгүйсгэхгүй, улмаар гэм буруутайд тооцон зохих хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулга болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл бол гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн шинж байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эсэх боломжийг олгосон энэрэнгүй ёсны зарчмын агуулга юм.
Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
12. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан.
13. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Н.***ийг мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Н.***ийг мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР