Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02827

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02827

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг тоот “Э” ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 давхарт “У” ХХК

 

479,716,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г

                                нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Түрээсийн MNO-2018/78 дугаартай гэрээ хийж “Э” ХХК-иас /РД: / “У” ХХК-д /РД: / 5м3 шанагатай 2 ширхэг DOOSAN700 экскаваторыг түрээслүүлсэн. Түрээслэгч “У” ХХК нь түрээслүүлэгч “Э” ХХК-д 479,716,875 төгрөгийн төлбөрийн үүрэг үүссэн. Дээрх төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор түрээслэгч болох түрээслүүлэгч талууд удаа дараа тооцоо нийлсэн акт үйлдэж дээрх мөнгөн төлбөр дээр маргаагүй болно. Иймд түрээсийн MNO-2018/78 дугаартай гэрээний түрээслэгч “У” ХХК-иас 479,716,875 төгрөгийн үүргийн төлбөрийг гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Түрээсний MNO-2018/78 дугаартай гэрээ хийж “Э” ХХК-иас “У” ХХК-д 5м3 шанагтай 2 ширхэг DOOSAN700 экскаваторыг түрээслэх гэрээг байгуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцооны үлдэгдлийг баталж 479,716,875 төгрөгийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн. “У” ХХК нь тухайн төлбөр дээр маргадаггүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар 3 удаа уулзсан. “Уул уурхай үндэсний олборлогч” ХХК-ийн зүгээс тэдний компани шүүхийн шийдвэрээр 3 төлбөртэй байгаа үндэслэлээр танай компанийн төлбөрийг 2022 оны 3 дугаар улирлаас эхлэн төлөх боломжтой гэсэн тул эвлэрэх боломжгүй болж шүүхэд хандсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32020/10305 гэсэн шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжаар “Э’’ ХХК нь “У” ХХК-ийн түрээслэж байсан экскаваторыг “Э” ХХК-иас худалдаж авсан төлбөрөө төлөөгүй, төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж “Э” ХХК-ийн зүгээс 324,458,414 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “У” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 479,716,875 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “түрээсийн гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр “Э” ХХК нь 5м3 шанагатай DOOSAN DX700 маркийн 2 ширхэг экскаваторыг “У” ХХК-ийн эзэмшил, ашиглалт шилжүүлэх, “Уул уурхайн үндэний олборлогч” ХХК нь экскаваторыг ашигласны нэг сарын төлбөрт 75,000,000 төгрөг /1мото цагийн төлбөр 137,000 төгрөг/ төлөхөөр тохирсон байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 2 дугаар сарын 28, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд тооцоо нийлж хамгийн сүүлчийн байдлаар түрээсийн төлбөрт 479,716,875 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан “тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтыг нотлох баримтаар гаргажээ.    

 

Хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа эсэх талаарх тайлбар, татгалзаж байгаа тохиолдолд түүнтэй холбоотой нотлох баримтыг 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан байх ба хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй эсэх талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.   

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн “тооцооны үлдэгдлийн баталгаа” нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нөхөх зааврын дагуу үйлдэгдэж, хоёр байгууллагын нягтлан бодогчийн гарын үсэг, санхүүгийн болон компанийн тэмдгээр баталгаажсан, хариуцагч тал уг баримтыг үгүйсгэсэн ямар нэг баримт ирүүлээгүй тул тухайн баримтад заасан мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч “У” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 479,716,875 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-иас 479,716,875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,556,534.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,556,534.38  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА