Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00553

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00553

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Г” СӨХ

 

Хариуцагч: Л.Б

 

1,962,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Л.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” СӨХ нь хариуцагч Л.Бд холбогдуулан 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,962,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны төлбөр 1,962,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

2. Хариуцагч Л.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “Г” СӨХ нь төлбөрийг өндөр тогтоосон, агааржуулалтын систем нь ажилладаггүйгээс гаражид утаа үнэртдэг, хангалтгүй ажилладаг, харуул хамгаалалт ажилладаг эсэх нь мэдэгддэггүй айлуудад хулгай ордог үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс “Г” СӨХ-ны гэрчилгээ, “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 26, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Төрийн банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны дэлгэрэнгүй хуулга /I-ХХ-3-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх хуульд заасан үүргээ 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд биелүүлээгүй. Энэ хугацааны төлбөрт 1,962,000 төгрөг хуримтлагдсан байна.    

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: СӨХ нь төлбөрийг өндөр тогтоосон, засвар, үйлчилгээ, харуул хамгаалалт хангалтгүй гэж маргажээ.  

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээг “Г” СӨХ-нд хариуцуулж 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгч нараас тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд байна.

 

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,962,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Дээрх төлбөрт хариуцагч сар бүр 49,050 төгрөг төлөх болох нь “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот тогтоол болон банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны хуулгаар нотлогдож байна. 

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо” гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо” гэж тодорхойлсон бөгөөд “заавал гишүүнчлэлтэй” гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь “Г” СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.

 

Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.7 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн хөрөнгийн бүрдүүлэлт буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахад бүх гишүүдийн хуралд оролцох байдлаар хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тухайн хуралд оролцоогүй нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй болохгүй. Энэ талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зохицуулсан. Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг өндөр тогтоосон үндэслэлээр төлөхөөс татгалзах эрхгүй байна.    

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,962,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н овогт Л.Бгээс 1,962,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,342 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 46,342 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” СӨХ-нд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА