| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1122 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1122
2024 10 10 2024/ШЦТ/1122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч, хохирогч Б.***, түүний өмгөөлөгч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч, хохирогч П.***, түүний өмгөөлөгч Л.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан,
*** /РД:***/;
2. Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД:***/;
Холбогдсон хэрэг:
2023 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлант” төвийн гадна талд шүүгдэгч П.*** нь согтуурсан үедээ Б.***г “ярианд оролцлоо, цаашаа ор” гэж түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.*** нь мөн согтуугаар цохиулсандаа уурлан П.***ий толгой тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***, П.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол, шүүгдэгч Б.*** нь П.***д хохирол учруулаагүй, гэрч нартай нийлж гүтгэж байна гэсэн бол түүний өмгөөлөгч цагаатгах байр суурьтай болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг дараах үндэслэлээр гэм буруутай гэж дүгнэв.
3. Хэргийн үйл баримтыг авч үзвэл: 2023 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жавхлант" төвийн гадна шүүгдэгч П.***, Б.*** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан үл ойлголцол, маргаан үүсгэсэн. Шүүгдэгч П.*** нь хөндлөнгөөс ярианд оролцлоо гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.***гийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун хоншоор ясны урд хананы хугарал, баруун нүдний ухархайн доод ирмэг, доод хананы хугарал, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун зовхины зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.*** нь П.***д цохиулсандаа уурлан түүний араас даган очиж толгойн орой хэсэгт чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдлоо.
4. Шүүгдэгч П.*** нь шүүгдэгч Б.***г түрүүлж цохисноо хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлэг, дор дурдсан гэрч нарын мэдүүлэг, “Лорд” баарны хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой туссан /хх66-69/ байна. Мөн гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтуудаас шүүгдэгч Б.***г шүүгдэгч П.***ийг чулуугаар цохиж гэмтээсэн, цохиулах үедээ П.***ий толгойноос цус гарч хуйх язарсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэргийн талаар гэрч нар дараах байдлаар мэдүүлсэн ба гэрч Г.***ын “...бид хэд баарнаас гараад харих гэж байхад үл таних өндөр махлагдуу биетэй ах надтай маргалдсан. Тэр ах бид нарыг хаана ажилладаг талаар асуусан. Цэргийн анги гэж хэлэхэд цэргийн анги ярилцаж байсан. Тэгээд ажлынхаа хүмүүстэй явж байна гэж хэлэхэд араас дагаад яваад байсан. Би яагаад байгаа юм бэ гэхэд манай хуучин ажлын ах *** нь намайг хүнтэй битгий маргалд гэж хэлсэн. Тэгээд тэр үл таних өндөр, махлагдуу ахыг баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид нар баарны үүднээс холдоод явж байхад үл таних ах араас ирээд *** ахын толгойг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх33/,
гэрч С.***ын “...Би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд бүгдээрээ баарнаас гараад үүдэнд нь тамхи татаад зогсож байсан. Бид хэд дээр үл таних 1 залуу хүрч ирээд тамхи асуусан. Бид хэдийн тамхи дууссан байсан учраас тамхи байхгүй гэж хэлсэн. Бид хэд болохоор цэргийн ангид болж байсан үйл явдлынхаа тухай ярилцаад байж байсан. Нөгөөх тамхи асууж ирсэн үл таних 1 залуу бид хэдийн ярианд оролцоод байсан болохоор *** ах түүнийг цаашаа ор гээд түлхээд, алгадсан. ***, *** бид гурав түрүүлээд автобусны буудал руу алхсан. Араас ***, ***, *** ах гурав алхаж байсан. ***, *** бид гурав түцний урд гараад такси барих гээд зогсож байсан чинь *** ах ёо гээд чанга дуугаар орилсон. Эргээд очсон чинь *** ах газар уначихсан ***, *** 2 босгож байсан. *** ах бид хэдэд хэлэхдээ битгий ойртоорой намайг цохисон хүн чулуутай байгаа шүү гээд анхааруулж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх41-42/,
гэрч Ж.***ийн “...Шөнийн 02 цагийн орчимд бүгдээрээ баарнаас гараад үүдэнд нь тамхи татаад зогсож байсан. Үл таних 1 залуу хүрч ирээд, та хэд хаана ажилладаг вэ, би зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан гэж яриад, бид нараас тамхи асууж байсан. Нөгөө үл таних залуу бид нарт хандаж зэвсэгт хүчний 326 дугаар ангид манай 1 хошууч цолтой ах байдаг та хэд таних уу, та хэд ер нь ямар цолтой вэ гэж асуусан. Тэгээд бидний дундаас нэг нь бид нарын цол өөрт чинь хамаагүй гэж хэлсэн. Тэгээд *** ах нөгөө үл таних залууг цааш нь холдуулсан. Баарны үүдэнд *** ах үл таних залуу хоёрын хооронд зодоон болсон эсэхийг хараагүй. Ямартай ч удаагүй бид хэд бүгдээрээ гэр гэртээ такси бариад явъя гэж ярилцаад автобусны буудал руу алхаж байсан чинь араас цагаан малгайтай хөгшин залуу нааш ир гээд бид хэдийг тамхи татаж байхад ирээд яриа өдөөд байсан залуу дуудаад байсан. *** ах тухайн үед цагаан өнгийн малгай өмссөн байсан ба бид хэд дунд хамгийн өндөр настай нь байсан. Тэгээд *** ах буцаад араас нь дуудаад байсан үл таних залуу дээр очсон. Буцаад *** ах бид хэд рүү ирж байхдаа ахыгаа авраарай, миний толгойг хагалчихлаа, нөгөө залуу чинь гартаа чулуу барьчихсан байна гэж хашхирсан. Тэгээд *** бид хоёр *** ах дээр очиход толгойгоо хагалуулчихсан хүрээд ирсэн. Ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад "баарны гадна яриа өдөөд байсан залуу ахыг нь цохиод толгой хагалчихлаа, гартаа юм барьчихсан байгаа, тэрийг нь аваарай гэж хэлсэн. *** ахын толгойг үзэхэд хагарчихсан цус гарч байсан. Тэгсэн чинь баарны гадна яриа өдөөд байсан үл таних залуу баарны зүгээс алхаад ирсэн. *** ах босоод нөгөө үл таних залуутай барьцалдаад авсан. *** бид хоёр салгах гэж оролдсон. Нөгөөх үл таних залуу биерхүү том биетэй байсан. Тэгээд салахгүй байхаар нь би үл таних залуугийн нуруу орчим газарт 2 удаа гараараа цохиод салгасан. Тэгээд *** бид хоёр *** ахыг аваад ***, ***, *** нарын араас автобусны буудал руу явсан. Би түцнээс 2 салфетка, 1 сав ус аваад *** ахын толгойны цусыг цэвэрлэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх46-47/,
- гэрч Б.***ийн “...Лорд нэртэй бааранд ***, ***, ***, ***, *** нарын хамт орсон. Бааранд ороод бүжиглэх зуураа хүний 2 шил пиво уусан. Шөнийн 02 цагийн орчимд бүгдээрээ баарнаас гараад үүдэнд нь тамхи татаад зогсож байсан. *** ах нэг үл таних залуутай маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. *** ах, ***, ***, ***, *** бид хэд гэр гэртээ харихаар автобусны буудал руу алхаж байсан. Бид хэд ерөнхийдөө цуваад алхаж байсан бөгөөд хамгийн ард *** ах явж байсан. Тэгээд гэнэт *** ах орилсон. Урд нь түрүүлээд алхаж байсан бид хэд эргээд очиход *** ах газар уначихсан, толгойноос нь цус гарч байсан...*** ахтай маргаан үүсгээд байсан үл таних залуу цохисон байж болзошгүй гэж бодсон. Баарны үүдэнд бид хэдээс өөр залуучууд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх39/,
- гэрч Ж.***ын “...такси барих гээд зогсож байсан чинь *** ах ёо гээд чанга дуугаар орилсон. Эргээд очсон чинь *** ах газар уначихсан, ***, *** 2 босгож байсан. *** ах хэлэхдээ битгий ойртоорой намайг цохисон хүн чулуутай байгаа шүү гээд анхааруулж хэлсэн. *** ахын толгойноос цус гарч байсан. ..*** ахтай маргалдаад байсан үл таних 1 залуу *** ахын толгойг хагалсан байх гэж бодож байна. Шөнийн 02 цаг болж байсан өөр хүн харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 44/
- гэрч Б.***ийн “...би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн үед хуурай ах ***тай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавхлант төвийн гадаа уулзаад Лорд нэртэй баар руу орсон юм. Бид хоёр ороод 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд би харья гэж бодоод гадаа гартал *** ах баарны гадаа зодуулчихсан, цагдаа ирчихсэн байсан ба цагдаагийн хэлтэс рүү авч явсан байх. Ямартай ч нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлгээс /хх37/ дүгнэн үзэхэд мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүгүй, хяналтын камерын бичлэгт туссан үйл баримттай таарсан, мөн шүүгдэгч П.***ий мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заасан байх тул тэдгээрийг үндэслэн үйл баримтыг тогтоох боломжтой гэж дүгнэв.
5. Шүүгдэгч Б.*** нь хохирогчоор эхний удаа мэдүүлэхдээ “...намайг ямар хүн цохиод байгааг хараагүй, Жавхлан төвийн гадна хэдэн залуучууд 326 дугаар ангийн алба хаагч нар гэж яриад байхаар нь сонирхоод юм асуутал намайг нэг нь цохисон. Тэгсэн би газар унасны дараагаар хөлөөрөө өшиглөөд байсан...” /хх22/ гэсэн бол дахин мэдүүлэхдээ цагаан малгайтай, бусдаасаа арай хөгшин залуу намайг 2, 3 удаа цохисон. Тэгээд Жавхлант төвийн хашааны гадна эв зүйгээ олъё гэж дуудаад байхаар нь очтол 3-4 залуу нийлж байгаад намайг дахин зодсон. *** гээд залуу нь намайг хавирч унагаагаад тэгээд миний биеийн нүүр, толгой, нуруу руу өшиглөөд байсан. Бусад хүмүүс нь зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ. /хх22-24/,
Шүүгдэгч П.*** хохирогчоор мэдүүлэхдээ “...нэг танихгүй залуу бид нар дээр яриа өдөөд надтай хамт явж байсан хүмүүсийн ажилладаг газар, цол, нэрийг нь асуугаад ярьж байсан. Нөгөө залуу бид хэдэд томроод та нар бол бацаанууд байна, би жинхэнэ цэргийн хүн гээд байхаар нь аягүй бол зодоон болно гэж бодоод за одоо яв яв гэж хэлсэн. Тэгсэн цаана очоод зогсож байснаа намайг тэр залуу байн байн дуудаад хамгийн хөгшин нь чи юм шиг байна гээд байсан. Яваад очсон чинь над руу муухай хараад цохих гэхээр нь би түрүүлээд хэд хэдэн удаа цохисон. Тэр залуу намайг цохиж амжаагүй ба араас цагаан малгайтай писда минь алнаа чамайг гээд миний толгойны дээд орой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон...*** таны толгойноос цус гарч байна гэж хэлсэн...” гэжээ. /хх28-31/,
Шүүгдэгч нарын өөрийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой мэдүүлгүүд нь хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг шалган үзэхэд Б.***гийн мэдүүлэг зарим талаараа зөрүүтэй, харин П.***ий мэдүүлэг бусад байдлаар тогтоогдсон, тэрээр шүүх хуралдаанд Б.***д хэрхэн цохиулсан, ямар гэмтэл явсан, гэмтлээ хэрхэн эдгээсэн, яагаад тухайн үедээ цагдаад хандаагүй талаар үндэслэлтэй тайлбарласан гэж үзэв.
6. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 2023.04.18-ны өдрийн 5032 дугаартай дүгнэлтэд “Б.***гийн биед баруун хоншоор ясны урд хананы хугарал, баруун нүдний ухархайн доод ирмэг, доод хананы хугарал, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун зовхины зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.” гэж /хх49-50/,
Шинжээчийн 2023.08.15-ны өдрийн 10123 дугаартай дүгнэлтэд “П.***гийн биед зулайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд хэзээ үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх57-58/,
7. Шүүгдэгч Б.***гийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисноос шалтгаалан үүсгэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Гэхдээ шүүгдэгч Б.***гийн хохирсонтой холбоотой мэдүүлгээс “...хашааны гадна талд дуудаад цохиж унагааж байгаад хэдэн талаас өшиглөөд байсан, нүүрээ хамгаалаад хэвтэж байхад...нүүр, толгой, нуруу руу өшиглөөд байсан...” гэсэн нь бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгээс шүүгдэгч П.*** нь тухайн баарны үүдэнд Б.***г 2-3 удаа нүүр тус газарт нь цохисон, үүний дараа дахиж цохиж зодоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Б.***гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг дэх “газарт унаад нүүрнээс тусдаа толгой, нуруу хэсэгтээ хэд хэдэн удаа өшиглүүлсэн” тохиолдолд биеийн тухайн хэсэгт гэмтэл гарах байтал шинжээчийн дүгнэлтэд энэ талаар байхгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгээс хэрэг гарах үед хохирогч өөрөө их хэмжээний согтолттой байсан, бусдад зодуулсан байдлаа дөвийлгөн мэдүүлсэн гэж үзэхээр байна.
8. Шүүгдэгч Б.*** нь П.***ий биед халдаж цохиогүй, тухайн газарт чулуу байхгүй, шууд харсан гэрч байхгүй, хэрэг гарснаас хойш 4 сарын дараа шинжээч дүгнэлт гаргасан, ийнхүү дүгнэлт гаргахдаа сорвиор хөнгөн гэмтэл гэж тогтоосон нь үндэслэлгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт дараах байдлаар няцаан үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч П.*** нь тухайн цаг хугацаанд толгойн тус газраа цохиулан, толгойноос нь цус гарсан талаар өөрөө тодорхой мэдүүлсэн, тэрээр эр хүмүүсийн дунд иймэрхүү юм болдог гэсэн байдлаар цагдаад гомдол гаргаагүй талаараа мэдүүлсэн бол, дээр дурдсан нэр бүхий 5 гэрч П.***ийг бусдад толгойгоо цохиулан толгойноос цус гарсан, толгойдоо цохиулсны дараа наад хүн чинь чулуутай байгаа шүү болгоомжтой байгаарай гэж хэлж байсныг, түүнийг цохисон хүнийг дүрслэн хэлэхдээ “үгэнд дурлаад, салахгүй байсан үл таних, махлаг өндөр биетэй ах” цохисон, цохисон гэж бодож байна, түүнээс өөр хүн байгаагүй, цохисны дараа зууралдахад бид нар салгасан талаар тодорхой мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл гэрч нарт шүүгдэгч П.***ийг урьд таньдаг байсан учраас хэрэг болсноос хойш 1 жил орчмын дараа болсон нөхцөл байдлыг санаатайгаар гуйвуулан зохиомол байдал үүсгэж шүүгдэгч Б.***г бусдын эрүүл мэндэд халдсан гэж нийлж гүтгэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлэг эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй болох нь хяналтын камерын бичлэг, шүүхийн хэлэлцүүлгээс тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч П.*** толгойн тус газраа цохиулан гэмтсэн, гэрээрээ толгойгоо боолгоод эдгээсэн, толгой дээрх гэмтсэн байдлыг үстэй болон үсээ багасгаж засуулсан байхдаа гэрэл зургаар авснаа мөрдөгчид гаргаж өгсөн гэсэн нь бусад баримтуудтай уялдаатай байх тул бусдыг гүтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд толгойн зулай хэсэг дэх сорвижиж эдгэрсэн байдлыг дүгнээд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, үүсэх үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Иймд тухайн хэрэг гарсан цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоолгоогүй тул үндэслэлгүй гэж үзэх боломжгүй буюу гэмтэл учирсан, уг гэмтэл эдгэхдээ сорвижиж ул мөр үлдсэн байдлыг шүүх үнэлээд улсын яллагчийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн.
Тиймээс шүүгдэгч П.***ий биед учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.*** гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн толгой руу чулуугаар цохисон үйлдлээс үүссэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
9. Иймд шүүгдэгч П.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Шүүгдэгч нар нь бие биеэсээ хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
11. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч П.***д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
12. Шүүгдэгч П.***ий өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: П.*** нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, 6 хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр торгож өгнө үү гэсэн бол,
шүүгдэгч Б.***гийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Б.*** нь хөдөлмөр эрхэлдэг, 4 хүүхэдтэй, түүний үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдэл гэж үзэх боломжгүй торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн.
13. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч П.*** нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд, харин шүүгдэгч Б.*** нь урьд ял шийтгэгдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлсэн гэж үзэхгүй юм.
Шүүгдэгч П.*** нь “үгэнд дурлаж ярианд оролцлоо” гэсэн шалтгаанаар шүүгдэгч Б.***г цохисон, шүүгдэгч Б.*** нь согтуугаар бусдын ярианд оролцоод, энэхүү үйлдлээ болихгүй байсан үйлдэл тус бүрийг хэрэг гарахад нөлөөлсөн хууль бус, зүй бус үйлдэл гэж үзэв. Учир нь Б.***г хэрүүл маргаан үүсгэн бусдыг хэл амаар доромжлоод байсан талаар гэрч нар мэдүүлээгүй ч түүнийг ярианд оролцоод байсан гэх шалтгаанаар хүний эрүүл мэндэд халдан цохисон үйлдэл нь хууль бус үйлдэл юм, мөн бусдын ярианд хөндлөнгөөс оролцоод энэхүү үйлдлээ болихгүй үргэлжлүүлэн дагаад яваад байгаа Б.***гийн үйлдэл нь мөн зүй бус үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдэлд хамаарна гэж үзэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын үйлдэлд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
14. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтгаалан нэгнийхээ эрүүл мэндэд халдсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
15. Шүүгдэгч П.***ий үйлдэлд хуульд зааснаар “450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр, шүүгдэгч Б.***д “450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр тус тус заасан.
16. Иймд шүүхээс гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч П.***ий гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Б.***гийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүл мэндэд учирсан хохирол, түүнийг нэхэмжлэхгүй зэргийг харгалзан мөн торгох ял сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь тэдгээрийн гэм буруу хэргийн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
17. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.***ийг 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***г 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР