Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00281

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.З

 

Хариуцагч: П.Т

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Э.З

                                                        хариуцагч П.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Ттэй 2015 онд танилцаж, 2016 оноос хамтран амьдарсан. Бидний охин Т.Э 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцааны асуудлаас болж 2019 оны 8 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин маань одоогийн байдлаар 3 нас, 9 сар хүрч хувцас хэрэглэл, гэртээ боловсрох боломжийг хангах зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2018 оны 3 сарын 24-ний өдөр төрсөн охин Т.Э эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.

 

Хариуцагч П.Т шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. П.Т миний бие охинтойгоо уулзаагүй удаж байна. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр хүссэн үедээ охинтойгоо уулзахыг хүсэж байна.  

 

Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргасан. Зохигчид тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдийн хувцас хэрэглэл, гэртээ боловсрох боломжийг хангах шаардлагатай гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхэдтэйгээ уулзаж байнгын харилцаатай байхыг хүссэн байна.

 

4. Э.З, П.Т нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр охин Т.Э төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Э.Згийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч охин Т.Э эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна. 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч П.Тгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Т.Э сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. 

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг тунхаглаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт эцэг, эхийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүлээх үүргийг заажээ. Иймд хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах, тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эхийн анхаарал халамжид байх, эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр саад учруулах, хориглохгүй байхыг зохигчид даалгаж, мөн хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал үүсгэхгүй байх, хэн алинд нь эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.

 

Хүүхэд эхийн асрамжид үлдэж буй нь эцгээс нь хүүхдийг салгаж байгаа явдал биш бөгөөд түүнтэй уулзах, байнгын харилцаатай байх эрхийг хязгаарлахгүй юм. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн эцэг, эх нь хүүхдүүдээ тусдаа амьдарч байгаа эцэг, эх, ах, эгч, дүү, гэр бүлийн бусад гишүүдтэй уулзуулахгүй байх, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулах, тэдний эсрэг хүмүүжүүлэх, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг түүний эрх, ашиг сонирхолд харшлах үйлдэл, эс үйлдэл гаргах эрхгүй гэж ойлгоно. Иймд зохигчид хүүхдийнхээ эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эхийн хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хуульд заасан эцэг, эхийн эрх, үүргийг хэрэгжүүлж, харилцан ойлголцлоор хүүхдүүдээ эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх зэрэг бие хүний сайн сайхан шинж чанар, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэхэд анхаарч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, төлөвшил олгох үүрэгтэйг анхаарах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Тгээс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Т.Эмүлэнг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Т нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг зохигчид хориглож, П.Тг охин Т.Э уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулахгүй байхыг Э.Зд мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч П.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Зд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА