Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2026/00172

 

С.Б-

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00521 дүгээр магадлалтай,

 

С.Б- нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,873,480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, өмгөөлөгч Х.О, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,873,480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК холбогдох нэхэмжлэгч С.Б- 2024.08.07-ний өдрийн Б/3703 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19,873,480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын цахим системд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 210/МА2026/00521 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т “Хуулийн Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул ийнхүү гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Быг “О” ХХК-д болсон ажил хаялтын үеэр хамтран ажиллагч зарим хүн рүү зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл гэрч нарын мэдүүлгээр хэрэв жолоодох эрхийн үнэмлэхгүй, сургалтад суугаагүй бол С.Б- гаргасан шаардлага зөв, ямар ч ажилтан ахлах ажилтандаа тухайн шаардлага тавих эрхтэй болохыг мэдүүлсэн. Хариуцагч байгууллагын ажилтан нар нь жолоодох эрхийн сургалтад сууж тээврийн хэрэгслийг жолоодсон гэдэг боловч жолоодох эрхийн хугацаа дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 2024.07.09-ний өдрийн өглөө тухайн сургалтад сууж жолоодох эрхийн зөвшөөрөл авсан гэдэг.Нэхэмжлэгч нь тэднийг сургалтад суусан талаар мэдэх боломжгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг барих эрхгүй байсан, Б тэднийг еглөө нь сургалтад суусан талаар мэдээгүй тухай гэрч нар мэдүүлдэг. Сургалтад суугаагүй талаар мэдээгүй байхад нь С.Б нь зүй ёсны шаардлага тавьсан нь түүнийг журам зөрчсөн гэж үзэхгүй юм. Гэтэл хариуцагч “О” ХХК нь хэдийгээр ажилтанг ажил хаялтад оролцсонтой холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг боловч тухайн өдөр ажил хаялтанд оролцож байхдаа тухайн компанид заавал мөрдөгдөх ёстой амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчиж байна гэж үзэж шаардлага тавьсных нь төлөө нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

4.1. Шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тухайд

Магадлалын 7 дугаар хэсэгт “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан/хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй” мөн магадлалын 7.2-т Нэхэмжлэгч нь дээрх Сахилгын шийтгэл оногдуулах журамд заасан зөрчлийг гаргасан талаарх үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоосон. Түүнчлэн 2011.11. 22-ны өдөр ажилтан С.Б нь дээрх журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай баримтад гарын үсэг зурсан” гэжээ. Гэвч “О” ХХК-ний Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм Хүлээн зөвшөөрсөн тухай баримтад 2011.11.22-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Харин хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл болж буй Сахилгын шийтгэл ногдуулах журмыг танилцуулаагүй бөгөөд танилцуулсан тухайн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Гэвч шүүхээс Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцсан баримтыг Сахилгын шийтгэл оногдуулах журамтай танилцсан гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй хэт нэг талыг барьсан субьектив дүгнэлт хийсэн. Мөн түүнчлэн хариуцагч “О” ХХК нь “Сахилгын шийтгэл оногдуулах тухай журам”-ыг 2021.11.15-ны өдөр гүйцэтгэх захирлын 54/21 дугаартай тушаалаар батлагдсан байхад нэхэмжлэгчийг 2011.11.22-ны өдөр тухайн баримттай танилцсан гэдэг нь цаг хугацааны хувьд ч огт боломжгүй байна. Мөн ажилтан танилцаагүй, дүрэм журмаа дагаж мөрдөх боломжтой эсэх талаар дүгнэлтийг огт хийгээгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээгээр компанийн дүрэм журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй байх тул дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн нь үндэслэлгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэт хариуцагч талд ашигтайгаар байхгүй нотлох баримтыг байгаа гэж үзэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд:

Магадлалын 7.4-т “……”О” ХХК нь өөрийн компанийн үйл ажиллагаандаа өдөр тутамдаа баримтлан ажиллавал зохих дүрэмд, журмыг баталж уг дүрэм, зөрчсөн тохиолдолд ямар үйлдлийг зөрчилд тооцох талаар ажил олгогч тодорхойлсон, үүнийг ажилтан дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрч дээрх дүрэм журмуудтай танилцсан байна. Гэтэл энэ зөрчлийг ажилтан гаргасан энэ нь хөдөлмөрийн давтан зөрчилд тооцогдож байгаа тохиолдолд ажил олгогчоос өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас халах сахилгын шийтгэл оноогдуулсныг буруутгахгүй боломжгүй гэж үзэв.” гэжээ. Хэрэв нэхэмжлэгч С.Быг Сахилгын шийтгэл оногдуулах тухай журмын 17.4.4.2-т “Бусадтай харилцахдаа орилж хашигчих зохисгүй хүндлэлгүй доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл гаргах /жишээ нь хуруугаараа чичлэх, хараал хэлэх, бүдүүлэг дайрч доромжилсон үйлдэл, дохио зангаа үзүүлэх/” мөн уг тушаалын 17.5-т “Журмын 17.4-т заасан зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулна” гэж заасан нь нэхэмжлэгчийг гаргасан зөрчилд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл оногдуулахаар журамдаа тусгайлан заасан байна. Тодруулбал, Сахилгын шийтгэлийн 17.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзвэл түүнд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулах тухай тусгайлан зохицуулжээ. Энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинжтэйгээр тус зохицуулалтыг журамласан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.5-т заасан зохицуулалтыг хэрэглэж зөрчил гаргасан гэж үзсэн бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос өөр төрлийн сахилгын шийтэл оногдуулахаар байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.06.11-ний өдрийн 001/ШХТ2026/00738 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,873,480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах гаргасан тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... 2014.10.23-ны өдөр “О” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд ажиллаж байсан. “О” ХХК-ний 2024.08.07-ны өдрийн Б/3703 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалын нэг дэх хэсэгт С.Б нь 2024.07.08-ны өдөр бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан, 2024.07.09-ний өдөр станцаар хамтран ажиллагчидтай зохисгүй, хүндлэлгүй харилцсан нь холбогдох хянан шалгалтаар тогтоогдож, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.08.08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргаагүй, үзэл бодлоо илэрхийлэх хүрээнд ажилтантай харилцсан байдаг.“О” ХХК-ийн мөрддөг Амь нас хамгаалах 7 дүрэм “Ажилтан нь ямагт аливаа тоног төхөөрөмж дээр ажиллах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй тухайн ажлын хэсэгт ажиллах эрхтэй байх” гэж заасны дагуу ахлах ажилтнуудаа уг дүрмээ сахиж ажиллахыг станцаар шаардлага тавьсан байдаг. Ажил олгогчоос дотоодоо дагаж мөрддөг журмыг дагаж мөрдөх талаар хууль ёсны шаардлага тавьсан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Тухайн ажил хаялтад ажилчид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө эвлэлдэн нэгдсэн байхад тухайн эвлэлдэн нэгдэх байдлыг буруутгаж, үгүйсгэсэн шинжтэй хандаж байгаа нь хуульд нийцэхгүйгээс гадна нэхэмжлэгчийг тухайн ажил хаялтыг зохион байгуулсан мэтээр асууж тодруулж, тулгасан байдлаар харилцсан байгааг ажилтныг ажил хаялтад оролцсон, зохион байгуулсан гэж буруутгаж байгаа нь харагдана.” гэж тодорхойлсон.

 

8. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч С.Б нь 2024.07.08-ны өдөр бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан буюу хамтран ажилладаг Г.У руу хуруугаараа чичилж харьцсан, 2024.07.09-ний өдөр станцаар хамтран ажиллагсдаа нэр цохон дуудаж зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдож, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.08.08-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Өмнө нь “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.12.27-ны өдрийн Б/9939 дүгээр тушаалаар С.Бод сахилгын шийтгэл ногдуулсан байсан. 2024.07.08-ны өдрийн Ил уурхайн оффисын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... нэхэмжлэгч С.Б ... өөрийн баруун гарын долоовор хуруугаараа тухайн хүний нүүр лүү нь зааж чичилсэн байдалтайгаар үг хэлж байв” гэж, мөн өдөр богино долгионы гар станцын дуу хураагуурт хураагдсан ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...С, У, Ш та 3 бол ичиж амьдраарай, энэ олон ажилчдын эрх ашгийг хөндөж ирээд бид нарын ажлыг орлоод хууль зөрчөөд, өөрсдөө амь нас хамгаалах алтан долоон дүрмийг зөрчөөд ингээд явж байгаа чинь хууль бус юм шүү. Та нар 930 унах сургалтаа гүйцээгээгүй шууд эрхийг нь аваад явж байна. Та нар ичиж амьдраарай...” гэж хэлсэн нь тус тус баталгаажсан. ... С.Б нь “О” ХХК-ийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудтай уншиж танилцаж ойлгосноо мөн дүрэм журмуудтай холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөх, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу холбогдох бусад баримт бичгүүдтэй ажилтан өөрөө танилцах үүрэгтэй гэснийг тус тус зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан тул тушаал үндэслэлтэй” гэжээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:Нэхэмжлэгч 2025.07.08, 09-ний өдрүүдэд бусадтай харилцахдаа сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон, түүнд өмнө нь буюу 2023.12.27-ны өдөр үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын зөрчилгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй, сахилгын зөрчил дахин гаргасан нь ажилтныг ажлаас халах үндэслэл болсон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн” гэж дүгнэжээ.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хийсэн дүгнэлтдээАнхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч С.Б нь сахилгын зөрчилтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан тул ажлаас халах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна” гэжээ.

 

11. Хоёр шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

12. Хоёр шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. 

12.1.С.Б 2011.11.22-ны өдөр Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм, Бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, Компанийн мэдээллийг нээлттэй болгох, нууцлалыг хадгалах ба үнэт цаасны арилжаа явуулахад мөрдөх журам, Ашиг сонирхлын зөрчилдөөн- бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх ёс зүйн журам, “О” ХХК-ийн дотоод журам, Бизнесийн сахилга, ёс зүйн дүрэм, Корпорацын нууцлал, нууцыг задруулах ба үнэт цаасны арилжааны бодлого, Ашиг сонирхлын зөрчил-бизнесийн сахилга, ёс зүйн дүрэм, “О компанийн “Нийгмийн өмнө хүлээх бидний хариуцлага” гарын авлага зэрэг баримтуудтай танилцаж, хүлээн зөвшөөрч 5 хуудас баримтад гарын үсэг зурсан. 

12.2. С.Б нь 2014.10.23-ны өдөр “О” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд томилогдон ажилласан.

12.3. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.12.27-ны өдрийн Б/9939 дүгээр тушаалаар С.Б 2023.11.28-ны өдөр өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гар утас ашигласан, суудлын бүсээ бүрэн зөв зүүгээгүй, анхаарлаа сарниулж замын тусгаарлах хөмсөг мөргөсөн зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 2024 оны 1 дүгээр сарын эхний цалингаас эхлэн 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

12.4. “О” ХХК-ийн 2024.08.07-ны өдрийн Б/3703 дугаартай тушаалаар “О” ХХК-ийн Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор С.Быг 2024.07.08-ны өдөр бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан, 2024.07.09-ний өдөр станцаар хамтран ажиллагчидтай зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

12.5. Ажил түр зогсолтын үед Г.Б, Т.М, Н.У нар Комацу WA 1200, Loader WA1200, Комацу 930 тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн сургалтанд сууж, эрхээ авсан байсан.

12.6. Нэхэмжлэгч С.Б “О” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, ...” гэж тус тус заажээ.

13.1. Он Орон нутгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2025.11.04-ний өдрийн 48 тоот албан бичигт “...2024 оны 7 сарын 8 болон 9-ний өдрүүдэд болсон үйл явдлыг ажил хаялт гэж үзэхгүй бөгөөд харилцан ойлголцол, зөвшилцлийн хүрээнд ажилчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа байсан. Ил уурхайн А ээлжийн ахлах ажилтнууд ... гэрээнд заасан ажил үүргээ зөрчиж машин техник жолоодож ажилд гарсан уг үйлдлийг шударга шаардлага тавьсан үйлдэл гэж С.Быг дэмжиж байсан. С.Быг ажил түр зогсолтонд оролцсоных нь төлөө ажлаас халсан гэж үзэхгүй ... уг үйл ажиллагаанд оролцсон ажилчдад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулахгүй гэдгээ манай хороонд мэдэгдэж байсан” гэсэн байна.

“О” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Х танаа гэж 2024.07.07-ны өдрийн HR/1560 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд: “О” ХХК болон “О” ХХК-ийн уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо 2022.04.22-ны өдөр хамтын хэлэлцээ хийн 2022-2025 оны Хамтын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. ... Орон нутгийн ҮЭХ нь 2024.07.05-ны өдрийн А/0033 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг шаардлагад “хамтын гэрээг байгуулах хугацааг яаравчлан 24 цагийн дотор хариу ирүүлж ажлын хэсгийг томилохгүй дахин төөрөгдүүлэх байдлаар хуулиас гажууд үйлдэл гаргахгүй байхыг мэдэгдэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ажил хаялтыг зарлана гэдгээ мэдэгдье” гэж дурдсан. Мөн 2024.07.06-ны өдрийн цахим шуудангаар “Ажил хаялтыг сэргээх тухай мэдэгдэл”-ийг Орон нутгийн ҮЭХ-оос ирүүлсэн. Уг мэдэгдэлд “Хамтын гэрээ хэлэлцээрийг эхлүүлэхийн тулд бүхий л боломж бололцоог эрэлхийлсэн хэдий ч ... асуудал шийдэгдэхгүй байгаа тул 2024.05.15-ны өдрийн ажил түр зогсолтыг ... сэргээн зарлаж байгаа бөгөөд 2024.07.08-ны өдрийн 06.30 цагт ажил хаялт руу шилжиж байгааг ... мэдэгдэж байна” гэсэн. Компанийн хувьд Орон нутгийн ҮЭХ-ны зохион байгуулсан “түр зогсолт” гэх үйлдлийг хууль бус гэдгийг мэдэгдсэн. Иймд ... тодруулга хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө яаралтай өгч, ... тусална уу” гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024.07.09-ний өдрийн 13/1956 тоот албан бичгээр “О” ХХК-ийн 2024.07.07-ны өдрийн албан бичгийн хариуг хүргүүлэхдээ “... Он орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачилж зохион байгуулж буй ажил хаялт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хамааралгүй болно.” гэжээ.

13.2. “О” ХХК-ийн ил уурхайн хэсэгт 2024.07.08 болон 09-ний өдрүүдэд ажилчид цугларч, ажилдаа гараагүй, ажил түр зогссон, уг түр зогсолтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ажил хаялтад тооцоогүй, уг арга хэмжээнд оролцсон гэх үндэслэлээр ажил олгогчоос ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

Дээрх хугацаанд “О” ХХК-д болсон үйл явдал ажилчдын эрхийн хамгаалах зорилготой ажил олгогчтой харилцан ойлголцол зөвшилцлийн хүрээнд болсон үйл ажиллагаанд С.Б оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг сахилгын зөрчлийн шинжтэй гэж үзэхгүй, хамтран ажиллагсадтайгаа зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан зөрчил тогтоогдоогүй.

Түүнчлэн тухайн үед ажилтан С.Б нь Г.Б, Т.М, Н.У нарын Комацу WA 1200, Loader WA1200, Комацу 930 тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн сургалтанд сууж, эрхээ авсан байсныг мэдэх боломжгүй. Учир нь Т.М 2024.07.09-ны өдрийн 08.00-10.00 цагийн хооронд сургалтад хамрагдсан, мөн өдрийн 01 цаг 35 минутад шалгалт өгсөн, Б.Ганхуяаг 2024.07.08-ны өдрийн 11.00-13.00 цагт сургалтанд хамрагдсан, мөн өдрийн 16 цаг 29 минутад шалгалт өгсөн, Н.У 2024.07.08-ны өдрийн 15 цаг 01 минутад шалгалт өгсөн байна. Иймд С.Б- зүгээс тэдэнд тавьсан шаардлагыг буруу гэж дүгнэхгүй.

13.3. “О” ХХК-ийн 2024.08.07-ны өдрийн Б/3703 дугаар тушаал хуульд нийцээгүй байна.   

13.4. Нэхэмжлэгч С.Б хариуцагч “О” ХХК-д 2011 оноос хойш ажиллаж байгаа талаар маргаангүй, түүнийг ажилд ороход буюу 2011.11.22-ны өдөр эрх бүхий актуудтай танилцуулж гарын үсэг авсан, түүнд арга хэмжээ авсан гэх “Сахилгын шийтгэл ногдуулах журам”-ыг хариуцагч байгууллага 2023.08.16-ны өдрийн А/35 дугаар тушаалаар баталсан байдлаар хэрэгт баримтаар өгсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг журамтай танилцаагүй гэх боловч өмнөх журамд сахилгын зөрчлийн өөрөөр заасан талаар маргаагүй, холбогдох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, дараа нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан дараа шүүхэд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. Иймд анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг буруу баримталсныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь зөв болжээ.

 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар ажилтан С.Быг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтооно.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааг 2024.08.07-ны өдрөөс 2025.06.15-ны өдрийг хүртэлх 22 сар ажлын 10 хоногоор, дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын 1,034 ам.доллар, ханшийг нэхэмжлэл дурдсан 1 ам.долларыг 3,410 төгрөгөөр тус тус тооцож 79,210,652 төгрөг /1 сарын дундаж цалин 1,034 ам.доллар *3,410 төгрөг=3,525,940 төгрөг, 22 сарын цалин 77,570,680 төгрөг, 1 өдрийн цалин 3,525,940 төгрөг : 21.5 хоног = 163,997.2 төгрөг, 10 хоногийн цалин 1,639,972 төгрөг/ -ийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”-аар заасны дагуу 79,210,652 төгрөгөөс хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “О” ХХК-д даалгана.  

 

17. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00521 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар С.Быг “О” ХХК-ийн Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоож, “О” ХХК-аас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 79,210,652 төгрөг гаргуулж С.Бод олгож, уг 79,210,652 төгрөгөөс хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг “О” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “дурьдсугай” гэснийг “дурдаж, “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 554,003 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн хяналтын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.                 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                    Б.УНДРАХ

                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД