Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1424

 

    2020          11            10                                         2020/ДШМ/1424                              

 

 

Л.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч С.Э,

шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Б.У,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1855 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн  Л.Ө, 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Л.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сг нүүр цээжин тус газар гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Өт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Өт мэдэгдэж, шүүгдэгч Л.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Өаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ... ял шийтгэнэ” гэж заасан. Б.Сгийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан боловч миний үйлдэл санаатай байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан, харин энэ зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан ...” бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог. Тухайн үеийн нөхцөл байдалд би харанхуй шөнө Б.Сг орхиж явж чадаагүй, өөрийнх нь амь нас, эрүүл мэндийг хамгаалж байна гэж бодоод машинд суулган хамт явсан. Хөдөлгөөнд оролцож байгаа машинаас буух гээд байхаар нь татаж суулгасан, Б.С намайг эсэргүүцэж үснээс доош дарж зулгаахад нь давчуу, харанхуй машины суудлын завсраар өөрөөсөө салгах гэж оролдож байх явцдаа Б.Сг зодоё гэж үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлан хүсч хор уршигт зориуд хүргээгүй.

Энэ талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч А.О болон гэрч Б.Оийн мэдүүлгүүдээс үзэхэд Л.Ө нь Б.Сг цохиж, зодсон санаатай үйлдлийн талаар биш харин Б.С нь буух гээд байхад хөдөлгөөнийг нь хорьсон, түүнээс болж Б.С орилж хашгичсан талаар мэдүүлсэн болохоос Л.Ө нь Б.Сг зодоод, цохиод байсан талаар мэдүүлдэггүй.

Шүүгч шүүх хуралдааны явцад энэ талаар мөн тодруулсан боловч шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлээ тайлбарлахдаа А.О машин барьж явсан учраас харах боломжгүй, ямар нэг зүйл болоод байх шиг байсан гэж мэдүүлэг өгсөн нь зөв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч болох ч Б.С бид хоёрын яг хажууд зэрэгцээд сууж явсан Б.Оийг Б.Сг Л.Ө зодож байгааг харах, мэдэх боломжгүй гэж дүгнээд машинаас буухад гэмтсэн юм чинь Л.Ө л “санаатай зодсон” гэж шууд дүгнэж, түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан хэмээн тайлбарласанд гомдолтой байна.

Түүнчлэн тухайн хэрэг гарах үед бид Б.Сгийн найз А.Оы машинд Цээгий гэх Б.Сгийн найзтай, мөн дундын найз болох Б.О нартай явж байсан. Хэрэв би Б.Сг зодож, цохиж байсан бол бодит нөхцөл байдлыг бодож үзсэн ч миний найз биш Б.Сгийн найзууд болох А.О, Цээгий нар нь болиулаад намайг машинаас хөөгөөд л буулгах байсан.

Шүүгчийн асууж тодруулснаар машин зөөлөн явж байсан бол хохирол, хор уршиг учрахгүй нь үнэн. Гэвч бодит байдал дээр Б.С тийчигнэж, янз бүрийн авир гаргасны улмаас хойно сууж явсан Б.О, Б.С, Л.Ө бид хэн хэн нь гэмтэл шарх авсан байдаг. Иймд Б.Сг л үл ялих зүйлээр шалтаглан гандангаас офицер орох хүртэл Л.Ө зодоод л байсан, түүнийг нь машинд байсан 3 эрүүл хүн зүгээр хараад л яваад байсан гэж үзэж намайг гэм буруутай гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан л бол гэмт хэрэгт тооцдог байсныг гэмт хэргийн субъектив талыг нь зөвхөн “санаатай” болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл, Б.Сгийн эрүүл мэндэд санаатай хохирол зориуд учруулж хүсч хууль бус үйлдэл хийсэн бол гэмт хэрэг байтал намайг гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийн объектив, субъектив талын шинжийг бүхэлд нь хангаж байна гэж үзсэнд гомдолтой байх тул бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл гэрч нарын мэдүүлгээр Л.Ө нь Б.Сг зодож, цохисон зүйл тогтоогддоггүй. Хоолой боогоод байгаа юм шиг харагдсан гэж А.О мэдүүлсэн ч тэр нь шүүх эмнэлгийн дүгнэлт, хэрэгт авагдсан Б.Сгийн зургаас хоолойг нь боож гэмтэл учруулсан ул мөр харагддаггүй. Ийм байхад шүүх машинаас буухад нүүр нь шалбарсан гэх мэдүүлгүүдэд болон зөвхөн хохирогч Б.Сгийн мэдүүлэгт үндэслэн Л.Ө Б.Сг санаатай зодсоноос хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмаа зөрчсөн, мөн хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ’’’ гэж заасан. Гэтэл Б.Сг санаатайгаар зодсон нь хохирогчийн мэдүүлгээс бусдаар шууд нотлогддоггүй байхад машинаас буухад шарх үүсч хохирсон байсан учраас Л.Ө зодсон гэж шүүгдэгчид ашигтайгаар биш эсрэгээр шүүхийн шийдвэр гарсан.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Шүүх хуралдааны явцад Б.С нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсны улмаас 2 долоо хоног босч чадаагүй гэж мэдүүлж, ярьсан үг бүр нь хэтрүүлэгтэй, А.О, Цээгий нар нь зөвхөн Б.Сгийн найзууд бөгөөд Л.Ө надтай тухайн өдрийн уулзалт дээр л анх уулзсан байхад Б.Сгийн найзууд нь Л.Өыг хориглоогүй Б.Сг зодуулж байхад зүгээр л хараад байсан гэх мэтээр ор үндэслэлгүй тайлбар өгч, уйлах гэх мэт үйлдэл гаргахад шүүгч хүртэл эгдүүцэж, яагаад хөнгөн хохирол учирсан байхад 2 долоо хоног хөдөлж ч чадаагүй юм бэ, гар хөл чинь зүгээр байна шүү дээ хэмээн тодруулж асуусан атлаа хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх Л.Ө намайг гэм буруутай гэж үзэж ял оногдуулахдаа миний хувийн байдлыг харгалзаж үзээгүй. Шүүхээс гарсан шийдвэр заавал биелэгдэх учиртай. Гэтзл миний бие 2020 оны 10 сараас Анагаах ухааны их сургуульд оюутан болон суралцаж байгаа ба хэргийн 35 дахь талд миний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт авагдсан байхад намайг торгууль төлөх чадваргүй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэр гаргасан байдаг. Миний бие сургуульд сурахын хажуугаар нийтэд тустай ажил хийх боломж хомс, гэр Налайх дүүрэгт хол байдаг тул шүүгдэгч миний гомдол үнэхээр үндэслэлгүй гэж үзэж, заавал ял шийтгэх бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь, Л.Ө нь Б.Сг зодсон гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. О машины урд талд явж байсан. Б.О хажууд нь суугаад явж байсан. Хэрэв Л.Ө Б.Сг зодсон нөхцөл байдал байсан бол тухайн үед эрүүл байсан гэрч Б.О, О, Цээгий нар салгах боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны үед арван хэдэн жил найзалсан хүний хувьд гомдол гаргахгүй гэж байсан. Л.Ө нь сургуульд сурдаг бөгөөд Налайхад амьдардаг учир нийтэд тустай ажил хийх боломжгүй. Хэрэв торгох ял оногдуулсан бол давж заалдах гомдол гаргахгүй гэж байсан. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед намайг зодож байхад нь маргалдахыг хүсээгүй учир би машинаас буусан. Гэтэл намайг машинд чирч оруулаад зогсолтгүй зодсон. Л.Ө миний багын найз бөгөөд намайг зодсоноо хүлээн зөвшөөрч мессеж бичиж байсан. Гэтэл надаас уучлалт гуйж байгаагүй. Иймээс гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Б.Сгийн өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1564 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн мэдүүлэг маш тогтвортой байсан. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн шатанд хүртэл үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ нь гэрч О, Б.О нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Тухайн үед нүүр, ам хөхөрсөн фото зургаа хэрэгт хавсаргасан тул хэрэг нотлогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирлын баримтын талаар нүдтэй холбоотой баримтыг хэрэгтээ хамааралгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Цаашид нүдтэй холбоотой баримтыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзсэн учир шийтгэх тогтоол гарсан. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч О, Б.О нарын харах өнцөг өөр байсан учир мэдүүлэг дээр маргаан гарч байсан. Гэрч Оы “хохирогчийг доош нь дарж байх шиг байсан” гэх мэдүүлэг нь хохирогчийн “намайг боогоод цохисон” гэж мэдүүлгээр нотлогддог. Энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сг нүүр цээжин тус газар гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сгийн “... 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр найз Л.Ө, Б.О гэх найзуудын хамтаар хороололд байрлах паб орж, 2, 3 шил пиво уусан. Тэгээд сууж байсан газраасаа гараад Л.Өыг гэрт нь хүргэж өгөх гээд офицеруудын автобусны урд талын буудал орчим 1 цаг 30 минутын үед явж байтал намайг Л.Ө гэх найз маань машины арын суудалд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон. Миний хоолойг боож, нүүрийг минь дээш харуулж байгаад 3-4 удаа нүүр болон нүд рүү цохисон. ...” /хх 6-11/,

гэрч А.Оы “... Л.Ө С-гийн толгойн дээр нь дарчихсан байсан. С хоолой боогоод байна, намайг авраач гээд орилоод байсан. Тэгсэн Л.Ө би хоолойг нь боогоогүй ямар нэгэн зодоон болоогүй, зүгээр дараад байж байна гэж хэлсэн. Толинд харахад ямар нэгэн юм болоод байгаа бололтой байсан. Би аргаа бараад толгойг нь битгий дараад байгаач зүгээр явуулчиж болохгүй байгаа юм уу гэсэн чинь Л.Ө би цохиогүй, зүгээр явж байна, наадах чинь баашилж байгаа юм гээд байсан. Надад бол хоолойг нь боогоод байгаа бололтой харагдаж байсан. Доороосоо ерөөсөө гаргаж ирэхгүй байсан. Тэгж явсаар талбайн баруун урд талын гэрлэн дохиогоор Хан-Уул руу чиглээд явсан. Тэгсэн С Оргилоо найзыгаа авчих л даа, намайг наадах чинь цохиод, зодоод байна шүү дээ  гэхээр нь явган хүний гарцан дээр зогссон. Машины хаалга онгойлгоод харсан чинь Сгийн баруун зүүн талын нүүрэн хэсэг нь шалбарчихсан байсан. Тэгэхээр нь Л.Өыг чи яагаад наад хүнээ зодоод байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь баашилж байгаа юм, би цохиогүй гээд байсан. Ер нь бол зодуулсан байдалтай байсан. ... тэгээд хөдлөөд явж байхад Л.Ө гэх эмэгтэй өмнө нь болсон асуудлын талаар яриад Сг дахин зодоод байгаа бололтой “гичий, янхан минь, чи янхан царайлаад явж байвал таарна” гэсэн. ... офицерийн чиглэлд явж байхад С дахин орилоод намайг аваачээ, зодоод байна гэсэн. Л.Ө болохоор худлаа баашилж байгаа юм гэсэн утгатай зүйл яриад байсан. ...” /хх 11-13/,

гэрч Б.Оийн “... С наанаа зогс, намайг араас боогоод байна гээд орилоод байсан. ... С сонин орилоод байсан, офицерын ордны хажууд ирээд Л.Ө Сг тавиад машинаас буусан. Тэгсэн С машины урд талын гэрэл асаагаад толинд харсан баруун талын нүдний хажуу талд хавдчихсан, үс нь жаахан сэгсийсэн байсан. Өөр гэмтэл шарх ажиглагдаагүй. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7332 дугаартай “Б.Сгийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 20-21/ гэх дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43-46/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Л.Өыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Өын иргэн Б.Сгийн нүүр цээжин тус газар гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Өт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Л.Ө нь “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмаа зөрчсөн, мөн хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Намайг заавал ял шийтгэх бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Өын үйлдэл нотлогдон тогтоогдсон байх бөгөөд

хохирогч Б.Сгийн “... Л.Ө гэх найз маань машины арын суудалд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон. Миний хоолойг боож, нүүрийг минь дээш харуулж байгаад 3-4 удаа нүүр болон нүд рүү цохисон. ...” /хх 18/,

гэрч А.Оы “... Л.Ө Сгийн толгойн дээр нь дарчихсан байсан. С хоолой боогоод байна, намайг авраач гээд орилоод байсан. ... толинд харахад ямар нэгэн юм болоод байгаа бололтой байсан. Би аргаа бараад толгойг нь битгий дараад байгаач зүгээр явуулчиж болохгүй байгаа юм уу гэсэн чинь Л.Ө би цохиогүй, зүгээр явж байна, наадах чинь баашилж байгаа юм гээд байсан. Надад бол хоолойг нь боогоод байгаа бололтой харагдаж байсан. Доороосоо ерөөсөө гаргаж ирэхгүй байсан. ... С Оргилоо найзыгаа авчих л даа, намайг наадах чинь цохиод, зодоод байна шүү дээ  гэхээр нь явган хүний гарцан дээр зогссон. Машины хаалга онгойлгоод харсан чинь Сгийн баруун зүүн талын нүүрэн хэсэг нь шалбарчихсан байсан. ... ер нь бол зодуулсан байдалтай байсан. ... офицерийн чиглэлд явж байхад С дахин орилоод намайг аваачээ, зодоод байна гэсэн.  ...” /хх 11-13/,

 гэрч Б.Оийн “... С наанаа зогс, намайг араас боогоод байна гээд орилоод байсан. ... С сонин орилоод байсан, офицерын ордны хажууд ирээд Л.Ө Сг тавиад машинаас буусан. Тэгсэн С машины урд талын гэрэл асаагаад толинд харсан баруун талын нүдний хажуу талд хавдчихсан, үс нь сэгсийсэн байсан. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7332 дугаартай “Б.Сгийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.” /хх 20-21/ гэх дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43-46/ гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Л.Өын гомдол няцаагдаж байх тул түүнийг гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоосон байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан.

Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял бөгөөд тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс Л.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэрэг болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь тохирсон байх ба тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1564 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1564 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ