Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/00252

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.М

 

Хариуцагч: З.Э

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ч.М, хариуцагч З.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч З.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

1.1. 2019 оны 5 сар танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Т төрүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлээгүй.

 

1.2. Хүүхдээ төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн тогтоолгоно гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Угтахуй” ӨЭМТөвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргасан. Гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд хүү М.Ттөрүүлсэн, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Ч.М, З.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Т төрүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Ч.Мын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж заасны дагуу хүүхэд эхийн нэрийг авчээ. Хариуцагч нь хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар М.Т эцгээр З.Э тогтоох үндэслэлтэй байна.    

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар М.Түвшинбаяр нь эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч З.Ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.Т сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт эцэг, эхийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүлээх үүргийг заажээ. Иймд хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах, тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эхийн анхаарал халамжид байх, эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр саад учруулах, хориглохгүй байхыг зохигчид даалгаж, мөн хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал үүсгэхгүй байх, хэн алинд нь эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Мын Т эцгээр Ч овогт З.Э тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Ээс 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Э нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг зохигчид хориглож, З.Э хүү М.Т уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулахгүй байхыг Ч.Мд мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 107,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч З.Ээс улсын тэмдэгтийн хураамжид 107,230 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА