| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/02816/И |
| Дугаар | 102/ШШ2022/00076 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/00076
| 2021 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2022/00076 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 15 дугаар гудамж 293 тоотод оршин суух У овогт Э.Н
Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо 1 дүгээр гудамж “Дөрвөн түшиг” ХХК-ийн 2 тоотод оршин суух Х овогт Б.А
Xүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
хариуцагч Б.А
нарийн бичгийн дарга О.З нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н миний бие анх Б.Атэй 2016 онд танилцсан үерхэж байх хугацаанд бидний хүү А.У нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бид тухайн үед тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулж, бүртгүүлээгүй. Миний хувьд Б.Атэй зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй байсан. Б.А хүүхдээ төрсний дараа хамт амьдарч чадахгүй нь гээд биднийг орхиод явсан. Харин Б.А нь хүүгээ өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Одоо хүү маань 3 настай. Хүүхдээ төрснөөс хойш одоог хүртэл нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, хүүхэдтэйгээ уулздаггүй. Төрснөөс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай, мөн хүүхдийн маань хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул хүү А.У эцгээс нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцлага хүлээхгүй гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан тул хүүхдийн тэтгэлэг төлнө.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Э.Н, Б.А нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү А.У төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Э.Нын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.У эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байх боловч хариуцагч Б.А нь А.У биологийн эцэг мөн эсэх асуудлаар маргасан байна. Иймд хариуцагч хүүхдийн биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/12033 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Тус хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4558 тоот дүгнэлтээр хариуцагч Б.Аийг А.У биологийн эцэг байх магадлалыг 99,99% гэж тогтоосон байна. Дээрх дүгнэлтийг хуульд заасан арга, журмын дагуу гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, шинжилгээний үр дүнгийн талаар хариуцагч маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Аээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү А.У сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х овогт Б.А ээс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.У 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Над олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА