Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00014

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00014

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Нарны зам гудамж 163 дугаар байр 62 тоотод оршин суух Б овогт Г.О

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Тээвэрчдийн гудамж 11 дүгээр байр 11 тоотод оршин суух Б овогт Д.Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Эрчим хүчний гудамж өөрийн байр “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК

 

6,220,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Я.Б

                                  хариуцагчийн төлөөлөгч Ч.Б

                                нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь 1988 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцад Зуухан цехэд засварчинаар ажилд орж тасралтгүй 30 жил 7 сар ажиллааад Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.Ог өндөр насны тэтгэвэрт гархад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 30,293,333 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. олгож Г.Огийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж” гэж хуульчилсан. Мөн нэхэмжлэгч Д.Бнь 1988 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцад Арматур, шугам хоолойн засварчинаар ажилд орж тасралтгүй 32 жил 5 сар ажиллаад Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Б өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 31,914,665 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас нэг удаагийн тэтгэмжийг Д.Б харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Ийнхүү нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар Дулааны цахилгаан станц 4 ТӨХК-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.О нь “ДЦС-4” ТӨХК-д нийт 29,7 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/434 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “ДЦС-4” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Г.Огийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 30,293,332 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА-ны дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Д.Бнь “ДЦС-4” ТӨХК-д нийт 31,2 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/529 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “ДЦС-4” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.Б эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 31,914,6666 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА-ны дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарт олгох нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 10 хувийг нь суутгаж аваад Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн байгаа. Манай байгууллагын зүгээс нэхэмжилж буй мөнгөө Баянгол дүүргийн Татварын хэлтсээс авах боломжтой гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иймд дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь 3,029,330 төгрөг, нэхэмжлэгч Д.Б3,191,466 төгрөг гаргуулахаар хариуцагч “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохироосон” гэж тайлбарлаж байх ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргаж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх  заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр Г.Ог 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, Д.Бат-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.Од эрчим хүчний салбарт ажилласан 29 жил 7 сард ногдох 30,293,332 төгрөгийн, Д.Бат-Эрдэнэд эрчим хүчний салбарт ажилласан 31 жил 2 сард ногдох 31,914,666 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. 

 

Энэхүү шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Г.Од 27,263,998.80 төгрөг, Д.Б 28,728,359.33 төгрөгийн тэтгэмж олгосон байх бөгөөд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт тус бүр 10 хувийг суутгаж олгосон болох нь тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх хэсэгт эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоожээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцэж байна. 

 

Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нарт олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 3,029,330 төгрөг гаргуулж Г.Од, 3,191,466 төгрөг гаргуулж Д.Б олгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас 3,029,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Г.О д, 3,191,466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Д.Б олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,434 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 63,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Од, 66,014 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА