Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/00250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.И

 

Нэхэмжлэгч: С.Н

 

Хариуцагч: “Д ц” ТӨХК

 

6,683,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Я.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.И нь 1982 оны 7 сард Дулааны 4 дүгээр цахилгаан станцад токарьчноор ажилд орж тасралтгүй 37 жил 4 сар ажиллааад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.И өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 38,229,332 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. С.Н нь 1981 оны 7 сард Дулааны 4 дүгээр цахилгаан станцад токарьчноор ажилд орж тасралтгүй 37 жил 3 сар ажиллааад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 28,608,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн.  Нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Мөнгө шилжүүлсэн өдөр 10 хувийг суутган авсныг мэдээд энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “ хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж“ гэж хуульчилсан. Иймд нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс буруу суутгасан 10 хувь болох 3,822,933 төгрөгийг гаргуулж Б.Ит, 2,860,800 төгрөгийг гаргуулж С.Нт олгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.И нь “ДЦС-4” ТӨХК-д нийт 37,4 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 11 сарын 29-ний өдрийн Б/400 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “ДЦС-4” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Б.Иын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 38,229,332 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА-ны дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн С.Н нь “ДЦС-4” ТӨХК-д нийт 37,03 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/401 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “ДЦС-4” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу С.Нийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28,608,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА-ны дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Нэхэмжлэгчээс “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/400 дугаар тушаал, мөн захирлын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/401 дугаар тушаал, нэхэмжлэгч нарын Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/400 дугаар тушаал, мөн захирлын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/401 дугаар тушаалыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч Б.И нь 3,822,933 төгрөг, нэхэмжлэгч С.Н 2,860,800 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохироосон” гэж тодорхойлсон байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргав.

 

4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх  заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр Б.Иыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон, С.Нийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б.Ит эрчим хүчний салбарт ажилласан 37 жил 4 сард ногдох 38,229,332 төгрөгийн, С.Нт эрчим хүчний салбарт ажилласан 37 жил 3 сард ногдох 28,608,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. 

 

Энэхүү шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Б.Ит 34,406,398.80 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр С.Нт 25,747,200 төгрөгийн тэтгэмж олгосон байх бөгөөд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт тус бүр 10 хувийг суутгаж олгосон болох нь тогтоогдов.

 

5. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх хэсэгт эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоожээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцэж байна. 

 

Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нарт олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

6. Нэхэмжлэгч нар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 3,822,933 төгрөг гаргуулж Б.Ит, 2,860,800 төгрөг гаргуулж С.Нт олгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас 3,822,933 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Холингор овогт Батмөнхийн Ит, 2,860,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт С.Нт олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,845 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 76,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ит, 60,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА