Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2026/00148

 

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00384 дүгээр магадлалтай

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК, А- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,257,499,365.71 төгрөг, хохирол 111,500 төгрөг, нийт 4,257,610,865 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа болон баталгааны гэрээний дагуу хариуцагч А-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, хариуцагч А-ын өмгөөлөгч С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, Н, Ц, хариуцагч А-ын өмгөөлөгч С, хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “М” ХХК, А- нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,257,499,365.71 төгрөг, хохирол 111,500 төгрөг, нийт 4,257,610,865 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа болон баталгааны гэрээний дагуу хариуцагч А-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 504,672,236.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,752,938,629.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “М” ХХК-ийн “Х” ХК-д холбогдуулан илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Х” ХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаасаа “М” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А- төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны А-ын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө, *** газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, А-ын өмчлөлийн *** үл хөдлөх хөрөнгө, *** орон сууц, *** орон сууц, *** орон сууц, *** орон сууц, *** үл хөдлөх эд хөрөнгө, А-ын өмчлөлийн *** талбай, *** үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Х” ХК-ийн 21,743,797 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6,819,138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,681,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00384 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “М” ХХК-аас 4,257,610,865.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХК-аас 786,747,586 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 425,900,003 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч А-ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан

1. *** үл хөдлөх эд хөрөнгө,

2. *** үл хөдлөх эд хөрөнгө,

3. *** үл хөдлөх эд хөрөнгө,

4. *** үл хөдлөх эд хөрөнгө,

5. *** үл хөдлөх эд хөрөнгө,

6. *** үл хөдлөх эд хөрөнгө,

7. *** үл хөдлөх хөрөнгө,

8. *** үл хөдлөх хөрөнгө,

9. *** үл хөдлөх хөрөнгө,

10. *** үл хөдлөх эд хөрөнгө,

11. *** үл хөдлөх эд хөрөнгө,

12. *** үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,743,797 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6,819,138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 21,446,004 төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХК-аас 4,091,688 төгрөгийг гаргуулан хариуцагч “М” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,992,843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 786,747,589 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.

Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан *** тоот дансны хүү тооцоолол дээр 2020.06.26-ны өдрөөс 2021.05.26-ны өдрийн хугацаанд бодогдсон үндсэн хүү 1,143,127,070.90 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 3,675,616.46 төгрөг, нийт 1,146,802,687.36 төгрөгийг *** тоот данснаас харахад 0 болгосон байдаг. Учир нь дээрх хүүний дүнг 2-хх-160-р талд авагдсан 494025144 тоот зээлийн хаагдсан дансанд нэмж хуримтлуулсан. Уг зээл 2022.01.31-ний өдөр хаагдсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 20-р талд “...нэхэмжлэгч “Х” ХК-аас зээлийн хүүд илүү төлөгдсөн 1,144,307,884.96 төгрөгөөс дутуу төлөгдсөн 357,560,296.80 төгрөгийг хасаж, зөрүү 786,747,586 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ХХК-д буцаан олгож, сөрөг нэхэмжлэлээс 425,900,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1-хх-15-р талд авагдсан *** тоот дансны хүү тооцоолол дээр 2020.06.26-ны өдрөөс 2021.05.26-ны өдрийн хугацаанд бодогдсон үндсэн хүү 1,143,127,070.90 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 3,675,616.46 төгрөг, нийт 1,146,802,687.36 төгрөг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хангасан 786,747,589 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагч А-ын өмгөөлөгч С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль буруу хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5, 172.1, 172.2.1, 172.2.2, 172.2.4, 173.1, 173.3-д заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалын дүгнэлт эрс зөрүүтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь, харилцан уялдаатай, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнээгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх нотлогдсон 2021.06.22-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангаж, үлдэх маргаантай шаардлагыг ялгаж салгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг үнэлэхдээ ялангуяа 2015.12.08-ны өдрийн 7,645,000,000 төгрөгийн зээл бодитоор гэрээний зориулалтын дагуу олгогдсон эсэх, 2021.04.15-ны өдрийн 6,204,541,000 төгрөгийн нэмэлт гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн эдгээр асуудлаар хэрэгт авагдсан албан ёсны Засгийн газрын хяналт шалгалтын баримтууд, аудиторын дүгнэлт болон шүүхийн захирамжаар гаргуулсан анхдагч кассын баримтын ач холбогдлыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна.

5.1.Хэргийн бодит нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр давж заалдах шатны шүүх магадлал гаргасан тухайд.

“М” ХХК нь 2015.12.08-ны өдөр Б-ны эх үүсвэртэй “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай” МУЗГ-ын 2015 оны 312-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд *** сайдын 2015.80.18-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 151 дүгээр тушаалын дагуу “Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх” зориулалтаар Х-тай ЗГ/147 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн барьцааны гэрээ 2015.12.08-ны өдрөө хийсэн ЗБ/147 тоот энэхүү гэрээн нь хоёр байгаа бөгөөд, Нэг дэх гэрээн дээр нь Барьцааны зүйл нь Х-ин дахь данс барьцаалж байгаа тохиолдолд барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн 5,000,000,000 төгрөг... Цаашид Х-инд нээгдэх бүх төрлийн валютын харилцах болон хадгаламжийн данс гэсэн байгаа нь бодит зээл олголт биш харин банк буцаагаад өөрсдийн актив хөрөнгөө өсгөсөн үйлдлээ нотолсон баримт тодорхой байхад үүнийг үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтээ давж заалдах шатны шүүхээс хийгээгүй байгааг хяналтын шатны шүүхээс анхааралдаа авна уу. Зээлийн эх үүсвэрийг барьцаалбар болгож байгаа Х-ны хууль бус үйлдэл нь Монголын банкуудын түүхэнд гарч байгаагүй гэх. Хоёр дахь гэрээ буюу 3-хх-86-р хуудсанд авагдсан барьцааны гэрээний Барьцаалбар гэсэн хүснэгтэн дотор хадгаламжийн дансуудыг 427001245-56 гэж дугаарлан ....5,000.0 тэрбум гэж тодорхой бичсэн байгаа нь зээл олгосон биш харин банк буцааж хадгаламж хэлбэрээр байршуулж активаа өсгөсөн гэдгийг нотолсон баримт болно.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийг компанийн *** тоот харилцах дансанд хийсэн тул зээл олгогдсонд тооцно. Харин зээлдэгч өөрөө сайн дураараа бэлнээр гаргаж хадгаламж үүсгэсэн гэж маргах боловч үүнийг үгүйсгэсэн баримтууд хэрэгт хангалттай авагдсан, түүний нэг том нотлох баримт нь дээрх хууль бус ЗБ/147 гэсэн нэг дугаартай хоёр ширхэг барьцааны гэрээнүүд, мөн зээлийн эх үүсвэрийг зээлдэгч “М” ХХК-ийн нэр дээр зээл олгосон 2016.01.21-ний өдөртөө шууд 12 данс нээж хадгаламж хэлбэрээр байршуулсан анхан шатны баримтуудаар нотлогддог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө сайн дураараа бэлнээр чек бичиж 5 тэрбум төгрөгөө гаргаж хадгаламж байршуулсан гэх боловч тухайн өдрийн зээл гаргасан банкны салбар дээр байсан бэлэн мөнгөний кассын тайлангаа гаргаж өгч нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үйл баримтаа нотолж чадаагүй байгааг анхан шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтээ хийгээгүй байгаа.

Жишээ нь: 5,0 тэрбум төгрөг банкны кассаас бодитой бэлнээр гарсан тохиолдолд бэлэн мөнгөний чек баримтаас гадна, гарын үсгийн баталгааны маягт хавсаргагдаж байж гүйлгээ хийгдэж мөнгө гарах ёстой байсан. Энэ маягт дээр гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг байх ёстой байтал тийм баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрсдөө Кассын үйл ажиллагааны заавар журмаа ч гаргаж өгөөгүй. Энэ нь мөнгөн гүйлгээний лимит, зарлага орлогын гүйлгээ хийх. Өөрөөр хэлбэл тухайн жижиг салбар дээр бэлэн 5,0 тэрбум байсан эсэхийг нотлох баримт болох байсан. Зээл бол шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар л ашиглана гэсэн байхад Зээлийн нэмэлт гэрээнүүд нь зээлийн зориулалт бус зээлүүд байгааг хяналтын шатны шүүхээс анхааралдаа авна уу. Барьцаа хөрөнгө хангалтгүй байхад олгосон зээл олгогдоогүй мөн гэрээнд зааснаар зориулалтын дагуу ашиглаагүй.

Баримт 1. Хадгаламж хэлбэрээр байршуулсан зээлээ ашиглахдаа “М” ХХК нь Х-ны удирдлагад бичгээр хүсэлт гаргахад банк өөрөө дахин зээлийн хорооны шийдвэр гаргаж хэсэгчлэн хэрэглүүлж байгаа баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Баримт 2. Хамгийн анхны зээлийн нэмэлт гэрээ 3-хх-40-р хуудсанд 2017.06.27-ны өдрийн ЗГ/147-01 тоот гэрээний 6.2.27 дах заалт “Зээлдэгч нь хадгаламж дах үлдэгдэл 2,5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээс авч ашиглах хүсэлт ирүүлсэн тохиолдолд өмнөх зээлийн зарцуулалтын баримт төслийн үйл явц гүйцэтгэлийн тайлан болон нэмж барьцаалах хөрөнгийн мэдээллийг банкинд хүргүүлсний үндсэн дээр зарцуулалт хийх эрх олгох эсэх талаар банкаар шийдвэрлүүлэх.” Энэ заалт нь зээлийг бүрэн олгоогүй нотолж байгаа. Нэхэмжлэгч энэ талаар үгүйсгэсэн баримт гаргаагүй.

Баримт 3. Зээлийг зээлээр төлүүлнэ гэдгээ дээрх Зээлийн нэмэлт гэрээний 6.2.28-д “Зээлдэгч нь хадгаламж дах зээлийн санхүүжилтийг авч ашиглаагүй тохиолдолд хадгаламжийн хугацаа сунгагдах нөхцөлтэй байх бөгөөд хэрэв сунгагдаагүй тохиолдолд зээлд хуваарь харгалзахгүй урьдчилан төлөх.” Зээлийн гэрээгээр зээлээс зээл төлөхөө баталгаажуулсан байгааг давж заалдах шатны шүүх нь огт дүгнэхгүй орхисон.

Баримт 4. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй гэрээ хийсэн. Дээрх Зээлийн нэмэлт гэрээний 4.1 дэх заалтад зээлийн үндсэн хүүг 48 хувь, хэтэрсэн хугацааны хүүг 4 хувь болгосон.

Баримт 5. Барьцааны нэмэлт гэрээний арын хуудсан 3-хх-81-82-р хуудас Барьцааны зүйл 365 хоногийн хугацаат хадгаламж дахь мөнгө 2,5 тэрбум гээд 12 дансны дугааруудыг тавьсан байгаа нь нэхэмжлэгч тал хариуцагчийг сайн дурын үндсэн дээр хадгаламж байршуулсан, банк зээлийг бодитой олгосон гэдгийг шууд үгүйсгэсэн баримтууд авагдсан байгааг хяналтын шатны шүүхээс анхааралдаа авна уу.

Баримт 6. Зээлийг зээлээр хаасан үйл баримт. Өмнөх зээлийн гэрээ 2011 оны 500 ам.долларын гэрээний зээлийн данс нь *** тоот данс байсан бөгөөд энэ зээлийг 2016.01.22-ны өдөр 7,6 тэрбум төгрөгийн зээлийн мөнгө орж ирсэн *** тоот данснаас 646,576,000 төгрөгөөр зээл хаав гэсэн гүйлгээ хийсэн байдаг.

Баримт 7. Хөгжлийн бакны эх үүсвэртэй 7,6 тэрбум төгрөгийн зээл нь *** тоот дансаар 2016.01.21-ний өдөр бүхэл дүнгээр кредитээр зээл олгов гэж орж ирдэг. Зээл нь 2020.12.02-ны өдөр 0,00 болж 763,125,000 төгрөг төлөлт хийж *** дансаар харьцаж хаагдсан байхад өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй зээл нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Репо зээл нь *** тоот зээлийн дансны хуулгаар 2022.01.31-ны өдөр зээл хаав гэсэн гүйлгээгээр төлж дууссан байгаа.

Иймд дээрх нотлох баримтууд нь хэрэгт авагдсан, түүнчлэн нэхэмжлэгч баримтуудыг огт үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй байгаа нь зөв байсан.

5.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэл.

2015.12.08-ны өдрийн 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээний талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-г буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх маргааны гол нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлж, банк 2015.12.08-ны өдөр уг зээлийг хариуцагчид бодитоор олгосон эсэх нь эргэлзээгүй тогтоогдоогүй, мөн банк 2021.04.15-ны өдөр анхны гэрээнд өөрчлөлт оруулсан атлаа 2015 оны үндсэн гэрээний дагуу дахин төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж зөв дүгнэсэн.

Харин давж заалдах шатны шүүх 2016.01.21-ний өдрийн дансны бичилт, мөн өдрийн гүйлгээг голлон үндэслээд зээлийг бүрэн олгосон гэж үзсэн. Гэтэл уг маргаан нь зөвхөн дансны бичилт байгаа эсэх асуудал бус 5,000,000,000 төгрөгийг 12 хадгаламжийн дансанд байршуулж, түүгээр өөрийн зээлийн барьцааг бүрдүүлсэн нөхцөлд зээлдэгч уг хөрөнгийг гэрээний дагуу бодитоор, чөлөөтэй захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, зээлээ ашиглах боломжоор хангахгүй байсан тул удаа дараа банкинд хандаж хүсэлт гарган хадгаламж хэлбэрээр барьцаалсан мөнгөнөөс хэрэглэх хүсэлт гарган түүнийг нь Зээлийн хорооны хурлаар шийдвэрлэн хэсэгчилж өгдөг байжээ.

Тодруулбал, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025.02.10-ны өдрийн 01/03 дугаартай хяналт шалгалтын танилцуулгад “Х” ХК 5,000,000,000 төгрөгийг “М” ХХК-ийн нэр дээр хугацаатай хадгаламж болгон байршуулж, зээлийн барьцаа болгосон бөгөөд зээлийг зориулалтын дагуу бүрэн олгоогүй гэж дүгнэсэн байна. Ийм албан ёсны баримт байхад дансны хуулгаас тусгаарлан зөвхөн аудитын бичилтээр давж заалдах шатны шүүхээс “...Зээлийг бүрэн олгосон” гэж бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийснийг хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээний зөрүүг арилгахаар хяналтын шатны журмаар хянуулах шаардлага үүсгэж байна.

Энэ маргааны цөм нь зөвхөн дансны хуулганд бичилт хийгдсэн эсэх асуудал бус, Б-ны эх үүсвэртэй зээлийг төрөөс импорт орлох, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон тул зээлийн зориулалт, зээлийн мөнгөн дүн, зээл олгох хэлбэр гурав бодитоор нийцсэн эсэхэд оршино. Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.8, 20.2.4-д зээлийг хуульд заасан үндэслэл, журмаар зээлдэгчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах, зориулалт ба олгох хэлбэрийг гэрээнд тодорхой тусгахыг шаарддаг.

Хэрэгт авагдсан хариуцагч талын тайлбар, анхан шатны шүүхийн тэмдэглэсэн үйл баримт, аудитын дүгнэлтээс үзвэл 2016.01.21-ний өдөр орсон 7,645,000,000 төгрөгөөс 5,000,000,000 төгрөгийг хугацаатай 12 хадгаламжийн дансанд хуваан байршуулж, зээлдэгч захиран зарцуулах эрхгүйгээр түгжсэн, үлдэх 2,600,000,000 төгрөгөөр өмнө авсан зээлийг суутган төлүүлсэн, үлдсэн хадгаламжинд байршуулсан 5,000,000,000 төгрөгийг 2018.06.22-ны өдөр хүртэл бүрэн авч чадаагүй талаар маргасан байна. Ийм нөхцөлд үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулж, зээлийн зорилгыг хэрэгжүүлэх боломж бодитоор алдагдсан эсэхийг шүүх заавал үнэлэх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, банк өөрийн зээлийн мөнгөнөөс өөртөө барьцаа бүрдүүлж, зээлдэгчид бодитоор ашиглуулахгүй хадгаламж хэлбэрээр түгжсэн нөхцөлд ашиглаагүй, 5,000,000,000 төгрөгт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг маргаангүй өр мэт тооцож нэхэмжлэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх энэ суурь асуудлыг орхигдуулж, зөвхөн арифметик үлдэгдлийн тооцоогоор дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөөний зарчмыг хэт өргөн хэрэглэж, 5,000,000,000 төгрөгийг хадгаламжид байршуулсан ажиллагааг талуудын чөлөөт хүсэл зоригийн үр дүн мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний эрх чөлөө нь хууль зөрчсөн, эсхүл нөгөө талын бодит сонголтыг үгүйсгэсэн, зээлийн зориулалт ба олгох хэлбэрийг алдагдуулсан нөхцөлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан хууль хэрэглээний зөрүү. 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 нэмэлт гэрээний хувьд давж заалдах шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.2.4-ийг буруу хэрэглэсэн. Уг хуулийн 20.2.4-д зээлийн гэрээнд зээлийн зориулалт, зээл олгох хэлбэрийг заавал тусгахаар тогтоосон. Анхан шатны шүүх 6,204,541,000 төгрөгийн нэмэлт гэрээнд уг мөнгийг ямар зориулалтаар, ямар хэлбэрээр олгосон нь тодорхойгүй, зээлийн зориулалт хуульд нийцэхүйц түвшинд заагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд зөв байсан.

Түүнчлэн 2015 оны үндсэн гэрээг 2021 оны нэмэлт гэрээгээр өөрчилсөн атлаа банк үндсэн гэрээ, нэмэлт гэрээний шугамыг хооронд нь салгаж тодорхой тайлбарлалгүйгээр нэхэмжлэлийн дүн бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, аль дүн нь анхны гэрээнээс, аль дүн нь шинэчилсэн нөхцөлөөс үүссэн болохыг маргаангүй, нэг мөр тогтоогоогүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх үлдэгдлийн тоог банкнаас гаргаж өгсөн эксел хэлбэрийн тооцоог шууд зөвшөөрсөн нь мөн хуулийн 172.2.1-д хамаарах хууль хэрэглээний зөрүү мөн болно.

Зээлийн гэрээний зориулалт огт хэрэгжээгүй, үндсэн санхүүжилтийн ихэнх хэсгийг банк өөрөө барьцаа болгон түгжиж, үлдэх хэсгийг өмнөх өр төлбөрт суутган, хэсэгчлэн чөлөөлсөн гэж маргагдаж байхад 2021.04.15-ны өдрийн нэмэлт гэрээгээр өмнөх маргаантай бүтцийг хууль ёсны болгосон мэт үзэх боломжгүй. Нэмэлт гэрээ нь анхны олголт хуульд нийцсэн, зориулалтын дагуу, бодитоор хийгдсэн эсэх талаарх эргэлзээг арилгахгүй.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан ажиллагааны ноцтой зөрчил. Хэрэгт авагдсан албан ёсны хяналт шалгалтын баримтуудыг давж заалдах шатны шүүх нь дүгнээгүй орхисон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нотлох баримтын жагсаалтад Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025.08.28-ны өдрийн 01/874 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, мөн газрын 2025.02.10-ны өдрийн 01/03 дугаартай “М” ХХК-ийн гаргасан гомдлын мөрөөр хяналт хийсэн тухай” танилцуулга, Ерөнхий хянан шалгагчийн 2025.02.10-ны өдрийн 01/03 дугаартай мэдэгдэл тус тус хэрэгт авагдсан байдаг.

Эдгээр албан ёсны бичгийн баримтад “Х” ХК зээлийн судалгаа хангалттай хийгээгүй, 5,000,000,000 төгрөгийг зээлийн эх үүсвэрээс үүсгэсэн хадгаламж болгон “М” ХХК-ийн нэр дээр байршуулж барьцаа болгосон, дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн хяналт, газар дээрх шалгалтын үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүүг 360 хоногоор тооцсон нь хууль, журмын шаардлагад нийцээгүй зэрэг нөхцөл байдлыг тогтоосон. Эдгээр нь шүүхийг урьдчилан заавал дагах шинжтэй акт биш боловч хэрэгт авагдсан, эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны бичгийн нотлох баримт тул бусад баримттай харьцуулан заавал дүгнэх ёстой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтуудын агуулгыг өөрийн дүгнэлтээр няцааж, эсхүл тайлбарлаж үнэлээгүй атлаа анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шийдвэрт шууд нөлөөлсөн байна.

5.5.Шүүхийн захирамжаар гаргуулсан кассын анхдагч баримт бүрэн ирээгүй, устсан гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх зөв үнэлээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр “Х” ХК-аас том зээлийн үйл ажиллагааны заавар, бэлэн мөнгөний баримт, түүнтэй холбоотой 11 хуудас баримт, мөн архивын баримт устгахтай холбоотой А-24/21 тушаал, хадгаламжийн нэгж устгах акт, А-23/438 тушаалыг гаргуулан авч хэрэгт хавсаргасан. Иймд 5,000,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулж хадгаламж нээлгэсэн гэх үйлдлийг нотлох анхдагч кассын баримтын асуудал маргааны төвд байсан нь өөрөө тогтоогдож байна.

Давж заалдах шатны хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд хариуцагч тал тухайн өдрийн кассын бэлэн мөнгөний тайлан, зарлагын баримтыг бүрэн гаргаж өгөөгүй, банк дотоод журмаараа 3 жилийн дараа устгасан гэж тайлбарласан боловч ижил өдөр, ижил хугацаанд хамаарах бусад баримтыг шүүхэд гаргасан талаар маргасан байна. Ийм нөхцөлд анхдагч гүйлгээний баримт зөвхөн маргаантай 5,000,000,000 төгрөгийн үйлдэл дээр дутуу үлдсэн эсэхэд эргэлзээ үүснэ.

Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэс болсон мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний зарцуулалтын анхдагч баримтыг бүрэн нотолж чадаагүй нөхцөлд анхан шатны шүүх эргэлзээг нэхэмжлэгчийн нотлох үүргийн хүрээнд үнэлсэн нь зөв байв. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтын дутуу байдлыг шийдвэрлэхгүй орхиж, дансны бичилт болон үлдэгдлийн тооцоог гол болгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн 172.2.2-т заасан ажиллагааны ноцтой зөрчил болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлыг нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө гаргах, цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн захирамжаар шаардсан кассын анхдагч баримт, хадгаламжаас зээлийг хэдэн удаа, ямар шийдвэрээр чөлөөлсөн талаарх баримтыг бүрэн гаргаж өгөөгүй, зарим баримт устсан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын суурь болсон мөнгөн урсгалын анхдагч баримт дутуу байхад эргэлзээг нэхэмжлэгчийн нотлох үүргийн хүрээнд үнэлэх нь хуульд нийцнэ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж, хамаарал, ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд урьдчилан хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч банкны дансны хуулга, тэдний тайлбарыг урьдчилан үнэн мэт барьж, эсрэг талын тайлбар, албан ёсны хяналт шалгалтын баримт, аудитын дүгнэлт, анхдагч баримтын дутуу байдлыг хангалттай үнэлээгүй.

5.6.Аудитын дүгнэлтийг давж заалдах шатны шүүх түүвэрлэн ашиглаж, 5,000,000,000 төгрөгийн хадгаламжийн эх үүсвэрийн талаарх дүгнэлтийг үнэлээгүй байж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу.

Аудитын тайланд 7,645,000,000 төгрөгийн зээл 2016.01.21-ний өдөр “М” ХХК-ийн дансанд шилжсэн, түүнээс өмнөх өдөр тус компанийн харилцах дансуудад нийт 1,113,708.41 төгрөг, 20.47 ам.доллар, 569.44 юань үлдэгдэлтэй байсан, мөн өдөр 12 хадгаламжийн данс нээгдэж нийт 5,000,000,000 төгрөг байршуулсан талаар дурдсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх тайлангийн зөвхөн үлдэгдлийн тооцооны хэсгийг сонгон авч, хадгаламжийн эх үүсвэр, барьцааны бодит бүрдүүлэлт, анхдагч кассын баримт болох чек нь тухайн өдрийн кассын тайлангаар давхар нотлогдох ёстой байтал “Хариуцагч тал тайлангаа 3 жил болоод устгадаг” хэмээн гаргаж өгөхгүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг санаатайгаар хийлгүй орхигдуулсан.

Иймээс аудитын дүгнэлт нь банкны шаардлагыг бүхэлд нь баталсан нэг талын баримт бус, харин 5,000,000,000 төгрөг зээлийн мөнгөнөөс үүсгэн хадгаламжид байршуулсан, улмаар зээлдэгчид бодитоор ашиглуулахгүй түгжсэн нөхцөлийг бататгаж байгаа тул давж заалдах шатны шүүх уг баримтыг хэсэгчлэн сонгон ашиглаж болохгүй байсан.

5.7.Үндсэн өрийн эрх зүйн суурь бүрэн тогтоогдоогүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

Анхан шатны шүүх баримтаар нотлогдсон 2021.06.22-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хэмжээнд 504,672,236.95 төгрөгийг хангаж, уг үүрэгтэй уялдсан барьцааны хүрээнд хязгаарлан шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх 2015 болон 2021 оны маргаантай гэрээнүүдийн дагуу 3,752,827,127.98 төгрөгийн үүргийг нэмж тогтоомогц олон тооны үл хөдлөх хөрөнгөд барьцааны гүйцэтгэл хийлгэхээр нэмэгдүүлсэн. Барьцааны эрх нь үндсэн үүргээс хамааралтай тул үндсэн үүргийн эрх зүйн суурь бүрэн, маргаангүй тогтоогдоогүй нөхцөлд дагалдах шаардах эрхийг ийм хэмжээнд нэмэгдүүлэх боломжгүй.

5.8.Анхан шатны шүүх нотлогдсон ба нотлогдоогүй шаардлагыг ялган салгаж, тэнцвэртэй шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн.

Анхан шатны шүүх банкны бүх шаардлагыг бүхэлд нь няцаагаагүй, харин баримтаар нотлогдсон 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 504,672,236.95 төгрөгөөр хангаж, нотлогдоогүй 3,752,938,629.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь анхан шатны шүүх нотлох баримтыг ялган, хуульд нийцүүлэн үнэлснийг харуулж байна.

Анхан шатны шүүх дээрх эргэлзээ, нотлох баримтын дутуу байдал, зээлийн зорилгын хэрэгжилт алдагдсан нөхцөл, 2021 оны нэмэлт гэрээний тодорхой бус байдлыг харгалзан зөвхөн баримтаар бүрэн нотлогдсон 2021.06.22-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн хэсгийг хангаж, үлдэх 3,752,938,629.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хангалттай хууль зүйн үндэслэл байгаагүй бөгөөд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

5.9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.4, 173.5-д хамаарах хяналтын журмаар хэлэлцүүлэх шаардлага.

Энэ хэрэг нь зээлийн мөнгийг дансны бичилтээр шилжүүлсэн төдий нөхцөлд Иргэний хуулийн 451.1-д заасан утгаар зээлдэгчид бодитоор олгогдсон гэж үзэх эсэх, мөн зээлийн гэрээний заавал тусгах нөхцөл болох зээлийн зориулалт, зээл олгох хэлбэр тодорхой бус байхад үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон барьцааны шаардлагыг шүүхээр албадан гаргуулах боломжтой эсэх зэрэг зарчмын ач холбогдолтой асуудлыг хөндөж байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын албан ёсны хяналт шалгалтын баримт, шүүхийн захирамжаар гаргуулсан анхдагч кассын баримтын дутуу байдлыг хэрхэн үнэлэх, мөн аудиторын тайланг хэсэгчлэн сонгон ашиглаж дотоод зөрчилтэй тооцооллоор шаардлага хангаж болох эсэх асуудал нь шүүхийн нэгдмэл практикийн түвшинд тайлбар шаардсан асуудал мөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

6.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, хариуцагч А-ын өмгөөлөгч С нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00588 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “М” ХХК, А- нарт холбогдуулан 4,257,610,865 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа болон баталгааны гэрээний дагуу хариуцагч А-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“М” ХХК нь “Х” ХК-тай 2015.12.08-ны өдөр ЗГ/147 тоот зээлийн гэрээ, 2015.12.08-ны өдөр ЗБ/147/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021.07.05-ны өдөр БГ/147 тоот баталгааны гэрээг тус тус байгуулан, 7,645,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зорилгоор зээлсэн.

“М” ХХК нь “Х” ХК-тай 2017.06.27-ны өдөр ЗГ/147-01 тоот, 2019.04.19-ний өдөр ЗГ/147-02 тоот, 2019.04.03-ны өдөр ЗГ/147-03 тоот, 2020.07.02-ны өдөр ЗГ/147-04 тоот, 2021.04.15-ны өдөр ЗГ/147-05 тоот, 2021.05.24-ний өдөр ЗГ/147-06 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан.

...Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, мөн барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд 2021.06.22-ны өдрийн БГ/СС210622026-2 тоот баталгааны гэрээний дагуу А-ын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022.11.26-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2019.07.23-ны өдрийн 3-494/1131 тоот, 2022.02.15-ны өдрийн 6/11018 тоот, 2022.01.04-ний өдрийн 6/41 тоот, 2022.01.25-ны өдрийн 6/830 тоот мэдэгдэл гардуулж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан ЗГ/СС210630085-3 тоот гэрээний 11.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

“М” ХХК ЗГ/147 тоот зээлийн гэрээгээр авсан 7,645,000,000 төгрөгөөс 1,400,000,0000 төгрөгийн зээлийг төлсөн, үлдэгдэл зээлийн төлөлт удаашран хугацаа хэтрэлт үүсгэж байсан тул банкны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлдэгчид боломж олгох зорилгоор дотоодын бизнесийн зээлд 6,200,000,000 төгрөгийг шилжүүлэн хугацаа сунгаж, 2021 оны 5 дугаар сард тус зээлээс 3,000,000,000 төгрөгийн зээлийг репо дахин санхүүжилттэй зээлийн гэрээ буюу ЗГ/147-05 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу өөрчлөлт орсон 6.2.37-д “Х” ХК-ийн эх үүсвэртэй 1 сарын хугацаатай, 1.3 хувийн хүүтэй дотоод эх үүсвэртэй зээлд шилжүүлэх гэж заасны дагуу 775,000,000 төгрөгийн үндсэн зээл болон 785,685,351.77 төгрөгийн үндсэн зээлээр дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн.

...“М” ХХК нь “Х” ХК-ийн 2021.06.22-ны өдрийн ЗГ/СС210622026-2 тоот зээлийн гэрээ, 2021.06.22-ны өдрийн ЗБ/СС210622026-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021.06.22-ны өдрийн ЗБ/СС210622026-2-23 тоот, 2021.06.22-ны өдрийн БГ/СС210622026-2 тоот баталгааны гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар ажлын байр дэмжих зорилготой авсан.

Зээлдэгч “М ХХК” болон баталгаа гаргагч А-ад холбогдуулан зээлдэгчийн гэрээний үүрэгт 2023.11.07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.

- 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,250,000,000 төгрөг, үндсэн хүү 364,766,850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,261,917.81 төгрөг, нийт төлөх 1,673,028,768.63 төгрөг,

- 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 775,000,000 төгрөг, үндсэн хүү 198,408,491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,826,793.26 төгрөг, нийт төлөх 1,011,235,284.83 төгрөг,

- 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 785,685,351.77 төгрөг, үндсэн хүү 237,410,435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,467,288.41 төгрөг, нийт төлөх 1,068,563,075.30 төгрөг,

- 2021.06.22-ны өдрийн ЗГ/СС210622026-2 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394,379,897.05 төгрөг, үндсэн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611.04 төгрөг, нийт төлөх 504,672,236.95 төгрөг буюу 4,257,499,365.71 төгрөг байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан 111,500 төгрөгийн зардал гаргасан тул нийт 4,257,610,865 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч нар хариу тайлбартаа: “...“М” ХХК нь “Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж хавтан үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх санхүүжилтэд “Х” ХК-тай 2015.12.08-ны өдөр ЗГ/147 тоот үндсэн гэрээ болон дагалдах гэрээнүүдийг байгуулан 7,645,000,000 төгрөгийн зээл авсан.

Энэ төсөл нь экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 312 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2015.08.18-ны өдрийн жагсаалт батлах тухай 151 дүгээр тушаалын дагуу арилжааны банкаар дамжуулан “Б” ХХК-ийн эх үүсвэрээр зээл авах эрхийг олгосон.

...Ийнхүү гэрээ байгуулагдаж зээлийн санхүүжилт 2016.01.21-ний өдөр манай компанийн *** тоот дансанд орж ирснээс хойш банк өөрийн давуу байдлыг ашиглан биднийг хүнд байдалд оруулж эхэлсэн. Тухайн гэрээг байгуулан зээл олгосон гэж байгаа боловч банкны зүгээс зээлийг бүрэн олгохгүйгээр өөрийн давуу байдлыг ашиглан санхүүжилт орсон дансыг бүрэн түгжсэн. Барьцаалбар хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар нэмэлт барьцаа болгон нийт санхүүжилтийн дүнгээс 5,000,000,000 төгрөгийг үйлдвэр тооцооны төв салбарт хадгаламжийн 12 данс хүчээр нээж, гэрээ байгуулан хуваан байрлуулж захиран зарцуулах эрхгүйгээр түгжсэн.

Үлдсэн 2,645,000,000 төгрөгөөс 250,000,000 төгрөгийг “Х” ХК-аас өмнө нь авсан байсан шугаман зээл, мөн 312,000 ам.долларын буюу тухайн үеийн банкны ханшаар 626,756,698.64 төгрөгийн Дэлхийн банкны эх үүсвэртэй зээлийг данснаас шууд суутган төлүүлж, үлдэгдэл 1,768,243,301.36 төгрөгийг бидний захиран зарцуулалтад үлдээж төслийн дагуу бүтээн байгуулалт, худалдан авалтад ашиглахыг тулгасан.

...бидний зүгээс төлбөрийн чадваргүй болсон учраас 2023.04.04-ний өдрийн 23/04/04-1 тоот албан мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч банкны зүгээс тодорхой хариу өгөлгүй байсаар гэрээг цуцлахгүйгээр өөрийн давуу байдлыг ашиглан цааш үргэлжлүүлэн 2023.11.07-ны өдрийг хүртэл нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.

9.Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХК-д холбогдуулан 2016.01.21-ний өдрийн 427/123 тоот хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Репо санхүүжилттэй 3,000,000,000 төгрөгийн зээлээс нийт 5 удаагийн гүйлгээгээр 1,750,000,000 төгрөгийн зээл төлөгдөж 1,250,000,000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болсон. Энэхүү зээлийн гэрээ нь илт хууль бус гэрээ байх тул “М” ХХК-ийн 2020.12.02-ны өдрөөс хойш уг зээлийн хүүд 423,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,800,000 төгрөг, нийт 425,900,000 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн.

Мөн 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот гэрээний 3.11 дэх заалтад зээлийн хүү тооцох суурь хоногийг жилийн 360 хоногоор тооцохоор зааж өгсөн нь Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт болох банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх заалт болох Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэснийг зөрчсөн.

Хуанлийн хоногийг буруу тооцсоноос үүдсэн зээлийн хүүгийн зөрүүг нэхэмжлэлийн хавсралтаар гаргасан. Ийнхүү хууль, журам давж зээлдэгчээс зээлийн хүүг илүү тооцсоноор үндэслэлгүйгээр 786,747,589 төгрөгийн хүү илүү төлсөн байх тул хариуцагч “Х” ХК-аас нийт 1,212,647,589 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016.01.21-ний өдрийн 427/123 тоот хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...“М ХХК нь 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээ, мөн нэхэмжлэлд дурдсан нэмэлт гэрээнүүдийг байгуулж, 7,645,000,000 төгрөгийн “Б” ХХК-ийн эх үүсвэртэй зээлийг авсан. Уг зээлийн гэрээ тус бүр Иргэний хуулийн 451.1, 451.2, 453.1 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийлэл илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. “М” ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан *** тоот зээлийн дансны хуулгаар нийт 6,204,541,000 төгрөгийг төлөөгүй буюу тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийг “Монгол Улсын Б-” ХХК-ийн эх үүсвэрээс “Х” ХК-ийн эх үүсвэр рүү шилжүүлсэн ба 2020.07.02-ны өдрийн ЗГ/147-04 тоот зээлийн нэмэлт гэрээний 4.1.2-т заасны дагуу *** тоот зээлийн дансанд шилжсэн.

Дээрх шилжсэн зээлийг “М” ХХК-ийн зээл авах хүсэлтийг харгалзан 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан 3,000,000,000 төгрөгийг Репо санхүүжилттэй зээлийг жилийн 10.50 хувийн хүүтэй байхаар тохиролцсоныг 2021.05.24-ний өдрийн ЗГ/147-06 тоот зээлийн нэмэлт гэрээгээр жилийн 10.00 хувийн хүүтэй болгосон.

Мөн “М” ХХК-ийн 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу төлсөн гэх зээлийн хүүд 423,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,800,000 төгрөг, нийт 425,900,000 төгрөг нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу өрийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

10.Анхан шатны шүүх: “...“Х” ХК нь 2015.12.08-ны өдөр “М” ХХК-д 7,645,000,000 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Мөн 2015.12.08-ны өдрийн 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд 2021.04.15-ны өдөр өөрчлөлт оруулан зээлийн нэмэлт гэрээг байгуулсан атлаа 2015.12.08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,173,028,768.63 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна. Иймд 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээ, нэмэлт гэрээний дагуу нийт 3,752,827,123.76 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Харин 2021.06.22-ны өдөр ЗГ/СС210622026-2 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 500,000,000 төгрөгийг зээлдэн авсан, уг зээлийг төлнө гэж тайлбарлаж байх тул уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 394,379,897.05, үндсэн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611.04 төгрөг, нийт 504,672,236.95 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

...“М” ХХК, “Х” ХК-ийн хооронд байгуулсан 2015.12.08-ны өдрийн зээлийн болон нэмэлт гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон 111,500 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилж Төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч 111,500 төгрөгийг нотариатын үйлчилгээнд төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Хариуцагч “М” ХХК-ийн илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй. Учир нь “Д” ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч “М” ХХК-ийг “Х” ХК-д 1,212,647,589 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар 1,212,647,589 төгрөгийг илүү төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 504,672,236.95 төгрөгийг хангаж, хариуцагч нь төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь 2016.01.21-ний өдрийн 427/123 дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...Анхан шатны шүүх зээлдүүлэгч “Х” ХК нь зээлийн гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг зээлдэгч “М” ХХК-д бодитоор олгоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч “Х” ХК нь 2016.01.21-ний өдөр хариуцагч “М” ХХК-ийн *** тоот дансанд бэлэн бусаар олгох 7,645,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдрөө “М” ХХК-ийн Х дахь *** тоот харилцах данснаас “Г, Б-д олгов “гэсэн утгаар 5,000,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон байх тул нэхэмжлэгч “Х” ХК-ийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 3.1-д тус тус заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х” ХК-ийг зээлийн гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-д олгоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,383,787,557 төгрөг төлж, үлдэх үндсэн 3,752,827,127.98 төгрөгийг төлөөгүй, мөн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс 126,963,523 төгрөг төлж, 504,672,236.95 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх зээлийн дансны хуулга болон хариуцагчийн гаргаж өгсөн “Д” ХХК-ийн хараат бус аудитын тайланд дурдсан “М” ХХК-ийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл зөрүүгүй байна. Иймд хариуцагч “М” ХХК нь зээлийн төлбөрт 4,257,499,368.71 төгрөг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 111,500 төгрөгийг гаргасан болох нь баримтаар тогтоогдсон ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч “М” ХХК-аас нийт 4,257,610,865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. ...хариуцагч А- нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг хүлээх бус нөхөх хариуцлага хүлээхээр байх тул А-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. ...Талууд 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээний 3.11-д банк зээлийн хүү тооцох суурь хоногийг жилийн 360 хоногоор тооцно гэж заасан байна. ...зээлийн хүүд 1,144,307,884.96 төгрөг илүү, 2016.01.21-нд 494015774 тоот дансаар авсан 7,645,000,000 төгрөгийн зээлийн хүүд 357,560,296.80 төгрөгийг дутуу төлсөн талаар дүгнэсэн тооцооллыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар няцаагаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу зээлийн хүүд илүү төлөгдсөн 1,144,307,884.96 төгрөгөөс дутуу төлөгдсөн 357,560,296.80 төгрөгийг хасаж, зөрүү 786,747,586 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч “М” ХХК-д буцаан олгож, сөрөг нэхэмжлэлээс 425,900,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна...” гэж дүгнэжээ.

11.Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийн харилцаанд өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, хариуцагч А-ын өмгөөлөгч С нарын гомдлыг үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т  зааснаар хянан хэлэлцлээ.

12.Үндсэн нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот үндсэн болон нэмэлт гэрээний үүрэгт 3,752,827,128.76 төгрөг, 2021.06.22-ны өдрийн ЗГ/СС210622026-2 тоот зээлийн гэрээний үүрэгт 504,672,236.95 төгрөг, нийт 4,257,499,365.71 төгрөг, хохирол 111,500 төгрөг, нийт 4,257,610,865 төгрөгийг гаргуулах, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа болон баталгааны гэрээний дагуу хариуцагч А-ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2015.12.08-ны өдөр ЗГ/147 тоот Зээлийн гэрээ, мөн өдөр ЗГ/147/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус байгуулсан, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу “Х” ХК 7,645,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар Ойн хоёрдогч нөөцийг боловсруулах шахмал хавтан үйлдвэрлэх зорилгоор зээлдэгчийн дансанд шилжүүлэх, зээлдэгч “М” ХХК нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн төлөлт удааширч, хугацаа хэтрэлт үүсгэж байсан үндэслэлээр 2017.06.27-ны өдрөөс 2021.05.24-ний өдрийн хооронд ЗГ/147 тоот гэрээнд ЗГ/147-01-ээс ЗГ/147-06 гэж дугаарлан 6 удаагийн нэмэлт гэрээ байгуулсан, 2021.04.15-ны өдрийн ЗГ/147-05 тоот зээлийн нэмэлт гэрээгээр төлөгдөөгүй үлдэгдэл 6,204,541,000 төгрөгийн үндсэн зээлийг Б-ны эх үүсвэрээс Х-ны эх үүсвэр рүү шилжүүлж, тус зээлээс 3,0 тэрбум төгрөгийн зээлийг Репо дахин санхүүжилттэй зээлийн гэрээ буюу нэмэлт ЗГ/147-05 гэрээний дагуу өөрчлөлт орсон 6.2.37-р заалтын дагуу 775,000,000 төгрөгийн үндсэн зээл болон 785,685,351.77 төгрөгийн үндсэн зээлээр дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн, мөн 2021.06.22-ны өдрийн ЗГ/СС210622026-2 тоот зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай, ажлын байр дэмжих зорилгоор зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А-тай барьцааны болон баталгааны гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,250,000,000 төгрөг, үндсэн хүү 364,766,850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,261,917.81 төгрөг, нийт 1,673,028,768.63 төгрөг, ЗГ/147-05 тоот нэмэлт гэрээний 775,000,000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн хүү 198,408,491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,826,793.26 төгрөг, нийт 1,011,235,284.83 төгрөг, ЗГ/147-05 тоот нэмэлт гэрээний үндсэн зээл 785,685,351.77 төгрөг, үндсэн хүү 237,410,435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,467,288.41 төгрөг, нийт 1,068,563,075.30 төгрөг, 2021.06.22-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 394,379,897.05 төгрөг, үндсэн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611.04 төгрөг, нийт 504,672,236.95 төгрөг, бүгд 4,257,499,365.71 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 111,500 төгрөг гэж тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот үндсэн болон нэмэлт гэрээний үүргийг эс зөвшөөрч, 2021.06.22-ны өдрийн ЗГ/СС210622026-2 тоот гэрээний үүргийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

13.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...хариуцагч “М” ХХК 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг бүрэн аваагүй, ЗГ/147-05 тоот нэмэлт гэрээнд зааснаар 3,000,000,000 төгрөгийн зээлийг аваагүй болох нь нотлогдсон, уг нэмэлт гэрээнд заасан зээлийн гэрээний зориулалт тодорхойгүй, тус гэрээгээр үндсэн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг Репо дахин санхүүжилттэй зээлд шилжүүлсэн атлаа үндсэн болон нэмэлт гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй байх тул 2015.12.08-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх: “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

     14.Зохигчийн хооронд 2015.22.08-ны өдөр ЗГ/147 тоот банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Харин ЗГ/147 тоот гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, нэхэмжлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

15.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдол зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн боловч тус банкинд төлөх хариуцагчийн өмнөх зээлийн төлбөрийг суутган авсан, улмаар хариуцагч буюу зээлдэгч зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, шилжүүлсэн хөрөнгөөс 5,000,000,000 төгрөгийг тус банкинд хадгаламжийн данс нээлгэж байршуулсныг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мэдсэн боловч буцаан шаардаагүй, түүнчлэн 2 жилийн хугацаанд хариуцагчийн хадгаламжийн дансан дахь хөрөнгийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, хэсэгчлэн олгосон, мөн дахин зээл олгоогүй атлаа зээл олгосон мэт нэмэлт гэрээ байгуулсан, үндсэн болон нэмэлт гэрээний үүргийг шаардахдаа шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

Тухайлбал, зохигчийн хооронд байгуулагдсан ЗГ/147 тоот гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хүү төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн төлбөр төлөх гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх хуваарьт зөвхөн үндсэн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон, хүүгийн төлбөрийн талаар тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн тооцоолол, үндэслэл нь ойлгомжгүй гэж үзнэ.

16.Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж, 236.2-т энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан ЗГ/147-05 тоот нэмэлт гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 6,204,541,000 төгрөг гэж тодорхойлж, тус төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон атлаа энэ гэрээгээр өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, талууд үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх эсэх, эсхүл шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх эсэх нь тодорхойгүй байх тул үндсэн болон нэмэлт гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, улмаар зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй зээлдэгчийн үйлдлийг мэдсээр байж хууль болон гэрээгээр олгосон эрхээ хэрэгжүүлээгүй үйл баримтаас үзэхэд 2015.12.08-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш гэж үзлээ.

   Хэдийгээр 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл боловч нэхэмжлэгч нь энэ гэрээний үүрэгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Түүнчлэн, А-тай байгуулсан баталгааны гэрээнд зааснаар баталгаа гаргагч нь нөхөх хариуцлага хүлээхээр харилцан тохиролцсон байх тул 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот гэрээний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг А-ын өмчлөлийн хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015.12.08-ны өдрийн ЗГ/147 тоот зээлийн гэрээгээр хариуцагч нь 7,645,000,000 төгрөгийг авсан ба гэрээний үүрэгт 9,523,362,213.26 төгрөгийг төлсөн үйл баримттай зохигч маргаагүй байна.

Иймд энэ зээлийн гэрээний үүрэг төлөгдсөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

17.Харин 2021.06.22-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 504,672,236.95 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

18.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч “М” ХХК нь зохигчийн хооронд байгуулагдсан 2016.01.21-ний өдрийн 427/123 тоот хадгаламжийн гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2015.12.08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,212,647,589 төгрөгийг илүү төлсөн үндэслэлээр буцаан гаргуулах шаардлага гаргасан.

18.1.Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцжээ.

   18.2.Хариуцагчийн зээлийн төлбөрт илүү төлсөн 1,212,647,589 төгрөгийг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...“Д” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй, илүү төлсөн гэх дээрх төлбөр үндсэн зээлийн төлбөрт тооцогдсон ба хэрэгт авагдсан баримтаар үндсэн зээлийн төлбөрийг илүү төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

19.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгчээс 786,747,586 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн нь үндэслэлтэй боловч нэгэнт магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй. Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00384 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч А-ын өмгөөлөгч С-н гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г-н гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х” ХК-аас 2026.04.09-ний өдөр төлсөн 4,091,688 төгрөгийг, хариуцагч А-аас 2026.04.14-ний өдөр төлсөн 18,997,643.14 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                                 ШҮҮГЧИД                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД