Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00022

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваасүрэнгийн Алтангэрэлд холбогдох 201622000718 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шошилог Даваасүрэнгийн Алтангэрэл, 1974 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РО74071579 дугаартай,

Шүүгдэгч Д.Алтангэрэл нь  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25А-06 тоотод хамтран амьдрагч Ц.Бадамжавтай маргалдаж түүний бие махбодид зүүн шуу ясны далд хугарал, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Алтангэрэл нь  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25А-06 тоотод хамтран амьдрагч Ц.Бадамжавыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Алтангэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Бадамжав намайг хөдөө явах гэж байхад дөрвөн дугуй чинь дээшээ хараг гэж хараасан би үүнд маш их эмзэглээд уурандаа хөлөөрөө хавсараад газарт унагаасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Бадамжавийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Алтангэрэл гараараа миний нүүр рүү нэг удаа мангасдсан. Би хашааны хаалгаар Алтангэрэлийг түлхээд гартал Алтангэрэл намайг барьж аваад газарт хоёр удаа унагаасан. Газарт унахад зүүн гар маань их өвдсөн. Тэгээд маргааш нь эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна гэсэн... Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Бадамжав гэдэг хүний гар нь зүүн шуу яс хугарамтгай хэсгээр хөндлөн хугарсан, зөрөөгүй үе хоорондын зай бага зэрэг нарийссан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Гэрт хоорондоо хэрэлдээд байгаа бололтой дуу гараад байсан. Тэгж байтал Алтангэрэл гэрээсээ гараад ирсэн. Араас нь эхнэр нь гарч ирээд дөрвөн дугуй чинь дээшээ хар гэх мэтээр харааж байснаа гартаа том чулуу барьж аваад машины урд зогсоод байсан. Тэгтэл Алтангэрэл машинаасаа буугаад эхнэрээ хавсараад газарт унагаасан. Тэгэхэд эхнэр нь миний гар болохоо байчлаа гээд байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Ч.Бадамжавын биед үзлэг хийхэд зүүн гарын бугалганы дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлөгнөн боолттой байсан. Үзлэг оншилгоо болон рентген зургийг үндэслэж зүүн шуу ясны далд хугарал гэж дүгнэлтийг гаргасан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч  Ц.Нандинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 624 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Бадамжавын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ч.Бадамжавын биед зүүн шуу ясны далд хугарал, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Бадамжав нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Хохирогч Ч.Бадамжав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000718 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Шошилог Даваасүрэнгийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч                 Даваасүрэнгийн Алтангэрэлийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Д.Алтангэрэлийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 201622000718 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтангэрэлд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР