Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: П.Ц. /РД:/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Х.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжийн Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ц шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Эзэмшүүлэх гэрчилгээтэй байсан мөн лагерь дээр байшин байсан учир ийм зүйл болно гэж бодоогүй. Нэг удаа Газар зохион байгуулалтын албанд очтол хүнд өгсөн байна гээд үүнийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар ороод явж байхад захирамж нь гарч ирээгүй гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын архиваас асууж үзэхэд байсан учир шинээр нөхцөл байдал илрүүлсэн гээд дахиад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн зүгээс үнэн зөв байдлыг шийдэж өгөх байх гэж хүсэж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны үед

гаргасан тайлбартаа: ...Хүлээн зөвшөөрөх болон эвлэрэх эрх итгэмжлэлд олгогдоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч түрүүн субьектив байдлаар яриад байсан болохоор хариу тайлбар хэлсэнд аль аль талд уучлал гуйж байна. Нэхэмжлэгч нь 2007 онд гэрчилгээ Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас олгосон гэдэг нь тогтоогддог. Албан ёсоор газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гараагүй байхад гуравдагч этгээдэд олгосон. Гэхдээ 2007 оны гэрчилгээ нь 5 жилийн хугацаатай байсан ба дууссан байсан. Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь сунгуулах хүсэлтээ өгч байгаагүй юм байна. Газрын төлбөрийг төлж байгаагүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийг би анх худлаа яриад байна гэж боддог байсан боловч үнэхээр захирамж нь байдаг юм байна.

Энэ хүнд анх захирамж гарсан байна. Гэхдээ энэ хүн сунгуулах хугацаагаа алдсан. Манайхаас газар эзэмших эрхийг цуцалсан зүйл байдаггүй. Гэхдээ 2018 оны 09 дүгээр сард 189 м.кв газрыг гуравдагч этгээдэд олгосон байна.

Хүлээн зөвшөөрч байгаа зүйл байхгүй. Миний хэлээд байгаа зүйл нь 2007 онд гэрчилгээ олгогдоод хугацаа нь 2012 онд дууссан. Нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй. Үүнийг цуцлах үндэслэл бүрдсэн байсан. Гэхдээ захиргааны байгууллага нь сонсгох ажиллагаа явуулаад цуцлах ёстой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй байна. Иргэн болон захиргааны байгууллагын аль алины буруу байгаа. Шүүхийн зүгээс ямар ч шийдвэр гарсан манай зүгээс маргахгүй. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлж буй тайлбарыг сонсоод маш их харамсаж байна. Төрийн байгууллагыг төлөөлөөд оролцож байгаа. Гэтэл хэний ч талд шүүх шийдсэн бай манай зүгээс захирамж гаргаад өгнө гэдэг байдлаар ярьж байна. Ялагдсан талын эрх ашиг хөндөгдөхөөр байхад ингэж яриад байна. Газрын төлбөрөө төлөөгүй учраас эсхүл хугацаа нь дууссан тул цуцалсан юм уу гэдэг тайлбараа яриад явмаар байна. Аль талд шийдсэн бай гомдол гаргахгүй гэдэг байдлаар оролцож байгаад харамсаж байна.

Гуравдагч этгээдийн хувьд тухайн газар дээр зусланд гарч байсан гуравдагч этгээдийг гарснаас хойш өөр хүн гараагүй гэх манаачийн тайлбарыг үндэслээд холбогдох материал санал хүсэлт баримтуудаа Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байгаа. Үүнийг шалгаад бусад этгээдүүдэд давхцаагүй. Тухайн газруудад ямар нэгэн гэрчилгээ олгогдоогүй учир манай дээр гэрчилгээ гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр Газар зохион байгуулалтын албыг төлөөлж оролцож байгаа этгээд нь хэний ч талд шийдсэн бид гаргаад өгнө гээд оролцож байгаад бид харамсалтай байна.

Нэхэмжлэгчийн хувьд 2003 онд олгосон гээд байгаа гэтэл энэ хувийн хэрэг нь өнөөдрийг хүртэл олдоогүй. Мөн 400 м.кв газраас 189 м.кв газрыг нь манайд өгсөн бусад газарт яагаад гомдол гаргахгүй зөвхөн манайхтай маргаан үүсээд яваад байдаг юм бэ, 2003-2007 онд тухайн зусланд гуравдагч этгээд нь тухайн зусланд амьдардаг байсан. Үүнийхээ дагуу энэ газар хүн амьтан гараагүй гэдгийг нь тодруулж байгаад авсан. Тэгэхгүй бол нурсан амбаар шиг газарт нь ямар нэгэн тойрсон хашаа саравч байхгүй улмаас хүүхэд тоглоод дарагдаж унах, нурах аюултай зүйл үйлдэгдэж болзошгүй. Тийм учир хараа хяналт тавих гээд хүсэлт гаргаад хууль ёсоор өмчилж авсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дахин бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо /Шарга морьт/-д 400 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэн П.Цд 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0104 дүгээр гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон бөгөөд уг гэрчилгээнд газрын байршлыг тодорхой заагаагүй байна.

Харин гуравдагч этгээдэд мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьтод зуслангийн зориулалтаар 189 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгчээс 1986 онд миний аав маргаан бүхий газар дээр байгаа байшинг газрын хамт худалдаж авсан гэж, хариуцагчаас нэхэмжлэгчид газар олгосон захирамж, болон гэрчилгээний хугацаа дууссан гэж, гуравдагч этгээдээс байшин байсан гэдэгтээ маргахгүй, гэхдээ нэхэмжлэгч уг байшин, газар дээр амьдарч байгаагүй, хуульд зааснаар хүсэлтээ гаргаж газар эзэмшсэн гэж тус тус маргажээ.

Тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчид 2003 оны 131 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг нотлох баримтаар шаардахад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14/848 тоот албан бичгээр нэхэмжлэгчид газар олгож байсан баримт болон газрын хувийн хэрэг тус албанд байхгүй гэсэн хариу ирүүлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны архивд хадгалагдаж буй газрын хувийн хэрэг, газар эзэмших эрх олгосон захирамж, системийн бүртгэл зэрэгт хийсэн баримт бичгийн үзлэгээр нэхэмжлэгчид 400 м.кв газар эзэмшүүлсэн захирамж, газрын хувийн хэрэг байхгүй байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчид газар олгосон захирамж, гэрчилгээтэй холбоотой хувийн хэрэг байхгүй, тухайн газрыг газарт бэхэлсэн нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг бүртгэлгүй, захирамж, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд үгүйсгэхгүй бөгөөд шүүхээс гуравдагч этгээдээс түрүүлж нэхэмжлэгчид маргаан бүхий газрын эзэмших эрх үүссэн байна гэж дүгнэлээ.

            Учир нь нэхэмжлэгчээс миний аав маргаан бүхий газар дээр байгаа байшинг худалдаж авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн захирамж, гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гараагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс байшин байсантай маргахгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь садан төрлийн хүмүүс байсан гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр мэдүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2.4-д Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/, 6.3.1-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас гуравдагч этгээдэд газар олгохдоо дээрх хууль, журамд заасан процесс ажиллагааг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүйгээс маргааны үйл баримт эхэлжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй газар дээр зуны модон байшин байрлаж буй бөгөөд тухайн байшин хэний эзэмшил, өмчлөлд байгаагаас үл хамаарч дээрх урьдчилсан нөхцөлүүдийг судлах ёстой байсан бөгөөд уг ажиллагааг хийлгүй гуравдагч этгээдэд газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан П.Цгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжийн Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

       

ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ