Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/1408

 

 

 

 

 

 

     2020           11             05                                      2020/ДШМ/1408

 

 

Г.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ЦШТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2003 00073 0099 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 05.50 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “World Korea Group”-ийн зүүн талын замд ... улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоёота Премио” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч Ж.А-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.А-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч Д.Ц-аас 7.103.308 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-т олгож, У.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.098.461 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А давж заалдсан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч У.Б-ийн нэхэмжилсэн 35 сая төгрөгийн хохирлоос одоогоор 25 сая төгрөгийг барагдуулаад байна. Мөн У.Б-ийн бага охин А.А-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шүүхээс тогтоосны дагуу өгч байх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Би ах, эгчээ алдсан айлын бага буюу ганц хүү бөгөөд хөдөлмөрийн чадамж алдсан, группэд байдаг аав Н.Г, 2019 онд хорт хавдрын хагалгаанд орсон ээж С.Э нарыг асран халамжилж, хамт амьдардаг. Ээж, аав минь эмчийн байнгын хяналтанд байдаг, өндөр настай тэдний амьдрал биеийн байдалд санаа зовж байна. Учир нь манай гэр бүл миний буюу ганц хүний орлогоор амьдарч, аав ээжийн шаардлагатай эмчилгээ, асаргааны зардлыг хангадаг байсан. Аав, ээжийгээ асран халамжлах мөн хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн хохирлыг гүйцээж барагдуулах мөнгөн хуримтлал надад болон манай гэр бүлд одоогоор байхгүй. Хохирогч У.Б болон түүний бага охин А.А-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 15.237.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 120 сарын хугацаанд сар бүр 126.975 төгрөг төлөх, мөн үлдсэн хохирлыг барагдуулахад хөдөлмөр эрхлэх бодит шаардлага үүсч байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг цаг хугацаанд нь барагдуулах боломж олгож оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаас гаргуулахаар заасан 7.105.000 төгрөгийг Г.А болон түүний гэр бүлийн зүгээс төлж барагдуулсан Хаан банкны орлогын баримтын хуулбарыг гаргаж өгч байна. Мөн иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ буюу “боловсрол хүүхдийн ирээдүй” гэсэн хүүхдийн хадгаламжийн гэрээг Г.А-ын ар гэрийн зүгээс талийгаачийн охин болох А.А-ийн нэр дээр нээлгэж сар болгон мөнгө байршуулж байгаа. Энэ гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгч байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-ийн бичиж өгсөн хүсэлтэд “Шүүгдэгч Г.А болон түүний ар гэрийн зүгээс манай гэр бүлээс уучлалт гуйсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр гэж 25.000.000 төгрөг төлж барагдуулсан. Мөн миний охин А.А-ийн нэр дээр Хаан банкинд 18 нас хүртэлх хугацаатай хадгаламжийн данс нээж өгсөн. Иймд бидний зүгээс шүүгдэгч Г.А залуу хүн, цаашид тусалж дэмжинэ гэдэгт итгэж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй, гомдолгүй.” гэсэн байна. Мөн Г.А давж заалдсан гомдолдоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг дурдсан шалтгаан нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өмнө нь нэхэмжилснийг Г.А хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.А нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэсэн хэдий ч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохироосон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцох үед хохирол төлбөр бүрэн барагдаагүй, хохирогчийн ар гэрийн зүгээс гомдолтой байсан. Шүүх хуралдааны дараа хохирол, төлбөр болох 7.105.000 төгрөгийг төлж хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол, саналгүй гэсэн хүсэлт гаргасан байна. Иймд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Г.А-д холбогдох хэргийн нотлох баримтыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 05.50 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Korea Group”-ийн зүүн талын замд ... улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоёота Премио” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг автомашинаар мөргөж, улмаар уг тээврийн хэрэгслийн жолооч Ж.А-ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-ийн: “...Тээврийн цагдаагийн албанаас дээр болсон талаар лавлахад таны нөхөр зам тээврийн осолд орж өөд болсон байна гэж хэлэхэд нь ослын талаар мэдсэн...” /1 хх 31/,

гэрч Ц.Э-ын: “...2020 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 06 цаг 05 минутын үед дуудлага мэдээллийг хүлээн авч 06 цаг 10 минутын үед хэргийн газарт алаг машинтай очиход “Тоёота Премио” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлийн нэг, хоёрдугаар эгнээнд ертөнцийн зүгээр баруун чигт харсан маягтай, уг машины жолооч нь ухаангүй жолооны хүрд дээрээ сууж байсан. Харин “Мерседес Бенз” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй нэг болон хоёрдугаар эгнээнд ертөнцийн зүгээр баруун чигт харсан байрлалтай тус тус зогсож байсан. ...” /1 хх 122/,

гэрч Ч.А-ийн: “...2020 оны 1 дүгээр сарын 16-ны 05 цаг 45 минутын үед зүүн талын төв зам дээр хоёр машин мөргөлдөх чимээ гарч бид хоёр цонхоор харахад 2 машин зам дээр мөргөлдсөн байсан. ...” /1 хх 123/,

гэрч Д.О-ы: “...2020 оны 1 дүгээр сарын 16-ны үүрээр 04-өөс 05 цагийн үед “Суруга” төв дээр хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхад зүүн талын зам дээр осол болсон. ...Бенз загварын автомашин жижиг суудлын автомашинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан харуул Алтанцоожийн хамт ослын газарт очсон. Ослын газарт очиход “Бенз” загварын автомашины жолооч залуу “би хүн дайрчихлаа, туслаарай” гээд орилоод байсан. Уг залуу архи уусан, нэлээд согтуу байсан. Алтанцоож нөгөө жижиг автомашины жолооч дээр очоод, амьд байна уу гэдгийг хамар дээр нь гараа тавьж амьсгалж байгаа үгүйг шалгаад, амьсгалахгүй байна, үхсэн юм шиг байна гээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. ...” /2 хх 248-249/,

иргэний хариуцагч Д.Ц-ын: “...2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед миний найз залуу болох Г.А нь надаас “би гадуур ажил хөөцөлдөөд ирье” гэж хэлээд машиныг минь авч явахдаа зөвшөөрөл аваад явсан. Тухайн үед эрүүл байсан. ...” /1 хх 108/,

шүүгдэгч Г.А-ын: “...бид нар хүний нэг, нэг ширхэг 0.33 грамм пиво захиалж уугаад, юм яриад суусан. ...би цагаа хартал 05 цаг 30 минут болж байсан юм. ...Миний утасны цэнэг дууссан байсан. Тэгээд би унтаад сэрсэн болохоор нь гайгүй байх гэж бодоод машинаа бариад гэр рүүгээ харихаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байх үед “И-Март” худалдааны төвийн уулзварын зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байсан учраас хурдаа хасалгүйгээр тэр чигээрээ нэвтэрч ороод явж байтал зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд суудлын саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь явж байснаа гэнэт огцом зүүн гар тийшээ дарсан. Би харсан даруйдаа тормозоо гишгэж зүүн гар тал руугаа дарсан боловч машиныхаа урд хэсгээр тухайн машины зүүн хэсэг рүү мөргөсөн юм. ...Би 3 бакал пиво уусан. ...” /1 хх 115-117/ гэсэн мэдүүлгүүд,

“Г.А /25/эр I/16 13-45” гэж хаягласан шээсэнд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №634, 637 дугаартай /1 хх 133, 137/,

Талийгаач Ж.А-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний нэг, хоёрдугаар нугалмын мултрал, нугасны дарагдал, шахагдалт, нугасны няцрал, цус хуралт, тархины багана хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, эдийн няцрал, зүүн талын 1-ээс 6 дугаар, баруун талын 1-ээс 4 дүгээр хавирганы шууд бус хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, дотор эрхтний доргилт, холбоосны цус хуралт, баруун хацар, эрүү, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №313 дугаартай /2 хх 7-17/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №677 дугаартай: “...дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагаар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны 05:34:22 цагт “Тоёота Премио” загварын автомашиныг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс эсрэг урсгал руу зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байх үед зорчих хэсгийн үргэлжилсэн шугамын голд “Мерседес Бенз” загварын автомашин “Тоёота Премио” загварын автомашины зүүн талын хаалганы хэсэг рүү мөргөж байгаа дүрс дүрслэгдсэн байна.” /2 хх 22-29/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №840 дугаартай: “Мерседес Бенз загварын ... улсын дугаартай автомашин ослын өмнө 112.5 км/цаг хурдтай явж байсан байна.” /2 хх 39-41/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №128 дугаартай: “Г.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ойлгон удирдах чадвартай байсан байна. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байна. Г.А нь болсон байдлыг тусган авч мэдүүлэх чадвартай байна. Г.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.” /2 хх 46-47/,

 Мерседес Бенз” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.А нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

“Тоёота Премио” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчсөн гэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №127 дугаартай /2 хх 110-112/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №1660 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн нөхөн үзлэгийн материалд үндэслэн туулсан зай, зарцуулсан хугацаа тодорхой, өөрчлөгдөхгүй тул хурд болон тооцоолол хийсэн аргачлалд өөрчлөлт орохгүй. Нөхөн үзлэгээр хэмжилт хийсэн “4”-өөс “5” хүртэлх зай нь тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх “А” цэгтэй хамааралгүй тул “4”-өөс “5” хүртэлх зайг туулсан “Мерседес Бенз Жи класс” загварын ... улсын дугаартай автомашины хурдад өөрчлөлт орохгүй” /2 хх 195/ гэсэн дүгнэлтүүд,

Эрх бүхий байгууллагаас тухайн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, гэмтлийг тогтоосон үнэлгээ /1хх 141-148, 150-152/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 3-17, 2 хх 32-37, 198-204/ цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19-22/, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.А-ыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ж.Амаржаргалын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ын согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж жолооч Ж.А-ын амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, уг зүйлд зааснаар шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-т хохиролд мөрдөн байцаалтын шатанд 25.000.000 төгрөгийг, шийтгэх тогтоолоор хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 7.103.308 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ оршуулгын ажилд гадаадаас ирсэн хоёр хүний онгоцны тийзийн үнэ болох 1.979.500 төгрөг, мөн амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан 3.098.461 төгрөг, нийт 5.077.961 төгрөгийн дүн бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас “3.098.461 төгрөгийг хэрэгсэхгүй болгож”, шийдвэрлэснийг энэхүү магадлалаар зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...3.098.461 /гурван сая есөн зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг...” гэснийг “...5.077.961 /таван сая далан долоон мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ