Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2026/00140

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2026/00685 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“КБ” ХК-д холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл, алданги 108,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Т” ХХК нь “КБ” ХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл, алданги 108,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “КБ” ХК-аас 108,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “КБ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 700,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2026/00685 дугаар магадлалаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “КБ” ХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөг, нийт 108,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Манай компани “КБ” ХК-д удаа дараа хандаж, төлбөрөө төлөхийг сануулсан ч тодорхой хариу өгдөггүй байсан, 2025 оны 02 дугаар сард шуудангаар албан мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгөөгүй, энэ үйл баримтын талаар хариуцагч тал 2 шатны шүүх хуралдаанд маргаагүй, албан мэдэгдэл ирснийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл давж заалдах шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлт хэлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг гэнэт хөндсөн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн мэтгэлцэх болон хариуцагч талын тайлбар, татгалзалд холбогдох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл магадлалд “хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гарган мэтгэлцсэн” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00622 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч “Т” ХХК нь “КБ” ХК-д холбогдуулан 108,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2020.07.08-ны өдөр 20/212 дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулан “Дижитал банк” гэх 2000 оноос дэлхий нийтэд хөгжиж байгаа мэдээллийн технологид суурилсан банк санхүү болон бусад бизнесийг уялдуулсан цогц шийдлийг хэрхэн хөгжүүлэх, тухайн зах зээлд ашигтай шийдэл, бизнес модель, бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийн технологи, өрсөлдөөнийг бүх талаас нь тодорхойлсон бичиг баримт боловсруулж өгөх зэрэг гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн. Төслийн үр дүнд хариуцагч талд 2021-2024 онд үйл ажиллагааны томоохон өөрчлөлт гарсан. Гэвч гэрээний төлбөрийн үлдэгдэл 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 3.1-д зааснаар 2020.07.20-2020.11.20-ны хооронд ажил гүйцэтгэж, 2020.12.02-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээний үүргийг хангуулахаар 2025.02.13-ны өдөр албан тоот хүргүүлэхэд хүлээн авсан ч хариу өгөөгүй...” гэж тайлбарласан.

8.Хариуцагч “КБ” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу боловсруулсан төлөвлөгөө, баримт бичгийг үндэслэн шинэ систем, төслийг зах зээлд нэвтрүүлэх боломжгүй байсан тул “К 2.0 Дижитал банк” төсөл зах зээлд нэвтрээгүй. Мөн 2020.12.02-ны өдрийн 20/454 тоот гэрээ дүгнэх актад ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхойгүй, “сургалт, воркшоп, зөвлөгөөний гүйцэтгэл” хэсэгт ажлын гүйцэтгэлийг 60 хувь, 70 хувь гэж бичсэн, гүйцэтгэлийг 100 хувь гэж үнэлээгүй атлаа гэрээ дүгнэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй зэрэг агуулгын хувьд зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй ажил хүлээн авсан зэрэг зөрчил илэрсэн. Энэ ажилд хяналт тавьж, гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан Цахим банкны хэлтсийн захирал Б.О гэх хүн нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-тай гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг хожим мэдсэн. Иймээс гэрээ дүгнэсэн акт хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх боломжтой ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ; “…талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ дүгнэсэн актын 6-д төсөлд хамаарах бүхий л баримт бичгийн цаасан болон цахим хувилбаруудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь 2020.12.02-ны 10/454 дугаартай гэрээ дүгнэсэн акт, түүний хавсралтуудаар тогтоогдож байна, хариуцагчийн ажилтан Б.О-г нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-тай гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй гэх тайлбар нь Б.О-н 2025.09.22-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаагаар няцаагдаж байх тул гэрээ байгуулах үед ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх баримт тогтоогдоогүй, гэрээний 3.5.2.5-д заасны дагуу уг хугацаа 2021.11.08-ны өдөр дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2025 онд эрх зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “…анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөр шаардах эрх үүссэн хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т нийцээгүй. Гэрээнд зааснаар төлбөр төлөхийг шаардах эрх 2021.11.08-ны өдрөөс үүсэх бөгөөд үлдэгдэл төлбөрийн талаар шаардлага гаргах хугацаа мөн зүйлд зааснаар 2024.11.08-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч 2025.05.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй…” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар ижил дүгнэлт хийсэн ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар харилцан адилгүй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

12.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

12.1.Талууд 2020.07.08-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулж, уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч “Т” ХХК нь банкнаас томилсон багтай хамтран гэрээний хавсралт 1-д тусгасан төлөвлөгөөний дагуу ажиллах,

- “К 2.0” дижитал банк төслийн бодлогын баримт бичиг болох Бизнес модел, Бүтээгдэхүүний концепци-төлөвлөгөө, Системийн архитектур-техникийн шаардлага, Үйл ажиллагааны модел, санхүүгийн тооцооллыг боловсруулах, шаардлага хангасан байдлаар заасан хугацаанд банкинд бэлтгэж өгөх,

- төсөлд хамаарах этгээдийн удирдлагын стратегийг боловсруулж төлөвлөлт, гүйцэтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх,

- банкны хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг, ажилтнууд, банк талын багийн гишүүдэд засаглалын зөвлөгөө, сургалт танилцуулгыг хийх үүргийг хүлээж, “КБ” ХК нь гэрээгээр тохиролцсон хөлс ажлын төлбөр 362,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон,

12.2.Гэрээний урьдчилгаанд хариуцагч “КБ” ХК 2020.07.09-ний өдөр 362,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний 40 хувь болох 144,800,000 төгрөг, 2020.09.11-ний өдөр 20 хувь болох 72,400,000 төгрөг, 2020.10.16-ны өдөр 10 хувь болох 36,200,000 төгрөг, 2020.12.04-ний өдөр 10 хувь болох 36,200,000 төгрөг, нийт гэрээний үнийн дүнгийн 80 хувь буюу 289,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.

12.3.Нэхэмжлэгчээс 2025.02.14-ний өдөр хариуцагчид гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй.

13.Талууд гэрээ байгуулагдсан болон ажлын явц үр дүнг баталгаажуулсан, төлбөрийн ихэнх хэсэг төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангасан эсэх, гэрээ дүгнэсэн ажилтан нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар маргажээ.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, ажлын хөлсийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтай уялдуулан дүгнэсэн нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

15.Ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын чанар гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

15.1.Нэхэмжлэгч “Т” ХХК нь “К 2.0 Дижитал банк” төслийн бодлого, стратеги тодорхойлох, баримт бичиг боловсруулах ажлын төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэж, 2020.12.02-ны өдөр гэрээ дүгнэсэн актад “КБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.А, тус банкны Мэдээлэл технологи, цахим банк хариуцсан дэд захирал Б.Ч нар гарын үсэг зурсан ба уг актад “... “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, банк нь гэрээний 3.5.2.5-д зааснаас бусад үүргийг биелүүлсэн, төсөлд хамаарах бүхий л баримт бичгийн цахим болон цаасан хувилбаруудыг банканд хүлээлгэн өгсөн” тухай тусгагдсан, ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээ, төслийн файлуудыг хавсралтаар хүлээлцсэнийг баталгаажуулсан.

15.2.Мөн хариуцагч талаас төслийн менежер Б.О нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-тай гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж маргасан боловч дээрх гэрээ дүгнэх акт үйлдэх үед Б.О, Н.Б нар гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээ дүгнэснээс хойш бий болсон нөхцөл байдал нь уг актыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

15.3.Гэрээний 2.2-т зааснаар төслийн ажлыг банк талын ажлын байранд болон зөвлөх талын ажлын байранд хийж гүйцэтгэхээр тохиролцсон, ийнхүү ажилласан талаар талууд маргаагүй, энэ тухай гэрэл зураг хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талын үзлэг хийлгэх хүсэлт шийдвэрлэх үед “КБ” ХК-д дижитал шилжилт хийгдсэн талаар хариуцагч зөвшөөрсөн тайлбар өгсөн, төслийн ажлын төлөвлөгөөнд заасан үе тус бүрийн дараа төлбөрүүд хийгдэж байсан, гэрээний хэрэгжилтийн явцад болон гэрээ дүгнэсэн акт үйлдэж, нэхэмжлэгчээс 2025.02.14-ний өдөр хариуцагчид шаардлага хүргүүлэх хүртэл хугацаанд ажлын явц үр дүнгийн талаар захиалагчийн зүгээс ямар нэгэн гомдлын шаардлага, татгалзал гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хоёр шатны шүүх адил дүгнэлт хийсэн.

15.4.Иймд нэхэмжлэгч ажлын үр дүнг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

16.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч 2025.02.14-ний өдөр эрх зөрчигдсөн тухай мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх үлдэгдэл төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хууль хэрэглээний зөрүү үүссэн байна.

17.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолдог. Энэ үе хүртэл тухайн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаагүй.

Талууд шүүхэд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдүүлж маргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх нь талуудын зарчимд нийцэхгүй.

18.Нэхэмжлэгч “Т” ХХК нь дээрх 2025.02.14-ний өдрийн хариуцагчид хүргүүлсэн шаардлагын хариуг аваагүй тул 2025.05.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаагаар татгалзал, тайлбар гаргаагүй, 2025.12.25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлэхэд шинээр гаргах нотлох баримт байхгүй болохоо илэрхийлснээр шүүх хуралдаан үргэлжилж, шүүх нотлох баримтыг шинжлэн судалж дууссан ба шүүх хуралдаан завсарлахын өмнө хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй байна.

19.Гэрээ дүгнэсэн акт, гэрээний 3.5.2.5-д зааснаар үлдэгдэл ... 72,400,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 16 сарын дараа төслийг зах зээлд нэвтрүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцсоноос тооцоход 2021.11.08-ны өдрийн дотор хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч гэрээний 3.5.2.5-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч 2025.02.14-ний өдөр хариуцагчид төлбөр гүйцэтгэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн, хариуцагч үүнийг хүлээн авсан талаар маргаагүй, ердийн боломжит хугацааны дотор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эс зөвшөөрсөн тухай хариу явуулаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан “дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэх” зарчмаар тайлбарлавал шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй.

Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй.

20.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч 2025 онд баталгаат шуудангаар хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй, хариуцагч тал шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс нотлох баримт шинжлэн судалж дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар гаргаагүй, шинээр татгалзлын үндэслэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.

21.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй, гэрээнд заасан тул алданги шаардах эрхтэй гэж дүгнэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2026/00685 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХХК 2026.04.22-ны өдөр 700,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Н.БАЯРМАА

            ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.УНДРАХ

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД