Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00023

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч П.Итгэл,

Иргэний нэхэмжлэгч М.Алтантуяа,

Шүүгдэгч Н.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намхайдагвын Батбаярт холбогдох эрүүгийн 201622000326 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Зураач Намхайдагвын Батбаяр, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн 15-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ86101372 дугаартай,

Шүүгдэгч Н.Батбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 26-08 тоотод оршин суух иргэн Н.Батсайханы байшинд нэвтэрч “Наiеr” брендийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 26-08 тоотод оршин суух иргэн Н.Батсайханы байшинд нэвтэрч “Наiеr” брендийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Батбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Би дүүгийнхээ сууцны байшингийнх нь хужаа цоожийг эвдэж ороод 42 инчийн Haier маркийн телевизорыг авч гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манай алдагдсан телевизор нь Наiеr маркийн 42 инчийн зурагт байсан....Миний төрсөн ах Батбаяр хаалганы цоожийг эвдэж ороод телевизорыг аваад 10-р хороонд Түвшинмандал дэлгүүрт барьцаанд тавьсан байсан. Одоо би гомдолгүй байна, алдсан зүйлээ буцааж авсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Алтантуяагийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "…Батбаяр гэх залуу 42 инчийн Наiеr маркийн телевизор тэвэрч орж ирээд манай эхнэрийн бие муу байна. Эмчилгээнд явуулах гэсэн юм гээгээд гуйгаад байхаар 350.000 төгрөг өгч телевизорыг нь авч үлдсэн. Би Батбаяр гэх залуугаас 350.000 төгрөгөө гаргуулж авмаар байна…" гэх мэдүүлэг,

Гэрч О.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Н.Батбаяр дүүгийнхээ гэрээс телевизорыг нь авч явсан юм шиг байна лээ. Батбаяр нь дүү Батсайханыдаа амьдарч байсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн  11-12 дугаар  хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,

      Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 16 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000326 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Н.Батсайхан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба харин шүүгдэгч Н.Батбаяраас 350.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Алтантуяад олгох зүйтэй байна.  

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Зураач Намхайдагвын Батбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Намхайдагвын Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Н.Батбаярын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     4. Эрүүгийн 201622000326 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Батсайхан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Батбаяраас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн 10 дугаар багийн 15-13 тоотод оршин суух Мягмаржавын Алтантуяад олгосугай.

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР