| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1179 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1179
2024 11 01 2024/ШЦТ/1179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Ариунцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд,
шинжээч Б.Х,
иргэний нэхэмжлэгч Д.Б,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ...... овогт Г.Г-т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Р зочид буудалд угтагчийн ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
......... овогт Г.Г /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоот хохирогч Д.Х-гийн гэрийн үйлчлэгчээр ажиллах хугацаандаа тус гэрээс хохирогч Д.Х-гийн эзэмшлийн 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, булган шуба, цүнх, эрэгтэй хүний хослол, цагаан алтан бугуйвч, цагаан алтан цаг, гинж, бөгж, ноолууран пальто, алмаз шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 484,318,791,78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Энэ хэргийг хийсэндээ харамсаж, гэмшиж байгаа. Цаг хугацааг буцаадаг бол яах гэж ийм юм хийв дээ гэж хийсэн өдрөөсөө хойш харамсаж байгаа. Би хэргийг хурдан олдоосой, хурдан дуусаасай гээд мөрдөгчид тухайн үед хурдан ломбардуудаа зааж өгсөн. Одоо хүртэл би хохирогчийн төлбөрийг төлж барагдуулаагүй л явна. Энэ алдагдсан эд зүйлс дотор миний аваагүй хараагүй эд зүйлс их байгаа. Эд материалууд ямар нотолгоогоор нотлогдож би авсан гэж нотлогдсон гэдгийг асуухыг хүсэж байна. Ломбардад тавьсан эд зүйлсийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөрдлөгийн явцад мөрдөгчид аваагүй эд зүйлс юу нэмэгдээд ирсэн гэдэг талаар хэлж, асууж байсан. Юугаар намайг авсан гэж нотолсон талаар асуумаар байна. Би өөрөө авсан гэдгээ баталж гарын үсэг зурсан эд зүйлээ төлнө”.....эрэгтэй хослолыг надаар бэлдүүлээд Солонгос авч явж байсан. Сувдтай бөгжийг зүүдэг байхыг нь би мэднэ харж байсан. Тэр цүнх пальто зэргийг харж байгаагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэхдээ: “Г.Г манай байгууллагаар сүүлийн 3 жил үйлчлүүлж байна. Өнгөрсөн 12 дугаар сард прокурорын зөвшөөрлөөр хураах зөвшөөрөл гэсэн юм ирсэн. Би гэрээсээ очиж эд зүйлийг хураалгасан. Тухайн үед 9,802,200 төгрөг байсан. Одоо 3 удаагийн төлөлт хийж 6,808,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Манай зүгээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Энэ хүн их муухай зүйл хийсэн байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Х мэдүүлэхдээ: “........” компанийг 2012 онд үүсгэн байгуулсан. Б-ийн Х гэдэг. 2007 оноос хойш Хөрөнгийн үнэлгээний салбарт ажиллаж байна. Сангийн сайдын тушаалаар хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөл аваад ажиллаж байгаа компани. Хөрөнгийн үнэлгээ хийх хууль 2010 онд батлагдсан. 2022 онд шинэчлэн найруулагдсан байдаг. Энэ хуулиар хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрлийг өмчийн төрөлд олгож байгаа. Хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөлтэй 300 байгууллага Монгол улсад байдаг. Эдгээр хүмүүс хөрөнгийн үнэлгээний зөвшөөрлийг Сангийн сайдын тушаалаар эрх нь олгогдсон. Өмчийг үнэлэхэд тэр дундаа эртний эдлэл, үнэт эдлэл, бусад эд зүйлийг үнэлэх асуудал дээр эд зүйлийн онцлог, үнэлгээний зориулалт гэсэн зүйлсийг харгалздаг. Манай компани шүүхийн нэхэмжлэлтэй энэ ажил дээр Баянзүрх дүүргийн мөрдөгчийн тогтоолоор тогтоогдож ажиллаж, судалгаа хийж үнэлгээний дүгнэлт гаргасан. Ямар аргаар гаргасан гэхээр хөөрөгний хувьд 50 сая төгрөгөөр хэдэн жилийн өмнө 3 хөөрөг авсан гэж хэлж байсан. Гэхдээ өмнөх үнэ ханшийг харгалзаж үзээгүй. Хөөрөгний том жижгийг амны том жижгээр тогтоодог. Гэхдээ алга болсон тул дунд гарын хэмжээгээр “Их хаадын чулуу”, Сарны титэмд байдаг “Монгол хөөрөг” хөөрөгний худалдаа чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийн жишиг үнийг харгалзаж тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний талаар Олон улсын стандартад 3 жишиг аргаар буюу зах зээлийн, өртгийн хандлага, орлогын хандлага гэсэн гурван хандлагаар үнэлдэг. Үнэлсэн хөрөнгүүд дээр зах зээлийн жишиг үнийн арга тохиромжтой байсан тул сонгож ашигласан байгаа. Хөрөнгийн үнэлгээ нарийсаад явж байгаа тохиолдолд Монгол банкинд байгаа Эрдэнэсийн сангийн хөрөнгийг л Монгол банкны Эрдэнэсийн сангийн тусгай шинжээч үнэлдэг. Би дүгнэлтдээ энэ өвлөж ирсэн, эртний гэдгийг харгалзаж үзээгүй гэдгээ бичсэн байгаа. Хэрэв харгалзан үзсэн бол үнэлгээ илүү өснө. Үнэлгээний Олон улсын стандартын 104 дүгээрт байдаг үнэлгээний тэгш шударга зарчмын үндсэн дээр зах зээлийн жишиг үнийг харгалзаж, авч ашигласан. Хэрэв үнэ дамжсан эд зүйл бол тэрийг үнэлэх боломжгүй гэдгийг би дүгнэлтдээ дурдсан байгаа. Шинжээчийн шинжилгээ хийлгэхдээ асуусан тогтоол байгаа. Тэрэн дээр хаана үйлдвэрлэсэн, ямар брэнд гэдэг асуулт байсан. Энэ нь үнэлж байгаа эд зүйлийн үнэлэх дээр маргаан байхгүй гэж үзээд эд зүйлийг үйлдвэрлэж байгаа брэндийн адилтгах эд зүйлийн жишиг үнийг харгалзсан. Өөрөөр хэлбэл тухайн үнэт эдлэлийн үнэ, чулуу, металын сорьц, цагаан алт зэрэг нь ижил үзүүлэлттэй хөрөнгүүдийн жишиг үнийн мэдээллүүдийг ашиглаж гаргасан тул нэхэмжилж байгаа талын худалдаж авдаг эх сурвалжтай адилхан эх сурвалж ашигласан. Алдсан гэх зүйлсийн зураг байхгүй байгаа байх. Би эдгээр хувцаснуудыг үнэлэхдээ “Г” компанийн ижил барааны зургийг тавьж үнэлгээ гаргасан. Үнэлгээн дээр ашиглалтын биет эдэлгээг тогтоох боломжгүй. Хувцаснуудын хувьд худалдаж авсан гэх мэдээлэл байсан тул эдэлгээний элгэдлийг тооцож үнэлсэн. Хувцасны хувьд шинэ хувцасны үнэлгээгээр үнэлээгүй гэсэн үг” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
- Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд маргааш орой нь болох шинэ жилийн үдэшлэгт бэлдэж өөрийн гэртээ байхдаа гоёл чимэглэлийн хэрэгсэл болон гутал, цүнх, хувцас зэргийг бэлдэж 2 давхрын нийтийн өрөөнд байрлуулж орхиод маргааш өглөө нь буюу 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутад манай гэрийн үйлчлэгч Г ирсэн юм. Би Г-ийг 09 цаг 30 минутад өрөөндөө дуудаад 2 давхрын нийтийн өрөөнд байгаа миний цүнхтэй хувцасыг грашид байгаа машинд хийчих гэж хэлсэн ба би машиндаа жолооч Х-ын хамт явж байгаад шинэ жилийн үдэшлэгт 16 цаг 50 минутад хүлээн авалтын танхимд очоод хувцсаа сольж өмсөөд өөрийн “..” брендийн бугуйн цагийг уутнаас нь гаргах гэтэл байхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сард манай гэрийн 1 давхрын тавиур дээр ил байсан эмэгтэй хүний цагаан алтан 2 ширхэг бөгж алдагдсан байсан. Мөн манай нөхөр Б-ны хар хөх өнгийн ноолууран хослол 2023 оны 10 сараас 11 сарын хооронд алга болсон байсан. Г анх 2023 оны 09 дүгээр сарын эхээр анх манай гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. ...Би алдагдсан эд зүйлсээсээ 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цагаан алтан бугуйвч, 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цагаан алтан цаг, нийт 2,000,000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг монетон гинж зэргийг хүлээн авсан. Анх алдагдсан эд зүйлсээс олж аваагүй байгаа нь гэвэл анх 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж бодож байсан боловч тайвширсан хойноо бодоход 30,000,000 төгрөгөөр авч байсан “V” брэндийн 1 ширхэг цагаан алтан бөгж, алмазан шигтгээтэй 2 ширхэг угсрагдаад 1 болдог бөгжийг өмнө нь 30,000,000 төгрөг гэж бодож байсан боловч сүүлд бодож үзэхэд 80,000 доллар буюу Монгол мөнгөөр 260,000,000 орчим төгрөгөөр авч байсан. Мөн манай нөхрийн 2022 онд “G” брэндээс 1,500,000 төгрөгөөр авч байсан ноолууран хослол олдоогүй байгаа. Сүүлд cap шинийн үеэр золголт хийхээр хөөргөө хайж үзэхэд манай нөхрийн бор өнгийн мана чулуун, томдсон шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, миний хэрэглэдэг алтан утаст болор чулуун, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, хурганы хар хөх өнгийн саарал судалтай, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, 2019 онд Бүгд Найрамдах Солонгос улсаас 20,000,000 төгрөгөөр авч байсан цайвар булган шуб 1 ширхэг, 10,000,000 орчим үнэлгээтэй сувдан шигтгээтэй шар алтан бөгж 1 ширхэг зэргийг алга болсоныг мэдсэн. Нөхөр бид хоёрын алдагдсан хөөргийг 2008 оны үед нийлүүлээд 50,000,000 буюу одоогийн ханшаар 160,000,000 төгрөгөөр авч байсан. Хүргэний хөөрөг бол 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Мөн хар хөх өнгийн 5,000 долларын үнэтэй “C” брэндийн цүнх зэрэг эд зүйлс сүүлд алга болсныг мэдээд байна. Би гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Г-т гэрийн өдөр тутамд хэрэглэдэг гоёл чимэглэлийн зүйл болон өмсөх хувцсаа хаана байдаг талаар зааж өгсөн. ...манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Г.Г-ийн ажиллаж байх хугацаанд олон тооны зүйл алга болсон. Сүүлд 4 ширхэг мөнгөн аяга, шар алмазан шигтгээтэй ээмэг, 2 талаараа өмсдөг “G” брэндийн хар, саарал өнгийн пальто зэрэг алга болсныг сүүлд мэдсэн. Манайд 15 орчим мөнгөн аяга байдаг. Ихэвчлэн хүмүүс бэлгэнд өгсөн мөнгөн аяганууд байдаг. Алдагдсан 4 ширхэг мөнгөн аягийг яг хэзээ хэн өгсөн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй болохыг хэлж мэдэхгүй байна. Шар алмаазан ээмгийг би 2016 онд Франц улсаас 50,000,000 төгрөгөөр авч байсан. “G” брэндийн пальтог захиалгаар 3,000,000 төгрөгөөр хийлгэж байсан. Дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12, 55-56, 2хх-ийн 27-28 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оноос хойш манай барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаа иргэн байгаа юм. 2023 оны 12 дугаар сард идэвхитэй үйлчлүүлж байсан. Би царай төрхийг нь мэддэг болтлоо таньдаг болсон. Цэцгэн хэлбэртэй цагийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,100,000 төгрөгөөр барьцаалсан, гарын монетон бугуйвч 12 дугаар сарын 31-ний өдөр 3,400,000 төгрөгөөр, 2 ширхэг хүзүүний гинж 12 дугаар сарын 1-ний өдөр 2,600,000 төгрөгөөр барьцаалсан. Дээр дурьдсан эд зүйлсээ манайхаас аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дахь тал/,
- Яллагдагч Г.Г-ийн ХААН банкин дахь 5064565405 тоот дансны хуулга /1хх-ийн 210-226 дахь тал/,
- Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдийн 13 цагийн орчимд Г.Г гэх эмэгтэй орж ирээд 2 ширхэг хөөрөг үзүүлээд 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. Манай нөхрийнх байгаа юм удахгүй авчихна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхээр нь би 2 ширхэг хөөргийг нь үзэхэд хүсэж байгаа мөнгөн дүнг нь гаргаж өгөх боломжтой хөөрөгнүүд байсан. Тэр 2 хөөрөгний нэг нь шинэ цагийн мана, томдсон шүрэн толгойтой, толгой нь өмнө нь хагарч байсныг янзалсан байдалтай алтан нуухтай хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь алтан үст болор чулуун жижиг шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг байсан. Би Г гэх эмэгтэйгийн 2 хөөргийг 21 хоногийн хугацаатай барьцаанд авч, 10,000,000 төгрөгийг өөрийн ашигладаг ХААН банкны ***** дугаарын данснаас шилжүүлсэн. ...1 удаа сунгалтаа хийлгэсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны орчим Г.Г над руу залгаад би 2 хөөргөө авч чадахгүй болчихоод байна. Танайд алдсанаас зарчихмаар байна. Таньдаг хүн байвал зараад өгөөч гээд байн байн яриад байхаар нь би хүний юм зарж өгөхгүй ээ та өөрөө ирээд зургийг нь аваад зар тавиад зарж болно гэж хэлсэн. .. манай ломбардаар үе үе орж ирж хугацаа нь дуусаад эзэн нь авахгүй зарагдах гэж байгаа зүйлсийг авдаг. Магнай гэх ах орж ирэхээр нь би Г.Г-ийн 2 ширхэг хөөргийг үзүүлсэн. Магнай ах цааш нь хүнд үзүүлж байгаад 19,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би Г-ийн данс руу хөөрөгний хүү, алданги зэргийг хасаад 7,500,000 төгрөгийг Г.Г-ийн данс руу шилжүүлсэн. Мөн Г.Г гэх эмэгтэй манай ломбарданд 2023 оны 11 дүгээр сард 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг нийлүүлээд 700,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр 2 мөнгөн аягаа буцааж аваагүй байхдаа ахиад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөр мөнгөн аяга барьцаалж 1,300,000 төгрөг авсан. Мөнгөн аягануудаа буцааж аваагүй. ...сунгалтыг огт хийгээгүй. Манай цахим сангаас сунгалт хийх талаар 2 удаа мессэж очсон байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 230-232 дахь тал/,
- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2006 оноос хойш хувиараа алт мөнгөний дарханаар жижиг сажиг юм хийлгэж зардаг болсон. Сүүлдээ үнэт эдлэлийн ломбарданд тавиад эзэд нь авч чадахгүй болсон эд зүйлийг ломбарднаас нь худалдаж авч зардаг ажил хийж байгаа. Нэг ёсондоо үнэт эдлэлийн ченж хийдэг. Би Д-гийн ажиллуулдаг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзвар дээр байрлалтай лобарднаас үе үе зарагдаж байгаа эд зүйлийг авдаг. Би 2023 оны 12 дугаар сард Д-гийн ломбардаар ороход өөрөө сууж байсан. Тухайн үедээ би зарах юм байна уу гэж асуухад Д 2 хөөрөг сонирхох уу, эзэн нь зар гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би заруулах гээд байгаа 2 хөөргийг нь үзэхэд том шүрэн толгойтой, толгойдоо цавтай, алтан нуухтай, шинэ цагийн мана хөөрөг, нөгөө хөөрөг нь жижиг хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор чулуун хөөрөг байсан. Тэгээд би надаас хөөрөг сураад байсан С-д том хөөрөгний зураг үзүүлж байгаад Д-аас 2 ширхэг хөөргийг 19,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би Д-гээс авсан жижиг алтан үст болор чулуун хөөргийг урт цагааны үнэт эдлэл зардаг лангуун дээр тавьж байгаад 3,700,000 төгрөгөөр заруулсан. Нөгөө хөөргийг би С гэх хүнд зарсан. Би С-д том шүрэн толгойтой, толгойдоо цав суусан, алтан нуухтай мана чулуун хөөргийг алт мөнгөний дарханаар хийлгэсэн мөнгөн аяганы хамт нийлүүлээд 26,900,000 төгрөгөөр зарсан. Би С-д хөөргийг 19,900,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 243-244 дэх тал/,
- Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаандө өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын эхээр Д.Б-тай уулзаад “хуучны гайгүй хөөрөг байвал сохирхоно шүү” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Д.Б над руу холбогдоод том шүрэн толгойтой, алтан нуухтай, мана хөөрөгний зураг үзүүлсэн. Тэгээд би тэр хөөргийг нь хүнд үзүүлэхээр авч явсан. ...хөөрөг үзүүлэх үед надад алтан шармал мөнгөн аяга үзүүлээд хөөрөгтэй нийлүүлээд 27,000,000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон байсан. Тэгээд би хөөргөө хүнд үзүүлэхэд боломжийн дажгүй хөөрөг байна гэхээр нь Д.Б-тай утсаар холбогдоод мөнгөний тоо 7-ийн тоогоор төгсөөд яах вэ дээшээ доошоо 100 цаас яриад авъя гэхэд Б тэр хөөрөг, мөнгөн аяга хоёрыг нийлүүлээд 26,900,000 төгрөгт ав гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн данснаас Д.Б руу 26,900,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 247-248 дахь тал/,
- Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б намайг лангуун дээрээ сууж байхад ирээд шинэ цагийн шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст хөөрөг барьж ирээд “лангуун дээрээ тавиад 4,000,000 орчим төгрөгөөр зараад өгөөч” гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би тэр хөөргийг лангуун дээрээ тавиад байж байхад цагаан сарын өмнөхөн хүний хөл хөдөлгөөн ихтэй үеэр нэг залуу тэр хөөргийг сонирхож байгаад авахаар болсон. Тэгээд тэр залуу ярьж хөөрж байгаад тэр хөөргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 39,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь Баярмагнайтай холбогдоход манай лангуун дээр ирсэн. Б хөөрөг зарсанд баярлалаа гээд 150,000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байсан тул 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1,750,000 төгрөгийг дансаараа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 4-5 дахь тал/,
- Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2015 оноос хойш хувиараа хөөрөгний наймаа эрхлэх болсон. Ихэнхдээ хөөргөө хийлгэж зардаг. Зарим тохиолдолд хөөрөг зардаг хүмээсээс худалдаж авч, дарханаар засаж янзлуулж зардаг. ...Д.П ахын лангуун дээр зарахаар байрлуулсан байсан шүрэн толгойтой, алтан үст болор хөөрөг байсныг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үзэж хараад П ахтай ярилцсан. Тэгээд би тэр хөөргийг 3,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө өөрийн ашигладаг ХААН банкны ****** дугаарын данснаас шилжүүлсэн. Уг хөөрөг нь нуухгүй байсан тул би ойролцоогоор 500,000 орчим төгрөгөөр алтан нуух хийлгэж тухайн үед өөрийн ажлуулж байсан Хан-Уул дүүргийн E худалдааны төвд байх лангуудаа зарахаар байрлуулсан. ...би тэр хөөргийг худалдаж авахдаа гарал үүслийг нь агуугаагүй. Би тэр хөөргийг хулгайн хөөрөг гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24 дэх тал/,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “.............” бизнесийн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хөрөнгө үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 118-124 дэх тал/,
- 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “.........” бизнесийн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хөрөнгө үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 33-38 дахь тал/,
- Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Болортуяагийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцсан. Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Д.Х захирлын гэрийн үйлчлэгч хийж байх хугацаандаа цагаан алтан бугуйвч 1 ширхэг, цагаан алтан цаг 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, цагаан алтан бөгж 2 ширхэг, сувдан шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг зэргийг хулгайлж бүгдийг нь ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 148 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоот хохирогч Д.Х-гийн гэрийн үйлчлэгчээр ажиллах хугацаандаа тус гэрээс хохирогч Д.Х-гийн эзэмшлийн 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, булган шуба, цүнх, эрэгтэй хүний хослол, цагаан алтан бугуйвч, цагаан алтан цаг, гинж, бөгж, ноолууран пальто, алмаз шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 484,318,791,78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь: хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд маргааш орой нь болох шинэ жилийн үдэшлэгт бэлдэж өөрийн гэртээ байхдаа гоёл чимэглэлийн хэрэгсэл болон гутал, цүнх, хувцас зэргийг бэлдэж 2 давхрын нийтийн өрөөнд байрлуулж орхиод маргааш өглөө нь буюу 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутад манай гэрийн үйлчлэгч Г ирсэн юм. Би Гийг 09 цаг 30 минутад өрөөндөө дуудаад 2 давхрын нийтийн өрөөнд байгаа миний цүнхтэй хувцасыг грашид байгаа машинд хийчих гэж хэлсэн ба би машиндаа жолооч Х-ын хамт явж байгаад шинэ жилийн үдэшлэгт 16 цаг 50 минутад хүлээн авалтын танхимд очоод хувцсаа сольж өмсөөд өөрийн “V” брендийн бугуйн цагийг уутнаас нь гаргах гэтэл байхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сард манай гэрийн 1 давхрын тавиур дээр ил байсан эмэгтэй хүний цагаан алтан 2 ширхэг бөгж алдагдсан байсан. Мөн манай нөхөр Б-ны хар хөх өнгийн ноолууран хослол 2023 оны 10 сараас 11 сарын хооронд алга болсон байсан. Г анх 2023 оны 09 дүгээр сарын эхээр анх манай гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. ...Би алдагдсан эд зүйлсээсээ 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цагаан алтан бугуйвч, 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цагаан алтан цаг, нийт 2,000,000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг монетон гинж зэргийг хүлээн авсан. Анх алдагдсан эд зүйлсээс олж аваагүй байгаа нь гэвэл анх 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж бодож байсан боловч тайвширсан хойноо бодоход 30,000,000 төгрөгөөр авч байсан “V” брэндийн 1 ширхэг цагаан алтан бөгж, алмазан шигтгээтэй 2 ширхэг угсрагдаад 1 болдог бөгжийг өмнө нь 30,000,000 төгрөг гэж бодож байсан боловч сүүлд бодож үзэхэд 80,000 доллар буюу Монгол мөнгөөр 260,000,000 орчим төгрөгөөр авч байсан. Мөн манай нөхрийн 2022 онд “G” брэндээс 1,500,000 төгрөгөөр авч байсан ноолууран хослол олдоогүй байгаа. Сүүлд cap шинийн үеэр золголт хийхээр хөөргөө хайж үзэхэд манай нөхрийн бор өнгийн мана чулуун, томдсон шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, миний хэрэглэдэг алтан утаст болор чулуун, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, хурганы хар хөх өнгийн саарал судалтай, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1 ширхэг, 2019 онд Бүгд Найрамдах Солонгос улсаас 20,000,000 төгрөгөөр авч байсан цайвар булган шуб 1 ширхэг, 10,000,000 орчим үнэлгээтэй сувдан шигтгээтэй шар алтан бөгж 1 ширхэг зэргийг алга болсоныг мэдсэн. Нөхөр бид хоёрын алдагдсан хөөргийг 2008 оны үед нийлүүлээд 50,000,000 буюу одоогийн ханшаар 160,000,000 төгрөгөөр авч байсан. Хүргэний хөөрөг бол 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Мөн хар хөх өнгийн 5,000 долларын үнэтэй “C” брэндийн цүнх зэрэг эд зүйлс сүүлд алга болсныг мэдээд байна. Би гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Г-т гэрийн өдөр тутамд хэрэгпэдэг гоёл чимэглэлийн зүйл болон өмсөх хувцсаа хаана байдаг талаар зааж өгсөн. ...манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Г.Г-ийн ажиллаж байх хугацаанд олон тооны зүйл алга болсон. Сүүлд 4 ширхэг мөнгөн аяга, шар алмазан шигтгээтэй ээмэг, 2 талаараа өмсдөг “G” брэндийн хар, саарал өнгийн пальто зэрэг алга болсныг сүүлд мэдсэн. Манайд 15 орчим мөнгөн аяга байдаг. Ихэвчлэн хүмүүс бэлгэнд өгсөн мөнгөн аяганууд байдаг. Алдагдсан 4 ширхэг мөнгөн аягийг яг хэзээ хэн өгсөн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй болохыг хэлж мэдэхгүй байна. Шар алмаазан ээмгийг би 2016 онд Франц улсаас 50,000,000 төгрөгөөр авч байсан. “G” брэндийн пальтог захиалгаар 3,000,000 төгрөгөөр хийлгэж байсан. Дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оноос хойш манай барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаа иргэн байгаа юм. 2023 оны 12 дугаар сард идэвхитэй үйлчлүүлж байсан. Би царай төрхийг нь мэддэг болтлоо таньдаг болсон. Цэцгэн хэлбэртэй цагийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,100,000 төгрөгөөр барьцаалсан, гарын монетон бугуйвч 12 дугаар сарын 31-ний өдөр 3,400,000 төгрөгөөр, 2 ширхэг хүзүүний гинж 12 дугаар сарын 1-ний өдөр 2,600,000 төгрөгөөр барьцаалсан. Дээр дурьдсан эд зүйлсээ манайхаас аваагүй байгаа...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Г-ийн ХААН банкин дахь ****** тоот дансны хуулга, гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдийн 13 цагийн орчимд Г.Г гэх эмэгтэй орж ирээд 2 ширхэг хөөрөг үзүүлээд 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. Манай нөхрийнх байгаа юм удахгүй авчихна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхээр нь би 2 ширхэг хөөргийг нь үзэхэд хүсэж байгаа мөнгөн дүнг нь гаргаж өгөх боломжтой хөөрөгнүүд байсан. Тэр 2 хөөрөгний нэг нь шинэ цагийн мана, томдсон шүрэн толгойтой, толгой нь өмнө нь хагарч байсныг янзалсан байдалтай алтан нуухтай хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь алтан үст болор чулуун жижиг шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг байсан. Би Г гэх эмэгтэйгийн 2 хөөргийг 21 хоногийн хугацаатай барьцаанд авч, 10,000,000 төгрөгийг өөрийн ашигладаг ХААН банкны ***** дугаарын данснаас шилжүүлсэн. ...1 удаа сунгалтаа хийлгэсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны орчим Г.Г над руу залгаад би 2 хөөргөө авч чадахгүй болчихоод байна. Танайд алдсанаас зарчихмаар байна. Таньдаг хүн байвал зараад өгөөч гээд байн байн яриад байхаар нь би хүний юм зарж өгөхгүй ээ та өөрөө ирээд зургийг нь аваад зар тавиад зарж болно гэж хэлсэн. .. манай ломбардаар үе үе орж ирж хугацаа нь дуусаад эзэн нь авахгүй зарагдах гэж байгаа зүйлсийг авдаг. Магнай гэх ах орж ирэхээр нь би Г.Г-ийн 2 ширхэг хөөргийг үзүүлсэн. Магнай ах цааш нь хүнд үзүүлж байгаад 19,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би Г-ийн данс руу хөөрөгний хүү, алданги зэргийг хасаад 7,500,000 төгрөгийг Г.Гийн данс руу шилжүүлсэн. Мөн Г.Г гэх эмэгтэй манай ломбарданд 2023 оны 11 дүгээр сард 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг нийлүүлээд 700,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр 2 мөнгөн аягаа буцааж аваагүй байхдаа ахиад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөр мөнгөн аяга барьцаалж 1,300,000 төгрөг авсан. Мөнгөн аягануудаа буцааж аваагүй. ...сунгалтыг огт хийгээгүй. Манай цахим сангаас сунгалт хийх талаар 2 удаа мессэж очсон байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2006 оноос хойш хувиараа алт мөнгөний дарханаар жижиг сажиг юм хийлгэж зардаг болсон. Сүүлдээ үнэт эдлэлийн ломбарданд тавиад эзэд нь авч чадахгүй болсон эд зүйлийг ломбарднаас нь худалдаж авч зардаг ажил хийж байгаа. Нэг ёсондоо үнэт эдлэлийн ченж хийдэг. Би Д-ийн ажиллуулдаг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзвар дээр байрлалтай лобарднаас үе үе зарагдаж байгаа эд зүйлийг авдаг. Би 2023 оны 12 дугаар сард Д-ийн ломбардаар ороход өөрөө сууж байсан. Тухайн үедээ би зарах юм байна уу гэж асуухад Д 2 хөөрөг сонирхох уу, эзэн нь зар гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би заруулах гээд байгаа 2 хөөргийг нь үзэхэд том шүрэн толгойтой, толгойдоо цавтай, алтан нуухтай, шинэ цагийн мана хөөрөг, нөгөө хөөрөг нь жижиг хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор чулуун хөөрөг байсан. Тэгээд би надаас хөөрөг сураад байсан С-д том хөөрөгний зураг үзүүлж байгаад Д-аас 2 ширхэг хөөргийг 19,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би Д-ээс авсан жижиг алтан үст болор чулуун хөөргийг урт цагааны үнэт эдлэл зардаг лангуун дээр тавьж байгаад 3,700,000 төгрөгөөр заруулсан. Нөгөө хөөргийг би С гэх хүнд зарсан. Би С-д том шүрэн толгойтой, толгойдоо цав суусан, алтан нуухтай мана чулуун хөөргийг алт мөнгөний дарханаар хийлгэсэн мөнгөн аяганы хамт нийлүүлээд 26,900,000 төгрөгөөр зарсан. Би С-д хөөргийг 19,900,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын эхээр Д.Б-тай уулзаад “хуучны гайгүй хөөрөг байвал сохирхоно шүү” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Д.Б над руу холбогдоод том шүрэн толгойтой, алтан нуухтай, мана хөөрөгний зураг үзүүлсэн. Тэгээд би тэр хөөргийг нь хүнд үзүүлэхээр авч явсан. ...хөөрөг үзүүлэх үед надад алтан шармал мөнгөн аяга үзүүлээд хөөрөгтэй нийлүүлээд 27,000,000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон байсан. Тэгээд би хөөргөө хүнд үзүүлэхэд боломжийн дажгүй хөөрөг байна гэхээр нь Д.Б-тай утсаар холбогдоод мөнгөний тоо 7-ийн тоогоор төгсөөд яах вэ дээшээ доошоо 100 цаас яриад авъя гэхэд Баярмагнай тэр хөөрөг, мөнгөн аяга хоёрыг нийлүүлээд 26,900,000 төгрөгт ав гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн данснаас Д.Б руу 26,900,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б намайг лангуун дээрээ сууж байхад ирээд шинэ цагийн шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст хөөрөг барьж ирээд “лангуун дээрээ тавиад 4,000,000 орчим төгрөгөөр зараад өгөөч” гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би тэр хөөргийг лангуун дээрээ тавиад байж байхад цагаан сарын өмнөхөн хүний хөл хөдөлгөөн ихтэй үеэр нэг залуу тэр хөөргийг сонирхож байгаад авахаар болсон. Тэгээд тэр залуу ярьж хөөрж байгаад тэр хөөргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 39,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь Б-тай холбогдоход манай лангуун дээр ирсэн. Б хөөрөг зарсанд баярлалаа гээд 150,000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байсан тул 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1,750,000 төгрөгийг дансаараа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2015 оноос хойш хувиараа хөөрөгний наймаа эрхлэх болсон. Ихэнхдээ хөөргөө хийлгэж зардаг. Зарим тохиолдолд хөөрөг зардаг хүмээсээс худалдаж авч, дарханаар засаж янзлуулж зардаг. ...Д.П ахын лангуун дээр зарахаар байрлуулсан байсан шүрэн толгойтой, алтан үст болор хөөрөг байсныг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үзэж хараад П ахтай ярилцсан. Тэгээд би тэр хөөргийг 3,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө өөрийн ашигладаг ХААН банкны ****** дугаарын данснаас шилжүүлсэн. Уг хөөрөг нь нуухгүй байсан тул би ойролцоогоор 500,000 орчим төгрөгөөр алтан нуух хийлгэж тухайн үед өөрийн ажлуулж байсан Хан-Уул дүүргийн E худалдааны төвд байх лангуудаа зарахаар байрлуулсан. ...би тэр хөөргийг худалдаж авахдаа гарал үүслийг нь агуугаагүй. Би тэр хөөргийг хулгайн хөөрөг гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “........” бизнесийн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хөрөнгө үнэлсэн үнэлгээний дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “..........” бизнесийн зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын хөрөнгө үнэлсэн үнэлгээний дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоот хохирогч Д.Х-гийн гэрийн үйлчлэгчээр ажиллах хугацаандаа тус гэрээс хохирогч Д.Х-гийн эзэмшлийн 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, булган шуба, цүнх, эрэгтэй хүний хослол, цагаан алтан бугуйвч, цагаан алтан цаг, гинж, бөгж, ноолууран пальто, алмаз шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 484,318,791,78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Бусдад их хэмжээний хохирол учруулж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Д.Х-д буцаан өгсөн эд зүйлийг хасаад 379,400,430,78 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 6,802,000 төгрөгийн хохирол төлүүлэх санал гаргаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Улсын яллагчаас зүйлчлэл нь хуульд заасан үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Шүүгдэгч Г.Г-ийн хувьд хохирогчийн шударгаар олж авсан эд зүйлийг хууль бусаар хулгайлж авч, хувьдаа завшсан үйлдэл хийсэн тул гэм буруутайд тооцож өгнө үү. Улсын яллагчийн дурдсан хохирол төлөгдөөгүй байгаа” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсан, эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоот хохирогч Д.Х-гийн гэрийн үйлчлэгчээр ажиллах хугацаандаа тус гэрээс хохирогч Д.Х-гийн эзэмшлийн 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, булган шуба, цүнх, эрэгтэй хүний хослол, цагаан алтан бугуйвч, цагаан алтан цаг, гинж, бөгж, ноолууран пальто, алмаз шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 484,318,791,78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт зарим эд зүйлийг тухайлбал эрэгтэй хослол, ноолууран пальто, сувдтай бөгж цүнх зэрэг юмсыг хулгайлаагүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ авсан гэдгээ мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийнд ажиллаж байх хугацаандаа тэнд эдэлж хэрэглэж байхыг харсан гэж мэдүүлсэн, хохирогч Гийг эд зүйл хулгайлсныг мэдээд эд зүйл бүртгэхэд эдгээр эд зүйл алга болсон байсан, өмнө ийм зүйл болж байгаагүй, эд зүйлс алдагдаж байгаагүй гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн гэрт ажилладаг гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр хулгайд алдагдсан гэх хохирогчийн нэхэмжилж буй эд зүйлсийг шүүгдэгч Г авсан болох нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад байдлаар алдагдсан, алга болсон хаясан үрэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймээс шүүгдэгч Г.Г-ийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хариуцлага дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.
Шүүх шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Г нь гэм хорын хохирол болох цэцгэн хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй бугуйвч 1 ширхэг, шармал гинж 2 ширхэг буюу 104,918,361 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ээс гэм хорын хохиролд 386,202,430,78 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Х-д 379,400,430,78 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 6,802,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо мэдэгдэж бичгээр шүүхэд ирүүлснийг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Г.Г-ийг “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-ээс гэм хорын хохиролд 386,202,430,78 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ........ тоотод оршин суух, .... овогт Д.Х /РД:*****/-д 379,400,430,78 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 29 дүгээр хороо ....... тоотод оршин суух, .... овогт Д.Б /РД:СЮ74042460/-д 6,802,000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ