Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02926

 

 

 

 

 

               2020           10               07   

       102/ШШ2020/02926

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг  тоотод оршин суух Ө А

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Т Ө

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг  тоотод оршин суух Б овогт С Б

 

220,794,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц  

                                   хариуцагчийн төлөөлөгч Н.А

                                           нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Б, Т.Ө нартай “Зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 70 тонн дизель түлшийг 1 литрийг 1960 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ариуцагч Т.Өын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- 2205037832 дугаартай Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж, 39 дүгээр байр, 39 тоот хаягт байршилтай, 47.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг мөн байгуулсан байдаг. Ийнхүү хариуцагч нар нь сарын дараа төлөх нөхцөлтэйгөөр “Жаст Ойл” ХХК-ийн агуулахаас 80,100 литр түлш буюу нэг литрийг 1,960 төгрөгөөр тооцвол нийт 156,996,000 төгрөгийн үнэ бүхий түлшийг авч явсан байдаг. Төлвөл зохих төлбөрөөс хариуцагч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9,800,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ба өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Бидний байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт “...худалдан авагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцож нэмж төлнө...” гэж заасан. Хугацаа хэтэрсэн 398 хоногийн алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 73,598,000 төгрөгийг хариуцагч нар нь төлөхөөр байна. Иймд нийлүүлсэн 80,100 литр түлшний үлдэгдэл төлбөр болох 147,196,000 төгрөг, алдангид 73,598,000 төгрөгийг, нийт 220,794,000 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгөөр шаардлагыг хангуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Б, Т.Ө нартай Зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 70 тн дизель түлшийг 1 литрийг 1960 төгрөгөөр тооцож худалдахаар болсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Т.Өын өмчлөлийн 47.3 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг байгуулсан. Ийнхүү хариуцагч нар нь сарын дараа төлөх нөхцөлтэйгөөр “Жаст Ойл” ХХК-ийн агуулахаас 2019 оны 4 дүгээр сарын 19, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 80,100 литр түлш буюу нэг литрийг 1,960 төгрөгөөр тооцвол нийт 156,996,000 төгрөгийн үнэ бүхий түлшийг авч явсан байдаг. Төлбөл зохих төлбөрөөс хариуцагч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9,800,000 төгрөгийг шилжүүлсэн түүнээс хойш төлөлт хийгээгүй. Зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх хэсэгт худалдан авагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцож нэмж төлнө гэж заасан. Хугацаа хэтэрсэн 398 хоногийн алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 73,598,000 төгрөгийг алдангид хариуцагч нар төлөхөөр байна. Иймд нийт 220,794,000 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгөөр гаргуулж өгнө үү.  

 

Хариуцагч Т.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Ө нь өөрийн нагац эгч С.Бгийн гуйлтын дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг Ө.Агаас авах дизель түлшний барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. Т.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Барьцааны гэрээ”-нд гарын үсэг зурахдаа зөвхөн өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахдаа холбоотой гэрээнд гарын үсэг зурж байна гэж ойлгож “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-нд давхар гарын үсэг зурсан байна. Ө.Агаас зээлээр авсан дизель түлшийг С.Б өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн бөгөөд Т.Ө нэг литр шатахуун хувьдаа авч хэрэглээгүй байна. Иймд Ө.Ан нэхэмжлэлтэй хэрэгт Т.Ө нь хариуцагчаар оролцох үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-нд хариуцагч С.Бгийн дүү Т.Өыг гарын үсгээ зурах ёстой гэж байгаад хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан байна. Хариуцагч Т.Ө нь өөрийн байрыг барьцаалсан учир зурах ёстой юм байх гэж бодоод өөрт хамааралгүй гэрээнд гарын үсэг зуржээ. Иргэний хуульд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн тухай заасан байна. Иргэний хуулийн 58.2-т “Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ: 58.2.1. хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2. хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Ө.Агаас зээлээр авсан дизель түлшийг хариуцагч С.Б өөрийн хэрэгцээнд бүгдийг нь хэрэглэсэн бөгөөд хариуцагч Т.Ө нэг литр шатахуун хувьдаа авч хэрэглээгүй байна. Хариуцагч Т.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцааны гэрээ”-нд гарын үсэг зурахдаа өөрт хамааралгүй гэрээ болох 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурсан нь хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Ө нь хариуцагч С.Бтэй төрөл садангийн холбоотой. С.Б нь Т.Өаас түлш зээлээр худалдан авахад барьцаа хэрэгтэй байна эгчдээ байраа барьцаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу Т.Ө нь гэртээ 4 хүүхдээ хараад суудаг болохоор тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгнө гэсэнд нь болоод, мөн эгчдээ туслах зорилгоор байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Ингээд Т.Өыг нотариат дээр дуудаад очиход Ө.А болон С.Б нар байсан. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Уг өдөр хоёр төрлийн гэрээ байгуулсан. Нэгдүгээрт зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээ, хоёрдугаарт барьцааны гэрээг байгуулсан. Т.Өын хувьд гэрээн дээр гарын үсэг зур гэж хэлсэнээр асууж тодруулалгүйгээр гарын үсэг зурсан. Үүнийг сүүлд Т.Ө нь юу гэж тайлбарладаг вэ гэхээр би бол эгчдээ туслах зорилгоор байраа барьцаанд тавьсан. Түүнээс биш хэдэн литр шатахуун авч, юунд хэрэглэж яах гэж байгааг нь мэдэхгүй, гарын үсэг зур гээд баахан гэрээ өгөхөөр нь харалгүйгээр зурж өгсөн. Иймд Т.Ө нь барьцааны гэрээн дээр гарын үсэг зурахаа мэдэж байсан, харин зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурж байгаа, ямар үүрэг хариуцлага байгааг мэдэхгүй байсан. Иймд зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээний хувьд хариуцагчаар оролцож байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч С.Б нь нөхрийн хамт Сэлэнгэ аймагт хувиараа ашигт малтмал хайх, хөрс хуулах хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны хавар их хэмжээний шатахуун хайж яваад  шатахууны бизнес эрхэлдэг Ө.Атай уулзсан. Ө.А нь барьцааны хөрөнгөтэй бол шатахуун зээлээр худалдаж болно гэж хэлсэн. Иймд С.Б нь өөрийн эгчийн охин болох Т.Өыг гуйж тодорхой хэмжээний шагнал урамшуулал амлаад эгч нь байрыг нь барьцаанд тавиад ямар нэгэн асуудал гаргахгүй суллаж авч өгнө гэж хэлсэн байдаг. Ингээд Т.Өыг Баянгол дүүргийн нотариат дээр дагуулж очин энэхүү дурдагдаж буй хоёр гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Хариуцагч С.Б зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээн дээр Т.Ө гарын үсэг зурж болох эсэхийг мэдээгүй. Харин Ө.А заавал та хоёр хоёулаа гарын үсэг зурах ёстой гэсэн байдаг. Шатахууныг бол 100 хувь С.Б хувийн хэрэглээндээ зарцуулсан, Т.Ө нэг литр ч шатахуун аваагүй тул Т.Ө уг хэрэгт хариуцагчаар оролцох ёсгүй. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, хадгалах, тээвэрлэх, жижиглэн болон бөөнөөр худалдах үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг. Хэрэв энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг эрхэлсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, олсон орлогыг хураах, мөнгөн торгууль ногдуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч Ө.А ийм зөвшөөрөлгүйгээр хувь хүнээр зээлээр шатах ,тослох материал худалдсан байна. Их хэмжээний шатахуун худалдсан. Тусгай зөвшөөрөлгүй этгээд бүх төрлийн бензин, шатах, тослох материал худалдаж болохгүй, ийм эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хийсэн гэрээ хууль бус. Иймд барьцааны гэрээ хууль бус бөгөөд энэ гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн  зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцыг барьцаалсан. Энэ утгаараа барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Б түлшний үнэ 147,196,000 төгрөгийг төлнө, харин хариуцагч Т.Ө энэ гэрээний хариуцагч биш, алданги төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.  

 

Хариуцагч Т.Ө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Ө нь өөрийн нагац эгч С.Бгийн гуйлтын дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ө.Агаас авах дизель түлшний барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. Хариуцагч Ө.А нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах худалдан авах” гэрээ-нд С.Бгийн дүү нэхэмжлэгч Т.Өыг гарын үсгээ зурах ёстой гэж байгаад хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан байна. Нэхэмжлэгч Т.Ө нь өөрийн байрыг эгч С.Бгийнхээ зээлээр авч байгаа шатахуунд нь барьцаалсан учир зурах ёстой юм байх гэж бодоод өөрт хамааралгүй Зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Иргэний хуульд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн тухай тодорхой заасан байна. Иргэний хуулийн 58.2-т “Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ: 58.2.1. хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2. хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Т.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцааны гэрээ”-нд гарын үсэг зурсан нь хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэхээр байна. Хариуцагч Ө.А нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн биелэлтэд 220,794,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ө, түүний нагац эгч С.Б нараас гаргуулахаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Ө.Агаас зээлээр авсан дизель түлшийг нэхэмжлэгч Т.Өын нагац эгч С.Б өөрийн хэрэгцээнд бүгдийг нь хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгч Т.Ө нэг литр шатахуун хувьдаа авч хэрэглээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай болсон учир тус дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нартай ямар нэг хувийн харилцаа байхгүй бөгөөд зөвхөн барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын зээлээр худалдан авах хүсэлтийг харгалзан үзэж гэрээ байгуулсан байдаг. Гэрээний зүйл буюу түлшийг хэн, хэрхэн захиран зарцуулсан нь нэхэмжлэгчид хамааралгүй асуудал. Эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэнээр нэхэмжлэгчид холбогдох асуудал дууссан гэж үзэж байна. Ө.А нь “Петро-Ойл трейд” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд компаниасаа түлш авах эрхтэй байсан бөгөөд тэр эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдэд худалдсан үйл баримт байгаа. Түүнээс Ө.А өөрөө тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, татвар болон чанарын гэрчилгээгүй бүтээгдэхүүн худалдан борлуулсан асуудал биш юм. Гэрээний агуулгыг тухайн үед нотариат тайлбарлаж эрх зүйн үр дагаврыг ойлгуулсан байхад одоо болохоор жилийн дараа би гэрээг хараагүй, мэдээгүйгээр гарын зурсан гэдэг тайлбарыг өгч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд зүйл байж болно гэж заасан тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Т.Ө, С.Б нарт холбогдуулан “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 147,196,000 төгрөг, алданги 73,598,000 төгрөг нийт 220,794,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагыг хариуцагч Т.Ө эс зөвшөөрч “гэрээний дагуу авсан түлшийг огт авч хэрэглээгүй, С.Бгийн гуйлтаар хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, харин өөрт хамааралгүй худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж ноцтой төөрөгдсөн үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах, тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Б нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаж хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, алданги төлөхөөс татгалзаж байна.   

 

Харин гэрээний үнэ, гэрээний дагуу хүлээж авсан барааны хэмжээний талаар зохигч маргаагүй, гэрээний үнээс 9,800,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдов.

 

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч С.Б, Т.Ө нарт нэг литр нь 1960 төгрөгийн үнэ бүхий 70тн дизель түлш нийлүүлэх, С.Б, Т.Ө нар гэрээний үнэ 137,200,000 төгрөгийг бараа хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, шинж, талуудын үүргээс үзвэл нэг тал нь эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, нөгөө тал нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.   

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ худалдагч тал биелүүлж гэрээнд зааснаас илүү хэмжээгээр буюу 80100 литр түлшийг худалдан авагчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй бөгөөд тухайн төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч тал маргав.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн хэлцэл бөгөөд гэрээ байгуулагдсанаар өмчлөл шилжихгүй, зөвхөн үүрэг үүсэж байдаг бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан журмын дагуу өмчлөгч болон эрх бүхий этгээдийн шилжүүлгээр өмчлөх эрх шилжинэ. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний худалдагч нь заавал тухайн гэрээний зүйлийн өмчлөгч байх шаардлагагүй бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр шилжүүлгийн үндсэн дээр шилжүүлсэн байх нь ач холбогдолтой. Дээрх гэрээний дагуу нийлүүлэх түлшийг нэхэмжлэгч “Петро ойл трейд” ХХК-иас авах эрхтэй байснаа хариуцагч нарт шилжүүлсэн, түлшийг “Петро ойл трейд” ХХК-ийн агуулахаас хариуцагч хүлээж авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, шатахууны худалдааг нэхэмжлэгч өөрөө эрхэлдэг болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч С.Б худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. 

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт “илэрхийллийн төөрөгдөл”, 58.2.2 дахь хэсэгт “агуулгын төөрөгдөл”-ийн улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож болох нөхцөл хамаарна.  Хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл буюу илэрхийллийн төөрөгдөл гэдэгт зөвхөн хүсэл зоригоо илэрхийлэх үйл явц хамаарах бөгөөд хэлцэл хийгч нь өөрийн яг хүсэж байсан хүсэл зоригийг илэрхийлэхдээ /ярих, бичих/ буруу илэрхийлсэн байхыг ойлгоно. Харин хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн буюу агуулгын төөрөгдөл гэдэгт хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг хэлцэл хийгч буруу ойлгосон байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл гэрээний агуулгыг мэдэж байсан боловч уг агуулгыг буюу гэрээний нөхцөлийг хэлцэл хийгч буруу ойлгосон байхыг ноцтой төөрөгдсөн гэж үзнэ. Харин ямар баримтад гарын үсэг зурж байгаагаа уншин танилцалгүй гарын үсэг зурсныг төөрөгдсөн гэж үзэхгүй. Иймд хариуцагч Т.Өын тайлбарлаж буй “зөвхөн эгчдээ л итгэж гарын үсгээ зур гэхээр нь зурсан” үйлдэл нь хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэх ноцтой төөрөгдлийн аль алинд хамаарахгүй байна.

 

Мөн гэрээний зүйлийг хэн ашиглах нь гэрээний гол нөхцөл болохгүй бөгөөд гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох нөхцөл биш болно. Иймд Т.Өын “нэг литр ч түлш авч ашиглаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй ба гэрээний зүйлийг ашиглаагүй нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх, гэрээний нэг тал гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Иймд Т.Өыг худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх үүрэг бүхий этгээд мөн гэж үзнэ. Иймд хариуцагч нараас гэрээний үүрэгт 147,196,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.     

 

Алданги нь гэрээний үүргээ тохирсон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлага бөгөөд уг хариуцлагыг хүлээхэд үүрэг биелүүлэх хугацаа тодорхой байх шаардлагатай. Талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг “бараа материалыг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор төлж барагдуулна” гэж тохирсон байх тул гэрээний зүйлийг худалдан авагч хүлээн авсан хугацаа тодорхой нөхцөлд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нар 80,100 литр түлшийг хүлээн авсан хугацааг тодорхойлсон гэх “Петро ойл трейд” ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй баримтыг гаргаж өгсөн боловч уг баримт нь Ө.Ад холбогдох авлага үүсгэсэн баримт байх ба тухайн баримтад заасан хугацаанд түлшийг хариуцагч нар хүлээн авсан гэж тодорхойлох боломжгүй байна. Иймд хариуцагч нарын үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох баримтгүй тул алданги болох 73,598,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.   

 

Зохигчид барьцааны гэрээгээр хариуцагч Т.Өын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дахь хэсэгт заасантай нийцсэн, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нар барьцаагаар хангагдах үндсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмнө үндсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тайлбарласны дагуу ойлгох бөгөөд ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Ө, С Б нараас 147,196,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө Ад олгож, нэхэмжлэлээс 73,598,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Өын өмчлөлийн Баянгол дүүрэг   2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ө.Ад холбогдох 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлээр шатах тослох материал худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Т.Өын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,262,000 төгрөг, хариуцагч Т.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Ө, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 964,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ад олгож, нэхэмжлэгч Ө.Агаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,120 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА