Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03080

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

          Дугаар 102/ШШ2020/03080

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 46 дугаар байрны 3 тоотод оршин суух Д Э /

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 7Б байрны 25 тоотод оршин суух ГГ  

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо   4 өрөө орон сууц, мөн байрны 12 тоот автомашины зогсоолын үнэ 102,440 ам доллар буюу 282,136,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н

                                   хариуцагч Г.Г

                                   хариуцагчийн өмгөөөлөгч Л.О, П.Б

                                   нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.           

 

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч миний бие нь 2009 онд “А Т ” ХК-иас гурил худалдан авсны төпбөрт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116 м.кв 4 өрөө орон сууц тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу “А Т ” ХХК-ийн нэр дээр шилж\үлэх гэтэл “А Т ” ХХК-ийн бизнесийн хөгжлийн хэгтсийн даргаар ажиллаж байсан хариуцагч Г.Г нь уг байр.гаражийг өөрийнх нь нэр дээр шилжүүлэхийг компанийн удирдлага зөвшөөрсөн гэсэн тул түүний нэр дээр шилжүүүлж өгсөн. Гэтзл 2015 онд “А Т ”ХХК нь худалдан авсан гурилын үнэнд төлсөн 116м.кб талбай бүхий орон сууцыг шилжүүлээгүй ,худалдах худалдан авах арилжааны гзрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжпэгч надаас гурилын үнэ болох 179,916,000 төгрөгийг нэхэмжилснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2017\00169 тоот тогтоолоор ханган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч миний бие нь 2017 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Г.Гт холбогдуулан Хан-уул дүүргийн 11-р хороо.Маршал таун хотхоны 113-11 тоот 116 м.кв 4 өрөө орон сууц тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг түүнд залилан мэхлүүлсэн асуудлаар гомдол гарган шалгуулсан. Миний гомдлын дагуу уг эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагч Г.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууцны байрны подвалд байрлах автомашины зогсоолыг “А Т ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэлгүй, өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон болно. Гэвч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 31 -ны өдрийн 35 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох надад буцааж олгогдох ёстой 4 өрөө орон сууц.автомашины зогсоол зэрэг түүний эзэмшилд үлдсэн болно. Г.Г нь гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан ,битүүмжлэгдсэн байсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016045 дугаарт бүртгэлтэй, 000263720 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо.Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц болон тус байрны подвалд байрлах 12 тоот автомашины зогсоолыг өөрийн төрсөн эгч,дүүс болох Г. Ганцэцэг,Б.Батчимэг нарын нэр рүү хууль бусаар шилжүүлсэн байх тул хариуцагч Ганболдын Гоос маргааны зүйл болох 4 өрөө байрыг тэдэнд шилжүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, түүнээс байр.гаражаа буцаан гаргуулах шаардаж байгаа тул Г.Г,Г.Ганцэцэг,Б.Батчимэг нарыг Маршал таун хотхоны 113-р байрны 11 тоот 4 өрөө байр болон 12 тоот авто машины зогсоолыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг даалган шийдвэрлэж өгнө үү. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-уул дүүргийн 11-р хороонд байршилтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Шүүхийн онцгой харьяаллаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 2009 онд “А Т ” ХХК-иас гурил худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, төлбөрт нь 196,200,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Уг төлбөрт “ Э К” ХХК-иас 102,440 ам доллараар худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц, тус байрны подволд байрлах автомашины зогсоолыг 179,916,000 төгрөгт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Г.Г нь тухайн үед “А Т ” ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба тус компанийн гурилын төлбөрт тооцсон Д.Эөөс шилжүүлсэн байр, гаражийг “А Т ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйл баримт болсон гэж “А Т ” ХХК-иас Д.Эд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Эөөс “А Т ” ХХК нь гурилын үнэ болох 179,916,000 төгрөгийг нэхэмжилснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 тоот тогтоолоор Д.Эөөс 179,916,000 төгрөгийг гаргуулж “А Т ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Д.Э нь “А Т ” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлж мөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж байна. Д.Э нь 2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Г.Гт холбогдуулан гомдол гаргасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Гэвч Сүхбаатар дүүргийн прокурорын газар “А Т ” ХХК-ийн бараа үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц, тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг “А Т ” ХХК руу шилжүүлэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийг  Г.Гийг үйлдэж, Д.Эд 187,106,300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4 өрөө орон сууц, автомашины зогсоол Г.Гийн эзэмшилд үлдсэн болно. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарснаар битүүмжлэл хүчингүй болж Г.Г нь энэ сиймхийг ашиглаад орон сууцыг бусдад шилжүүлсэн. Г.Гт холбогдуулан гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч тухайн байрны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй явж байна. Д.Эийн хувьд зохих ёсоор биелүүлсэн гэрээний үүргийг дахин төлөх үүрэг үүсч эд хөрөнгө болон сэтгэл санааны хувьд хохирч байгаа ба бусдын өмнөөс гэрээний үүргийг хүлээн авсан Г.Г нь орон сууцны өмчлөлийг өөрийн нэр дээр тухайн компанийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд Д.Эийн “А Т ” ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц, тус байрны подвалд байрлах авто машины зогсоолыг хариуцагч өөрийн эзэмшилд байх хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үнэ 102,440 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханшинд шилжүүлж 282,136,150 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Маршал таун хотхоны 113-р байрны 11 тоот 4 өрөө байр болон авто машины зогсоолыг өөрийн өмчлөлд авч, улмаар бусдад шилжүүлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул  Э К ХХК-иас худалдан авсан үнэ болох 102,440 ам доллар буюу 282,136,150 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Нэхэмжлэлдээ “Хариуцагч Г.Г нь А Т  ХХК-ийн бизнесийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус компанид бараа бүтээгдэхүүний төлбөрт иргэн надаас шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 113-11 тоот 116 м.кв 4 өрөө орон сууц, тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг “А Т ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэлгүй, өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон болно. ... түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох надад буцааж олгогдох ёстой 4 өрөө орон сууц, автомашины зогсоол зэрэг түүний эзэмшилд үлдсэн болно” гэжээ. Иргэн Д.Э нь “А Т ” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БХХ 96/09 дугаартай нэг талаас бүтээгдэхүүн нинлүүлэх, нөгөө талаас төлбөрийг бартераар төлөх нөхцөл бүхий “Худалдах, Худалдан авах арилжааны гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээнд тухайн үед “Алган тариа” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байсан О.Мөнхсайхан гарын үсэг зурсан байдаг. Мөн “А Т  ХХК-ын нягтлан бодогч О.Мөнхсайхантай гэрээ байгуулахаас өмнө нь буюу 2 сарын өмнө нийт нийлүүлэх бүтээгдэхүүний 95%-ийг “Хээр адуу” ХХК-д (иргэн Д.Эд) урьдчилан нийлүүлсэн байсан. Уг асуудал иргэн Г.Г надтай огт хамааралгүи буюу тусдаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Г.Г миний бие маргаан бүхий гэрээ болон байртай холбоотой асуудал үүссэн үеэс болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад мэдүүлж, шийдүүлж байсан. Нэхэмжлэгч Д.Э нь болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байсан буюу Г.Г нь тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсныг мэдэж байсан бөгөөд Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл тухайн байрны хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч. өмчлөгч нь Г.Г мөн болохыг нотолж байсан. Гэвч Д.Э нь А Т  ХХК-д төлбөр төлөхөөр болсныхоо дараагаар иргэн Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр санаатайгаар гүтгэн удаа дараа цагдаа, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “А Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаанд Г.Г миний бие гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан хэдий ч тухайн маргаанд ямар нэгэн байдлаар холбогдолгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байх шаардлагагүй хэмээн шүүхээс дүгнэж, дахин тус маргаанд оролцохоо больсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э нь А Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г Г нь хуулийн дагуу өмчилж, эзэмшиж байгаа гэх тайлбарыг удаа Дараа өгч байсан атлаа тухайн маргаанд ялагдсаныхаа дараагаар өөрийн тайлбар мэдүүлгийг санаатайгаар өөрчилж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст надад холбогдуулан гомдол гаргасан. Тухайн эрүүгийн хэрэг маргаанд Д.Э нь удаа дараа худал мэдүүлэг өгч, иргэний хэргийн шүүх дээр өгч байсан тайлбараа өөрчилсөн буюу шүүх болон цагдаагийн байгууллагад санаатайгаар худал мэдүүлгийг өгсөн байдаг. Иймд иргэн Г.Г миний бие Д.Эийн дээрх хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд одоогоор Хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн Д.Эийг холбогдогчоор татан шалгаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас Г.Г намайг гэмт үйлдсэн гэж огт үзээгүй бөгөөд харин ч Д.Эийг шүүхэд худал, тайлбар мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шуухээу нотлогдох хуртэл хэнийг ч гэмт хэрэг уйлдсэн буруутайд тооцож үл болно” гэж заасаар байтал Нэхэмжлэгчийн зүгээс Г.Гийг гэмт хэрэг үйлдэж, өөрт нь хохирол учруулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн үйлдэл болон үүнд холбогдох шүүхийн шийдвэр байхгүи байгаа болно. Өнөөдрийн байдлаар, иргэн Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн, иргэн Д.Эийг хохирсон талаар ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр, тогтоол байхгүи, иргэн Д.Эийг ямар хэмжээгээр хохирсон талаар дүгнэлт байхгүй болно. Нөгөө талаар, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлсэн” гэх зэргээр удаа дараа худал тайлбарыг гаргаж байгаа бөгөөд Д.Эийн хэлж буйчлан уг үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь битүүмжилсэн зүйл байхгүй байсан болно. Хоёр.Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 113-11 тоот 116 м.кв 4 өрөө орон сууцны хууль ёсны бөгөөд анхны өмчлөгч нь иргэн Г.Г болно. Тухайн байрыг Г.Г миний бие 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “ Э К” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулж, 112,450,400 төгрөгөөр худалдан авсан. Үүний дараа, “ Э К” ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2010.75 тоот УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан тус гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үу” гэсэн албан бичгшга дагуу хус миний бие 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус Ү-2206016045 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсоор өмчлөх болсон. Өөрөөр хэлбэл, Миний бие ямар нэгэн байдлаар иргэн Д.Этэй гэрээ байгуулж, орон сууц авсан болон Д.Эиин өмчлөлийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан зүйл огт байхгүй болно. Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ганболдын Г нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тодорхойлжээ. Гэвч иргэн Г.Г нь аливаа байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу тус үл хөдлөх эд хөрөнгиин өмчлөгч болсон. Тус барилгыг худалдан борлуулсан буюу захиалгаар барьж ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу иргэн Г.Г миний бие Үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхииг хэлцлиин үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” Мөн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлиин тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлиин мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Г тухайн байрны өмчлөх эрхийн шударгаар олж авсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль, тогтоомж зөрчөөгүй болно. Дөрөв. Мөн нэхэмжлэгч нь шаардлагаа “... Э К ХХК-д төлсөн 102,440 ам доллар буюу 282,136,150 төгрөгийг иргэн Г.Гоос гаргуулах гэжээ. Хэрэв иргэн Д.Э нь тус үл хөдлөх эд хөрөнгийг “ Э К” ХХК-иас худалдан авсан, зохих төлбөрийг төлсөн гэж үзэж буй бол тус компанид холбогдуулан нэхэмжлэл гомдлоо гаргах нь зүйтэй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Иргэн Д.Э нь тус компанитай гэрээ байгуулан, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж буй тохиолдолд “ Э К” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь хуульд нийцэх юм. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Этэй байгуулсан гэрээнийхээ үүргийг зөрчсөн этгээд иргэн Г.Г бус “ Э К” ХХК болохоор байтал үндэслэлгүйгээр иргэн Г.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Тав. Иргэн Д.Эийн зүгээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, иргэн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж, мөн тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Э нь тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийг иргэн Г.Г 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олж авсан гэдгийг мэдсэн атлаа аливаа байдлаар гомдол, санал гаргаагүй болно. Харин ч тэрээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл иргэн Г.Гийг тус үл хөдлөх хөрөнгөний хууль ёсны өмчлөгч гэж үзэж байсан. Өнөөдрийн байдлаар, тус нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” бол тус хөрөнгийг буцаан авах шаардлага гаргаж болохгүй гэж заажээ. Дээр дурдсанчлан, тус шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 онд дууссан байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тус нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж буй хэдий ч энэ нь аливаа байдлаар иргэн Г.Гийн зүгээс тус байрыг хууль бусаар олж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэлбэр биш гэдгийг онцолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаагүй хугацаанд аливаа байдлаар хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг хэргийг эхнээс нь эхлэн дуустал явж байна. Д.Э уг асуудлын талаар шүүхэд өөрөө хүрэлцэн ирж тайлбар хийх ёстой байсан. Тухайн орон сууц “Хээр адуу” ХХК-ийн байр, бодит байдал дээр “Хээр адуу” ХХК болон “А Т ” ХХК хоёр анх гэрээ байгуулсан. Үүнээс өмнө тухайн хоёр компани хоорондоо арав гаран удаагийн хэлцэл хийсэн байдаг юм. Ингээд “Хээр адуу” ХХК-ийн захирал н.Мөнхсайхан, “А Т ” ХХК-ийн хооронд нилээн өглөг, авлага үүссэн байсан. Би тухайн үед ”А Т ” ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тэдний хооронд үүссэн маргаанд миний бие дунд нь хохирсон байдаг юм. Нэхэмжлэгч Д.Э нь болсон үйл явдлыг бүгдийг мэдэж, намайг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг мэдэж байсан атлаа Улсын дээд шүүхийн шийдвэрээр “А Т ” ХХК-д төлбөр төлөхөөр болсны дараагаар иргэн Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр санаатайгаар гүтгэн удаа дараа цагдаа шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдолтой байсан тул 2018 оны 10 сард н.Мөнхсайхан, н.Э нарт холбогдуулан гомдол гаргасны дагуу надаас Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой мөнгийг нэхэмжилж байгаа. Энэ байрны талаар үнэн зөвийг тодруулахын тулд худал мэдүүлэг өгсөн этгээдүүдийг шалгуулж байна. Иргэн Г.Гийн өмнөөс О.Мөнхсайхан гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг бараагаа хүлээн авсны дараа буюу 3 сарын дараа тус гэрээг нөхөж байгуулсан байна. “А Т ” ХХК протер машинаар 40 машин гурилыг гэрээний дагуу өгсөн. Хамгийн сүүлийн машин гурилыг авах өдрөө уг гэрээг байгуулсан байсан. Би “А Т ” ХХК-ийн захиралтай ажил үүргийн холбоотой 20 орчим тэрбум төгрөгийн маргаан байгаа. Уг асуудлын талаар хэрэгт нотлох баримтаар шүүгчийн захирамж гарган Цагдаагийн байгууллагаас нотлох баримт татаж авсан. Энэ төлбөрийн тодорхой хэмжээний зөрүүнд нь 176,000,000 төгрөгийг “А Т ” ХХК даана, үлдсэн төлбөрийг би төлнө гэсэн тохиролцоо байсан. Гэтэл “А Т ” ХХК-ийн захирал Н.Цэнгүүн худал мэдүүлэг гаргаж, О.Мөнхсайхан болон бусад хүмүүст гэрээнд Г.Г зурсан гэж хэлээрэй гэж хэлүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг юм. Ийм учир шалтгааны улмаас уг байрыг орооцолдуулж, заваарсан юм болж, дунд нь намайг хохироож, бизнес хийж байна. 2009 онд Д.Э “ Э К” ХХК-тай гэрээ байгуулсан, би харин 2008 онд “ Э К” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Нямдаваатай гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй. Дараа нь тухайн байрны төлбөрийг төлсөн, энэ талаарх баримт хэрэгт байгаа. Улсын бүртгэлийн газарт Г.Г нь 112,450,400 төгрөг төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн “ Э К” ХХК-ийн хүчин төгөлдөр албан бичигтэй. Тухайн үед Д.Э бол “Хээр адуу” ХХК-ийн няравын ажил хийдэг байсан. “А Т ” ХХК,  Д.Э нарын хооронд хийсэн гурилын гэрээний төлбөрийн орон сууцны үнэ 179,916,000 төгрөг, тухайн үеийн байрны бодит үнэ. “ Э К” ХХК-ийн ямбий байрыг 282,136,150 төгрөгөөр хэн худалдан авах вэ, үзлэг хийвэл хэдэн төгрөгийн үнэтэй байр вэ гэдэг нь гарч ирнэ. “А Т ” ХХК-тай байгуулсан гэрээн дээр 12 номерын гараж байхгүй. Энэ гаражийг би “Эко констаркшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан. Эдгээр баримтууд “ Э К” ХХК-д байгаа, “ Э К” ХХК яагаад баримтуудаа гаргаж өгдөггүй вэ гэхээр тус компанийн ерөнхий захирал н.Нямдаваа нь “А Т ” ХХК-ийн захирал н.Цэнгүүний том хүргэн. Шүүх хуралд орохоороо намайг ялахын тулд баримтуудаа устгасан гэж хэлээд нотлох баримтаа гаргаж өгдөггүй юм. Улсын бүртгэл дээр миний тухайн үед шилжүүлж байсан баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Д.Энхбат, “ Э К” ХХК-иас байр авч, төлбөрийг төлсөн гэдэг боловч ирсэн баримт нь өөр байрны төлбөрийг төлсөн баримтууд байсан. Ер нь “ Э К” ХХК өөрсдөө маш будлиантай ажил хийдэг. Юу вэ гэхээр бүх баримтуудаа устгасан гэдэг. 2010 онд миний нэр дээр байрны ордер гарч анхны өмчлөгч мөн үү мөн. Харин Д.Э бол худалдах, худалдан авах гэрээг яаж хийсэн нь мэдэгдэхгүй, гэрээг гараар Д.Энхбатаас Д.Э рүү шилжүүлэв гэж засаж бичсэн, мөн гарын үсэг нь 2 өөр зурагдсан байсан. Үүнийг нотлох баримтаар үнэлж болдог юм уу. Би  захиалгын гэрээ хийсэн, захиалгын гэрээгээр хийгдэж байгаа гэдэг нь татварын 2 хувиа төлөхгүй байх эрх нь надад байгаа. Энэ хүмүүс шүүх дээр зөрүү гаргаж бизнес хийж байгаа нь бодит үнэн юм. Намайг энэ байранд байхад бүгд л манайд ирж идэж, ууж л байсан харин 2016 онд н.Цэнгүүн бид хоёрыг муудсаны дараа бүгд л чухам мэдэхгүй гэсэн худал юм ярьдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх 12 үндэслэл байна. Нэгдүгээрт. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Эрх ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээд түүнийгээ мэдсэн үеэс эхлэн тоолдог. Д.Эийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75.2.2 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Үүний дараа  Цагдаагийн байгууллагад хандахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг тогтоохын тулд хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг хангах ёстой. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх этгээд нь өөрийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл Д.Э тухайн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц тус байрны подволд байрлах авто машины зогсоолын өмчлөгч байх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг юугаар тогтоодог вэ гэхээр Улсын бүртгэлийн гэрчилгээ болон шүүхийн шийдвэрээр тогтоодог. Уг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дээр Д.Э тухайн байрны өмчлөгч байсан гэх нэг ч баримт байхгүй атлаа миний эд хөрөнгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц тус байрны подволд байрлах авто машины зогсоолын анхны өмчлөгч нь Г.Г юм. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Э байх ёстой. Гуравдугаарт. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нэхэмжилж буй зүйл нь тодорхойгүй байна. Хэдэн төгрөг гаргуулах гэж байгаагаа үндэслэлтэйгээр тогтоохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж нэхэмжлэлээ гаргадаг. Үүн дээр 179,916,000 төгрөг, 187,106,000 төгрөг, 180,974,530 төгрөг, өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагаар 282,136,150 төгрөг гэсэн 4 төрлийн үнийн дүн гаргаж байна. Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн дээд шүүхийн тогтоолоор Д.Э нэхэмжлэлийн шаардлага 179,916,000 төгрөгийг төлж  байгаа гэдэг. Гэтэл одоо болохоор 282,136,150 төгрөгийг нэхэмжилж 100,000,000 төгрөгийн зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Үүнийг 102,440 ам доллар буюу нэхэмжлэл гаргаж буй өдрийн үнийн дүнгээр гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 102,440 ам долларыг Д.Э төлөөгүй, харин тухайн байрны төлбөрийг төлсөн гэсэн баримттай хүн бол зөвхөн Г.Г байна. Гэтэл бүх төлбөрийг Д.Э доллароор төлсөн гэдэг баримт байхгүй. 3,4 удаа доллароор төлсөн бусдыг нь төгрөгөөр Д.Энхбат төлсөн байдаг, зарим нь өөр байрны төлбөр байдаг. Гэтэл гэрээний үнийн дүнг бүхэлд нь доллароор төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлохгүй байхын үр дагавар нь хариуцагчийн зүгээс хариу тайлбар өгөх боломж, талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарлаж байгаа асуудал гарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6. дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж  үзэж байна. тухайн үед “А Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Эд холбогдох иргэний хэрэгт иргэн Г.Г гуравдагч этгээдээр оролцож байсан. Иргэн Г.Гийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн байна гэдгийг бүгд мэдэж байсан. Уг шүүхийн шийдвэрээр иргэн Г.Гийн өмчлөлий хүчингүйд тооцуулах үндэслэл байхгүй. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хэн бэ, 26.3-т хариуцагч хариуцагч гэж хэн бэ гэдгийг заасан байгаа. Харин Д.Э нь нэхэмжлэгч байх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь Д.Э тухайн байрны төлбөрийг төлөөгүй, мөн эзэмшигч нь байгаагүй байж тухайн байрны үнийг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй юм. Хэрвээ нэхэмжлэл гаргах гэж байгаа бол гэрээ байгуулсан “ Э К” ХХК-иас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн Г.Г Д.Эөөс эд хөрөнгө аваагүй. Тэдний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Д.Эийн өмчлөлийн эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Иймд Г.Г нь тус хэрэгт хариуцагч болохгүй юм. Иргэн Г.Г Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууц тус байрны подволд байрлах авто машины зогсоолыг худалдаж авсан гэрээтэй хууль ёсны өмчлөгч гэдэг нь шүүгчийн захирамжаар улсын бүртгэлийн газраас гаргуулсан гэрчилгээгээр нотлогдож байна. Мөн төлбөрийн хувьд “ Э К” ХХК-д Г.Г төлсөн гэдгийг шүүгчийн захирамжаар гаргуулсан. Г.Г төлсөн гэдэг нь нотлогдсон. Өнөөдрийн байдлаар тус байрны анхны өмчлөгч нь Г.Г байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн байгаа. Уг асуудал дээр хэн ч маргаагүй. Прокурорын тогтоол дээр Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. Хариуцагч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримтыг хэн ч тогтоогоогүй, ийм шүүхийн шийдвэр байхгүй. Уг прокурорын тогтоолтой холбоотой мэдүүлэг өгсөн хүмүүсийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгагдаж байна. Д.Э орон сууцны гэрээн дээр гараар засвар оруулж гараж гэдэг үгийг нэмсэн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаж, үнэлэх эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Төлбөр төлсөн эсэх дээр Г.Г 112,450,400 төгрөгийг төлсөн баримт байгаа, харин Д.Э тухайн байрны мөнгийг төлсөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Д.Энхбатын байрны төлбөр төлсөн гэх баримт байдаг боловч яг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 113-11 тоот 116м.кв 4 өрөө орон сууцны үнийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй, 113 дугаар байрны 9,10,11,12 дугаар байрнуудын мөнгийг Д.Энхбат хувааж төлсөн баримт гэж харагддаг, Д.Э төлсөн гэх баримт байхгүй. Д.Э нь “ Э К” ХХК-тай гэрээ байгуулсан гэх боловч огнооны хувьд иргэн Г.Гийн байгуулсан гэрээний дараа байдаг. Д.Эийн байгуулсан гэрээний хувьд “ Э К” ХХК-ийн н.Баярсайхан, Сувд-Эрдэнэ гэсэн эрх олгосон этгээдүүд мөн эсэх нь тодорхойгүй хүмүүс  байгуулсан. Үнийн дүн нь өөр, гарын үсэг зурсан хүмүүс нь өөр байдаг. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Гт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 113-11 тоотод байршилтай 116 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны 12 тоот автомашины зогсоолын үнэ 102,440 ам доллар буюу 282,136,150 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “орон сууц, автомашины зогсоолыг “А Т ” ХХК-иас худалдан авсан гурилын төлбөрт шилжүүлэх үүрэгтэй байсан, уг хөрөнгүүдийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг компанийн удирдлага зөвшөөрсөн гэж шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж тайлбарлаж байх ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “маргаж байгаа орон сууцыг “А Т ” ХХК-ийн захирлаас хүлээж авч “ Э К” ХХК-тай гэрээ байгуулж төлбөрийг төлсөн, энэ бол бидний хоорондох асуудал, бодит байдал дээр Д.Э, “А Т ” ХХК-ийн хооронд байгуулсан гурил худалдах, худалдан авах гэрээний гурилыг “Хээр адуу” ХХК авч ашигласан, гэрээ “Хээр адуу” ХХК-ийн ажилтан Д.Эийн нэрээр хийгдсэн, “Хээр адуу” ХХК болон “А Т ” ХХК-ийн албан бичгийн дагуу орон сууц миний нэр дээр шилжиж ирсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг аваагүй, нэхэмжлэгчийн өмч болох нь нотлогдоогүй тул шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь “А Т ” ХХК-иас 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн арилжааны гэрээгээр 196,200,000 төгрөгийн үнэ бүхий 17440 шуудай гурил авч, гурилын төлбөрт 179,916,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 113-11 тоотод байршилтай 116 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц шилжүүлэх, зөрүү 16,284,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохирч, уг гэрээний үүргээс 179,916,000 төгрөгийн үнэтэй орон сууц шилжүүлэх үүргийг Д.Эийг биелүүлээгүй үндэслэлээр “А Т ” ХХК нэхэмжлэл гаргасан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх “Д.Эийг 179,916,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “А Т ” ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Гт шилжүүлж Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийг биелүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 дугаар тогтоолоор Д.Эөөс гурилын үнэ 179,916,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдов. Энэхүү маргаанд Г.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.   

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Эөөс гурилын үнэ 179,916,000 төгрөг гаргуулсан үндэслэлээ “Д.Эөөс “А Т ” ХХК-д орон сууцыг шилжүүлсэн баримт, “А Т ” ХХК-иас Г.Гт үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олгосон эсхүл түүнийг шагнаж урамшуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Д.Э нь орон сууцыг Г.Гт шилжүүлснийг “А Т ” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.  

 

Маргаан бүхий орон сууцыг 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.Энхбат зогсоолын хамт 102,400 ам доллароор худалдан авах гэрээ, уг гэрээнээс өөр үнээр 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-гээр Г.Ганболд нь 112,450,400 төгрөгөөр захиалан бариулах гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.Э зогсоолын хамт 102,440 ам доллароор худалдан авахаар бичгээр хийгдсэн гэрээнүүд хэрэгт авагдсан байна. Энэхүү маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр Г.Гийг “ Э К” ХХК болон Г.Г нарын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, төлбөр төлсөн талаарх “ Э К” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдов. “А Т ” ХХК-ийн гурилын төлбөрт орон сууц шилжүүлэх тохиролцоо хийгдсэн байх ба автомашины зогсоол шилжүүлэх тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хэдийгээр хариуцагч Г.Г нь “ Э К” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг Д.Эөөс өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээтэй байгаа боловч энэ нь “А Т ” ХХК болон Д.Э нарын хооронд байгуулагдсан 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гурил худалдах, худалдан авах гэрээг сүүлд нөхөж байгуулагдсан гэрээ болохыг, маргаан бүхий орон сууцыг “А Т ” ХХК-иас хүлээн авсан болохыг нотлохгүй. Мөн “ Э К” ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “113 дугаар байрны 11 тоотын 4 өрөө 116м2 талбайтай 112,450,400 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалсан Г.Г төлбөрөө бүрэн төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн утга бүхий албан бичиг, орон сууцны үнийг төлсөн орон сууц захиалагчийн жагсаалт гэсэн баримтууд нь захиалгаар бариулсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлд хамаарах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага төлбөр бодитоор төлөгдсөн эсэхийг шалгах үүрэггүй. Иймд төлбөр төлсөн талаарх тодорхойлолт дангаараа төлбөр төлснийг нотлох баримт болохгүй. Иймд дээрх баримтууд нь Г.Гийг маргаж буй орон сууцны үнийг бодитоор төлснийг илэрхийлэхгүй бөгөөд орон сууцны үнийг хариуцагч өөрөө төлсөн талаарх өөр баримт гаргаж өгөөгүй болно.  /I-ХХ-ийн 214, 216 дугаар тал/

 

Иймд хариуцагчийг “маргаж байгаа орон сууцыг “А Т ” ХХК-ийн захирлаас хүлээж авч, төлбөрийг “ Э К” ХХК-д төлсөн” гэсэн тайлбараа нотлоогүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Иймд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 дугаар тогтоолоор “маргаж буй орон сууцыг Д.Эөөс Г.Гт шилжүүлсэн нь тогтоогдсон, харин энэхүү шилжүүлгийг Д.Эийг “А Т ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй” гэж үзсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц болон түүний үнийг буцаан шаардах эрхтэй байна. Хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэвэл “А Т ” ХХК-ийн худалдсан 17440 шуудай гурилын төлбөрт 179,916,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 113-11 тоотод байршилтай 116 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууцыг “А Т ” ХХК авах болохыг хариуцагч Г.Г мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул орон сууцны үнийг Д.Эийн бусад этгээдтэй тохирсон үнээр тогтоох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв. Иймд хариуцагчаас 179,916,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 102,220,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байх ба уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Нэхэмжлэгч нь орон сууц “А Т ” ХХК-д шилжээгүйг тухайн компанийг нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл мэдээгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусаагүй байна. Мөн хариуцагчийн тайлбарласанчлан 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл тоолоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байгааг дурдах нь зүйтэй.   

 

Хариуцагч Г.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 113-11 тоотод байршилтай 116 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, тухайн байрны доор байршилтай автозогсоолыг “А Т ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэлгүй, өөрийн нэр дээр шилжүүлэн авч  залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-оор тогтоогдсон гэж үзэхгүйг тайлбарлах нь зүйтэй. Дээрх тогтоолд “Г.Гийн яллагдагчаар ...татагдсан залилан мэхлэх гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж дурдан, уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Энэхүү баримтаар Г.Гийн үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг шалгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал буюу тухайн төрлийн гэмт хэрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон ба Г.Гийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр биш. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчимтай  бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд хамаарах нотлох баримтад хамаарахгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гал овогт Ганболдын Гоос 179,916,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэргүүн овогт Дэжидийн Эд олгож, нэхэмжлэлээс 102,220,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,568,630.75 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 1,057,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА