Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00032

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Хохирогч Ч.Түмэнжаргал,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Дашням,

Шүүгдэгч Д.Баянцагаан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Баянцагаанд холбогдох эрүүгийн 201622000729 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Зутан Дашнямын Баянцагаан, 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-11-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЛ99081017 дугаартай,

Шүүгдэгч Д.Баянцагаан нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-16-01 тоот хашааны гадаа ил байсан иргэн Ч.Түмэнжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслээс Самсунг С-6, Самсунг С-5, Самсунг С-4, Самсунг С-2 маркийн гар утаснуудыг хулгайлан авч 1.380.000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв гандангийн орчимд зогсоол дээр байсан иргэн П.Мэндбаярын эзэмшлийн тээрийн хэрэгслээс эд зүйл хулгайлан авч 440.000 төгрөгийн хохирол нийт 1.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Баянцагаан нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-16-01 тоот хашааны гадаа ил байсан иргэн Ч.Түмэнжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслээс Самсунг С-6, Самсунг С-5, Самсунг С-4, Самсунг С-2 маркийн гар утаснуудыг хулгайлан авч 1.380.000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв гандангийн орчимд зогсоол дээр байсан иргэн П.Мэндбаярын эзэмшлийн тээрийн хэрэгслээс эд зүйл хулгайлан авч 440.000 төгрөгийн хохирол нийт 1.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Баянцагааны мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…4-р хорооны Маргад эмийн сангийн араар явж байтал гудамжинд айлын үүдэнд машин байсан. Очоод хаалгыг нь татаад үзтэл онгорхой байсан. Машин дотор байсан цүнхийг аваад онгойлготол 5 ширхэг гар утас байсан. Тэгээд утаснуудыг аваад явсан...Гандангийн зогсоол дээр байсан хар хөх өнгийн машин дээр очоод машины цонхоор нь харсан чинь дотор нь цүнх байсан. Тэгээд машины хаалгыг татсан чинь онгорхой байсан. Тэгэхээр нь би машин дотор байсан цүнхийг авч байгаад дотор талыг нь онгойлгож үзсэн. Тэгсэн чинь дотор түрийвч байсан. Тэгээд түрийвчийг жижиг үүргэвч /паск/-тай хамт машинаас аваад явсан. Тэгээд түрийвчийг үзсэн чинь дотор нь мөнгө байхгүй хоосон байсан. Тэгэхээр нь гандангийн ойролцоо шонгийн модны хажууд хаясан. Тэгээд жижиг үүргэвч буюу паскнаас дотор нь байсан мөнгийг аваад паскийг нь түрийвч хаясан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "…Мөрөн сумын 4-16-01 тоотод хадам аавынд очсон. Тэгээд хүүхдүүд утас нэхэхээр нь оруулж өгөх гэсэн чинь машин дотор байсан утас алдагдсан байсан. Самсунг С-6 маркийн утас маань алтан шар өнгөтэй цэнхэр резинтэй гэртэй сэв зураас байхгүй, утасны нүүрний баруун дээд хэсэгт шилэн наалт нь бага зэрэг солонгорсон байгаа. Самсунг С-5 маркийн гар утас маань хүрээгээрээ сэвтэй шилэн наалттай шилэн наалт нь 2 газар хөндлөн цуурсан хар өнгийн смарт гэртэй байсан. Самсунг С-4 маркийн гар утас нь хүрээ нь сэвтэй цагаан өнгөтэй энгийн гялгар наалттай ягаан өнгийн хавтсан гэртэй цэнэг удаан ордог байсан. Самсунг С-2 маркийн гар утас нь ягаан өнгийн хавтсан гэртэй, хар өнгөтэй энгийн гялгар наалттай байсан...Одоо 1.380.000 төгрөг нэхэмжилж байна.  " гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хохирогч П.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Машинд ороход эхнэрийн маань цүнх онгорхой машины урд талын шалан дээр цүнх уначихсан байсан. Тэгээд удалгүй 88516867 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад 1 дүгээр хорооны хар замын хажуугаас таны бичиг баримтыг охинтойгоо явж байгаад оллоо, та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр танихгүй эмэгтэйгийн гэрт нь очоод бичиг баримт, жижиг үүргэвчээ очиж авсан. Тэгээд очиж авахад үүргэвчин дотор байсан 400.000 төгрөг байхгүй байсан. Өөр дотор нь байсан бичиг баримтууд бүгд бүрэн байсан. Жижиг үүргэвчинд байсан бэлэн 400.000 төгрөг мөн цүнхэн дотор байсан эмэгтэй хүний түрийвч алга болсон...Би 298.000 төгрөгийг буцаагаад хүлээж авлаа. Одоо үлдэгдэл 102.000 төгрөгөө буцаагаад авчихвал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбаренчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Төв гандангийн урд байдаг том хаалгаар гарахад Баянаа гандангийн машины зогсоолын урд байдаг зогсоолын хажууд зогсож байсан. Баянаа бид хоёр Од руу явж байхдаа Баянаагаас чи яаж мөнгөтэй болсон юм гэж асуусан чинь, мань чинь мөнгө оллоо гэж хэлээд 100.000 төгрөг өгөөд хадгалаарай гэж хэлээд өгсөн. Тэгээд Баянаатай цуг такси аваад Од караоке орсон. Тэгээд бид хоёр Одод гурван цаг дуулаад Одоос гарч ирээд ээж намайг дуудаад байхаар нь би Баянцагаанд ээж маань намайг дуудаад байна, би явлаа гэж хэлээд салаад явсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч С.Бямбазаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед гэрлүүгээ охинтойгоо хамт явж байгаад 1 дүгээр хорооны 19 дүгээр гудамжны үзүүрээс жижиг үүргэвч /паск/ олсон. Тэгээд гэртээ хариад пасканд юу байгааг үзэхэд гурван хүний эрүүл мэндийн дэвтэр, халамжийн дэвтэр, 2 хүний иргэний үнэмлэх, эмчилгээний дэвтэр, тэгээд Цагаан-Уул сумын хаан банкнаас авсан зээлийн гэрээ, үүрэн телефоны симний үүр тэдгээр зүйлс уг пасканд байсан. Тэгээд паскны эзнийг олж өгөхөөр симний үүрэн дээр байсан дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Хаан банкны эдийн засагчаас Мэндбаяр гэх хүний утасны дугаарыг авч паскыг дотор нь байсан бичиг баримт, бусад эд зүйлийг өгсөн…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч С.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Охин утсаа авъя гээд аавынхаа халаасыг уудалтал аав нь утсыг нь аваад ирье гээд гараад явсан. Тэгээд гарч орж ирэхдээ утас хийдэг цүнх барьсан орж ирээд охиноос чи утсаа авсан юмуу гэж асуухад нь үгүй гэж хэлж байсан. Тэгээд би гараад хаана тавьсан байсныг асуухад машины дунд хайрцган дээр тавьсан байсан гэж хэлж байсан. Самсунг С-4 маркийн утсыг нөхөр өөрөө Улаанбаатар хотоос худалдаж авсан. Самсунг С-5 маркийн утсыг бас л хотоос худалдаж авсан. Тэр Самсунг С-4 маркийн утсыг охин барьдаг юм. Харин Самсунг С-5 маркийн утсыг би барьдаг юм. Самсунг С-6 маркийн утсыг Солонгосоос манай эгч авчирч өгсөн. Энэ утсыг манай нөхөр барьдаг юмаа. Харин ээжийн утас болох Самсунг С-2 маркийн утсыг хэзээ хаанаас авсан талаар мэдэхгүй…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-61 дүгээр  хуудас/,

Гэрч Г.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Мөрөн сумын 2-34-11 тоотод хүүгийндээ хонины гэдэс арилгаад сууж байтал Түмэнжаргал утсаар залгаад хадам аавын хашааны үүдэн дээрээс машин дотроос хамаг утсаа алдаад цагдаа дуудсан, аав хүрээд ир гэж ярьсан. Тэгээд аав нь очихоор явсан. Миний утас үнэгүй ярьдаг болохоор хүнтэй ярина гэж авсан байсан. Миний хүүдээ өгч алдсан гэх утас 2014 онд Улаанбаатар хотоос охин явуулсан Самсунг С-2 маркийн утас юм…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 62 дугаар  хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Уранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Мөрөн сумын 4-16-01 тоотод өвөөгийндөө ээж, дүүгийн хамт очсон. Тэгээд аав ирж түлээ хөрөөдөнө гэхээр нь орой 16:00-17:00 цагийн хооронд аавтай ярьж гэрээс утас аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд машинруугаа гар утас оруулж ирэх гэтэл алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд надаас гарч утас авсан уу гэж асуухад нь үгүй гэж хэлсэн. Би Самсунг С-4 маркийн утас барьдаг юм. Анх аав барьж байгаад надад өгсөн юм…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 63 дугаар хуудас/,

Гэрч С.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манай хүү Д.Баянцагаан нь ааваа, ээжээ уучлаарай би та нарт нэг юм хэлэх гэсэн юм гээд та нарын дээр асуугаад байсан утсыг авсан юм. Би тэр авсан утасныхаа Самсунг С-5 маркийн утсыг 13-р хороонд ПС тоглоом тоглож байгаад алдсан юм. Самсунг С-6 маркийн гар утсыг зах дээр хүнд 50.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Харин Самсунг С-4 маркийн гар утсыг нуусан байж байгаад гаргаж ирсэн…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 64 дүгээр  хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбаренчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Он сарыг тодорхой санахгүй байна, намайг хичээлээсээ ирээд гэртээ ундаа уучихаад байж байтал манай эгч Дулам Д.Баянцагаан ийм утас олсон гээд гэрт орхичихоод явлаа гээд барьсан сууж байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл Самсунг С-5 гэсэн хар өнгөтэй утас байсан ба эгч ээжийн 80800239 дугаарыг хийсэн интернетэд орсон сууж байсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/,

Гэрч С.Нямдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манай эгчийн хүү болох Д.Баянцагаан гаднаас утас оллоо гэсээр барьсаар орж ирсэн. Тэгээд гэрт орхичихоод яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар өөрсдийн симээ хийж ашиглаж байсан юм. Нэг өдөр ирээд аваад яваад өгсөн. Самсунг С-5 маркийн хар өнгөтэй хар хавтастай утас байсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 66 дугаар  хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5, 45-47 дугаар хуудас/,

Бэлэн мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 10-11,13-14 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 38, 88 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 55 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 56 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Баянцагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000729 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Иргэний хариуцагч С.Дашнямаас 1.080.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Түмэнжаргалд, 102.000 төгрөг гаргуулж хохирогч П.Мэндбаярт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 141 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн,  17 настай, ам бүл 5 эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгч Д.Баянцагаанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөх, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг даалгаж, Д.Баянцагааныг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг  эх С.Дашнямд хариуцуулах нь зүйтэй байна.

       Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

       Эрүүгийн 201622000729 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг С-4 маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч Ч.Түмэнжаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.       

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Зутан Дашнямын Баянцагааныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Дашнямын Баянцагааныг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Д.Баянцагаанд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Д.Баянцагаанд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар Д.Баянцагаанд сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг даалгаж, Д.Баянцагааныг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг  эх С.Дашнямд хариуцуулсугай.

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-11-11 тоотод оршин суух Зутан Самбуунямын Дашням /РЛ67110100/-аас 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-15-07 тоотод оршин суух Чулуунбаатарын Түмэнжаргалд, 102.000 /нэг зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-2-20 тоотод оршин суух Пүрэвийн Мэндбаярт тус тус олгосугай.

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг С-4 маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч Ч.Түмэнжаргалд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      8. Эрүүгийн 201622000729 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянцагаанд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР