| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 312/2025/02109/И |
| Дугаар | 001/ХТ2026/00138 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2026/00138
Г.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2026/00030 дугаар магадлалтай,
Г.Б-н нэхэмжлэлтэй
Ц.Б-д холбогдох
Гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Ц.Б, өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Г.Б нь Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Б-с 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2026/00030 дугаар магадлалаар:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-н хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...*** аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч дүгнэлтдээ “Тус сумын иргэн Г.Б нь хурдан удмын адууны үржүүлэг хийдэг бөгөөд английн 75-тай сартай цагаан халтар азаргаар үржил хийж байсан нь үнэн болно” гэх дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн “А” ХХК азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хэрэгт цагдаагийн ахмад Х.М-н шалгасан зөрчлийн хэргийн материал авагдсан, уг материалд Г.Б-н гараар бичсэн мэдүүлгийг хавсаргасан бөгөөд энэ мэдүүлэгт азарга мөргүүлж үхсэн талаар бичигдсэн байна. Мөн Ц.Б-с сартай халтар зүсмийн адууны үнэлгээтэй танилцсан эсэхийг асуухад тэрээр “үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт алга” гэснийг гарын үсэг зуруулан нотлох баримтаар үнэлж хэрэгт хавсаргажээ. Түүнчлэн, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд Г.Б-д 25,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг Ц.Б-д даалгасныг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримтыг нотлох баримтаар хавсаргасан, үүнд Ц.Б гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00621 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
7.Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2024.08.11-нд орой адуугаа туугаад **** сумаас ***** голын гүүр гарах явцад ****** аймгаас ******** аймгийн чиглэлд зорчиж явсан “Хьюндай старекс” маркийн 7*** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн ирж, сартай халтар зүсмийн 12 настай азаргыг мөргөж, зүүн талын сүүжний яс, сүвээний хавиргууд хугарч улмаар шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн. Уг азаргыг 2022 онд *** аймгийн **** сумын харьяат аймгийн алдарт уяач Э.А-с 30,000,000 төгрөгөөр худалдан авсан. ... Уг азарга нь улсын алдарт уяач П.Б-н ОХУ-аас оруулж ирсэн Англи халтар азарганы төл бөгөөд уг азарганы төлүүд нь улс, бүсийн чанартай наадамд 30 гаруй айраг, түрүү авсан. Жолооч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж мөрдөгчийн магадлагаа гарсан, шинжээч “А” ХХК азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн, Ц.Б эдгээр магадлагаа болон шинжээчийн дүгнэлттэй танилцаад гомдол гаргаагүй тул уг дүнгээр нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...зам дээр адуу харагдсан тул тээврийн хэрэгслийн хурдыг хасаж 60 км/цаг болгосон, мөн адууг тойрч гарах гэхэд гэнэт эргэж бөгсөн хэсгээрээ миний машины урд талыг мөргөсөн үйл баримттай маргахгүй. Харин шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, “А” ХХК үнэлгээ гаргах эрхгүй, тухайн үед Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль төлсөн, мөрдөгчийн магадлагаанд Г.Б, Ц.Б биднийг аль алиныг нь буруутай гэж дүгнэсэн. Хэрвээ адуугаа бөөнөөр нь тууж явсан бол осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “…мөрдөгчийн 2024.09.02-ны өдрийн магадлагаагаар Г.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 27-д заасныг, Ц.Б-г мөн дүрмийн 12.3-т заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэн 2024.09.02-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Ц.Б-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр, Г.Б-г мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгосон ба зохигчийн хэн аль нь эдгээр үйл баримтад маргаагүй, шийтгэлийг биелүүлсэн, “А” ХХК-ийн 2024.08.29-ний өдрийн дүгнэлтээр азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй зохигч танилцаад санал хүсэлт, гомдол гаргаагүй, осол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хэн алиндаа хохирол учруулсан тул хохирлыг тал хувиар нь гаргуулна, хариуцагч татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “…нэхэмжлэгч тал шөнийн 01 цаг 30 минутын орчим азарга үхсэн гэх тайлбараа нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх азаргыг үрэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, *** аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн албан бичигт азарга үхсэн эсэх талаар дурдагдаагүй байхад “А” ХХК 25,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хуульд нийцэхгүй, хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, Ц.Б-н гаргасан зөрчил, түүний улмаас учирсан гэм хор хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой боловч хэрэгт авагдсан баримтаар гэм хорын хохирол бодитой учирсан эсэх нь тогтоогдохгүй байна…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлсэн.
12.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
Ц.Б нь 2024.08.11-ний өдрийн шөнийн 21 цаг 45 минутын үед “Хьюндай старекс” маркийн, 7*** **Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *** аймгийн **** сумын *** багийн нутаг дэвсгэр, ***** гүүр орчмын ****** аймгаас ******** аймгийн чиглэлийн зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Г.Б-н сартай халтар зүсмийн 12 настай, хурдан удмын азаргыг мөргөж, зам тээврийн осол гаргасан, уг зам тээврийн осол гарахад Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэснийг зөрчсөн болох нь цагдаагийн байгууллагаас явуулсан зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон,
-Г.Б-н сартай халтар зүсмийн, 12 настай, хурдан удмын английн 75-тай азарга Ц.Б-н автомашинд дайруулж үхсэн ба “А” ХХК адууны үнэлгээг 25,000,000 төгрөгөөр тогтоосон, Г.Б, Ц.Б нар үнэлгээтэй танилцаад санал хүсэлт гаргаагүй.
-2024.09.02-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Ц.Б-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр, Г.Б-г мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар 20,000 төгрөгөөр тус тус торгосон, шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг Ц.Б, Г.Б нар төлж биелүүлсэн, хэн аль нь энэ талаар гомдол гаргаагүй байна.
13.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан.
14.Хариуцагч Ц.Б зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд болон эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хурд хэтрүүлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд жолооч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч Г.Б эрх бүхий албан тушаалтны 2024.09.02-ны өдрийн магадлагаатай танилцаад “жолоочийн явсан урсгал талд 15-20 м-т мал амьтан гарах анхааруулах тэмдэглэгээ байсан, магадлагаанд оруулах саналтай” гэж бичсэн, хэрэгт зам тээврийн осол болсон газраас холгүй Замын хөдөлгөөний дүрмийн 1.22-т заасан “мал тууж гарах” тэмдэг байсныг харуулсан гэрэл зураг хавсаргагдсан зэргээс үзэхэд жолооч Ц.Б тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй гэсэн эрх бүхий албан тушаалтны магадлагааг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
15.Иймээс анхан шатны шүүх Г.Б, Ц.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хэн аль нь эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг төлж биелүүлсэн, зам тээврийн осол гарахад ижил хэмжээгээр буруутай гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.
Учир нь, Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.5-д “Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа 1.22 тэмдгээр анхааруулсан замын хэсгийг сонгох бөгөөд тийм хэсэг байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах ...” гэснийг, 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэснийг тус тус зөрчсөн гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Г.Б нь малчин Ц.Г-н хамт адуу тууж явахдаа гэрэл барьж явсан гэх байдал зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч зам тээврийн осолд тодорхой хэмжээнд буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хохирлын тал хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д нийцсэн, үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н хяналтын журмаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн гомдлыг хангахгүй.
16.Хариуцагч Ц.Б азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-ийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, үнэлгээ гаргах эрхгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж маргасан боловч хэргийн баримтаар Г.Б зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад “...уг азаргыг Э.А-с 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан, урьдчилгаа болгож 2,500,000 төгрөг өгч, үлдэгдлийг Э.А-н ******** банкны ******** тоот дансанд хэд хэд хувааж төлсөн...” гэж тайлбарлаж, өөрийн ******** банкны ****** тоот дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг дансны хуулгаас үзэхэд 2022.08.11-ний өдрөөс 2022.12.30-ны өдрийн хооронд Э.А-н ******** банк дахь ****** тоот дансанд 26,025,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх уг үнэлгээг нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
17.Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахдаа анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй буюу маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж тус тус заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.
Тодруулбал, Г.Б зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...***** голын гүүрийг гарах явцад халтар азаргыг **** **Б улсын дугаартай автомашин мөргөж, зүүн талын сүүжний яс сүвээний хавиргууд хугарч, улмаар шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн...” гэж дурдсан, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч мөн адил халтар азаргыг үхсэн талаар тайлбарласан, хариуцагч үүнийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй, халтар азаргыг үхсэн эсэхийг тодруулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.
Нэхэмжлэгчийн халтар азарга нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үхсэн, гэм буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдсон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2026/00030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Б 2026.04.09-ний өдөр 282,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН