Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0252/з |
Дугаар | 221/МА2017/0091 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2017/0091
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Г.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 892 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн Х.*******, С.******* нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 892 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж улсын бүртгэлийн Ү-2206013655 дугаар бүхий, 000103650 тоот гэрчилгээний дугаар бүхий “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Блю Скай” хотхоны 44б байрны 24 тоот орон сууцны бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Блю Скай” хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн Х.*******, С.******* нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тухайд:
Монгол улсын хуулийн этгээд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны тов 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон байсан. Гэтэл иргэн Л.Наранхүүгийн нэхэмжлэлтэй “******* банк” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны тов 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан байсан бөгөөд уг хэрэг нь Улсын Дээд шүүхээс буцсан, анхан шатны шүүх рүү буцсанаас хойш талуудын хүсэлтийн дагуу олон удаа хойшилсон зэрэг шалтгаанаар зайлшгүй оролцох шаардлагатай байсан юм.
Энэхүүү шалтгаанаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан зарчмын хүрээнд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангах хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Гэтэл шүүхээс шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдсэн асуудалд дүгнэлт өгч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэг талын эрхийг зөрчсөн үйлдэл байна.
Учир нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “******* банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцсан талаарх нотлох баримтыг гаргасан, түүнчлэн уг захиргааны хэрэгт биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмын хүрээнд эрхээ хамгаалах сонирхолтой байгааг хүсэлтэндээ дурдсан юм.
******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралдсан Л.Наранхүүгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралд биечлэн оролцсон бөгөөд уг шүүх хурлаас 181/ШШ2016/01192 тоот шийдвэр гарсан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгг заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 44б байрны 24 тоот орон сууцны 000103650 тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлтэй муутай болсон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан байдаг.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан бөгөөд 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлэг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан. Уг орон сууц нь “Мфикскапитал” ХХК /РД2714728/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013655 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000103650 тоот гэрчилгээ олгогдсон, тэр нь хүчинтэй байгаа тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан.
Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эахиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул шүүхийн шийдвэрээр эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх, эсвэл өмчлөгчийг өөрчлөн бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл ийм шийдвэр өнөөг хүртэл бүртгэлийн байгууллагад ирээгүй байгаа болно. Иймд мэдүүлгийг буцаасан нь хуульд нийцсэн болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын буртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу ******* банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна.” гэж заасан. Гэхдээ 19.2-т заасан зөвшөөрлийг заавал авч байж бүртгүүлэхийг хуулинд тодорхой заасан байгаа. ******* банк дээрх орон сууцны өмчлөгчийг өөрчилж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл өгөөгүй байна. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлгийг буцаана.” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9 дэх заалтыг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу гаргасан шийдвэр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 892 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хариуцагч захиргааны байгууллагын актыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ заахгүйгээр нэхэмжлэлийг хангаж, бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нь “Мфикс капитал” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 тоот Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээгээр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 24 тоот 148 м.кв 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирлын өмчлөлд шилжүүлсэн” гэж нэхэмжлэлдээ дурдсан атлаа “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх Ү-2206013655 дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны өмчлөгч нь “Мфикс капитал” ХХК гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүйгээс үзвэл тус өмчлөгч компаниас гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн авсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн талаар, эсхүл “шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” байхад улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйн талаар маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, уг харилцааг ялгамжтай зохицуулсан хуулийн заалтуудыг зөв сонгож хэрэглэлгүй, дээрх хуулийн 19 дүгээр 19.1.2-т заасныг хэрэглэсэн нь үндэслэл муутай болжээ.
2. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус эсэхийг тогтоож, хэрэв хууль бус бол тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, зөрчигдсөн бол актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5 дахь заалтыг үндэслэл болгон “*******” ХХК-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах зорилгод нийцнэ” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ нь зөвхөн захиргааны хууль бус актыг хянаж, захиргааны хууль бус, дур зоргын үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахад оршино. Харин захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн бол захиргааны акт гаргахыг даалгаж захиргааны үйл ажиллагаанд шүүх шууд оролцох эрхгүй тул захиргааны акт нь хууль зөрчөөгүй бол нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.
Хариуцагч нь “өмчлөгч “Мфикс капитал” ХХК нь уг орон сууцыг ******* банкинд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, шүүхийн тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгүүдээр битүүмжилсэн, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул барьцаалагчийн зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр бүртгэхийг хуулиар хориглосон” гэж нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүй үндэслэлээ тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийг тухайн орон сууцыг “Мфикс капитал” ХХК-иас шилжүүлэн авах гэрээ байгуулах үед тухайн хөрөнгө нь барьцааны зүйл байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа тухайн хөрөнгө барьцаанд байсныг мэдсэн эсэх, мэдсэн бол барьцаалуулагчийн зөвшөөрлийг авч барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээ зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн эрх бүхий этгээдээс уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь цуцлагдсан эсэхийг тодруулж, эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг өөрчлөх үндэслэл байгаа эсэх талаар баримтыг цуглуулж хариуцагчийн дээрх тайлбар хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 24 тоот 148 м.кв орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус иргэний хэргийн шүүх зохигчдын эвлэрлийг баталжээ. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нь мөн “уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй байна. Тус иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгээс үзвэл “Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар оролцуулсан эсэх, “өмчлөгчөөр тогтоолгох”, “улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж талууд эвлэрсэн эсэхийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.
Хэрэв иргэний хэргийн шүүх “улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д “Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдвэрлэгдэхээр байна.
4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг хэрэглэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн “шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх” эрхийг зөрчсөн байна.
Гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, С.******* нар нь шүүх хуралдааныг эхлэхээс өмнө “иргэний хэргийн шүүх хуралдаантай давхцсан” гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамт шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, улмаар уг иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож шийдвэр гарснаас үзвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүх “хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдлыг зохицуулсан” дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Мөн шүүх “иргэний хэргийн шүүх хуралдааны тов мэдэгдэхээс өмнө шүүх хуралдааныг товлож мэдэгдсэн” гэж дурдсан боловч энэ шалтгаанаар хэргийн оролцогчийн төлөөлөгчийн “шүүх хуралдаанд оролцох эрх”-ийг хязгаарлах үндэслэл болохгүйгээс гадна шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааныг товлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, С.******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ