Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/224

 

 

 

 

 

 

2024         10            30                                   2024/ШЦТ/224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.М*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал биечлэн, өмгөөлөгч С.Болорчулуун /цахимаар/ нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М******* холбогдох эрүүгийн 2415000000244 дугаартай, 163/2024/0226/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Д******* М*******, Х******* аймгийн Б******* суманд ... оны ...дугаар сарын ......-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* хотын Х******* дүүргийн Я******* хороолол тоотод оршин суух хаягтай, урьд нь Х******* аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: РГ66021913/.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.М******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт байрлах Булган аймгаас Х******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв асфальтан замд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Great wall” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд зорчиж явсан Мустанг-5 загварын мотоциклийг мөргөсний улмаас тус мотоциклийн жолооч Э.А амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрөх Х*******-Булган чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай замаар улсын дугаартай “Great wall” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож  яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс замын хөдөлгөөнд оролцож явсан “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Э.А амь нас хохирсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хэргйин газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэллт /хавтаст хэргийн 3-11 дэх тал/, хохирогч Д.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 44 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, иргэний нэхэмжлэгч М.У мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №80 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 116-120 дахь тал/, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан Д.М*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 132 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 133 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/, Х******* аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 143-144 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын  нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Ж.Ариунжаргал, С.Болорчулуун нарын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.М******* нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгал сөрж, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй өөдөөс замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Э.А амь нас хохирсон байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр өөрийн үйлдлээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргасан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   1.3. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний хүний амь нас хохирсон байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сараар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал: “...Шүүгдэгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 35,000,000 төгрөгийг амь хохирогчийн зээлийн үлдэгдэл болох 3,500,000 төгрөг, оршуулгын зардалд 10,000,000 төгрөг нийт 48,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хангаж байгаа учраас улсын яллагчийн ялын саналыг дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун: “...Хэдийгээр прокурортой тохиролцож ял санал болгосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан байгаа. Ял дээр санал зөрсөн асуудал байхгүй. Тэнсэнгийн хугацааг нь багасгаж 1 жилийн хугацаатай болгож өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.М******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Д.М*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.М******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан  шүүгдэгч Д.М******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М*******ын “В” ангиллын 228187 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Д******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Д.М******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.М******* сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Д.М*******ын “В” ангиллын 228187 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.М******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЁНДОНСАМБУУ