| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/000/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1189 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 0982 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Л.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчний ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:
-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулж, гурван сар арав хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
-Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулж, гурван жил нэг сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 113/49 дугаар шүүгчийн захирамжаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн хоёр жил нэг сар хорин долоон хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Нөмрөг нэртэй дэлгүүрийн ойролцоо 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд хохирогч **ийн “IPhone 12 pro” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Л.Б, нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн оройн 20 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нөмрөг” гэдэг нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Ш-ийн “IPhone 12 pro” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж аваад хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, иргэн С.Ш-ээс гаргасан: ”...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нөмрөг нэртэй дэлгүүрийн ойролцоо 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гар утсыг минь авч явсан...” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал);
-Хохирогч С.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр 115 дугаар байрны гадаа 15 цагийн орчим тамхи татаад зогсож байхад 40 орчим насны үл таних залуу ирсэн. Тухайн үед би өөрөө согтуу байсан болохоор тэр залууг дагаад тус дүүргийн нутаг дэвсгэрт байх "Ноёд" нэртэй зочид буудлын орчимд хэсэг хугацаанд юм ярьж алхаж байгаад “гар утсаа өгч байгаач” гэж хэлэхээр нь утсаа өгсөн. Тэгсэн тэр залуу нэг хүнтэй утсаар яриад байгаад "Нөмрөг" нэртэй хүнсний дэлгүүр рүү орж 1 шил 0.33 литрийн Хараа архи, 1 хайрцаг тамхи худалдан авсан, төлбөрийн утсаар ярьж байгаа хүнээр дэлгүүрийн данс руу хийлгэсэн. Ингээд бид хоёр дэлгүүрээс гарч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байрны сандал дээр сууж байгаад архийг хувааж уусан. Тэгсэн тэр залуу миний гар утсаар ярьж сууж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр зугтаагаад явсан. Би гүйж чаддаггүй болохоор араас нь хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал);
-“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний: “Iphone 12 рго” загварын гар утсыг 1,500,000 төгрөг үнэлэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 12-13 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: ”...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр урьд хамт ажиллаж байсан **ын гэрт 3 хоног архи уусан. Хэрэг гардаг өдөр **ын гэрээс гараад архи уух зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хороолол орчимд үл таних ахтай танилцсан. Ахыг архи уух уу гэхэд ууя гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг дагуулж, гар утсыг нь гуйж аваад хүнтэй ярьж архины мөнгө авсан. Миний гар утас цэнэггүй болсон байсан. Дэлгүүрээс архи, тамхи авч байрны гадаа сандал дээр сууж архийг хувааж уусан. Тэр ахын гар утсыг өгөөгүй гартаа барьчихсан архи ууж сууж байгаад тэр чигтээ өгөлгүй явчихсан” (хавтаст хэргийн 36 дахь тал) хэмээн мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “би Содон хороолол руу ахындаа очих гээд явж байсан, согтуу байсан. Хохирогч ах намайг дуудаад архи уух уу гэхээр нь би “байгаа бол ууя” гэж хэлсэн. Тэр ах хүн рүү утсаар яриад мөнгө нь бүтэхгүй байхаар нь би хүн рүү яриад нэг шил архины мөнгө авчихъя гэж хэлсэн. Тэгээд утсаар нь яриад найзаасаа мөнгө аваад дэлгүүр орж архи, тамхи авсан. Би нэлээн согтсон байсан тул утсыг нь яаж авснаа сайн санахгүй байна, гэхдээ утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийгөө зугтаасан, гүйсэн гэж бодохгүй байна...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул энэхүү мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэх боломжтой.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Iphone 12 рго” загварын гар утсыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хууль тогтоогчоос тогтоосон “Бусдын эд хөрөнгийг ... хууль бусаар авсан...” байх материаллаг шинжийг бүрэн хангаж байна. Хууль тогтоогч хохирлын доод хэр хэмжээг тусгайлан заагаагүй нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.” хэмээн тодорхойлсноос үзвэл хэн нэгэн этгээдийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор өөрийн мэдэлд байлгах эзэмшил үүсгэсэн бүх төрлийн биет эд юмсыг бусдын эд хөрөнгө хэмээн ойлгоно. Өөрөөр хэлбэл, эзэмшил үүсгэсэн үнэ цэнгүй биет эд юмс гэж байдаггүй тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн зэрэгцээ шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар /эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр/ авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Б бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан үйлдэл нь хохирогч С.Ш-д учирсан 1,500,000 төгрөгийн бодит хохиролтой шалтгаант холбоотой байхын зэрэгцээ өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байсангүй, прокурорын зүйлчлэл хууль зүйн хувьд зөв байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ш-т 1,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Б хохирлыг төлөх гэсэн боловч хохирогчийн утасны дугаар өөрчлөгдсөн, холбоо барих боломжгүй байх тул 1,500,000 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын дансанд байршууллаа.
Иймд шүүх хохирол төлөгдсөн гэж үзэж шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй талаар шийдвэртээ дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 1,500,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар: “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 41-49 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Л.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үр нөлөөтэй бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Л.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-т нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б-ийн тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 1,500,000 төгрөгийг хохирогч С.Ш-т олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА