Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00148

 

 

 

 

 

 

                         2022         01          04

        101/ШШ2022/00148

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В Г -д холбогдох,

 

20,230,359 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О /Ү-2226/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр О ХХК болон В Г ХХКнар Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. О ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын вакум цонх хаалгыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэвч В Г ХХКнь гэрээний 3.3-т заасан 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 21,634,597 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр О ХХК-ийн дансанд хийхээр харилцан тохиролцсон боловч 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 9,000,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 26-ны өдөр тус тус 10,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд үлдэгдэл 8,634,597 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байдаг. Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 7.2-т зааснаар нийт гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэвэл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. 2020 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн төлбөр 18,634,597 төгрөг байсан. 2020 оны 10 сарын 22-ныг хүртэл хугацаанд тооцогдсон алдангийн нийлбэр дүн 11,595,762 төгрөг байна. Энэхүү тооцоолол нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй нийцнэ. Иймд Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу ажлын төлбөрийн үлдэгдэл 8,634,597 төгрөг, Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 7.2-т заасны дагуу алдангийн төлбөр 11,595,762 төгрөг, нийт 20,230,359 төгрөгийг В Г ХХК-иас гаргуулж, О ХХК-д олгож өгнө үү гэв.

 

            2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            В Г ХХКнь О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Хэрэгт авагдсан баримтыг нягталсны үндсэн дээр хариуцагчийн татгалзлыг тодорхойлон, шүүх хурлаас өмнө сөрөг нэхэмжлэл гаргах болно.

            В Г ХХКнь Боловсролын яамтай гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р цэцэрлэгийн 150 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэх хүрээнд Сангийн яамны сайдын тушаалын дагуу НӨАТ төлөхөөс чөлөөлөгдсөн байдаг. Бид нар ажил хийж гүйцэтгэсэн үнийн дүнгийн хэмжээнд цаанаасаа санхүүжилтийг авдаг. Гэрээнд заасан 1 тэрбум 400 сая гаруй төгрөгийг шууд дансандаа авдаггүй. Одоо хүртэл төлбөр авах асуудал явагдаж байгаа. 2020 оны 7 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний  2.1-т эхний төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоног, суулгалтын 30 хоногтой байна. Тагтны хаалга, цонхны суулгалт хийсний дараа 15 хоног болно гэсэн байгаа. Ерөнхийдөө бол 60 хоногийг хугацаанд үргэлжлэхээр харилцан тохиролцсон гэрээ байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 7.2 дугаар зүйлийг ярьж байна. Гэрээний 7.3 дээр товч тодорхой зааж өгсөн байгаа. Гүйцэтгэгч гэрээний үүргээ цаг тухайд нь бүрэн гүйцэтгээгүй. Захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Гэрээний 4.1, 4.2 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Гуравдагч этгээд гомдлыг шаардлагыг биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн хойшилсон төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн байгаа. Гэрээний 4.1-т ажил хийж гүйцэтгээд актаар хүлээлгэн баталгаажуулснаар энэхүү ажлыг хийж дуусгасан гэж үзнэ гэсэн байгаа. 2020 оны 8 сарын 11-ний өдрийн байдлаар акт хүлээлцсэн. Актыг хүлээлцэхдээ нийт 49 ширхэг цонх хүлээлцэж авсан байгаа. 3 ширхэг цонхны шил хагарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийг тооцох гэж байгаа бол гэрээнд заасны дагуу 8 сарын 11-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй, манай талаас 41,639,597 төгрөг бүхий НӨАТ шингэсэн үнийн дүнгээс 33 сая төгрөгийг төлсөн. Үүнтэй нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль нь маргадаггүй. Үлдэгдэл 8,634,597 төгрөгийн асуудал байдаг. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алданги 50 хувиас хэтрэхгүй, алданги нь 4,317,298.5 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээр төлсөн төлбөрийг бичихээр 33 сая төгрөг гаргаад байгаа. Мөн талуудын байгуулсан гэрээний 7.3-т заасны дагуу актаар хүлээлцэж байж хугацааг тооцно гэсэн байгаа. Тэгэхээр актаар хүлээлцсэн баримт нь 8 сарын 11-ны өдөр байгаа. Нэхэмжлэгч тал цонхыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэж байсан гэдэг үйл баримт байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар алдангийг тооцох гэж байгаа бол 8 сарын 11-ний өдрөөс эхлэн алдангийг тооцохоор байна. Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            3.Нэхэмжлэгч талаас О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, О ХХК /рд:*******/-ийн Барилгын материалын үйлдвэрлэл: 3.7.3-Хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20/20 дугаартай Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ, хавсралт, Ажлын гүйцэтгэлийн тулгалтын акт-01, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн огноотой цонх суулгасан акт №, ******* Хаан банкин дахь дансны хуулга, О ХХК-ийн дансны хуулга,

            Хариуцагч талаас В Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай CW-05/2019 дугаартай гэрээ, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралтаар баталсан Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

                         

             ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч В Г ХХК-д холбогдуулан барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын төлбөрийн үлдэгдэл 8,634,597 төгрөг, алданги 11,595,762 төгрөг, нийт 20,230,359 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул талуудын хооронд байгуулсан Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээний 3.3, 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үлдэгдэл төлбөр, алдангийн хамт хариуцагч төлөх үүрэгтэй гэж шаардаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй холбоотой төлбөр саатсан, мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 8,634,597 төгрөг, үүний хэмжээнд алданги 4,0 сая гаран төгрөг, нийт 10,0 сая төгрөгийн хэмжээнд төлбөр төлөхөд татгалзахгүй, үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Ажлын гүйцэтгэлийн тулгалтын акт-01, цонх суулгасан акт, Хаан банкин дахь дансны хуулга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, В Г ХХК-ийн хооронд байгуулсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай CW-05/2019 дугаартай гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын нийт вакуум цонх хаалгыг хийж гүйцэтгэн угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэгч тал О ХХК хийж гүйцэтгэн, захиалагч тал В Г ХХКхэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөх тухай Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ”-г 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээний талууд байгуулсан байна. /хх-7-11 тал/

 Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул үлдэгдэл төлбөр, алдангийн хамт төлөх үүрэгтэй гэж,

хариуцагч нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслөөс нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-гүй дүнг санхүүжүүлэх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 хэсгийг үндэслэн НӨАТатвараас чөлөөлөх тул НӨАТ-гүй дүнгээр төлнө, мөн алдангийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тооцож, өмнөх хугацаанд алданги тооцохгүй гэж маргаж байна.  

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.

Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 3.1-т заасан эхний төлбөр төлсөн өдрөөс эхлэн цонх хаалганы үйлдвэрлэлт 30 хоног, суулгалт 30 хоногийн хугацаатай. Тагтны хаалтыг барилгын цонх хаалга үйлдвэрлэн суулгалт хийгдсэний дараа 15 хоногт үйлдвэрлэж 15 хоногт суулгана гэж заажээ. Энэ нь нийт 90 хоног байна.

Уг гэрээний 3.1-т гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ нийт 41,634,597 төгрөгөөр тогтоож, уг үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар, аливаа албан татвар, хураамж, угсралт, суурилуулалт тээвэрлэлт зэрэг багтсан байна. Мөн гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт дүнгээс 20,000,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш ажлын хоёр өдөрт багтаан төлж үлдэгдэл төлбөр болох 21,634,597 төгрөгийг ажил гүйцэтгэж дууссаны дараа ажлын 3 хоногт төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцохдоо урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2020.07.25, үлдэгдэл 21,634,597 төгрөгийг 2020.08.15 гэж тус тус нарийвчлан заасан байна.

Хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Цонх суулгасан акт № баримтаас үзэхэд нэхэмжлэгч О ХХК нь нийт 49 /43+2+4/ ширхэг цонхыг барилгад угсарч хариуцагч В Г ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.        

Нэхэмжлэгч тал В Г ХХКболон О ХХК-ийн хооронд хийсэн 2020 оны 07-р сарын 23-ний өдрийн №20/20 гэрээний хавсралт №1-ийн ажлын гүйцэтгэлийн тулгалтын акт-01 баримтыг шүүхэд гаргасан ба уг баримтаар гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч уг актад захиалагч тал гарын үсэг зураагүй, хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй баримт байх тул шүүх ажлын гүйцэтгэл хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч гэрээний үүрэгт нийт 33,000,000 төгрөг төлсөн ба 8,634,597 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Гэрээний төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр төлнө гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, тодруулбал, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, В Г ХХК-ийн хооронд байгуулсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай CW-05/2019 дугаартай гэрээнд барилгын ажлыг гүйцэтгүүлэх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр санхүүжүүлэхээр тусгасан боловч гэрээний уг заалт нь маргаж буй талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ”-нд хамаарахгүй, шүүх дээрх гэрээнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй юм.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар шүүх гэрээний талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах талаар заасан тул 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Барилгын вакум цонх хаалга хийж гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-т гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ нийт 41,634,597 төгрөгөөр тогтоож, уг үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар, аливаа албан татвар, хураамж, угсралт, суурилуулалт тээвэрлэлт зэрэг багтсан байна гэж заасныг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнийг талууд гэрээгээр тохиролцсон байна гэж үзлээ.

            2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Цонх суулгасан акт №-аас үзэхэд акт үйлдсэн өдрийн байдлаар гэрээт ажлыг бүрэн гүйцэд хүлээлгэн өгч гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий хичнээн хэмжээний цонх суулгаагүй үлдсэн зэрэг нь тодорхойгүй байна.

            Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх нь захиалагчийн үүрэг юм.

            Иймээс ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш хариуцагч гэрээний төлбөрийн үлдэх хэсгийг төлж, одоо 8,634,597 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

            Харин алдангийн тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т Нийт гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэвэл зохих төлбөрийн дүнгийн 0.5 %-ийн алданги төлөхөөр заасан тул шүүх хугацаа хэтрүүлэн төлөөгүй үлдсэн төлбөр 8,634,597 төгрөгөөс алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцүүлэн 4,317,298.5 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш алдангийг гүйцэтгээгүй үүргийн хэмжээнд тооцож бодсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь талууд гэрээнд төлбөр төлөх хугацаанд гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт дүнгээс 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан төлөхөөр, үлдэх төлбөрийг ажил гүйцэтгэж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон байна.

            Дээр дурдсанчлан, гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг нийт 90 хоног байхаар тооцсон атлаа гэрээний 3.3-т 2020.07.25-нд урьдчилгаа 20,000,000 төгрөг, 2020.08.15-нд үлдэгдэл 21,634,597 төгрөг төлөхөөр тусгасан нь мөн зүйлийн үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэж дууссаны дараа ажлын 3 хоногт багтааж төлнө гэсэнтэй, мөн ажил гүйцэтгэх нийт хугацаатай нийцэхгүй байна.

            Ажил гүйцэтгэх гэрээний гол шинж нь гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг төлөх үүрэгтэй тул ажлын үр дүн авсан хугацаанаас хойш алдангийг тооцох нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.

            2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Цонх суулгасан акт № баримтаар  гэрээт ажлын ихэнх хэсгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч энэ талаар маргаагүй боловч гэрээний 7.3-т зааснаар гүйцэтгэгч гэрээний үүргээ цаг тухайд нь бүрэн гүйцэтгээгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх зэргээр алданги төлөх дүнд маргаж байгаа тул шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 8,634,597 төгрөгөөс алдангийг тооцов.

Иймд хариуцагч В Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,634,597 төгрөг, алданги 4,317,298.5 төгрөг, нийт 12,951,895.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,278,463.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 259,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх 12,951,895.5 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч В Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,634,597 төгрөг, алданги 4,317,298.5 төгрөг, нийт 12,951,895.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,278,463.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 220,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 101/ШЗ2021/19808 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ