| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/226 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.ГАнтулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/226
2024 11 04 2024/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Ц.Г*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г*******д холбогдох эрүүгийн 2415002010233 дугаартай, 163/2024/0229/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А******* овогт Ц******* Г*******, Булган аймгийн ******* суманд 1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Г******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн орчим ******* ******* улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажуугийн шороон зам руу төв асфалтан замаас гарах явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а , 15.10 дахь заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд зорчиж явсан улсын дугаартай Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Б.Л эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ууганпүрэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Дээрх хэргийн нөхцөл байдал нь хэргийн газар үзлэг хий сэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, хохирогч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/, хохирогч Б.Л мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 дэх тал/, гэрч Н.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №194 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №196 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №46/23, 24/204 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 117-119 дэх тал/, яллагдагч Ц.Г*******ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан Ц.Г*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 142 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 143 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 144 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 145 дахь тал/, иргэний мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн 146-149 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ж.Ариунжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
3.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр төв замаар зорчиж яваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ тус тус замаар чигээрээ зөрчиж явсан тээврийн хэрэгсэлд тавьж өгөлгүй, “эргэх үйлдлээ хийж амжина” гэж тооцоолон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргасан буюу өөрийн үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтээр: “...Б.Л биед цээжний зүүн талд 4, 5, 6 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэрэг” тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь эх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоогджээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Л эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ц.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Л эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гараагүй бөгөөд “гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул Ц.Г*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээг хэрэглэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Г*******ы хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.Г******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Ц.Г*******ы хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А******* овогт Ц******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин “суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Г*******д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Г******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ