| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2021/05799/И |
| Дугаар | 101/ШШ2022/01148 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/01148
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: Л.Б нарт холбогдох,
Зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Л.Б нарын Төрийн банкны Улиастай тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 312600159352 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 63,934,585.36 төгрөг, үндсэн хүүнээс 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулан, үлдэх хэсгийг зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Л.Б нар нь Төрийн банкны Улиастай тооцооны төвтэй 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 312600159352 тоот зээлийн гэрээ болон 312600159352 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 68,600,000 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Бын Төрийн банк дах 312600159352 тоот харилцах дансанд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 66,500,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Зээлдэгч нар нь 312600159352 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох /хавсралт 1/-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүрийн 10-ны өдөр 2,008,373.54 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 09 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг огт хийгээгүй. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэж, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах, зээлийн төлөлт хийх шаардлага тавьж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 2,565,414.64 тегрөг, хүүнээс 1,463,312.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 572.54 төгрөг, нийт 4,029,300.00 төгрөг төлсөн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 63,934,585.36 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөг болж хуримтлагдсан байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө болох ачааны зориулалттай NORTHBENZ-ND4250 автомашин тээврийи хэрэгсэлийн гэрчилгээний дугаар №02442637, улсын дугаар 8676 УНК, арлын дугаар LBZ446DB5CA019084 нь 312600159352 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд зах зээлийн үнэлгээ хүрэлцэхгүй байгаа болно.
Зээлдэгч нартай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 312600159352 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 Банкны эрх ..., 4.1.3 Хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өор хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах эрхтэй байхаар тохиролцсон байдаг.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 312600159352 тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 312600159352 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөгийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 63,934,585.36 төгрөг, хүү 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөг болно. Иймд зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Л.Б нарын Төрийн банкны Улиастай тооцооны төв-тэй байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 312600159352 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 63,934,585.36 төгрөг, үндсэн хүүнээс 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулан, үлдэх хэсгийг зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь хариуцагч Б.Б, Л.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Б, Л.Б нар нь нэхэмжлэлд дурдсан зээлийг Төрийн банкны Улиастай төв салбараас 2016 оны 6 сарын 10-ны өдөр тоот гэрээ байгуулан хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу эргэн төлж байсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 сарын 17-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 1 сарын 13-ны өдөр 2 сая төгрөгийг бэлнээр кассын орлогод хийсэн байдаг. Зээлийн зорилго нь том оврын автомашин авах зорилготой хийгдсэн. Уг автомашиныг фидуцийн гэрээгээр банкны барьцаанд бүртгэгдсэн. Автомашинаар орон нутагт тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилготой байсан. Орон нутагт явж байх хугацаанд зээлийн гэрээний хуваарьт заасан төлбөр төлөх шаардлага бий болсон. Банкны нэг тал болох П.Бзээлийн эдийн засагчтай ярьж тохиролцоод тухайн үед өөрийн гүйлгээ хийх боломжтой данс болох Хаан банкны мобайл банкийг ашиглаж төлбөрийг хийхээр харилцан тохиролцож, Баярмандахын Хаан банк дахь 5041284443 тоот дансаар зээлийн эргэн төлөлтийг төлсөн байдаг. Ингэхдээ 14 удаагийн гүйлгээгээр 12,230,000 төгрөгийн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг шилжүүлсэн. Баярмандах нь Төрийн банкны зээлийн эдийн засагч байсан гэдэг нь албан бичгээр тогтоогдсон. Мөн Баярмандах нь Хаан банк дахь 5041284443 тоот данс эзэмшдэг болох нь Хаан банкнаас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдсон. Мөн иргэн Л.Бын Хаан банкны 5005082971 тоот дансны дэлгэрэнгүй хуулга хавтас хэрэгт авагдсан байгаа. Энэ хуулганаас 14 удаагийн шилжүүлэг хийсэн болох нь тогтоогдож байгаа. Энэ байдлаар 12,230,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулах хүсэл, сонирхолтой байсан. Нэхэмжлэгч тал энэ дүнг зээлийн төлбөрт тооцохгүй гэсэн. Энэ нөхцөл байдал нь өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. Баярмандах гэдэг хүн яагаад зээлийг төлөхгүй байгаа вэ гэхээр ажлаасаа гараад алга болчихсон байсан. Судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр шалгагдаж байгаа юм байна лээ. Энэ хэрэг дээр Б.Б гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Үүрэг гүйцэтгэгчийн буруугүй өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүссэн зөрчил бий болсон. Иргэний хуулийн 222.2-т тухайн үүссэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч Б.Б, Л.Б нар нь өөрийн боломжит хэлбэрээр үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл банкны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж энэ зээл буцаагдахад хүрсэн. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээг үргэлжлүүлж, доголдлыг өнөөдрийн байдлаар арилгаж, үүнээс Л.Бын данснаас шилжүүлсэн 12,230,000 төгрөгийг хасаж тооцож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас Т банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 6 сарын 10-ны өдрийн 312600159352 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 312600159352 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн Мемориалын баримт №20190610..0000195090-0, зээл, хүүний тооцооны хуудас, 8676УНК улсын дугаартай, Northbenz ND4250 W322JJ маркийн, Аралын LBZ446DB5CA019084 автомашины гэрчилгээ, 2020 оны 04 сарын 28-ны өдрийн Б.Бын Төрийн банкинд гаргасан баталгаа, 2020 оны 09 сарын 08-ны өдрийн Б.Бын Төрийн банкны тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, Л.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Хариуцагч талаас 2019 оны 07 сарын 17-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлэг, Л.Бын Хаан банкны 5005082971 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талын хүсэлтээр Т банк ХХК-иас Пэрэнлэйжамцын Баярмандах гэх зээлийн ажилтан ажиллаж байсан эсэх, уг ажилтны регистрын дугаарыг гаргуулж /хх-68/, хариуцагч талын хүсэлтээр Хаан банк ХХК-иас Пэрэнлэйжамцын Баярмандах нь 5041284443 тоот данс эзэмшдэг эсэх лавлагаа-мэдээлэл /хх-74/ зэрэг баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Б.Б, Л.Б нарт холбогдуулан зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Л.Б нарын Төрийн банкны Улиастай тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 312600159352 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 63,934,585.36 төгрөг, үндсэн хүүнээс 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулан, үлдэх хэсгийг зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулагдсан, зээл авсан талаар маргахгүй, харин хариуцагч нар орон нутагт ажиллаж байсны улмаас банкны эдийн засагчийн хувийн данс руу зээлийн төлбөрөө 14 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 12,230,000 төгрөгийг зээлийн төлбөр төлсөнд тооцуулах хүсэлт гаргасныг банк зөвшөөрөөгүй тул зээлийн төлбөр төлөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 222.2-т заасан тухайн үүссэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн зохицуулалтад хамаарах тул Б.Б, Л.Б нар нь өөрийн боломжит хэлбэрээр үүрэг гүйцэтгэж. Гэтэл банкны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлахад хүрсэн. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээг үргэлжлүүлж, доголдлыг өнөөдрийн байдлаар арилгаж, үүнээс Л.Бын данснаас шилжүүлсэн 12,230,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.
4. Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд дараах эрх зүйн дүгнэлт хийж байна. Үүнд:
2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн 312600159352 гэрээгээр зээлдүүлэгч Т банк ХХК нь зээлдэгч Б.Б, Л.Б нарт 66,500,000 төгрөгийг, сарын 2.2 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газрын тээвэр болон хийн хоолойн тээвэр зориулалтаар зээлдүүлэхээр тохирч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, мөн өдрийн Фидуцийн 312600159352 дугаар гэрээгээр 86-76 УНК улсын дугаартай, North Benz маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх-9-12/
Уг гэрээний дагуу зээлдэгч Б.Бын дансанд 66,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банкны мемориал баримтаар тогтоогдож байна. /хх-13/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.
Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй боловч үндсэн зээлд 2,565,414.64 төгрөг, хүүнд 1,463,312.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 572.54 төгрөг, нийт 4,029,300 төгрөгийг төлсөн ба 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй ба 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг үндсэн зээлд төлснөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн болох нь зээл, хүүний тооцооны хуудас баримтаар тогтоогдож байна. /хх-14/
Зээлийн гэрээний 6 дүгээр зүйлийн 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Зээлдэгч Б.Б нь зээлийг хэвийн байдалд оруулах, хуваарийн дагуу төлөх талаар 2020.04.28, 2020.09.08-ны өдрүүдэд банкинд бичгээр баталгаа гаргаж байжээ. /хх-16-17/
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заажээ.
Зээлдэгч нар 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн П.Баярмандахын Хаан банкин дахь 5041284443 данс руу зээлийн төлбөрт 14 удаагийн үйлдлээр 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 11,730,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулга, Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 29/770 дугаар данс эзэмшигчийн талаарх албан бичгээр тогтоогдож байна. /хх-39-59, 74,/
Зээлийн гэрээний 3.2.2-т зээлийн төлбөр, бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоо, үйл ажиллагааны орлогоо Төрийн банкин дахь харилцах дансаараа дамжуулах үүрэг хүлээсэн ба зээлдэгч нь хөдөө байсан гэх шалтгаанаар өөрийн бус банкны ажилтны хувийн данс руу зээлийн төлбөр төлсөн нь гэрээний холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх ба гэрээнд зааснаас өөр дансанд хийхдээ банкнаас зөвшөөрөл авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба зарчимтай ба мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох ба хэргийн баримтаар ийнхүү үүргийг гүйцэтгэсэн гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй.
Түүнчлэн зээлдэгч нь Төрийн банкны эдийн засагчаар ажиллаж байсан П.Баярмандахын дансанд мөнгө шилжүүлснээс хойш буюу 2019 оны 10 дугаар сараас хойш хугацаанд мөн гэрээний үүргийн зөрчил үргэлжилсэн тул зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.
5. Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтаас үзэхэд хариуцагч нар нь зээл 63,934,585.36 төгрөг, хүү 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Зээлдэгч Б.Б, Л.Б нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч ба энэ талаар хариуцагч тал маргаагүй.
7. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №312600159352 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр Т банк ХХК, Б.Б, Л.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 86-76 УНК улсын дугаартай, North Benz маркийн автомашины өмчлөлийг Т банк ХХК-д шилжүүлж, автомашин Б.Бын эзэмшилд байхаар тохирсон ба одоо тээврийн хэрэгсэл Б.Бын эзэмшилд байна.
Дээрх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарах юм.
Уг маргаанд хариуцагч Б.Б, Л.Б нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, тээврийн хэрэгслийг худалдан борлуулснаар гэрээний үлдэгдэл төлбөр төлж хүрэлцэхгүй, тээврийн хэрэгсэл нь хариуцагч Б.Бын эзэмшилд байгаа үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан тул 86-76 УНК улсын дугаартай, North Benz маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.6, 158 дугаар зүйлийн 158.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.
Харин үүргийн гүйцэтгэлийн үлдэх хэсгийг зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулах шаардлагын тухайд;
Хэдийгээр талууд фидуцийн гэрээний 4.1.3-т Хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах гэж заасан боловч гэрээнд талууд тодорхой хөрөнгийг нэрлэн заагаагүй тул гэрээгээр тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин хариуцагчийн бусад хөрөнгийг олж тогтоох ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон журмаар хийгдэх ажиллагаа тул нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Л.Б нарын Төрийн банкны Улиастай тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 312600159352 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 63,934,585.36 төгрөг, үндсэн хүү 40,320,312.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 686,618.15 төгрөг, нийт 104,941,516.45 төгрөгийг хариуцагч Б.Б, Л.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бын эзэмшилд байгаа гэх 86-76 УНК улсын дугаартай, LBZ446DB5CA019084 арлын дугаартай, North Benz маркийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үүргийн гүйцэтгэлийн үлдэх хэсгийг зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 823,058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ