Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2022/00200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: Г.Л-д холбогдох

гэм хорын хохирол 1,724,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 14ий өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 21ий өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус Эмнэлгийн сувилахуйн албаны дарга Н.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилжээ. Уг шийдвэрийг Н.Ц эс зөвшөөрч миний бие нь сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэлийг гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэж, намайг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сувилахуйн албаны даргаар томилж, 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, иймээс 03 сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 147 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 264,080 төгрөгийг хасаж, нэгдсэн эмнэлгээс 1,724,000 төгрөгийг гаргуулж Н.Ц-д олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Н.Ц-д 1,724,000 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 6, 7 дугаар сарын цалин дээр Төрийн сангаар дамжуулан түүний данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь сувилахуйн албаны дарга Н.Ц-гийн ажлыг өөрчилсний улмаас байгууллагаас 1,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн. Уг мөнгийг нэгдсэн эмнэлгээс төлсөн бөгөөд Аудитаар авлага үүсгэсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 1,724,000 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар хүсэлт ирүүлсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ц-д олгосон цалингийн зөрүүг Г.Л-с гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид зааснаар Г.Л нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Н.Ц-ийн ажлыг өөрчилсөн хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Г.Л-с шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 1,724,000 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

2.1 Хариуцагч Г.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргаар 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 04 сар хүртэл ажиллах хугацаанд ажил олгогч надтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй ба надтай байгуулсан үр дүнгийн гэрээнд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл: Эд хөрөнгийн хариуцлага хүлээж буй этгээд нь ажилтан, албан хаагч байх бөгөөд амьдралын баталгаа болсон цалин хөлстэй холбоотой учруулсан хохирлын хэмжээтэй нь холбохгүйгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ерөнхий зарчим байна. Харин хуульд тусгайлан хатуу тогтоосон, эсхүл гэрээгээр харилцан тохирч үүрэг хүлээлгэсэн тохиолдолд л эд хөрөнгийн бүрэн хариулага хүлээлгэж болох юм. Хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ажилтан, албан хаагчдад хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх /бүрэн хариуцлагын талаар хуульд заагаагүй, гэрээгээр тохиролцоогүй бол/ ерөнхий зарчимтай харшлах зохицуулалт байхгүй гэж хариуцагч миний бие үзэж байна. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учруулсан хохирлыг бүрэн арилгах бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан учраас хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эруүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зуйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж эаасан хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг хуулийн зохицуулэлттай байна. Миний бие тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар нэгдсэн эмнэлэгийн даргаар томилогдсон бөгөөд ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх хэмжээтэй байсан. Би хувийн ажлаа хийгээгүй, дээрээс томилогдож төрийн өмнөөс ажил хийж байсан байж яагаад хариуцлага хүлээх ёстой юм. Тухайн үед Н.Ц-г сувилахуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар өөр ажилд шилжүүлснийг тус шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1,724,000 /нэг сая долоон зуун хорин дөрөв мянга/ төгрөгийг байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хууль бусаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэн Иргэний эрх зүйн харилцаа болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаагаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь: Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс зааглах ёстой юм. Н.Ц-г сувилахуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар өөр ажилд шилжүүлснийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба тухайн үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-д зааснааражил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн хуулийн 135.4-д заасан байна. Мөн тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх ба тус хуульд мөн төр хариуцахаар зохицуулалттай байсан. Иймд тухайн шүүхийн шийдвэр гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг буцаан хэрэглэж өгнө үү. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд: Ажилтанг ажлаас буруу халсантай холбоотой тушаал хууль зүйн үндэслэлгүй байснаас байгууллага цалин, хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгосон байгууллагад учирсан хохирлыг шаардах эрх зүйн хэм хэмжээнд Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа дахь 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг хамааралгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжпэгчийн нэхэмжлэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн зохицуулалт “хууль бус” зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа, өөрөөр хэлвэл хуулиар хориглосон буюу хийх ёсгүй хууль бус өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, субъектив санаа зорилгоор гэм хор учруулсантай холбоотой тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.Л анхан шатны шүүхэд тайлбараа хүргүүлсэн байгаа. Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учирсан хохирлыг бүрэн арилгах, бүрэн хариуцлагын гэрээ хийж ажиллаагүй байсан учраас хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх , амь нас , эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд , ажил төрлийн нэр хүнд , эд хөрөнгөд санамсаргүй буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заадаг.   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 498.1, 498.2, 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хор учирсан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж хэдий заасан боловч тухайн үед Г.Л болон Н.Ц нарын хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.  Г.Л-ын тухайд албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулаагүй. Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах  бүрэн эрхийнхээ хүрээнд ажилчдадаа хольж солих үйлдэл хийж байсан. Хувийн ажил хийгээгүй, төрийн өмнөөс ажил хийж байсныхаа хариуцлагыг хүлээх үүрэггүй юм гэж үзэж байна. Н.Ц-г эмнэлгийн сувилахуй албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсныг Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн шүүх 2017 оны 04 сарын 05-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 135.3-д зааснаар ажил олгогч эд хөрөнгийн бүрэн  хариуцлагыг хүлээлгэж болох ажил албан тушаалыг жагсаалтын дагуу ажилтай эд хөрөнгийг бүрэн хариуцлагын гэрээ байгуулах эрхтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй бол түүнд бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Тус хуулийн 135.4-д мөн заасан байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хуульд бас төр хариуцах зохицуулалт байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.3. Прокурор Л.Г нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Г би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд заасан төрийн байгууллагын өмнөөс оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хувьд Төрийн албан хаагч Н.Ц-ийн ажлыг өөрчилсөн, хууль бус шийдвэр гаргасан алба тушаалтан Г.Л-с шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 1,724,000 төгрөгийг гаргуулж Улсын төсөвт оруулах шаардлагыг гаргасан байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь 2014 оны 02 сарын 19-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус эмнэлгийн сувилахуй албаны даргаар ажиллаж байсан Н.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон байдаг. Говь-Алтай аймгийн сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны 147дугаартай шийдвэрийн дагуу 2016 оны 12 сарын 01-ний өдөр Б-98 дугаартай тушаалаар тус эмнэлгийн сувилахуй албаны даргаар Н.Ц-г эргүүлэн томилсон байдаг. Ажлаас үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу 1,724,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 06 сард 700,000 төгрөг , 7 сард 1,024,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.Ц-д олгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтай байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх , амь нас , эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд , ажил төрлийн нэр хүнд , эд хөрөнгөд санамсаргүй буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүний ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заасан байдаг. Н.Ц-д олгосон цалингийн зөрүүг Г.Л-с гаргуулж Улсын төсөвт оруулах нь зүйтэй байна гэж үзсэн гэв.

 

3.1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаал,

-Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаал,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны цалингийн карт,

-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/107, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/139 дугаар актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

- Н.Ц-ийн Хас банкны дансны хуулга /2017.06.01-2017.07.31/,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн авлагын тодруулга /2020.12.31/

-Нэгдсэн эмнэлгийн 2020 оны жилийн эцсийн авлагын тооцоо,

-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/60 дугаар албан шаардлагын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар албан даалгавар,

-Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нартай хийх хөдөлмөрийн гэрээ /2016.12.01/,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар албан бичигт Г.Л-с өгсөн хариу тайлбар,

-Говь-Алтай аймгийн .... багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 305 дугаар тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн .... багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 510 дугаар тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/16, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/287 дугаар албан бичгүүд,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Г.Л-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

3.2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/04 дугаар тушаал.

 

3.3. Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч Г.Л-с 1,183,569 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,431 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Г.Л-д холбогдуулан гэм хорын хохирол 1,724,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд “...Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учирсан хохирлыг бүрэн арилгах, бүрэн хариуцлагын гэрээ хийж ажиллаагүй байсан учраас хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй...” гэж татгалзжээ.

5.2 Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь шаардлагын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ц-д олгосон нөхөн олговрыг Г.Л-с гаргуулах нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа Н.Ц-г албан тушаал бууруулах тушаал гаргаснаар шүүхийн шийдвэрээр  Н.Ц-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор олгосон талаар маргаагүй, харин зохигчдын хооронд үүссэн харилцаа, хууль бус гэм буруугийн талаар маргажээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа тус эмнэлгийн сувилахуйн албаны дарга Н.Ц-г 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Н.Ц-ийн бага цалинтай ажил хийж байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1,724,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь шүүхийн шийдвэрийн дагуу Н.Цд бага цалинтай ажил хийж байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1,724,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох үйл баримт нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шүүхийн шийдвэр, Н.Ц-ийн Хас банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

8. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалтуудаар тодорхойлсон байх ба уг зохицуулалт нь “хууль бус” зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа, өөрөөр хэлбэл хуулиар хориглосон буюу хийх ёсгүй хууль бус өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, субъектив санаа зорилгоор гэм хор учруулсантай холбоотой тул нэхэмжлэлээр шаардсан хохирол төлүүлэх шаардлагын эрх зүйн хэм хэмжээ болохгүй  гэж шүүх үзлээ.

Тодруулбал хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Л нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Г.Л-г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаж ойлгох нь зүйтэй юм.

9.1 Мөн Төрийн албаны тухай /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2002 оны/ хуульд төрийн албаны ангилал, төрийн албан тушаал, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 3, 5 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг “төрийн жинхэнэ албан хаагч” гэжээ.

9.2 Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “... Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах ...эрүүл мэнд, ... зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарна гэж зааснаар хариуцагч Г.Л нь төрийн үйлчилгээний албан  хаагч байжээ.

9.3 Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

9.4 Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Н.Ц, түүнийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тушаал гаргасан Г.Л ч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

9.5 Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ.

9.6 Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.

9.7 Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г.Л нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.

9.8 Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ба тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч Г.Л-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

10.Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2017 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

10.1 Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хувьд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 11 сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичигт “...Г.Л нь актыг зөвшөөрөхгүй гэдгийг өмнөх бичгээр илэрхийлсэн, аудитын албан шаардлагын биелэлт, аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 02 тоот албан даалгаврын 1.8 дахь заалтын хэрэгжилтийн биелэлтийг хангаж, авлагыг 2021 онд барагдуулах шаардлагатай байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн байгаа нь агуулгын хувьд өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргуулах хүсэл зоригийг илэрхийлсэн буюу шүүхэд иргэний маргаан үүсгэх хүсэл зориг гэж үзэхээр байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг эхлэх, өөрчлөх, дуусгавар болгох нь зохигчийн хүсэл зоригийн /диспозитив/ зарчмаар тодорхойлогддог ба хэрэв өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад түүнийхээ дагуу прокурорт хүсэлт гаргаагүй, харин прокурорт итгэмжлэл хэлбэрээр шууд хүсэлт гаргасан байна.

12. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасан. 

12.1 Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн хариуцагч Г.Л-н 2015 оны 01, 02, 03 дугаар саруудын цалингаас 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,185,569+1,176,569+1,188,569 = 3,550,707: 3 сар = 1,183,569 төгрөг байна.

13. Иймд хариуцагч Г.Л-с 1,183,569 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,431 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

14. Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон О.А нь хүүхэд нь өвдсөний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, прокурор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 1,183,569 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 32,956 төгрөгийг хариуцагч Г.Л-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л-с 1,183,569 /нэг сая нэг зуун наян гурван мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,431 /таван зуун дөчин мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 1,183,569 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 32,956 төгрөгийг хариуцагч Г.Л-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ