Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/44

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч С.Г******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С*******ийн Г*******т холбогдох эрүүгийн 201722000009 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч С.Г******* нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-10 тоотод эхнэр Б.Л*******г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г******* нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-10 тоотод эхнэр Б.Л*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Г*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би куртикны халааснаас Ж-мойбайлын сим олсон юм. Симийг утсанд хийж үзсэн чинь Л******* Их-Уул сумын нэг залуутай бичсэн мессэж байсан. Л******* сим авангуутаа амруугаа хийгээд зажилчихсан. Би гаргаж өг гээд өгөхгүй болохоор нь нүүрлүү нь нэг удаа алгадсан. Би салгах гээд цамцны захаас нь татсан чинь цамцных нь зах уригдахаар нь цааш нь түлхсэн  чинь хүзүү нь улаачихсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Л*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эгчийнхээ хүүхдийн үсний найранд гэрийнхэнтэйгээ яваад ирсэн чинь Г******* чи банзалдаж яваад ирсэн гэснээс болж маргаан үүссэн. Г******* миний толгой нүүрлүү цохиж багалзуурдаж зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.С*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэрт ороход Г*******, эхнэр Л*******тай ширээний наана, цаана суучихсан хэрэлдээд байж байсан. Би ороод одоо боль гэсэн чинь үгэнд орохгүй хэрэлдэж байгаад арай гайгүй болохоор нь гэрээс гарсан…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Энхболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би хаалганы цонхоор харсан чинь аав ээжийн нүүрлүү нь алгадаж байгаа харагдсан. Тэр хоёр хэсэг маргалдаж байгаад чимээгүй болсон. Тэгээд гаднаас өвөө С******* орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч  Ц.Нандинцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Л*******н биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Л*******н биед хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, бугалга, дал, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдийн хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүнд зулгаралт, бугалга, дал, гуянд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,  

Хохирогч Б.Л******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

201722000009 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул С.Г*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Л******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000009  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Шарнууд С*******ийн Г*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар С*******ийн Г*******т холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч С.Г*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000009 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г*******т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР