Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0071

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          С.Б

Шүүгдэгч                                           Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Мд холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Орхон аймагт суманд төрсөн,  И овогт Б-н М.

 

Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух У.Ж-н монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, “BSB” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн Э.Б-н байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Элко” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их М овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн /тав/ хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-гийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгаас нийт 294,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Б-д 180,000 төгрөг, хохирогч Э.Б-д 44,000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 70,000 төгрөг тус тус олгуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бор өнгийн нэг хос гутлыг тогтоол хчүин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор намайг 5 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ гарсан шийдвэртэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа тухайгаа хэлэхэд огт авч үзээгүй. Би өндөр настай хоёр хөгшний хамт амьдардаг. Хорих ангид ял эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр хийж, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулна. Иймд эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, нааштай шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “ ... шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 47-17 тоотод оршин суух иргэн Э.Б-н байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Элко” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 19-2 тоотод оршин суух иргэн У.Ж-н монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж “BSB“ загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх 5, 86-87/,

хохирогч Н.Б-н “...2020 оны 03 дугаар сарын 07-ний 00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад гэрийнхээ хаалгыг татаж үзтэл цоож нь цүүц хэсгээрээ унаад ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороход хойморт байсан 32 инчийн ВSВ маркийн зурагт хулгайд алдагдсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх 13/,

гэрч Ц.Ж-н “...гэртээ ороод хартал хойморт байсан 32 инчийн зурагт... алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15/,

шүүгдэгч Б.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “ ... Их залуу багийн Баруун задгайн 19 дүгээр гудамжны жалга талаасаа 2 дахь хашааны цэнхэр өнгийн хаалга онгорхой байхаар нь орсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь гэрийнх нь хаалган дээр очоод цоожных нь цүүцнээс татсан чинь гэрийнх нь хаалга онгойчихсон юм. Тэгэхээр нь гэр лүү нь ороод хоймор талдаа тавьчихсан байсан хар өнгийн зурагтыг нь аваад явчихсан юм ... маргааш нь оройн 21 цагийн үед таксины жолооч эрэгтэй хүнд 60.000 төгрөгөөр өгчихсөн ... би 47 дугаар гудамжинд 18-19 цагийн хооронд явж байгаад хүрэн өнгийн хашааны хаалга онгорхой байхаар нь дотогш орсон. Тэгээд би байшингийн баруун талын цонхыг түлхэж дотогш орсон ... хар өнгийн Элко маркийн 32 инчийн зурагт байсан. Би аваад цонхоор буцаж гарсан ... зурагтаа аваад Б ах дээр очоод 30.000 төгрөгөөр зарсан... ” гэсэн мэдүүлэг /хх 18, 70, 139-140/,

хохирогч Н.Б-н гэрээс алдагдсан гэх “ВSВ” маркийн 32 инчийн зурагтыг 180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 21/, хохирогч Э.Б-н байшингаас алдагдсан гэх “Элко” загварын 32 инчийн зурагтыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 113/,

мөр судлалын шинжилгээний 84 дугаартай “...шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 2, 4-т байх гутлын мөрүүд харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-гийн гэр гутлын зүүн өмсгөлтэй гутлын улны хээгээр үүссэн байна” гэсэн, мөн 105 дугаартай “шинжлэгдэж буй Зураг 10 цонхны рамны дээрээс илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр гэсэн тайлбартай гарын мөр MN003010003784 дугаараар санд бүртгэгдсэн  М-н баруун гарын чигчий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлтүүд /хх 32, 105/,

хар өнгийн “Элко” загварын 32 инчийн зурагтыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 91-92/,

хохирогч Э.Б-н “...ажлаасаа гараад гэртээ ирсэн чинь байшингийн баруун талын цонх нь хагарсан, байшин дотор байсан Элко загварын 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан ... хулгайд алдсан зурагтаа олж авсан гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх 94-95/,

гэрч Г.Б-н “... энэ талаар шууд сонсоод яаралтай гэртээ ирэхэд байшингийн баруун талын жижиг гадна талын цонхыг гаднаас нь хагалаад байшинд байсан хананд өлгөөстэй 32 инчийн Элко загварын зурагтыг маань хулгай хийж авсан байсан учраас цагдаагийн газарт хандаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 97/,

гэрч Ч.Б-н “... Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн хүрэн дэлгүүрийн хажууд гутал засварын газарт би ажлаа хийж байсан чинь гаднаас Дэнжийн хориход цуг хоригдож байсан М хар өнгийн 32 инчийн Элко загварын зурагт барьчихсан манай ахын зурагт байгаа юм, та завтай бол ломбарданд өөрийн бичиг баримтаар тавиад өг гэж хэлсэн. Би ... чадахгүй гэсэн чинь та 50.000 төгрөгөнд худалдаад авчихаач гэж хэлсэн...тэгээд би тухайн үед 50.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 99/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 141/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ... эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэнээс гадна эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн У.Ж-н монгол гэрийн цоожийг эвдэн “BSB” загварын 32 инчийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн атал прокурор яллах дүгнэлтдээ, мөн  анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                  С.УРАНЧИМЭГ