Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/00155

 

 Б.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00608 дугаар магадлалтай,

Б.С-н нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.С нь “М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-г “М” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56,747,387 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-н ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор 56,747,387 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим хэлбэрээр бичилт буюу бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 109 дүгээр зүйлийн 109.6-д заасныг баримтлан “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 441,686 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00608 дугаар магадлалаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах, “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч “М” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Цахим шуудан нь Дотоод аудитын газар, захирлуудын зөвлөлд гаргасан гомдол болохоос хөдөлмөрийн гэрээний 6.3.5 дахь хэсэгт заасан гэрээний ноцтой зөрчлийн шинжийг агуулаагүй байхад буруу тайлбарлан хэрэглэсэн. Дотоод аудитын газар, Захирлуудын зөвлөл нь сахилгын шийтгэлтэй холбоотой шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, сахилгын зөрчлийг тогтоох чиг үүрэг нь захирлын зөвлөлд олгогдсон, Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5 дахь хэсэгт “үзэл бодлоо санал хүсэлтээ удирдлагад чөлөөтэй илрэхийлэх” эрхтэй байхаар журамласан. Нэхэмжлэгчийн гаргасан цахим шуудан нь өдөөн хатгасан бусдыг уриалсан хууль бус ажил хаялт, эсхүл нэр төр гутаасан, бослого, үймээн самуун турхирсан агуулга байхгүй байна, харин үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд хамаарах ойлголт юм.

Тушаал нь Захирлуудын зөвлөлийн 2024 оны 13-р тэмдэглэлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн, сахилгын зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг нь зөрчил гаргагчийг байлцуулан тайлбар авч зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгах, шийтгэл ногдуулах талаар хэлэлцэхийг хэлэхээс бус гомдлыг ёс зүйн хороогоор шийдэх үү, манайх шийдэх үү, шүүх дээр очоод унав гэх мэтээр хэлэлцэхийг зөрчлийг тогтоосон, шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ хурлаар Б.С-г зөрчил гаргасан гэж дүгнэж шийдвэрлээгүй.

Захирлын зөвлөлийн хуралд Б.С-г оролцуулаагүй атлаа ашиг сонирхлын зөрчилтэй, гомдол гаргагч Э.Т, Р.О нарыг хуралд оролцуулан санал авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шударга бус үйлдлийг хориглох зарчимд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдахгүйгээр бүхэлд нь хянан үзэхдээ сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрийг хянаж үзэж, ажлаас халах тушаалын үндэслэл болсон үндсэн цалинг 3 сар, 20 хүртэлх хувиар бууруулсан тушаалд дүгнэлт хийгээгүй, хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар, 2012 оны зөвлөмж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00706 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч Б.С нь “М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” гаргаагүй. Сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл нь хууль зүйн хувьд ноцтой зөрчилд тооцогдохгүй, ажил олгогч зөрчлийг шалгаж тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл болон дотоод журмыг зөрчсөн, зөрчилтэй холбогдуулан ямар нэгэн тайлбар аваагүй, шалгаж тогтоосон үйл баримт байхгүй, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг шаардах, улмаар сахилгын шийтгэл ногдуулах, цахим шуудангаар нэгж хоорондын хууль дүрмээ судлаагүй гэж шүүмжилснийг “хамт олны эв нэгдлийг хагалан бутаргасан, өдөөн хатгасан, турхирсан” гэж үзсэн нь үндэслэлгүй. Цахим шууданд бусдыг харааж зүхсэн, хэл амаар доромжилсон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан ямар ч сөрөг агуулга байхгүй, ажилтандаа хамтарч баг болж ажиллаж чадахгүй байгаа талаар бухимдлаа илэрхийлсэн нь ажлын байрны дарамт болохгүй … өөрийн үндсэн ажлаас гадна Захиргаа удирдлагын газрын захирлын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан тул нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгох ёстой…” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... гүйцэтгэх захирлын тушаалаар Б.С-г ISO 9001:2015 ажлын хэсгийн дэд ахлагчаар томилж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч өөрөөс шалтгаалах ажлыг гүйцэтгээгүй, ажлын хэсгийг зохион байгуулаагүй, хугацаа хэтрүүлж, үр дүн гаргаагүй. Энэ нь түүний ажлын байрны тодорхойлолт дахь “…дүрэм журмыг хуульд нийцүүлэх, сайжруулах, шаардлагатай ажлын хэсэгт ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх …” чиг үүрэгт хамаарч байсан тул цалинг 3 сар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл хуульд нийцсэн: Өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан талаар банкны нийт удирдах албан тушаалтнууд руу гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг үгүйсгэсэн, ташаа мэдээлэл бүхий цахим шуудан илгээсэн. Энэ үйлдлээрээ хамт олны дунд хагарал үүсгэж, өдөөн хатгаж, турхирсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” мөн. Хэвлэл мэдээллийн албанаас тайланд оруулахаар ирүүлсэн мэдээллийг “хуулийн мэдлэггүй хүн үлгэр зохиож бичсэн байна” гэх агуулгаар банкны бүх удирдлагуудад цахим шуудангаар илгээж, тухайн албаны даргын хийсэн ажлыг харлуулж, удирдлагуудад сөрөг ойлголт төрүүлэн нэр төрийг нь гутаасан. Сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг хянасан шууд удирдлагад нь ажилладаг ажилтанд “хамтарч ажилламааргүй байна, баг болж чадсангүй” гэж уурлаж, ажлаа өгөхийг шаардсан утгатай үг хэлж сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд сахилгын зөрчилд тооцогдоно, Захиргаа удирдлагын газрын захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулан зарим чиг үүргийг Хуулийн хэлтсийн захиралд харьяалуулсан … илүү ажил гүйцэтгүүлээгүй учраас нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ; “…нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу “ISO 9001:2015” ажлын хэсгийн дэд ахлагчаар томилогдон ажиллахдаа төлөвлөгөөт хугацаа хэтрүүлж, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2024.05.13-ны Б/54 дүгээр тушаал хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.6-д ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн бол нэмэгдэл хөлс олгохоор заасан ба нэхэмжлэгч нь Захиргаа удирдлагын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэсэн үйл баримт байгаа ч энэ нь түүний үндсэн ажлын байрны тодорхойлолтод заасан “удирдлагаас өгсөн үүргийн дагуу ажиллах” чиг үүргийн хүрээнд хийгдсэн тул 14,874,285 төгрөгийн нэмэгдэл хөлс шаардах эрхгүй,

-нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах “ноцтой зөрчил” болон “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж үзэн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024.07.01-ний Б/69 дүгээр тушаал үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн илгээсэн цахим шуудангууд болон ажилтнуудтай харьцсан үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан өөрийн санаа бодлыг илэрхийлсэн шинжтэй бөгөөд ажил олгогчийн нэр хүндийг гутаасан, хамт олны эв нэгдлийг бутаргасан, өдөөн хатгасан, турхирсан, эсхүл ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн гэх ноцтой зөрчлийн хэмжээнд хамаарахгүй, энэ нь баримтаар тогтоогдоогүй байна,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байсан тул Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө тайлбар, мэдээлэл гаргах боломжгүй байхад ажил олгогч тайлбар авах боломжоор хангаагүй, урьдчилж шалгаж тогтоогоогүй нь хуульд нийцээгүй...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “…Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.С-н гаргасан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүргийг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч энэ хэсэгт гомдол гаргаагүй, нэхэмжлэгч Б.С өөрт нь авсан сахилгын арга хэмжээг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааралгүй байгууллагын удирдах түвшний бүх ажилтнууд руу цахим шуудан илгээсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д заасан “хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гэж үзнэ…үүний улмаас аливаа үр дагавар гарсан байх албагүй… ноцтой зөрчилд хамаарна. Анхан шатны шүүх үүний улмаас заавал хохирол, үр дагавар гарсан байхыг шаардсан нь учир дутагдалтай.

-Хэвлэл мэдээллийн албаны дарга руу “хуулийн мэдлэггүй хүн үлгэр зохиож бичсэн байна” гэх захидал илгээсэн нь Хөдөлмөрийн гэрээнд заасан “банкны хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлж болох аливаа үйлдэл гаргахгүй байх, харилцааны өндөр соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих” ажилтны үүргээ зөрчсөн гэж үзнэ,

- Сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг боловсруулсан гэх үндэслэлээр доод тушаалын 2 хуульчдаа шаардлага тавьж, буруутгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.3, 6.1-д заасан “сэтгэл зүйн дарамт үзүүлэх…” гэж заасныг зөрчсөн гэж ажил олгогч үзсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх тухайн зөрчил хэлбэрийн бүрэлдэхүүн бүхий обьектив шинжтэй болохыг анхаараагүй.

-Нэхэмжлэгчид өмнө нь ногдуулсан цалин бууруулах сахилгын шийтгэлийн эрх зүйн үр дагавар арилаагүй (хүчинтэй) байх хугацаанд дээрх зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн дотоод журамд заасан “давтан зөрчил” гаргасан гэх үндэслэл бүрдсэн,

-Ажил олгогчоос ажилтанд холбогдох гомдол ирэх тухай бүрт цахим шуудангаар хүргүүлж, тайлбар өгөхийг мэдэгдэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах” эрх, боломжоор хангасан…” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-н хяналтын журмаар гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

12.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.С нь “М” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирлаар 2023.04.11-ний өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2024.07.01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.6, 10.7, 10.8, 10.13, 10.13.8, 10.13.14, 11.2, 11.6, 11.7, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.9, 6.3, 6.3.5, 6.3.11, ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлжээ.

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

14.Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 5.2.3, 10.1, Захирлуудын зөвлөлийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн хурлын 11 дүгээр тэмдэглэл, 2024 оны 05 сарын 09-ний өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн Б.С-г банкны үйл ажиллагаанд ISO стандартуудыг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийг ахлан ажиллахдаа төлөвлөгөөнд заасан хугацааг хэтрүүлж, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж сахилгын зөрчил гаргасан гэж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

15.Анхан шатны шүүх Б.С-д сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагыг болон 14,874,285 төгрөгийн нэмэгдэл хөлсийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь зөв. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй, хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх агуулгаар гомдол гаргасан зэргээс үзэхэд анхан шатны шүүхийн энэ шийдлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ.

16.Харин анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх ажилтан давтан зөрчил гаргасан гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрүүтэй хэрэглэсэн байна.

17.Дээрх Б/69 дүгээр тушаалд Б.С-н гаргасан ноцтой зөрчлийг “...байгууллагын хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах агуулга бүхий цахим шууданг гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирал, албаны дарга, дотоод аудит хариуцсан ажилтнууд руу явуулсан үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, бусдыг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах агуулгатай албаны цахим шууданг байгууллагын Хэвлэл мэдээллийн албаны дарга руу явуулсан, өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн зэрэг сахилгын зөрчил гаргасан...” гэж тодорхойлжээ.

18.Нэхэмжлэгч Б.С түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр тушаал гарсны дараа 2024.05.14-ний өдөр Дотоод аудитын газрын захирал Ц.Ч, Дотоод аудитын газар болон газар, хэлтсийн захирлуудын цахимын шуудангийн групп руу “Шударга ёс хаана байна. Нэгнийхээ ажлыг ойлгохгүй юмаа гэхэд хүндэтгэлтэй харьцах банкны соёл хаана байна” гэх толгой бүхий, сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа тул шалгахыг илэрхийлсэн агуулга бүхий цахим шууданг илгээсэн байна.

Б.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д “ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, задруулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргах, өдөөн хатгах, турхирах, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон.

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8-д “ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, бусдад дарамт, шахалт үзүүлсэн” бол ноцтой зөрчид тооцохоор заажээ.

Дотоод аудитын газарт болон удирдлагуудын цахим шуудангийн группэд цахим захидал илгээсэн Б.С-н дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 6.3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8-д тус тус заасан ноцтой зөрчлийн шинжийг агуулаагүй, харин түүнд сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн болон байгууллагын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан гэж үзэхээр байна. Улмаар Дотоод аудитын газар 2024.05.21-ний өдөр Б.С-д “...сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаал нь хөдөлмөрийн эрхийн маргаан ... тус асуудлыг Дотоод аудитын газар шалгаж шийдвэрлэх эрхийг хууль, дүрмээр олгоогүй ... худалдан авах үйл ажиллагаанд аудит хийхээр төлөвлөгдсөн ...” талаар хариу ирүүлсэн байхад ажил олгогч ажилтны цахим захидал илгээж буй үйлдлийг ноцтой зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн Б/69 дүгээр тушаалд заасанчлан “...байгууллагын хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгасан, турхирсан...” гэх агуулга уг захидалд тусгагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “ийм агуулга бүхий захидлыг байгууллагын удирдах түвшний бүх хүнд илгээсэн нь хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэнгүй.

Давж заалдах шатны шүүх “ажилтан өөрт нь авсан сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах боломжтой байтал хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааралгүй байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад энэ талаарх гомдлоо цахим шуудангаар хүргүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д заасан ноцтой зөрчил гэж үзнэ” гэж дүгнэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5-д тус тус заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан агуулгатай байна.

19.Б.С 2024.05.29-ний өдөр Хэвлэл мэдээллийн албаны дарга Р.О-д болон удирдлагуудын цахим шуудангийн группэд цахим шуудангаар “…хууль, эрх зүй хэсгийг хуулийн мэдлэггүй хүн үлгэр зохиож бичсэн байна шүү, … бонд дуусчихаад байхад араас нь орж ажилласан юм уу, чанаргүй актив дээр худалдан авалтын гэрээ байдаг юм уу, УИХ-аас чиглэл өгсөн байхад ЗГ-аас гээд оруулсан байна…” гэх захидал илгээсэн.

Анхан шатны шүүх Б.С-н дээрх үйлдлийг “...хэл амаар доромжилсон, түүний нэр төр, алдар хүндийг хэрхэн гутаасан болох нь баримтаар тогтоогдоогүй …” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх “… ажилтан энэ үйлдлээрээ Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т “банкны хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлж болох аливаа үйлдэл гаргахгүй байх” , 3.2.9-д “харилцааны өндөр соёл, ёс зүйн хэм хэмжээг байнга сахиж ажиллах” ажилтны үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Р.О-д болон удирдлагуудын цахим шуудангийн группэд илгээсэн цахим шуудангийн агуулгаас үзэхэд хэн нэгнийг нэр цохон доромжилсон үг хэллэг хэрэглэсэн, нэр төр, алдар хүндийг гутаасан агуулга тусгагдаагүй, ажил хэргийн хүрээнд санал, бодлоо илэрхийлснийг сахилгын зөрчлийн хэмжээнд авч үзэх үндэслэлгүй байхаас гадна хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.9-д заасан ажилтны хүлээсэн байнга хэрэгжүүлдэг үндсэн үүргийн хүрээнд уг үйлдлийг сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй.

20.Б.С түүнд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн Б/54 дүгээр тушаал гарсны дараа нэг хэлтэст хамт ажилладаг Б.Ж-д уг тушаалын төслийн талаар өөрт нь мэдэгдсэнгүй, хамтарч нэг баг болж ажилласангүй гэж хэлснийг хууль бус шаардлага тавьсан, сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

21.Давж заалдах шатны шүүх Б.Ж-д сэтгэл зүйн дарамт үзүүлсэн гэж уг тушаалд заагаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар өргөжүүлэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

22.Б.С-н дээрх үйлдэлд ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Харин ажилтны хувь хүний зан авиртай холбоотой бусадтай харьцах харилцаа, нийгмийн үнэт зүйлст хандаж буй хандлагын асуудал буюу тухайн хүний өөрийн төлөвшил, ёс суртахууны асуудал гэж үзэхээр байх бөгөөд ийм үйлдлийг шууд сахилгын зөрчилд тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хувь хүнд тавигдах ёс зүйн шаардлага нь харьцангүй уян хатан ойлголт тул засан залруулах боломжтой, нэг удаагийн шинжтэй ёс зүйн доголдол хуульд заагаагүй үед сахилгын зөрчил болохгүй.

23.Р.О-н цахим шууданд захидал илгээсэн болон хамт ажилладаг Б.Ж-д хандсан Б.С-н уг үйлдэл нь хариуцагч байгууллагын Ёс зүй, сахилгын хорооны ажиллах журмын 2.1.6, 8.1.2-т тус тус заасан ёс зүйн энгийн зөрчилд хамаарч болохоор байх ба уг журмын 8.1, 8.4, 8.5-д тус тус заасны дагуу хорооноос ёс зүйн энгийн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргавал ажлын 3 өдрийн дотор хүний нөөцийн асуудал хариуцсан газрын захиралд дүгнэлт, холбогдох материалыг хүргүүлж, хүний нөөцийн асуудал хариуцсан газрын захирал шийдвэрлэх байжээ.

24.Хариуцагч байгууллага Б.С-д 2024 оны 05 сарын 13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнийг Захирлуудын зөвлөлийн 2024.05.09-ний өдрийн хуралд оролцуулж тайлбар гаргах эрхээр нь хангасан атлаа түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “...сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэснийг, Хөдөлмөрийн дотоод журмын 10.7-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг холбогдох ажилтанд урьдчилан танилцуулсан байна”, 10.8-д “холбогдох ажилтнаас хариу тайлбарыг ажлын 5 өдрийн дотор бичгээр гаргуулна” гэснийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэхээр байна.

Ажил олгогч ажилтанд түүнтэй холбоотой гомдол ирсэн тухай бүрт цахим шуудангаар хүргүүлж, тайлбар өгөхийг мэдэгдэж байсан нь хэлбэрийн хувьд хууль, журамд заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр боловч Б.С-н талаар гаргасан гомдлыг шалгасан тухай Дотоод аудитын газрын 2024.06.26-ны өдрийн танилцуулгыг өөрт нь танилцуулаагүй, эрүүл мэндийн шалтгаанаар 14 хоногийн хугацаатай эмнэлгийн магадлагаа авсан, Захирлуудын зөвлөлийн хурал 2024.06.26-ны өдөр хуралдахын өмнөх өдөр ажилдаа ирсэн байхад тайлбар гаргах, хуралд оролцох эрхийг хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, “…хуралд Б.С-г оролцуулаагүй атлаа ашиг сонирхлын зөрчилтэй, гомдол гаргагч Э.Т, Р.О нарыг хуралд оролцуулан шударга хандаагүй” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.

25.Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00608 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             Б.УНДРАХ

.