Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/00931

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М,

 

Хариуцагч: Ц.Эхолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч,

Хариуцагч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.М хариуцагч Ц.Этэй 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1587 дугаар Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийн гэрээний 2 сарын хүү 2,000,000 төгрөг, үндсэн зээлээс 2,000,000 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц.Эээс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1587 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагчийн ярьж байгаа Мийн ээж Ж, Э нар хоорондоо мөнгө зээлдэг, эм витамины наймаа хийдэг байсан. Өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлсэн, энэ зээлтэй хамаагүй, Ж Э нарын хоорондын асуудал юм. Дансны хуулганаас харахад утга дээр эмийн үнэ гэж бичсэн байдаг тул зээлтэй хамаагүй. Э нь Мтэй байгуулсан зээлийн гэрээний мөнгийг төлөхдөө Мийн дансанд төлөх ёстой ба эмийн үнэ гэж Жгийн дансанд төлсөн мөнгө энэ зээлд хамаарахгүй гэв.

 

2. Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э миний бие иргэн Ж.Мээс 2019.06.07-ны өдөр 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлэн авсан нь үнэн ба тус зээлээ 2019.06.08-ны өдрөөс эхлэн өдөрт 500,000 төгрөгөөр эргүүлж төлсөөр 16,000,000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлж төлсөн. Г.Ж Хаан банк 5029509644 тоот дансанд ковидын нөхцөл байдалтай холбогдуулан 2 жилийн хугацаанд ажил эрхлээгүй тул үлдэгдэл 4,000,000 төгрөгийг алданги тооцохгүй төлөхийг зөвшөөрнө үү.

Би Мийн ээж Жг таньдаг ба 180,000,000 төгрөгийн зээл авсан. үүнээс 48,000,000 төгрөгийн зээл үлдсэн, Ж эгч Япон улсад амьдарч байгаа тул би охин Мтэй гэрээ хийж, өдөр бүр 340,000 төгрөгөөр зээлийг төлж, 35 хоногт 11,900,000 төгрөг, 17 хоногт 300,000 төгрөгөөр нийт 5,100,000 төгрөг, бүгд 17,000,000 төгрөг төлсөн. Тиймээс одоо үндсэн зээл 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч тал Хаан банкны дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж,

Хариуцагч нь үндсэн зээлд 4,000,000 төгрөгийг төлнө, үлдэх мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

3. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ж.М нь 2019.06.07-2019.08.07-ны өдрийг хүртэл 20,000,000 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сарын 7-ны өдөр хүү төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.6 хувиар алданги төлөхөөр нөхцөлтэйгээр зээлдэгч Ц.Эт зээлдүүлэхээр тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-2 тал/

Хариуцагч нь 2019.06.07-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлж авсан нь үнэн, зээлээ өдөрт 500,000 төгрөгөөр төлсөөр 16,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн, ковидын шалтгаанаас 2 жилийн хугацаанд ажил эрхлээгүй тул үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж, алданги төлөхгүй гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа М-ийн ээж Ж-г таньдаг ба 180,000,000 төгрөгийн зээл авсан. үүнээс 48,000,000 төгрөгийн зээл үлдсэн, Ж эгч Япон улсад амьдарч байгаа тул би охин Мтэй гэрээ хийж, өдөр бүр 340,000 төгрөгөөр зээлийг төлж, 35 хоногт 11,900,000 төгрөг, 17 хоногт 300,000 төгрөгөөр нийт 5,100,000 төгрөг, бүгд 17,000,000 төгрөг төлсөн. Тиймээс одоо үндсэн зээл 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөхгүй гэх тайлбарыг гаргажээ. 

 

 

 

4. Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ, тэдний тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга, шүүхийн шийдвэр зэргийг шинжлэн судлаад зохигчийн хооронд үүссэн харилцаанд дараах эрх зүйн дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Мийн ээж Ж-гаас мөнгө зээлсэн, гэрээг М-тэй байгуулсан гэх боловч хэрэгт авагдсан Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд Ж.Мийн данснаас 20,000,000 төгрөг Ц.Эийн дансанд орсон байна. /хх-4 тал/

Хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгчтэй бус түүний ээж Ж-тай үүссэн гэх боловч хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас үзэхэд Ж, Э нарын хооронд хийгдсэн гүйлгээний утга нь эмийн үнэ, эмийн мөнгө гэх утгаар хийгдсэн тул уг баримтыг талуудын маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлсөн баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримтаас үзэхэд Г.Жгийн нэхэмжлэлд Ц.Этэй 2017 оноос хойш мөнгө зээлдүүлэх, бараа заруулах зэрэг харилцаатай байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба Ц.Э нь тухайн асуудлаар маргаагүй талуудын хоорондын маргаан эвлэрлийн журмаар шийдвэрлэгдсэн байна.

Хариуцагч Ц.Эийн татгалзал хэрэгт авагдсан бичгийн бусад баримт, түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч талын гаргаж өгсөн шүүгчийн захирамжаар үгүйсгэгдэж байгаа тул шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийг 0.6 хувиар заасан боловч нэхэмжлэгч 0.5 хувиар тооцон нэхэмжилж байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийн төлбөрийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д заасантай нийцнэ гэж үзсэн.

 Иймд хариуцагч Ц.Эээс зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мт олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц.Эээс зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мт олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ