| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03548/И |
| Дугаар | 101/ШШ2022/01119 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/01119
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А к ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ө ,
Хариуцагч: А-35 СӨХ-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, А2, А3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч О.М,
хариуцагч С.Ө,
хариуцагч А-35 СӨХ-ны төлөөлөгч Д.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А к ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А к ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол Дандарбаатарын гудамжинд байрлах 35 дугаартай, 44 айлын орон сууцыг бүтээн байгуулж, 2017 оны 02 сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Энэхүү бүтээн байгуулсан орон сууцнаас А2, A3 тоотод байрлах тус бүр 32.89 м.кв талбайтай эд хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр шийдэж 2021 оны 06 сарын 22-ны өдөр өөрийн компани болох А к ХХК руу шилжүүлсэн. Гэтэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байхад энэхүү агуулахын зориулалттай эд хөрөнгийг хариуцуулж үлдээсэн хүнээс С.Ө гэгч нь түлхүүрийг олж авч өнөөдрийг хүртэл хууль бусаар өмчилж байна. С.Өд нэг биш удаа уулзаж орон сууцыг чөлөөлж өг гэх мэдэгдлийг амаар хэлсэн боловч үл тоож өөдөөс чөлөөлж өгөхгүй, чадахгүй гэх мэтээр хээв нэг хэлж ухамсаргүй үйлдлийг гаргасаар байна. Иймд А к ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол, Дандарбаатар гудамж, 35-р байр, А2, A3 тоот тус бүр 32.89 m2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж байгаа С.Өаас албадан чөлөөлүүлж өгнө үү.”гэв.
2. Хариуцагч С.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
А к ХХК нь 2021.08.18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол, Дандарбаатар гудамж, 35-р байр, А2 A3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Өаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. А к ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
С.Ө миний бие хариуцагч биш болно. С.Ө нь 35-р байрны 27 тоотод оршин суудаг бөгөөд А-35 СӨХ-ны ТУЗ-ийн даргын үүрэгт ажлыг 2020 оны 06 сарын 03 өдрөөс хашиж байгаад 2021 оны 06 сарын 13 өдрийн Бүх оршин суугчдын хурлын шийдвэрээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Уг байрны А2 A3 тоот үл хөдлөх хөрөнгө нь А-35 СӨХ-ны мэдэлд байгаа тул хариуцагч нь тус СӨХ болох талаар Баянзүрх дүүргийн 22-р хорооны 15-р хороололд байрлах 35 байр нь 2017 онд ашиглалтанд орсон. 2020 оны 05 сарын 24-ний өдрийн 35-р байрны Бүх оршин суугчдын хурлын шийдвэрээр А-35 СӨХ байгуулагдаж 2020 оны 6 сарын 3 өдөр улсад бүртгүүлж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. А2 A3 объект нь дээврийн хонгилд байрлах техникийн үзүүлэлттэй өрөө тул байрны лифт ажиллуулах зорилгоор А-35 СӨХ-ны дарга Б.Ц онгойлгож, ашигласаар ирсэн. Хариуцагч нь А-35 СӨХ байхад ийнхүү хувь хүнд хандан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.
3. Хариуцагч А-35 СӨХ-ны дарга Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч А к ХХК-ийн гаргасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35 байр, А2, А3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь:
Уг орон сууцны А2, А3 тоот өрөөнүүд нь агуулах биш, цахилгаан шатны техникийн өрөөнүүд юм. Сууц өмчлөгчид, сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан заалтыг ноцтойгоор зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.
4.Нэхэмжлэгч талаас А к ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, А к ХХК /рд:6493254/-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 хороолол /13340/, Дандарбаатар гудамж 35 байр А2 тоот хаягт байршилтай 32,89 м.кв талбайтай, Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204113505 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А к ХХК /рд:6493254/-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 хороолол /13340/, Дандарбаатар гудамж 35 байр А3 тоот хаягт байршилтай 32,89 м.кв талбайтай, Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204113505 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А к ХХК /рд:6493254/-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 хороолол /13340/, Дандарбаатар гудамж 35 байр А2 тоот хаягт байршилтай 32,89 м.кв талбайтай, Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204113505 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, А к ХХК /рд:6493254/-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 хороолол /13340/, Дандарбаатар гудамж 35 байр А3 тоот хаягт байршилтай 32,89 м.кв талбайтай, Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204113505 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагч С.Өлзийханаас Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 35 байрны А-35 СӨХ-ны Бүх оршин суугчдын хурлын тэмдэглэл,
Хариуцагч А-35 СӨХ-ноос А-35 СӨХ-ны 351 дугаартай гэрчилгээ, 2021 оны 08 сарын 25-ны Дугаар №ТУЗ 21/03 Ажилд томилох тухай А-35 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр А к ХХК-ийн ажилтан О.Мийн гар утсанд 99275667 дугаараас ирсэн мэссэжинд 2021 оны 11 сарын 22-ны өдөр үзлэг хийж /хх-51-53/, хариуцагч нарын хүсэлтээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байрыг улсын комисст 2017 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн акт, уг барилгын зургийг Үндэсний төв архиваас гаргуулж /хх-66-72/, нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 01 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, А2, А3 тоот агуулахын зориулалттай өрөөнд техникийн хэсэг байрладаг эсэх нөхцөл байдлыг тодруулахаар үзлэг хийж /хх-87-101, нэхэмжлэгч талын хүсэлтээр Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07-139/31 тоот дүгнэлтийг Үндэсний төв архив /хх-104/-аас гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А к ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35-р байр, а2, а3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч С.Ө, А-35 СӨХ-д тус тус холбогдуулан гаргажээ.
3. Хариуцагч С.Ө нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшээгүй, А-35 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оны 06 сарын 13-ны өдрийн СӨХ-ны хурлаар гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн тул уг асуудлыг хариуцахгүй гэж,
Хариуцагч А-35 СӨХ нь нэхэмжлэгч өмчлөх эрх олж авахдаа холбогдох хууль зөрчсөн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь анх барилгын зурагт техникийн өрөө гэж тодорхойлсон байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан, тус байрны лифтний машины өрөө рүү орох гарцыг хааж саадтай төлөвлөсөн талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч А к ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 хороолол /13340/, Дандарбаатарын гудамж 35 байр а2 хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204113505 дугаарт бүртгэлтэй 38.89 м.кв талбайтай, а3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204113508 дугаарт бүртгэлтэй, 38.89 м.кв талбайтай тус тус агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа баримтаар тогтоогдож байна. /хх-6, 8-9/
Дээрх 35 дугаар байрны оршин суугчдын 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тогтоолоор А-35 СӨХ байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар Б.Ц томилогдсон бүртгэл А-35 СӨХ-ны 351 дугаартай гэрчилгээнд бүртгэгдсэн байна. /хх-38/
Хариуцагч С.Ө нь Алдар-35 сууц өмчлөгчдийн холбоонд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан боловч одоо үйл ажиллагаанд хамаарахгүй болсон ба 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-35 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн №ТУЗ21/03 тогтоолоор Д.Мыг гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх-17-21, 39/
Маргаан бүхий агуулахын зориулалт бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө нь С.Өы эзэмшилд байхгүй, С.Ө нь А-35 СӨХ-нд ажилладаггүй, хамааралгүй болсон тул С.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд 35 дугаар байрны а2, а3 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь тухайн байрны дээд давхарт дээврийн хэсэгт байрладаг ба зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр одоо А-35 СӨХ-ны эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон. /хх-87-101/
Хариуцагч А-35 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Үндэсний төв архиваас талуудын маргаан бүхий орон сууцны барилгын “барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн акт, барилга архитектурын ажлын зураг”-ийг нотлох баримтаар гаргуулан авсан ба уг барилга нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, иргэн О.О-ийн захиалгатай 7 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 44 айлын орон сууцны барилга нэрээр, иргэн О.О-ийн захиалгаар баригдсан ба энэхүү барилга нь зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, орон сууц, автомашины дулаан зогсоол зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. /хх-67-69/
“Техникийн давхрын байгуулалт”-ын зурагт 2, 3, 4 дугаараар тэмдэглэгдсэн өрөөнүүд техникийн өрөө гэж тэмдэглэгдсэн байна. /хх-71/
Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07-139/31 дугаартай лифтэнд магадлал хийсэн тухай дүгнэлтэнд Барилгын зураг төслийг зохиогч Д Э Т ХХК нь лифтийн машины өрөөнд орох замыг саадтай төлөвлөсөн нь “Лифтийг төххөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.3 дахь заалтыг, Лифтийн газардуулгын актыг бүрдүүлээгүй нь “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.6.1 дэх заалтыг, Лифтийн ашиглалт хариуцагч, лифтчин нарыг томилоогүй нь “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 27.10, 27.13 дахь заалтыг тус тус зөрчсөн тул техникийн 15/583 дугаартай магадлалын актыг баталгаажуулах боломжгүй гэж дүгнэж, иргэн О.От энэ талаар мэдэгджээ. /хх-103-104/
А к ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компани 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдаж, О.О нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бүртгэл хийгджээ. /хх-4/
Дээрх 35 дугаар байрны а2, а3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.О бүртгэлтэй байсан ба 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өмчлөгчийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдээс иргэнд, иргэнээс үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн өмчлөлд өмчлөх эрх шилжүүлэн бүртгэгдэж А к ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.
Хариуцагч А-35 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулахад лифтний машины өрөө рүү орох орц гарцыг саадтай төлөвлөсөн талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий ба шүүх үзлэг хийхэд уг барилгын дээврийн хэсэгт байрлах лифтний машины хэсэг байрлах хэсэг нь 2 талаараа панеран ханаар өрөөлөгдөж тусгаарлагдсан байдалтай байх ба а2, а3 тоот өрөөний аль нэгээр заавал дамжиж орох шаардлагатай, мөн зүүн гар талын өрөө нь А-35 СӨХ-ны эзэмшилд байгаа, баруун гар талын өрөөний түлхүүр А-35 СӨХ-д байхгүй гэж тайлбарлаж байсан ба А к ХХК-ийн ажилтан О.М уг хаалгыг онгойлгосон зэрэг нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан.
Мөн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зураг 3, 4-т тусгагдсан 7 давхраас дээврийн хэсэг рүү орох хэсэг нь төмөр сараалж бүхий хаалгатай ба уг хаалгыг онгойлгохгүй бол А к ХХК нь дээвэрт байрлах 2 өрөө рүү нэвтрэн орох боломжгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т зааснаар орон сууцны байшингийн ...дээвэр, дээврийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ...тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.
Хэдий тийм ч дээрх 35 дугаар байрны дээврийн хэсэгт байрлах а2, а3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь А к ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээр тогтоогдсон, хариуцагч А-35 СӨХ нь өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсгээгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагч А-35 СӨХ нь өөрийн эзэмшлээ хууль ёсны гэдгээ нотлож чадаагүй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь агуулахын зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул шүүх техникийн өрөө гэж үзэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35 байр, а2, а3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А-35 СӨХ-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч С.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
А к ХХК-ийн ажилтан О.Мийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурьдав.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35 байр, а2, а3 тоот агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А-35 СӨХ-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч С.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч А к ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35 байрны дээврийн хэсэгт байрлах лифтний машины өрөөнд саадгүй нэвтрэх орц, гарцыг хариуцагч А-35 СӨХ-д саадгүй гаргаж өгнө гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ