Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2022/00061/И |
Дугаар | 133/ШШ2022/00209 |
Огноо | 2022-04-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2022/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгт холбогдох
2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.Г нь 1997 онд Дэлгэр сумын Гуулин тосгонд цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2002 оноос уг цэцэрлэгтээ эрхлэгчийн ажлыг хийж байсан. Энэ ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын ямар нэгэн арга хэмжээ авч үзээгүй ажиллаж ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргын захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөөд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2021/0040 дугаартай Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилогдон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар ажилдаа томилогдсон билээ. Ингээд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга болон Гуулин тосгоны захирагчийн албанаас ажилгүй байсан хугацаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулж ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ж.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэрэгт ажилгүй байсан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох хугацааны 77 хоногийн цалин 5,694,612 төгрөгийг гаргуулж Ж.Г-д олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б миний бие нь Ж.Г-н нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд Ж.Г-н ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн байна. Үүнд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 77 хоногийн нийт 5,694,612 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь ажилд нь эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн шийдвэр гарсан байна. Нийт 5,694,612 төгрөгнөөс НДШ болон ЭМД-ын шимтгэлийг тооцон олгохыг зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ж.Г-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Ээлжийн амралтын олговрын цалингийн түүврийн хуулбар,
-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2021/0040 дугаар шийдвэр.
4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/414 дугаар тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Боловсролын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч Ж.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн ажлын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргыг хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлт гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШЗ2022/00592 дугаар захирамжаар, хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн ажлын албыг жинхэнэ хариуцагч болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгээр солих хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/00686 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн байна.
9. Хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 77 хоногийн нийт 5,694,612 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь ажилд нь эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн шийдвэр гарсан байна. Нийт 5,694,612 төгрөгнөөс НДШ болон ЭМД-ын шимтгэлийг тооцон олгохыг зөвшөөрч байна...” гэжээ.
10. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай албан бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-д “...Тус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гардан авах, хариу тайлбар хүсэлт гаргах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах, төлөөлөн гарын үсэг зурах, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, тогтоол шийдвэрийг гардан авах, гомдол гаргах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх бүрэн эрх” олгосон байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх боловч шүүх төсвийн байгууллагад холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Г нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/
12.Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Ж.Г нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2021/0040 дугаар шийдвэр гарч, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Г-г урьд эрхэлж байсан Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, харин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 9-19 дэх тал/
13. Улмаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсон байна.
14. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Ж.Г-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
15. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.
16. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд Ж.Г нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
17. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ж.Г-н 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 77 хоногийн олговор 5,694,612 /таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.2-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Г-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн цалингийн жагсаалтаас 2021 оны 04, 05, 06 дугаар саруудын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт ажлын хоногийн тоонд хувааж ажилтны нэг өдрийг дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
18. Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч хийхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.
19. Ж.Г-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ажил олгогч Гуулин цэцэрлэг, ажил олгогч шимтгэл төлсөн гэж бүртгэсэн, Говь-Алтай Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/414 дугаар тодорхойлолтод “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 18 дугаар тогтоолоор Дэлгэр сумын Гуулин тосгоны сургуулийн өмнөх боловсролын төсөв нь нийт 159,9 сая төгрөг бөгөөд үүнээс цалин, НДШ-ийн зардал 134,6 сая төгрөг, ... батлагдсан” гэх тодорхойлолт зэргээс дүгнэхэд тус аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэг нь өөрийн төсөвтэй, уг төсөвт цэцэрлэгийн эрхлэгчийн цалин, НДШ-ийн зардал хамаарах тул шүүх Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгээс нэхэмжлэгч Ж.Г-н ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийгөө оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар зохигчдын эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,694,612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 106,064 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,694,612 /таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ж.Г-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгт үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,694,612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 106,064 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны цэцэрлэгээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ