Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/00161

 

Ч.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 311/ШШ2026/00076 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 205/МА2026/00010 дугаар магадлалтай,

Ч.Н-н нэхэмжлэлтэй

З-т холбогдох

З-н даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ч.Н нь З-т холбогдуулан З-н даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 311/ШШ2026/00076 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-г түүний урьд эрхэлж байсан ажил болох З газрын үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний нэхэмжлэлээс ажил олгогчийн хууль бус, ёс зүйгүй үйлдлийн улмаас 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч З газраас нэхэмжлэгч Ч.Н-н ажилгүй байсан хугацааны буюу 2025.09.08-ны өдрөөс 2026.01.22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,594,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-д олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоосон шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 205/МА2026/00010 дугаар магадлалаар:

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 311/ШШ2026/00076 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Н-н нэхэмжлэлтэй, З-т холбогдох З-н даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих сард нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч З-т буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор “ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарлан хэрэглэлээ. Мөн магадлалд дурдсан ажлын гүйцэтгэл жил бүр буурсан гэх баримтууд нь нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд огт танилцуулагдаагүй баримт бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн баримт болох нь анхан шатны шүүхээс хийсэн үзлэг, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогддог. Хэрэв ажлын гүйцэтгэл буурсан бол цалин бууруулах арга хэмжээ авах боломжтой байсан боловч нэхэмжлэгчийн хувьд зохих урамшууллыг авсан болох нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогддог. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00704 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Ч.Н хариуцагч З-т холбогдуулан З-н даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2023.04.24-ний өдрийн Б/07 тоот тушаалаар тус байгууллагад үйлчлэгчээр ажилд орж, 2025.09 сар хүртэл үр бүтээлтэй, тогтвортой ажилласан. Гэвч 2025.09.08-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул *** аймгийн **** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тэмдэглэлийг 2025.10.03-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ч.Н 2025 оны хагас жилээр хангалтгүй үнэлгээ авсан, 2025 оны 08 сард амралтаа аваад 2025.09.05-ны өдөр ажилдаа орох ёстой байсан ч 1 өдөр ажил тасалж 2025.09.08-ны өдөр ажилдаа орсон, удаа дараа чөлөө авдаг, өглөө ажилдаа ирж цагаа бүртгүүлээд элдэв шалтаг хэлж гарч явдаг, цэвэрлэгээ тогтмол хийхгүй байгаа талаар ажилчдаас гомдол ирснийг өөрт нь байгууллагын хурал дээр хэд хэдэн удаа анхааруулж байсан ч хүлээн авч ажилладаггүй тул Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ; “…Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар Ч.Н-г ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон ямар нэг шийдвэр байхгүй, ажилтанд ажил үүрэгтээ тэнцэхгүй байгааг урьдчилан анхааруулж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгоогүй ба хариуцагч энэ талаар өмнө удаа дараа сануулж, мэдэгдэж, боломжит хугацаа олгосон гэх боловч энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй, ажлын цаг ашиглалт, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчлүүд гаргасан гэж тайлбарлаж ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгож байгаа ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд Ч.Н-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийт 95 хоног ажилгүй байсан тул 1 өдрийн дундаж цалин хөлс 69,416 төгрөгөөр бодох ба 6,594,520 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулна. Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэсэн 4 хоногийн цалин 173,456 төгрөг, шагналын мөнгө 175,500 төгрөгийг нэхэмжилсэн ч баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгоно ...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “…хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн тайланг 2023 оны жилийн эцэст 78 хувиар, 2024 онд 61,2 хувиар, 2025 оны эхний хагас жилд 54,5 хувиар үнэлсэн ба ажлын гүйцэтгэл жилээс жилд буурсан, тэрээр хариуцсан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж, ажил олгогчоос өгсөн удаа дараагийн шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь байгууллагын нийт ажилчдын хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна, … үйлчлэгчийн ажлын байранд боловсролын болон мэргэжлийн талаар ямар нэгэн шалгуур тавигддаггүй онцлогтой ба ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр ажилтны ур чадвар, ажил үүрэгтээ тэнцэх эсэхийг тодорхойлж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй … тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4-т нийцсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгчийн жил бүрийн ажлын гүйцэтгэлийн тайлан, нийт ажилчдын хурлын тэмдэглэл зэргийг бусад баримттай харьцуулан үнэлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй…” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

12.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй харьцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

13.Нэхэмжлэгч Ч.Н З хэлтэст 2023.04.24-ний өдрөөс үйлчлэгчээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 2.1, 4.2.1, 5.2-т тус тус заасныг үндэслэн түүнийг ажлын цаг ашиглалт, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчлүүд гаргасан тул 2025.09.08-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

14.Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон эсэх, сахилгын зөрчил гаргасан эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон.

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, … ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон бол ажил олгогч санаачилгаараа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор зохицуулжээ.

Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг нь ажилтны энэ байдлыг хэн нэг албан тушаалтны ажиглалт, дүгнэлтээр тогтоохгүй, харин салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх, үүнийг тогтоох ажиллагаа нь хууль болон тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу явагдсан байхыг шаарддаг.

16.З хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга Г.Э Ч.Н-н 2024 оны гүйцэтгэлийн тайланг 61,2 оноогоор, 2025 оны эхний хагас жилийн тайланг 54,4 оноогоор тус тус дүгнэсэн баримтыг ажил олгогч тушаалын үндэслэл болгосон гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр баримтыг ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон тухайн байгууллагын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

17.Нөгөө талаар **** сайд, ***** сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 4-т “…Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй” гэж заасны дагуу хариуцагч байгууллага Ч.Н-н ур чадварын нэмэгдлийг олгоогүй гэх баримт гаргаж ирүүлээгүй, харин ч 2024 оны жилийн эцэст 13 дахь сарын цалин олгосон болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон бусад баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа зохих урамшууллуудыг авч байсан бөгөөд 2024 онд болон 2025 оны эхний хагас жил хүртэл Ч.Н-г урамшуулал аваагүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Ч.Н-н 2025 оны эхний хагас жилийн тайланг 54,4 оноогоор дүгнэсэн боловч түүнд уг тайланг танилцуулсан болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй байхаас гадна энэ талаар түүний тайлбар гаргах эрхийг ажил олгогч хангаагүй байна.

18.Дээрх байдлаар хариуцагч байгууллагын даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

19.Хариуцагч байгууллагын даргын 2025.09.08-ны өдрийн Б/18 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэснээс гадна уг тушаалд мөн хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй боловч Ч.Н-г ажлын цаг ашиглалт хангалтгүй, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчлүүд гаргасан гэжээ.

20.Хариуцагчийн төлөөлөгч ажилтан Ч.Н-г “ажлын цаг ашиглалт хангалтгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээ “… 2025.09.05-ны өдөр ажилдаа орох ёстой байсан атлаа 09.08-ны өдөр ажилдаа орсон…” гэж тайлбарлаж байгаа боловч ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал, ээлжийн амралт олгох мэдэгдэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн “…ээлжийн амралт 2025.08.15-ны өдрөөс эхэлж 09.05-ны өдөр ажилдаа орох ёстой байсан, амралтын дундуур ирж нэг өдөр ажилласан учир 09.08-нд ажилдаа орсон…” гэсэн тайлбар, цагийн бүртгэлээр тогтоогдсон, уг зөрчлийг ажилтан гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл хэрэгт байхгүй байна.

21.Ч.Н-д цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа талаар болон ажлаа сайжруулах үүрэг даалгаврыг тухай бүр нь өгч байсан, ажил сайжраагүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, энэ тухай 2024.12.04-ний өдрийн нийт ажилчдын хурлын тэмдэглэлд тусгагдсан гэх боловч уг хуралд Ч.Н оролцсон эсэх нь тодорхойгүй, тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зураагүй, хариуцагч байгууллагын дарга С.П-н тэмдэглэлийн дэвтрийн хэсэгт “…2025.04.10-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа учраас ажил сайжруулах үүрэг даалгавар өгөхөөр тасгийн даргын хамт дуудсан тухай…” тэмдэглэгдсэн байх боловч уг тэмдэглэлийг хөтөлсөн, танилцсан хүний гарын үсэггүй, Ч.Н уг тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зураагүй учир өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Энэ байдлаас үзэхэд ажил олгогч нь ажилтанд ажил сайжруулах үүрэг даалгаврын талаар мэдэгдсэн болохоо баримтжуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар … ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байх шаардлагыг хангагдсан гэж үзэх үндэслэлгүй.

22.Нэхэмжлэгчийн хувьд ээлжийн амралтын хугацаандаа ирж ажилласан хоног болон урьдчилж авсан хоногуудыг тооцож, ажилдаа орох хугацааг хууль ёсны дагуу шилжүүлэн тооцсон нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан эдгээр ач холбогдол бүхий баримтуудыг огт харгалзан үзээгүй, бодит үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг “ажил тасалсан”, “үүрэгт ажилдаа хайнга хандсан” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймээс “…ажил олгогчоос өгсөн удаа дараагийн шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь байгууллагын нийт ажилчдын хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон…” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т тус тус нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

23.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг холбогдох ажилтанд урьдчилан танилцуулж, зөрчлийн талаар тайлбар өгөх боломжоор хангах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага энэхүү хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, ажилтанд тайлбар гаргах эрхээр хангасан нөхцөл байдал хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдоогүй, ээлжийн амралтаас ажилдаа орсон өдөр нь ажлаас халсан нь уг хуулийн зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтооход хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан шаардлага нэгэн адил хамаарахыг ажил олгогч анхаараагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэлийг хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” аль ч тохиолдолд ногдуулж болохоос гадна зөрчлийн шинж байдлаас шалтгаалан эдгээрээс өөр зөрчилд ч ногдуулах боломжтой тул хуулийн 123 дугаар зүйлд заасан уг зохицуулалт 80 дугаар зүйлд заасан зохицуулалтаас илүү өргөн агуулгатай эрх зүйн хэм хэмжээ болно.

24.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан шаардлагыг ажил олгогч зөрчсөн болохыг дүгнээгүй орхигдуулсныг дээрх байдлаар нэмж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 205/МА2026/00010 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 311/ШШ2026/00076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Н.БАЯРМАА

            ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.УНДРАХ

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД