Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00047

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч П.Хашчулуун,

Шүүгдэгч Н.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарангийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 201722000015 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хариад Нарангийн Пүрэвдорж, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн РМ90030234 дугаартай,

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс 5 дугаар баг руу П.Хашчулуун, 1 сар 12 хоногтой Х.Сарангоо нарыг хүргэж өгөхдөө Сарангоог дээлийнхээ өвөрт хийж явсны улмаас амьсгал бүтэж нас барсан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс 5 дугаар баг руу П.Хашчулуун, 1 сар 12 хоногтой Х.Сарангоо нарыг хүргэж өгөхдөө Сарангоог дээлийнхээ өвөрт хийж явсны улмаас амьсгал бүтэж нас барж бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хашчулуун эгч түүний охин Сарангоо нарыг аваад хөдөө гэрлүүгээ явсан. Сумын төвөөс хөдлөхдөө Хашчулуун эгчийг өөрийнхөө араар суулгаад харин охиныг нь дээлийнхээ өвөрт хйигээд хөдөлсөн. 10 км орчим зайтай байдаг гүүрний ойролцоо охин уйлсан бөгөөд үзэхэд зүгээр байсан. Хэсэг явж байгаад дахиад үзэхэд зүгээр байсан. Гэртээ харихын өмнө үзэхэд амьсгаа авч байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд гадаа хүйтэн байсан болохоор шууд гэртээ харьсан. Гэртээ ороод үзэхэд нас барчихсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

       Хохирогч П.Хашчулууны мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Пүрэвдорж руу залгаад эгчийн дүү бид хоёрыг хөдөөнөөс орж ирээд авчих гээд Пүрэвдорж бид хоёрыг авахаар мотоцикльтой ирсэн. Хөдөө явахдаа би Пүрэвдоржийн араар суугаад харин Сарангоог Пүрэвдоржийн өвөрт хийсэн. Сумын төвөөс хөдлөөд 10 орчим км зайтай гүүрний хажууд очоод үзэхэд зүгээр байсан. Цаашаа явж байгаад ахиад үзэхэд зүгээр байсан. Тэгээд гэртээ харихын өмнөхөн үзэхэд хүүхэд сонин болчихсон байсан. Пүрэвдоржийн гэрт ороод задлаад үзсэн чинь амьсгал хураачихсан байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Н.Эрдэнэмандалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " …Сумын хүн эмнэлгийн их эмч Өлзийбадрах надруу залгаад 5 дугаар багт нутагладаг айлд хүн хүүхдээ авч явж байгаад бүтээчихсэн юм шиг байна, хамт явах уу гэсэн. Гэрт нь очиход талийгаач охин аавынх нь хамаатны Пүрэвдорж гэх залуу дээлийнхээ өвөрт хийж сумын төвөөс гараад явж байгаад замдаа нас барчихлаа гэж байсан. Тэгээд намайг очиход нас барчихсан байсан учир би цагдаагийн газарт мэдэгдсэн…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Хангалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай нөхрийг гэртээ байж байхад Хашчлуун эгч залгаад сумын төв рүү орж ирээд хүүхэд бид хоёрыг авчих гэсэн. Тэгээд манай нөхөр сумын төврүү явсан. Манай нөхөр болон Хашчулуун эгч хоёр шууд манай руу орсон. Би очоод Сарангоог авсан чинь амьсгаагүй болчихсон байсан. Тэгээд сумын төв рүү түргэн дуудсан бөгөөд эмч Өлзийбадрах ирээд нас барчихсан байна гэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч И.Өлзийбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түнэл сумын олон нийтийн цагдаа Эрдэнэмандал гэх хүнд мэдэгдэж хүн эмнэлгийн машинтай Пүрэвдорж гэх айл руу явсан. Очоод хүүхдийн биеийн байдлыг үзэхэд нас барсан байсан. Тэгээд гэрийнхнээс нь юу болсон талаар асуухад Пүрэвдорж гэх залуу сумын төвөөс ээжийнх нь хамт аваад хүүхдийг дээлийнхээ өвөрт хийгээд явж байгаад замдаа нас барчихлаа бүтчих шиг боллоо гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

       Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 3-4, 10-11 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 26-27, 30-31 дүгээр хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот дүгнэлтэд:

1. Хашчулууны Сарангуагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Хашчулууны Сарангуагийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Хашчулууны Сарангуа нь амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орон нас баржээ.

4. Онош хэсгээр батлагдаж байна гэх дүгнэлт / ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

Эрүүгийн 201722000015 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч П.Хашчулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 48 дугаар хуудас /-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад Нарангийн Пүрэвдоржийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Нарангийн Пүрэвдоржийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдоржид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдоржид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Пүрэвдоржийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн 201722000015 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пүрэвдоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР