| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03345/И |
| Дугаар | 183/ШШ2022/00005 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2022/00005
2021 оны 12 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/00005 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ххххх тоотод оршин суух, Б овогт Д.Б /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, ххххххх байранд байрлах Н газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 161 тоот шийдвэрээр Д.Б-с 136 276 650 төгрөгийг гаргуулж “Н” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б миний өмчлөлийн Б дүүрэг, 13 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний талбайн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Миний зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үнийн санал гаргасан боловч уг үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Шинжээч нь миний өмчлөлийн Б дүүрэг, 13 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний талбайн зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийг 289 973 000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль)-аас гадна Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн жишиг үнийн, орлогыг аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ маш олон аргыг дурьдсан байх боловч аль аргыг хэрэглэсэн нь тогтоогдохгүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтээс харвал Улаанбаатар хот, Б дүүрэг, 13 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний талбайн зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийж танилцсан гэж бичсэн байдаг. Үнэлгээ тогтоож буй этгээд нь эд хөрөнгөтэй биечлэн танилцах нь тухайн эд хөрөнгийн үнэ цэнийг бодитойгоор тогтоох, биет байдлын элэгдэл, хорогдол байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл шинжээч бодитойгоор очиж үзсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийг 6 давхарт байрладаг талаар бичжээ (шинжээчийн дүгнэлтийн 6 дахь тал). Гэтэл бодит нөхцөл байдал дээр эд хөрөнгө нь О барилгын 6 давхарт биш 7 давхарт байрладаг. Тухайн барилга нь 1-2 дугаар давхаруудыг улсын бүртгэлд 1 давхар гэж бүртгүүлсэн тул 3 давхар нь 2 давхар, 4 давхар нь 3 давхар гэх мэтээр бүртгэгдэж явдаг юм. Иймээс үнэлэгдэж буй хөрөнгө улсын бүртгэлд 6 давхар гэж бүртгэгдсэн боловч эд хөрөнгийн байршлын хувьд 7 давхарт байрладаг. Гэтэл шинжээч нь эд хөрөнгө үнэлэх гэж байж уг эд хөрөнгөтэй очиж танилцалгүйгээр хэт хийсвэрээр 289 973 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгөний үнэлгээний талаарх “мэдэгдэл”-ийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-д мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав.
Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5-д “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ...энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр”) гэж заасан байдаг. Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 161 тоот шийдвэрийг гүйцэтгэх хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс бичиж өгсөн байна. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргасан болно.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Д.Б миний өмчлөлийн Улаанбаатар хот, Б дүүрэг, 13 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний талбайн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 289 973 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Д.Б-ийн өмчлөлийн Б дүүрэг, 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч битүүмжилж, дуудлага худалдаанд оролцуулах зорилгоор үнийн санал авахаар албан бичгээр хандсан байдаг. Үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг 289 973 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч томилох ажиллагаа 2 зүйлд нийцэж явагдах ёстой. Нэгт эд хөрөнгө бодитойгоор үнэлэгдэх буюу үнэлгээ зах зээлийн үнэ ханшид нийцсэн байх, мөн хуульд нийцсэн байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээс харахад хуульд заасан журмын дагуу үнэлсэн гэж үзэх боломжгүй, хуульд заасан журмын дагуу шинжээчийг томилсон гэж үзэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс тухайн эд хөрөнгийг үзлэг хийж танилцсан боловч хөрөнгийн үнэлгээг бодитойгоор тогтоосон, биет байдлын элэгдэл хорогдол байгаа эсэхийг бодитойгоор тогтоосон эсэх нь тодорхойгүй, 6 давхар гэж бичсэн боловч бодит байдалд 7 давхарт байрладаг хөрөнгө. Шинжээч биечлэн үзээгүй байгаа нь эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргах вэ? гэдэг нь эргэлзээтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т урьдчилан шийдвэрлүүлэх гомдол шийдвэрлэх хугацааг урт тогтоосон. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Ажиллагаа явагдсан өдөр гомдол гаргахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэдэггүй. Тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хугацаандаа шийдвэрлэдэггүй. Гомдлын хариуг хугацаандаа өгдөггүй практик байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй бол иргэний хэрэг үүсгэхгүй. Тиймээс үнэлгээнд шууд гомдол гаргах нь илүү амар. Хэргийн хувьд үнэлгээ хуульд нийцэхгүй байна, хоёрт хуульд заасан журмын дагуу ажиллагаа явагдсангүй гэж гэж үзэж байна. Үнэлгээний талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргах боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан. Тухайн шинжээчийг дуудаад хэрэгт хувийн ашиг сонирхолгүй эсэх дүгнэлт гаргах боломжтой эсэхийг асууна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 22 үнэлгээний байгууллагатай гэрээтэй байдаг бөгөөд тойргийн журмаар шууд сонгоод үнэлгээ хийлгэдэг. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заасан. Томилсон байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдсан байх ёстой. Өөрсдөө тусгай зөвшөөрөлгүй болохоороо Д.Б гэдэг хүнд итгэмжлэл өгөөд тухайн хүн нь үнэлгээ хийсэн байна. Үүнийг томилсон шинжээч хийсэн байна гэж үзэх боломжгүй. Иймд В ХХК-г тусгай зөвшөөрлийн дагуу хийсэн байна гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулна гэсэн болохоос биш барьцаа хөрөнгө нь ямар хөрөнгө вэ, ямар гэрээ вэ гэдгийг нарийн бичээгүй. Үүнийг шийдвэр гүйцэтгэгч тодруулаагүй байж барьцаа хөрөнгө юм шиг байна гээд битүүмжлээд хурааж аваад үнэлгээ хийлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бол барьцаа хөрөнгө гэдгийг нотлох ёстой нотлоогүй байж ажиллагаа явуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа зөрчилгүй байх ёстой. В ХХК-ийг томилсон байтал Д.Б-д хууль сануулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Монголын Олон улсын арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр Д.Б-с 135 000 000 төгрөгийг гаргуулж Ньюстар финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Б-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Д.Б-ийн /РД:00000/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 13 тоот контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21290177/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21290177/08 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Б-т үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 2 000 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч үнийн санал гаргаагүй мөн төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгээр хандаж талууд харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд Ү-2204 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг 13 тоот контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 289 973 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Арбитрын шийдвэрээр арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хураан авсан. Талуудаас үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийг 2 000 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагчийн зүгээс үнэлгээг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Шинжээч томилж үнэлгээ гаргуулахад хөрөнгийг 289 975 000 төгрөгөөр үнэлсэн. Нэгт хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн байна гэдгээ баримтаар нотлоогүй байна. Хоёрдугаар тухайн тайланд шинжээч биечлэн очсон талаар дурдсан бөгөөд зургийг хавсаргасан байна. Гэрчилгээнд 6 давхар гэж бичигдсэн боловч 7 давхарт байдаг юм билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хугацаандаа талуудад танилцуулсан.
Хөрөнгийг битүүмжилж энэ ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдсэн, хөрөнгийг хурааж авахдаа төлбөр төлөгч байлцсан. Үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж байна. Нэг талаас эрхээ хэрэгжүүлээгүй байна. Манай зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан тохиолдолд 14 хоногийн хугацаа өгч байгаа, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 14 хоног бус 7 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх хуулийн зохицуулалттай. Үнэлгээний компаний хувьд В ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай Сангийн сайдын тушаалаар сунгуулсан эрхтэй компани байсан. Шинжээчийг томилохоос өмнө дуудаж татгалзал, эрх үүргийг танилцуулж, эрхтэй нь танилцаж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н газарт холбогдуулан Б дүүрэг, 13 тоот контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, 289 973 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, үнэлгээ бодитой биш, үнэлгээг хийхдээ хуульд нийцүүлэн хийгээгүй, хууль зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй талууд харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу үнэлгээ хийсэн, хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №161 тоот шийдвэрээр Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 135 214 538 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай арбитрын хэргийг Арбитрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43, Арбитрын Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 26 дугаар зүйл, 27.1.2, Арбитрын үндсэн болон нэмэлт зардал тооцох журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Д.Б нарын “эвлэрлийн гэрээ”-ний нөхцлийг баталгаажуулан, арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг хүлээн авч Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.Б-т холбогдох хэргийн талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-ний нөхцлийг баталгаажуулан, арбитрын ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 135 214 538 төгрөгийг 135 000 000 төгрөг болгон бууруулж, Д.Б нь 135 000 000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Н ББСБ ХХК-ийн Хаан банкны 54400000 тоот дансанд төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулж дуусгаагүй тохиолдолд нэхэмжлэгч тал нь арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №136000000 дугаартай Барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрхтэйгээр, нэхэмжлэгч Н ББСБ ХХК-иас арбитрын зардалд төлсөн 2 553 300 төгрөгийг арбитрын орлогод хэвээр үлдээж, энэхүү арбитрын зардлыг талуудад тэнцүү хувиар хариуцуулж, 50 хувь буюу 1 276 650 төгрөгийг Д.Б-с гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 41-42-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монголын Олон улсын Арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №183/ШЗ2021/00930 дугаартай “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №183/ГХ2021/00930 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №21290177 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 38-43-р хуудас/
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №21290177/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б дүүрэг 13 тоот Ү-220400 дугаарт бүртгэлтэй контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр №21290177/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байна. /хэргийн 44-51-р хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа хууль бус явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийг барьцаа хөрөнгө мөн эсэх талаар тодруулаагүй, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Бнь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “...Б-т байрлах эд хөрөнгийг 2 000 000 000 /хоёр тэрбум/-р үнэлж байна. Миний хувьд эд хөрөнгө үнэлэх мэдлэх байхгүй. Иймээс өөрийн хөрөнгийг үнэ цэнээр нь бодож энэхүү үнэллээ. Шинжээчээр үнэлгээг хийлгэх нь зүйтэй гэж бодож байна”, төлбөр авагч Н ББСБ ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/048 тоот албан бичгээр “...төлбөр төлөгч Д.Б-тэй байгуулсан гэрээний барьцаа хөрөнгийг 150 саяаар үнэлж байгаа бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал болох 2 тэрбум төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус барьцаа хөрөнгийн бодит үнэлгээг шинжээчээр үнэлүүлэх хүсэлтэй байгаа тул шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч Д.Б-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220409 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 13 тоот 61 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр “В” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №9/244 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор тогтоогдож байна. /хэргийн 52-55-р хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шинжээч томилохдоо хууль зөрчсөн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлээгүй, шинжээчийг урьдчилан асууж, тэмдэглэл үйлдээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан байхад шинжээч нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байх тул шинжээч томилсон нь хуульд нийцээгүй гэсэн.
Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №9/244 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор хариуцагч нь “В” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчээр томилогдсон “В” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09/28 тоот итгэмжлэлийг үнэлгээчин Д.Б-д олгож, Д.Б-д хууль сануулж, хууль тайлбарласан баримтад гарын үсгийг нь зуруулсан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтыг үйлдсэн, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хавсаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилохдоо хууль зөрчсөн, хуульд нийцээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж дүгнэв. /хэргийн 56-61, 76-77-р хуудас/
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг заасан бөгөөд 5.1.2-д хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээг хийхээр заасан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Ш-10/01 дугаартай “В” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Нийслэлийн Баянзүрх 13 тоот эрхийн бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэлтэй 61 мкв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 289 973 000 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 13-24, 62-75-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “В” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид болон түүний төлөөлөгч У.Т-д 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4-180/18803 тоот мэдэгдлээр мэдэгдэж танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хэргийн 80-81-р хуудас/
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, үнэлгээ бодитой биш, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн гэж тайлбарлаж, уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.
Гэвч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээ бодитой бус гэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Б дүүргийн 13 тоот эрхийн бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэлтэй 61 мкв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх хөрөнгийг 289 973 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур бодитой бус болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, бодитой бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх, арга аргачлалыг баримтлаагүй, обьектод биечлэн очоогүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь хуульд зааснаар үнэлгээг хийсэн, обьектод очиж, танилцаж зургийг нь авч үнэлгээ хийсэн гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Ш-10/01 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд “...7.1 үндсэн хөрөнгийн цаашид ашиглах хугацааг тодорхойлохдоо хөрөнгийн бодит байдалтай очиж танилцахыг чухалчилж үзсэн. Барилгын өнөөгийн байдлыг фото зургаар баримтжуулсан” гэсэн байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д заасан “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэснийг зөрчөөгүй, мөн хуулийн 9.2-д заасан шаардлагад нийцсэн байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Н газарт холбогдох Б дүүрэг, 13 тоот 61 мкв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан Б дүүрэг, 13 тоот 61 мкв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН