Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/00995

 

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/00995

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох

 

“С С М” ХХК-ийн хүний нөөцлийн захирлын 2021 оны 02 дугаар 18-ны өдрийн Б-1/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч С.М нь хариуцагч ”С С М” ХХК-д холбогдуулан ”С С М” ХХК-ийн хүний нөөцийн захирлын 2021 оны 02 дугаар 18-ны өдрийн Б-1/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож хангамжийн менежер-ийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Хариуцагч ”С С М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.М нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг-ийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон, мөн албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан, хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, үгсэн тохирох зэргээр ноцтой зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар илэрч, тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчийн зүгээс цуцалсан. гэж мэтгэлцэж байна.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

С.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

С.Мийн оршин суух хаягийн лавлагаа,

20121 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-1/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хавсралтын хамт,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ,

С.Мийн №507984 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг өгсөн байна.

 

Хариуцагчаас:

 

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1/07 дугаартай итгэмжлэл,

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №1/73 дугаартай итгэмжлэл,

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн хариу тайлбар,

“С С М” ХХК-ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №НR1/1-03 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт,

“С С М” ХХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №1/30 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал,

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ,

Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хавсралтын хамт,

“С С М” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №HR1/0-02 дугаартай Хүний нөөцийн хэлтэст ашиглагдах бичиг баримтуудыг батлах тухай,

“С С М” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам,

Ажлын байрны тодорхойлолт,

Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг,

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №1/73 дугаартай итгэмжлэл, орчуулгын хамт,

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн цахим шуудан /хуулбараар/,

2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Гарын авлага, орчуулгын хамт,

“И К С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн цахим шуудангийн орчуулга,

“С С М” ХХК-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1/39 дугаартай Гарын үсэг зурах эрх олгох тухай тушаал,

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №0000036 дугаартай Бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ,

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №0000038 дугаартай Бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ,

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ,

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хангамжийн хэлтэст хийсэн дотоод хяналт шалгалтын тайлан зэрэг баримтуудыг өгсөн байна.

Зохигчдын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу дараах баримтууд иржээ. Үүнд:

“С С М” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэсэгт гаргасан өргөдөл,

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Н.Өнөржаргалын гэрчийн мэдүүлэг,

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн С.Мийн гэрчийн мэдүүлэг,

Чингэлтэй дүүргийн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3104 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол,

“Э Э Ю” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“М У” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“М М М А С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

“Г Р И Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн болон 2021 оны 02 дугаар 17-ны өдрийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

5.  Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “С С М” ХХК-нд холбогдуулан тус компанийн хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин ажлаас халах тухай шийдвэрт заасан зөрчлүүд болох Хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.15, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-д заасан зөрчлийг гаргаагүй гэж маргаж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг-ийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон гэж, 5.1.15-д Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-д Албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, үгсэн тохирох үйлдлүүдийг хийгээгүй гэж маргаж байна. Тэрээр уг дүгнэлтээ дараах үндэслэлээр дэмжиж байна. Үүнд:

1)    Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөж байсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар “С С М” ХХК-нд 2016 оноос хойш ханган нийлүүлэлт хийж байгаа “М У” ХХК, “Э Э Ю” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй байгаагүй, цаашид ч энэ байдалд өөрчлөлт ороогүй. Нэгэнт ашиг сонирхлын зөрчилгүй тул, мэдүүлэх, нуун дарагдуулах ойлголт байхгүй.

2)    Эдгээр компаниудтай “С С М” ХХК нь 2019 онд ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээ байгуулах шийдвэрийг миний бие ганцаар гаргадаггүй.

3)    Эдгээр компанийтай ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан нь компанид ямар хохирол учруулсан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа эдгээр компаниудтай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэвийн сунган ажилласаар байгаа.

4)    ”С С М” ХХК-иас ажлаас гарсны дараа нэгэнт амьдрах хэрэгцээ хүн бүрт байдгийн адил дараагийн ажилдаа орсон нь үнэн бөгөөд энэ нь “С С М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж урагшлан үйлчлэх боломжгүй.

 

6.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон гэжээ. Тэрээр нэхэмжлэгч нь “Э Э Ю” ХХК, “М У” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй талаараа мэдүүлээгүй, эдгээр компаниудтай зах зээлийн үнээс өндөр үнээр бараа худалдан авахад хүргэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.15, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-д заасан зөрчил мөн гэж үзээд дараах үйл баримтыг үндэслэн маргаж байна. Үүнд:

1)    Нэхэмжлэгч нь ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үеийн байдлаар “Э Э Ю” ХХК, “М У” ХХК-нд шууд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувьцаа эзэмшигч нь биш байсан хэдий ч эдгээр компаниудад ашиг сонирхлын зөрчилтэй Б.О гэх хүнтэй хамтран Монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагыг 2013 онд үүсгэн байгуулсан нь С.Мийг дээрх нэр дурдсан компаниудад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл болно.

2)    ”С С М” ХХК-иас халагдсанаас хойш С.Мийн ажиллаж байгаа Интегрэйтед катеринг сервисес ХХК-ийг “М У” ХХК нь “Г Р И Т” ХХК-тай хамтран байгуулсан байдаг. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч С.М “М У” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэйг нотлоно.

3)    Бага үнийн санал өгсөн ханган нийлүүлэгчдийг сонголгүй, өндөр үнэтэй бараа санал болгосон “М У” ХХК-ийг сонгож, тус компанид шударга бусаар давуу байдал олгосон. Үүний улмаас 4 нэр төрлийн барааны хувьд 33,092,880 төгрөгийн, 8 нэр төрлийн барааны хувьд 19,334,250 төгрөгийн үнийн зөрүүг үүсгэсэн.

4)    ”М У” ХХК-ийн санал болгосон үнийг програмд буруу оруулсны улмаас 8,101,000 төгрөгийн үнийн зөрүү үүсгэсэн.

7.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1)    Зохигчид нэхэмжлэгч С.М нь “С С М” ХХК-нд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс ажиллаж эхэлсэн боловч маргаан бүхий албан тушаал болох Хангамжийн менежерийн ажилд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс томилогдсон үйл баримтын тухайд харилцан маргаагүй. /хх-ийн 44 дүгээр тал, Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 30 дугаар тушаал/

2)    Маргалдагч талуудын тайлбарт тогтмол дурдагдаж байгаа “Э Э Ю” ХХК, “М У” ХХК-иуд нь “С С М” ХХК-тай 2016 оноос хуурай хүнс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэн хамтран ажиллаж ирсэн байх ба эдгээр компани тус бүртэй 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай ханган нийлүүлэлтийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байгаа, гэрээ сунгагдсан, хүчин төгөлдөр байгаа үйл баримтын тухайд харилцан маргаагүй болно. /2-р хх-ийн 28-40 дүгээр тал/

3)    ”С С М” ХХК-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б-1/05 дугаартай тушаалаар С.Мийг хангамжийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч уг тушаалыг хууль бус болсон гэж, хариуцагч хуульд нийцсэн гэж үзэн маргасан нь хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй, ажлаас буруу халсан тухай хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна.

 

8.  Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Сэржхүү овогтой Мөнхдэлгэр нь Ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлээгүй, нуун дарагдуулсан, сонирхлын зөрчилтэй ханган нийлүүлэгчтэй гэрээ байгуулан, гэрээний хэрэгжүүлэлтийг зохих ёсоор хянаагүй, зах зээлийн үнээс өндөр үнээр бараа худалдан авч байсан үйлдэл эс үйлдэхгүйгээр Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8 дахь заалтуудыг тус тус зөрчиж Хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.15 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар илэрч, тогтоогдсон ... гэж үндэслэсэн нь хэргийн гол маргааны зүйл болж байх ба нэхэмжлэгч нь “С С М” ХХК-ийн ханган нийлүүлэгч “Э Э Ю” ХХК, “М У” ХХК нартай ашиг сонирхлын зөрчилгүй гэж тайлбарлаж байх бол хариуцагч ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд мөн гэж үзжээ.

 

1)          Нэхэмжлэгч С.Мийг “С С М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг-ийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон нөхцөл байдал илэрсэнгүй. Хавтаст хэргийн 70 дугаар талд Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг буюу “С С М” ХХК-ийн ажилчдад зориулсан танилцуулга гэх баримт авагдсан байх ба тус баримтыг нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бөглөн гарын үсэг зурсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй. Уг мэдүүлэг буюу танилцуулгыг бөглөж байх үед нэхэмжлэгч компанид бизнесийн хөгжлийн менежерийн албан тушаалд ажиллаж байжээ. Энэхүү мэдүүлэг буюу танилцуулгыг баримт бичгийн хувьд хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг, эсхүл эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тодорхой харилцааг зохицуулахад чиглэсэн, компанийн дотоодод заавал мөрдөгдөх баримт бичиг гэж үзэх боломжгүй байх ба энэ талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй болно. Иймд энэхүү баримт нь эрх зүйн хүчин чадлын хувьд компанийн дотоодод заавал мөрдөгдөх шинжтэй гэж үзэх боломжгүй байна. Гэвч нэхэмжлэгч уг баримттай танилцан тодорхой асуулга бөглөн агуулгыг ойлгон ухамсарласнаа илэрхийлж байсны хувьд ийнхүү танилцсаны улмаас нэхэмжлэгчид бүрэлдэж болох ухамсрын байдлыг уг танилцуулгад үг зүйн тайлбар хийх замаар тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн үед ашиг сонирхлын мэдүүлгийг бөглөж байхдаа түүний үг үсгийг хэрхэн ойлгох боломжтой байсныг үг зүйн үүднээс авч үзэх нь зүйтэй бөгөөд хариуцагчийн маргаж байгаачлан утгачлах хэлбэрээр дэлгэрүүлэх, өргөжүүлэх боломжгүй гэж үзлээ.

Уг баримтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээд-ийг дараах байдлаар хэлбэрээр томьёолжээ. Үүнд:

А. Манай (ССМ ХХКүйлчлүүлэгчийн хэн нэгэн ажилтантай ажил хэргийн холбоотой, эсвэл хамтарсан санхүүгийн ашиг сонирхолтой; таны (мэдүүлэг гаргагчийнхамаатан садан, хамтрагч /найз нөхөд/ ССМ-ийн үйлчлүүлэгчид ажилладаг, эсвэл ССМ-ийн оролцож буй тендертэй холбогдох шийдвэр гаргах ажиллагааг хянах буюу нөлөөлж чадахуйц; таны (мэдүүлэг гаргагчийн) хамаатан садан, хамтрагч (найз нөхөд) төрийн байгууллагын албан тушаалтан, эсвэл албан хаагч, улс төрийн намын /албан тушаалтан/ ажилтан, гишүүн, эсвэл Албан тушаалтны ойрын хамаатан садан.

Б. ”С С М” ХХК, түүний харилцан хамааралтай компаниуд, ажиллагсад, ханган нийлүүлэгчид, гэрээт гүйцэтгэгч, харилцагчид, өрсөлдөгч талуудад ажилладаг, бизнесийн харилцаатай, эсхүл тэдгээртэй хамтарч ажилладаг гэр бүлийн гишүүд;

В. “С С М” ХХК, түүний харилцан хамааралтай компаниуд, ажиллагсад, ханган нийлүүлэгчид, гэрээт гүйцэтгэгч, харилцагчид, өрсөлдөгч талуудад ажилладаг, бизнесийн харилцаатай, эсхүл тэдгээртэй хамтарч ажилладаг холбоотой тал (холбоотой тал гэдэг нь мэдүүлэг гаргагчийн хамтрагчаар нь ажилладаг, мэдүүлэг гаргагч гишүүн нь болох хувь нийлүүлээгүй аж ахуйн нэгж болон мэдүүлэг гаргагч хувь эзэмшдэг аливаа аж ахуйн нэгж)

Мэдүүлэг гаргагч С.М нь ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гагцхүү Монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагчийн статустай байжээ. /хх-ийн 239 дүгээр тал/. Уг байгууллага нь “С С М” ХХК-ийн хамаарал бүхий этгээд, ханган нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч, харилцагч, өрсөлдөгч, бизнесийн харилцаатай этгээд гэх аль ч ангилалд хамаарахгүй байна. Харин тухайн цаг хугацаанд “С С М” ХХК-ийн ханган нийлүүлэгч байсан гэх “Э Э Ю” ХХК, “М У” ХХК-тай хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны харилцаатай байгаагүй нь хэрэгт авагдсан дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанд эдгээр компаниудтай холбоотой аливаа харилцаагаа дуусгавар болгосон байх бөгөөд ашиг сонирхлын шууд харилцаа тогтоосон аливаа нөхцөл байдал хэрэгт авагдсан дэлгэрэнгүй лавлагаа тус бүрээр тогтоогдсонгүй. /хх-ийн 231-238 дугаар тал/. Улмаар энэ өдрөөс хойш энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн ашиг сонирхлын мэдүүлэг гэх танилцуулга баримтыг хэрхэн хөтлөх нарийвчилсан журам, давтагдах хугацаа, компанийн хэмжээнд хэрэгжилтийг хангах, хяналт тавих этгээд тодорхойгүй байх атал мэдүүлэг хөтлөөгүй гэх агуулгаар сахилгын хариуцлага тооцох нь үндэслэл муутай, ажилтны хувьд шударга бус нөхцлийг үүсгэсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч С.М нь ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, ашиг сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэлээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн тайлбарлаж байгаачлан Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

2)          Хариуцагч “С С М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргахдаа нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байна. Өмнө дурдсанчлан Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан гэх зөрчлийг тодорхойлсон байх ба эдгээр зөрчлөөс хариуцагч ...бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохирсон ... гэх, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-д Албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, үгсэн тохирох үйлдлийг нэхэмжлэгч гаргасан гэжээ. Улмаар нэхэмжлэгчийн энэ зөрчил нь абага үнийн санал өгсөн ханган нийлүүлэгчдийг сонголгүй, өндөр үнэтэй бараа санал болгосон “М У” ХХК-ийг сонгосны улмаас 4 нэр төрлийн барааны хувьд 33,092,880 төгрөгийн, 8 нэр төрлийн барааны хувьд 19,334,250 төгрөгийн үнийн зөрүүг үүсгэсэн, б”М У” ХХК-ийн санал болгосон үнийг програмд буруу оруулсны улмаас 8,101,000 төгрөгийн үнийн зөрүү үүсгэсэн үйлдлүүдээр илэрнэ гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан энэ зөрчил тус байгууллагын Дотоод хяналт шалгалтын 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн тайлангаар тогтоогдсон гэж хариуцагч үзэж байна.

Хоёр дугаар хавтаст хэргийн 42-55 дугаар талд тайлан авагдсан байна. Тайлангийн 6 дугаар нүүр буюу хавтаст хэргийн 48 дугаар талд дээр дурдсан зөрүү дүн, зөрүү гарах болсон шалтгааны талаар товч тэмдэглэсэн байх ба бага үнэ санал болгосон компанийг сонголгүй “М У” ХХК-ийг сонгосон талаар тэмдэглэсэн байна. Тус тайлантай танилцах үедээ тайланд дурдсан зөрчил тус бүрийн талаар С.М бичгээр хариу тайлбар гаргасан байх бөгөөд тэрээр бага үнийн санал ханган нийлүүлэгчийг сонгоогүй шалтгааныг ханган нийлүүлэгчид бараа нь таалагдсан, хаяг шошго, хадгалах хугацаа дөхсөн, шинжилгээний бичиг байхгүй зэрэг шалтгаанаар сонгогдоогүй, ...олон төрлийн бүтээгдэхүүнийг (ялангуяа хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хоол амтлагч г.м) багцалж нэг ханган нийлүүлэгчээс авахыг илүүд үздэг талаар бичиж байжээ. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь учир шалтгааны хувьд нягталбал зохих үндэслэлүүд байх бөгөөд хүнсний бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэхэд дан ганц худалдан авах үнээс илүүтэй бусад олон хүчин зүйл нөлөөлж болохыг үгүйсгэх аргагүй юм. Харин хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлангаас нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хэрхэн нягталсан нь тодорхой бус байна. Түүнчлэн хариуцагч тайландаа тодорхой нэр төрлийн барааг бага үнээр авсан бол компанид үүсгэх зардлын хэмжээг гагцхүү зах зээлийн үнэ-д суурилан тогтоож, эдгээр үнийн зөрүүг компанид учирсан хохирол гэж үзээгүй үнийн зөрүү үүсгэсэн гэж тайлбарлаж байгаа нь зөрчил гэж дүгнэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.1.15, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-д заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

9.  Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Мийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-1/05 дугаар тушаал хууль бус болсон гэж үзэн түүнийг “С С М” ХХК-ийн Хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. Нэгэнт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгчийн авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний хэмжээнээс нэг сарын дундаж цалинг тодорхойлоход 2,902,072 төгрөг /3,035,068+2,814,067+2,857,082=8,706,217:3/ байнаУлмаар нэг өдрийн дундаж цалин хөлс нь 134,980 /2,902,072:21.5/ төгрөг байх ба ажилгүй байсан нийт хугацаа болох 277 хоногт үржүүлснээр нийт 37,089,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцнэ.

 

10.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “С С М” ХХК-аас 343,397 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Мийг “С С М” ХХК-ийн хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 37,089,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “С С М” ХХК-аас 343,397 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА